Хариад Г.Уянгаа: Нүүдэлчдийн сэтгэл зүйг судалсан судалгаа дэлхийд ч байхгүй

Сошиал сүлжээнд "Hariad Uyanga" нэрээр нийгмийн сэтгэл зүйн талаар судалсан мэдлэг, мэдээллээ нийтэлдэг Г.Уянгаатай ярилцлаа. Тэрбээр Их Британийн London School of Economics их сургуулийг соёлын сэтгэл судлалын чиглэлээр магистрын зэрэгтэй төгсжээ. Өдгөө Монголд судалгааны ажлуудаа хийж байна.
Сүүлийн бараг л хагас мянганд өнгөрсөн түүхээс материал болоод сэтгэлгээний хувьд таслагдсан монголчууд бид сүүлийн үед илүү ул суурьтайгаар уг гарвал руугаа өнгийж эхэлж байна. Тэдний хамгийн залуу үеийн төлөөлөл гэж харсан учраас Г.Уянгааг ярилцлагын ширээний ард урьсан юм.
Олон мянган жил үргэлжлэн тогтсон нүүдэлчдийн соёл сэтгэлгээ, хэдий олон удаа таслагдсан ч өнөө хэр бидний генд, сэтгэл зүйд яваа гэдэг өнцөг ихээхэн сонирхолтой.
Өнөөгийн судалгаанууд аж үйлдвэрийн, барууны нийгмийг л ерөнхийлдөг
-Таныг яг юу судалдаг хүн гэвэл оновчтой юм бэ?
-Нийгмийн сэтгэл зүй. Анх "Шихихутуг"-т эрх зүйн чиглэлээр суралцахад, хамгийн чухлыг зарчим, хэм хэмжээ гэж заадаг байсан. Харин тэр зарчмыг хэн тодорхойлдог вэ гэхээр хариулт нь тодорхой бус.. Бидний өнөөгийн эрх зүй нь Ром-Германы эрх зүйд суурилдаг, гэвч тэдний эрх зүй бол Монголд тохирно гэсэн үг биш шүү дээ. Харин энэхүү эрх зүйн зарчмыг тодорхойлохын тулд нийгмийн судалгаа руу орох хэрэгтэй болсон.
Австралид эхлээд суралцаж байхад, социологийн аливаа судалгаа ярихаар дандаа барууны нийгмийг эш татаж яриад байсан. Гэтэл тэдний нийгэм бидний нийгмээс өөр, адаглаад цагийн мэдрэмж биднийхээс өөр. Манайхан бол мөнгөгүй болсон ч ойрын нэг сардаа ямартай ч үхэхгүй дээ гэж боддог. Австралид ажилгүй долоо хоноход л хүмүүсийн сэтгэл зүй их эвгүй болж ирнэ. Өөрөөр хэлбэл өөр мэдрэмжтэй нийгэм.
Товчхондоо, өнөөгийн социологийн судалгаанд аж үйлдвэрийн, барууны нийгмийг л ерөнхийлж ярьдаг. Шүүмжилж асуухаар багш нар нь нээрэн ерөнхийлж болохгүй гэдгээ хүлээн зөвшөөрөөд эхэлдэг. Би ганцаараа нүүдэлчин удмын хүн анги танхимд сууж буй хэрэг, тэдгээр ерөнхийлсөн судалгаа, зарчмуудтай үргэлж зөрчилддөг. Ерөөс социологи, нийгмийн судалгаа, хэм хэмжээ гэж ерөнхийлөөд байгаа нь шал өөр нийгмийн үнэт зүйлийн тулгалт болж таарсан. Үүгээр дамжин, нийгмийн сэтгэл зүйг судлах ёстойгоо ойлгосон. Эхний семестртээ ойлгосон.
Нийгэм бүр өөрийн гэсэн сэтгэлгээтэй, уг сэтгэлгээний үндэс нь соёл болдог. Ингээд энэ чиглэлээр суралцахаар шийдсэн, харин дэлхий дээр гуравхан газар соёлын сэтгэл зүйг заадаг болж таарсан. Бритиш Колумбийн их сургууль. Нөгөөх нь миний төгссөн London School of Economics. Нөгөө нь Недерландад.
-Монголд эхлээд “Шихихутуг” төгсөж, дараа нь Австрали явсан юм уу?
- “Шихихутуг” хууль зүйн сургууль төгсөж, Сиднейн их сургуульд элссэн. Дараа нь Лондонд төгссөн. Арван жилдээ мөн таван өөр сургуульд, тэр дундаа Орос, Чехословак, Германд суралцсан.
Нүүдэлчдийн сэтгэл зүйг судалсан судалгаа дэлхийд ч байхгүй
-Эрх зүй, хууль судалсан хүн зөндөө л бий. Социологи, психологи судалж, гадаад руу явж төгссөн ч нь олон. Гэхдээ яг монголчуудынх өөр юм биш үү гэж эргэж бодсон нь бол цөөн байдаг. Алдаж онон ийм юм ярьж байгаа нь 40-50 нас гарсан харагддаг юм. Энэ агуулгаар та их залуу хүмүүсийн нэг болж буй нь анхаарал татсан. “Биднийх өөр юм биш үү” гэж, судлагдахуунаа шүүмжлэлт нүдээр харах болсон шалтгаан юу вэ?
-40-50 насныхан өөр нийгэмд амьдарсны хувьд өнөөдөр ухаажиж буй байх. Залуу насаа тархи угаалга дор өнгөрөөж гэдгээ ойлгож, эргэн харж буй болов уу. Харин шинэ залуу үеийг араас орж ирэх байх гэж бодож, найдаж байна шүү дээ.
Нийгмийн судалгаа хийхэд, хотын хүүхдүүдийн 60 гаруй хувь нь гадагшаа явах мөрөөдөлтэй. Миний үед, бидний ээж аавын үеийнхэн Зөвлөлтийн кино ярьдаг, найзууд Spice Girls ярьдаг, ялгаа нь их өөр байлаа. Арван жилд тэр барууны орчинд нь очиж үзэх сэн гэж л мөрөөддөг байлаа шүү дээ. Барагтай тэр ч бодлоороо эхлээд Австрали явсан, Сиднейн их сургуульд элссэн байх.
Австралид очоод би монгол л хүн шүү дээ гэж ялгаагаа харж эхэлсэн. Үүнээс нэгт, соёлын ялгааг олж харсан. Хоёрт, үүнээс үндэслээд үнэт зүйлээ тодорхойлж эхэлсэн. Надад хүн тулгаад "Чи Монголдоо үлдэх үү, эсвэл үгүй юу" гэж асуувал ямар шийдвэр гаргахаа бодсон. Тулгалт бол их нюанстай, хүний уг гүний шийдвэрийг илэрхийлдэг онцлогтой. Монгол гэдэг үнэт зүйлтэйгээ ойлгосон, мөн миний шийдвэр гаргалтад эмээ, өвөөгөөсөө авсан хайр, тэдний ойлгуулсан бүгд нөлөөлж байгааг олж харсан л даа. Хамгийн дотно нь миний өөрийн нийгэм л байсан.
Надад нэг зүйл харамсалтай санагддаг л даа. Монгол юм муу, муухай л гэдэг дээ. Гадаадад очихоороо бид сая соёлжих юм шиг сонин ойлголт яваад байна шүү дээ.
Колонийн соёл, түүх гэдэг юмыг уншихад иргэншсэн ба зэрлэгшсэн хэмээн, нийгмийг хоёр туйлд хуваадгийг олж хардаг. Бидэнд энэ сэтгэлгээ бүр суучихсан. Гэтэл бид нийгэм дундаа орохоор барууныхны дүрсэлдэг шиг зэрлэг хүн тийм их бий бил үү дээ.

-Одоо таны судалгааны гол чиглэл юу байна вэ?
-Сэтгэл зүйчид өөрсдөө, сэтгэл судлалын популяр ойлголтоор Харвард, Стэнфордын их сургуулийн судалгаануудыг эш татдаг. Тэр судалгаа бол барууны их сургуулийн орчинд, барууны оюутнууд дээр хийсэн судалгаа, туршилт байдаг. Барууны оюутнууд өөрсдөө нийгмийн нэг жижиг сегмент. Өөрөөр хэлбэл, эдгээр нь дэлхий дахинд ерөнхийлж болох хүчинтэй судалгаа гэсэн үг биш.
Туршилтыг хуулбарлаад яг ижил судалгаа өөр бүлэгт хийдэг л дээ, жишээ нь хажуугаар нь зөрөхдөө мөрлөдөг судалгаа ч юм уу. Уг судалгаагаар АНУ дотроо хойд, урд хэсгээрээ уурлах хугацаа нь өөр. Бүс нутгаар уурлах эс уурлах нь ялгаатай байх жишээтэй.
Сүүлийн 10-аад жилд нийтээрээ юу ярьж байна гэхээр, сэтгэлгээ өөрөө соёлын элементтэй юм байна.
Манайд нүүдэлчдийг харин сэтгэл зүйн онцлог талаас нь судалсан судалгаа байхгүй. Нүүдэлчид угтаа маш том бүлэг. Тэгсэн мөртөө, нүүдэлчдийн сэтгэл зүйн онцлогийг гаргаж ирээгүй байна гэдэг бол ихээхэн хаягдсаны шинж. Баруунд бол энэ судалгаанд маш их мөнгө хаяж, олж мэдсэнээ дэлхий нийтэд ерөнхийлж байна. Сэтгэл судлалын судалгааны 96 хувь нь дан Англо-Саксоны улсуудад хийгдсэн байна шүү дээ.
-Тэд өөрсдийгөө судалдаг гэсэн үг?
-Тийм, өөрсдийгөө. Тэгсэн мөртлөө хариу нь дэлхий нийтэд хүчинтэй мэт ерөнхийлж ярих нь дээр дурдсан колонийн сэтгэлгээтэй уялдах юм уу даа.
-Нүүдэлчдийг судалсан судалгаа алга гэдгийг зөвхөн Монголын хэмжээнд хэлсэнгүй?
-Хэлээгүй.
-Дэлхийн хэмжээнд дутагдаж буй сэдэв болох нь.
-Тийм. Энэ агуулгыг хэн нэгэн олоод, ойлгоод авсан бол түгээх л ёстой санагддаг. Бид өөрсдөө өөрсдийнхөө онцлогийг судлах, таних ёстой. Энэ бол бидний соёлын капитал юм.
Соёлын хатуу хэм хэмжээ маш хатуу өвлөгддөг
-Бид бүгд нүүдэлчин байсан нь олон зуун жилийн өмнөх асуудал болно. Тэр сэтгэл зүйн онцлог өнөөдөр ч, улаанбаатарчуудад явж байгаа гэхээр зарим хүн санал нийлэхгүй байх. Улаанбаатар хотод төрсөн 1-2 үеийнхэн өөрсдийгөө, бусад нь ч тэднийг нэлээд баруунжсан гэж ойлгож байгаа.
-Хүн гэр бүл дотор төрдөг. Харин гэр бүл өргөн нийгмийн дотор оршиж буй, бас нэгэн бичил нийгэм. Хүүхдийн анхны нийгэм бол ээж нь. Тэгвэл ээж ямар соёлтой вэ гэдэг асуудал нөлөөлнө өө дөө. Үнэт зүйл бол нийгмийн сэтгэлгээний цөмүүдийн нэг нь, үнэт зүйлийн түвшинд хэдэн мянган жилийн турш явсан энэ сэтгэлгээ өнөөдөр ч байж л байдаг. Жишээ нь ах захаа хүндлэх. Хэчнээн баруунжсан гэлээ ч чиний дэргэд хэн нэгэн ах захдаа хүндлэлгүй авирлавал ямар санагдах вэ?
-Эвгүй л болж ирнэ.
-Тэгэхээр соёлоор дамжуулан энэ сэтгэлгээ өгөгдчихсөн л байгаа хэрэг. Бага насны хүүхдээ тэжээж чадахгүй гээд аав, ээж хоёр нь хүүхдээ ойд төөрүүлээд хаячихвал ямар санагдах вэ? Тийм тохиолдол гарвал яах уу?
-Ой тойнд ч багтахгүй.
-Бидний соёлд тийм агуулга байхгүй гэсэн үг. Бидэнд үр хүүхдээ, ахмад настнаа энэрэн хайрлах гэдэг зүйл шингэсэн байдаг.
Хэм хэмжээ дотроо хатуу, дунд, зөөлөн гэж бий. Зөөлөн хэм хэмжээг бол өөрчилж болдог. Жишээ нь, автобусанд суухдаа жолоочтой мэндэлдэг болъё гэдэг ч юм уу. Бидний соёл биш ч гэсэн зөөлөн хэм хэмжээ тул ингэж өөрчлөх боломжтой. Харин сая дурддаг хоёр жишээ бол хатуу хэм хэмжээ. Ийм хатуу хэм хэмжээ маш хатуу өвлөгддөг. Багаас л эхлэн шингэдэг.
-Харин генийн нөлөө байх уу?
-Соёл эргээд генийг өөрчилдөг.
Монголчуудын алхаа өөр. Биелж байгаа мэт мөр нь хоёр тийшээ савладаг. Харин барууны хүмүүсийн хүндийн төв нь арай доогуур байх шиг. Харин монголчуудын алхаа, мөрний хөдөлгөөнийг харахаар хүндийн төв цээж рүүгээ мэт. Манайхан мөн алхаа шигээ биелж бүжиглэдэг. Бусад бүжгийн соёлоос яагаад ийм ялгаатай байгаа юм бол.
Мориор явахаар биеийн хүндийн төв хаана байх вэ? Сүүлийн үед би юу харж байна гэхээр, энэ алхаа, биелгээ нүүдэлчин, морин дэл дээрх амьдралтай шууд холбоотой мэт. Энэ соёл өөрөө ингэж генд нөлөөлж буй элемент болчихоод байгаа юм.
-Өмнө нь ген соёлд нөлөөлдөг гэж боддог байсан. Эсрэгээрээ соёл генд нөлөөлдөг гэчихвэл болох нь уу?
-Болно. Соёл, ахуй нөлөөлнө.
-Энэ надад их сонирхолтой сэдэв санагддаг. Баруун аймгийнхан тийм, хангайнхан тийм гэдэг, хараад байхад тийм л байдаг.
-Хэдэн үе дамжин тэр соёл дотор төрж, өснө шүү дээ. Аймаг өөрөө нэг нийгэм, өөрийн гэсэн соёлын дэд капиталтай байна.
Тэр капиталаас хүүхэд өөртөө авч, соёлоо өөртөө шингээжөсөж хөгжинө. Өөрөөр хэлбэл, бүс нутгийнхаа соёлын капиталаа өөртөө суулгаж байж л тэндээ амжилттай амьдарна, алзахгүй гэсэн санаа юм.
Соёл гаднаас шинээр орж ирдэг л дээ. Өөр нийгмийн соёл орж ирж байгаа бүс нутгийн соёлын хөрсөн дээр буух болдог. Ингээд төсөөтэй соёлтой нь нийлж байгаад салдаг. Тэгээд шинэ зүйл бий болдог. Зөвлөлтийн соёлууд гэхэд манай хөрсөнд өөрчлөгдөн бууж, суусан байх магадлалтай. Соёл бүрд анализ хийж харахад маш сонирхолтой шүү.
Зөвлөлт ч, баруун ч ялгаагүй колоничлогч шүү дээ
-Тэгвэл олон жилийн турш өвлөгдөж буй соёлын онцлогуудаа бид заавал хадгалах ёстой юу?
-Энэ бол бидний коллектив ой санамж. Хэдэн мянган жилийн турш энэ газар нутагт амьдарч ирсэн ой санамж юм.
Жишээ нь гүрэн байгуулна гэдэг маш их мэдлэг шаардана биз дээ. Хоёулаа нийлээд, адаглаад нэг дүүрэг байгуулъя гэхэд л эдийн засаг, удирдлагын бүтцийн олон асуудал тулгамдана. Гэтэл монголчууд эзэнт гүрэн байгуулжээ. Түүний өмнө Хүннү гүрэн байжээ. Энэ бол Чингис хаан ганцаараа агуу мундагтаа биш, маш их соёлын капиталтай газар төрснийх. Буцаагаад судалбал, Чингис хааны үеийн бодлогууд нөгөө Хүннү, Нирун дээрээ очдог. Хуралдай гэхэд л Нируны үед байсан нь нотлогддог, яг энэ нэршлээрээ. Одоогийнхоор бол демократ ардчиллын хэлбэр. Тэгэхээр Чингис хаан шинээр сэдээгүй, олон жилийн турш өвлөгдөж ирсэн коллектив ой санамж дээрээ асар их тулгуурласан байж таарна. Мөн үүнийгээ хүүхдүүддээ өвлүүлж. Энэ чинь бидний уламжлал буюу соёлын өв хөрөнгө юм.
Инновац жишээ нь хэзээ ч агаараас бий болдоггүй, дандаа өмнөх өв хөрөнгө дээрээ суурилдаг. Харин уг уламжлал, мэдлэгээ муухай гээд хаяна гэдэг бол орон гэрээ шатааж буйгаас өөрцгүй.
-Аливаа үндэстэн өөрсдийн цуглуулж ирсэн соёл, сэтгэлгээн дээрээ хамгийн сайн хөгждөг гэдэг. Бид сүүлийн жилүүдэд шууд хуулсан шинжтэй. Бусад улсууд гэтэл загвар хуулахаасаа илүү өөрөө өөрсдөө зохиосон. Харин бид хуулдаг. Гэхдээ энэ агуулгаар ярихаар хоцрогдсон нэр зүүнэ л дээ. Дэлхий дахинд хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг эвдэх гээд, амьдралгүй юм яриад байгаа юм шиг ойлгоно.
-Барууны нийгэм бол иргэншсэн, түүнийг нь дагаж байж л иргэншинэ гэдэг сэтгэлгээ бол нөгөө колоничлолын бодлогын үр дүн. Барууныг дагаагүй бол зэрлэг гэдэг. Колонийн энэ тамгалалтыг зөвлөлтийнхэн манайд мөн хийсэн.
Өв соёлоо мэддэг мөртлөө ярих юм бол хэлмэгддэг чимээгүй үеийнхэн гарч ирсэн байна. Гурван үеийн намтрыг нь судална гэдэг илүү дутуу юм ярихаар гэр бүлийн хүн мөн үү гэдгийг л үзэх гээд байгаа хэрэг. Соёлын капиталаа өөрийн болгосон, өмнөх мэдлэгээ өвлөсөн хүн байвал чамайг төрийн систем рүү оруулахгүй. Тухайн үед төрийн систем нь зөвлөлтийн эрх зүйг хэрэгжүүлэх институц байлаа шүү дээ. Тэр үед Монгол үнэт зүйлээ мэдэж байгаа хүн бол хэрэггүй, дайсан. Энэ утгаар мэдлэгтэй, соёлын капиталтай үеийнхэн түрэгсдэн.
Нөгөө талаар зөвлөлтийг дагавал сайхан гэсэн дэд соёл монголд тогтоож ирсэн. Төр, хувь хүний харилцаа хүчний тэнцвэргүй болсноор мэдлэгтэй хэд шахагдахаас аргагүй. Араас нь барууны колонийн соёл орж ирсэн. Зөвлөлт ч, баруун ч хоёулаа л колоничлогч менталитеттэй шүү дээ.
Барууны өнцгөөр болохоор “Та нар бол зэрлэг. Бид харин иргэншсэн” гэж тодорхойлдог. Иргэншсэн гэж яагаад үзээд буйг нь асуухаар явсаар бидний эзэнт гүрний ололт, амжилтууд руу тулж очоод байдаг юм.
Юу гэхээр, тэр өөрсдийгөө математик, шинжлэх ухаан, одон оронг хөгжүүлсэн гэдэг. Үүгээрээ иргэншсэн гэж ярьдаг. Гэтэл анхны их сургуулиуд нь биднийэзэнт гүрний үед байгуулагдсан Марагэ их сургууль, Юань улсын үед Бээжинд байгуулсан одон орон судлалын төвүүд. Энэ салбартаа анхдагч нь. Узбекистанд ч бий гэх мэт. Нүүдэлчид тэнгэр шүтлэгтэй тул одон орон судлалыг маш их хөгжүүлсэн. Нөгөө үнэт зүйлээрээ сэтгэж буй нь тэр л дээ.

Нүүдэлчдийн хэм хэмжээ, дэг жаягийг тайлбараа л алдсан болохоос өөрийн мэдэлгүй хэрэгжүүлсээр байна
-Сүүлийн бараг хагас мянганд манайх ой санамжаа тасдуулсан. Өөрсдөө цөөрөөд, гаднын соёлд түрүүлээд. Ийм мөртлөө одоо ч зарим уламжлалт хэм хэмжээ байсаар буй нь гайхмаар санагдах талтай. Асар хүчтэй, маш урт хугацааны туршид өвлөгдсөн сэтгэлгээ болохоор л тэр ч юм шиг.
-Тэгэлгүй дээ. Бид угтаа ном судрыг маш их бичсэн. 1940-өөд оноос өмнөхийг өнөөдөр уншъя гэвэл кирилл биш болохоор бид нэвтэрч ойлгохгүй байх шиг. Бидэнд кирилл бичиг суулгана гэдэг нь өөрийн соёлын капиталтайгаа эргэн танилцах, судлах боломжоос бүрэн холдуулсан хэрэг юм.
Хүрээ хийдийг нураасан. Харин хашаан дээр нь одон орон судлалын зургууд байдаг байсан. Өөрөөр хэлбэл бид одон орон судалдаг байсныг, саяхныг хүртэл энэ мэдлэгээ тээгээд аваад явч байсныг гэрчилнэ. Одоо нураачихсан, байхгүй болохоор байгаагүй гэж л итгэн төөрөлдөхөөс аргагүй. Ёстой л "Нээрэн л бид чинь зэрлэг, бүдүүлэг ард түмэн юм" гэж бодох нөхцөл нь бүрдэнэ.
Гэхдээ “Тийм байгаагүй ээ. Та нар одон оронг ингэж судалж байжээ. Энэ хаан чинь тэр эрдэмтнийг урьж, тэтгэлэг өгч, судалгаа хийлгүүлж байжээ” гэж ул суурьтай яриад эхлэх юм бол бид бахархана. “Нээрэн юу билээ” гэдэг бодол бидэнд төрөх ёстой.
Нэгэнт бахархал жаахан ч болов бадарсан бол хуваалцмаар санагддаг юм байна гэж би өөр дээрээ бодсон. Үүнийг мөн өөрийн чадлаараа түгээвэл зүйтэй байх. Тэгж байж хойч үеэс соёлын сэтгэл зүй, түүхийн салбарт хөл тавих шинэ хүмүүс олшрох байх гэж найддаг.
Биднийг соёлоос нь холдуулах оролдлого өнөөдөр ч явж л байна шүү дээ.
Маш сайн 100 шинэ түүхчтэй болоход л бидний бэлгэ тэмдэг, хэрэглэж байсан эд зүйлс, соёлын элементүүдийг булаацалдахгүй. Жишээ нь хятадад олдлоо ч “Энэ бол 13-р зуунд манай газар нутаг байсан” гэж маргана, бид тэгж л ярих учиртай.
-Монголчууд нүүж суудаг байсан учраас материаллаг ном судар ч бичдэггүй байсан гэдэг.
-Энэ бол нөгөө сэтгэл зүйн дахин дүрслэл гэдэг ойлголт. Энэтайлбарыг хэлж буй хүн өөрөө суурин газрынх байна. Суурин байж байж л юм хадгалагдана гэж ойлгоод байна. Бид нар нүүхдээ юмаа хаяад явдаг юм уу, аваад явдаг юм уу. Асар том нүүх соёлтой хүмүүс шүү дээ. Нүүдэллэх соёлыг маань одоо ч гүйцэд ойлгоогүй хүн яаж бидний ном судраа зөөдөг байсныг төсөөлөх вэ дээ.
Нүүдэлчид ном судартай байсан уу, байсан. Бидний капитал бол нарийндаа -хүн. Барууныхан бол газрыг капитал гэж ойлгоод байдаг. Бидний түүхийг харахаар хэзээ ч үл хөдлөхийн татвар авч байгаагүй. Гэхдээ хот барьсан уу, барьсан. Учир нь хот бол худалдаа, үйлдвэрлэлийн, соёл солилцооны том элемент мөн гэдгийг бид ойлгодог байсан. Халаалттай, цэвэр бохироо шийдсэн хот барьдаг байж.
Ном судрыг зөндөө үлдээсэн. Тэд чинь л өнөөдөр бидний түүхийг өгүүлж байгаа. Судрын чуулганыг хэн бичүүллээ. Ил хаад Багдадыг эзэлж, тэндээ Марагэ тосгоныг сонгон их сургууль байгуулсан байдаг. Ингээд бүс нутгийн бүх эрдэмдтийг авчирч, одон орон судалгааны том төв байгуулж. Тэндээ 500 мянган номтой байсан гэдэг. Элсэгчдэдээ тэтгэлэг өгдөг. Марагэ их сургууль, Юанийн одон орон судлалын төв хооронд эрдэмтдийн солилцоо хийдэг байж.
-Ер нь ор сөхөгдөөгүй сурвалж бичгүүд маш их юм билээ. Гэвч нийтлэгээр бид Монголын нууц товчоо, Алтан товч гээд гарын таван хуруунд багтах сурвалж л нэрлэнэ.
-Өөр олон сурвалж бий юм билээ. Нийгмийн сэтгэл зүйн чиглэлээр уншихад архив их чухал. Тэндээс сэтгэлгээг мөрдөж унших гээд байгаа хэрэг. Монголчуудыг юу гэж дүрсэлснийг сонирхоод ч харах боломжтой. Хэрэв тэдний сударт биднийг гайхаж дүрсэлсэн бол тэр бүс нутагт байхгүй соёл байх нь. Харин бид өөрсдийн бичсэнийг уншихаар, энгийнчилж бичсэн нь бидний соёл болж таарна. Үүнээс соёлын ялгаатай сэтгэлгээ уншигддаг. Бид гадаадад явж байгаад санамсаргүй хүний хөлөн дээр гишгээд, гар барих гэтэл гадныхан дургүйцсэн, гайхсан гээд л ярьдаг шүү дээ. Энэ чинь л соёлын ялгаатай байдлын сэтгэлгээ яваад байгаа юм. Ер нь манайх шиг коллективист нийгмийн онцлог бол нэг нэгэндээ их дотно биенд нь хүрдэг, харин индивидуалист нийгэм хувийн орон зайг эрхэмлээд явчихдаг.
-Коллективист гэснээс, монголчуудыг харин ч нэгдэж чаддаггүй, дор дороо Чингис хаан болсон хүмүүс гэдэг биз дээ?
-Маш коллективист шүү. Тэр дотроо бас ялгаатай. Бид нүүдэлчин коллективист байгаад байгаа юм. Хөдөө хүн тааралдвал шууд л дотно ярилцана. Яачих бол, ийчих бол гэж айж, болгоомжилдоггүй.
Хэрэв эвсдэггүй байсан бол бид эзэнт гүрэн байгуулах уу. 10 мянган цэрэг хөдөлгөнө гэдэг бол эвслийн шинж шүү дээ. 6-р зууны үеийн Византийн сударт, “Эд нар хоорондоо маш их муудалцах юм, мөртлөө орой гэхэд дундын зуучгүйгээр сайндчихсан байдаг” гэж бичсэн байсан. Византууд өөрсдөө муудалцсан бол дундын зуучтай л сайнддаг байж таарах нь ээ дээ. Харин монголчууд өөр нийгэмшилтэйг харж болох нь.
Бид индивидуалист нийгмийг сүүлийн 100 жилд л үзэж байгаа.
Коллективист нийгмийн өөр нэг шинж бол хүүхдээ өвөртөлж унтах. Индивидуалист нийгэмд хүүхдээ тусдаа орон дээр унтуулна. Өнөөдөр монголчууд хүүхдийн ор их худалдаж авч байна л даа. Би ч авч байсан. Гэхдээ би хүүхдээсээ тусдаа унтаж чадаагүй. Тэгэхээр би коллективист нийгмийн бүтээл, өөрөө үргэлж тэврүүлж, элгэнд наалдаж тэврүүлж унтан өссөн л хүүхэд болж таарч буй.
-Орондоо дуулж болохгүй, ширээн дээр гарч болохгүй, ерөөсөө тэгж ч, ингэж ч болохгүй гэсэн хорио цээр их явдаг. Хэлбэрийн хувьд өнөөдөр хүчингүй, мухар сүсэг гэгддэг ч яг цаад мессеж нь хүмүүжлийн чухал агуулгатай гэж тайлбарлаж байхыг саяхан нэг ярилцагчаасаа сонссон л доо.
-Ерөөс эерэг бөгөөд сөрөг санкцаар дамжуулж соёлын капиталыг өвлүүлдэг. Эерэг, сөрөг санкц хүний хэм хэмжээг буюу “Болно”, “Болохгүй”-г тодорхойлдог. Тэр хүрээн дотроо амьдарвал бид аюулгүй.
Сүүлийн жилүүдэд бид соёлоо арчуулахдаа, тайлбарыг нь мартсан. Гэхдээ хэрэгжүүлсээр байдаг. Намайг багад охидыг үсээ боо гээд л хаа газар загнадаг байсан. Өнөөдөр ч тэгдэг ээж, аавууд бий байх. Гэхдээ яагаад?
-Мэдэхгүй.
-Яагаад гэдэг тайлбар байх ёстой шүү дээ. Зан үйлийн хувьд л нийтлэг хэвээр үлдчихсэн байна. Тайлбарыг нь харин бид өнөөдөр мартчихсан. Тэгэхээр архиваа ухна.
Би 13-р зууны үеийн монгол оршуулгын зан үйлийг дүрсэлсэн нэг зураг харсан юм. Энгийн үед монголчуудүргэлжид үсээ сүлжсэн, зассан, гоёмсог малгай өмссөн харагддаг. Гэтэл тэр зураг дээр бүгд үсээ задгай тавьчихсан байсан. Үүнийг би гашуудлын зан үйл гэж ойлгосон.
Тэгэхээр үс задгайлах нь гашуудлын шинжтэй байсан бололтой. Энэхүү ойлголт нь өдийд тайлбаргүй ч, хэрхэх ёстой хэм хэмжээний луужин нь нийгэмд байгаад байна. Энэ хэм хэмжээ нь тайлбараа алдсан ч өнөөдөр хүртэл өвлөгдөж явж буй биш үү.
-Гэхдээ өнөөдөр үүнийг боддог хүн цөөн. Хуучин юмаа ярья гэхээр хэрэггүй л гэдэг. Ийм хандлага давамгайлсан нөхцөлд ер нь өөрчлөгдөх ирээдүй харагдах уу гэдэг асуулт тавигдахаас аргагүй байдаг.
-Сүүлийн 100 жилд монгол гэхээр л муухай, хоцрогдсон, хөдөөнийх гэж, сөргөөр харах линз тавьж өгсөн л дөө. Энэ үед бид бодлын процессоо анхаарах их чухал. Шинэ мэдээлэл орж ирээд үнэт зүйл дээр эхлээд ойно. Дараа нь тархи ажиллаад өмнөх мэдээллээсээ ямар эмоци нааж өгөхөө бодно. Эерэг гэж харах уу, сөрөг гэж харах уу гэсэн эмоцын маркер наагдсанаар бидний цаашдын хандлага, үйлдлийг тодорхойлно.
Монголчуудын эсрэг хэдэн зуун сөрөг линз тавих ажилбар хийгдсэний дараа бид өөрсдийгөө зэрлэг гэж ойлгосон. “Сэрэлт” киног би их жишээ татаж ярьдаг л даа. Пропагандаг ойлгомоор байгаа бол түүнийг анализдаж үзэх хэрэгтэй. Орос хүнийг яаж дүрслэв, биднийг харин хэрхэв. Тухайн үеийн оросын бодлогын хүрээнд юу хийгдэж байв? Бид бодлогоор хийгдсэн энэхүү линз өөрөө хиймэл, эмоцын маркер нь мөн хиймэл гэдгийг ойлчихвол юмыг өөрөөр харж тунгаах орон зай нээгдэнэ. Энэ чинь өөрөө боловсрол юм.
Боловсрол бол заавал диплом биш. Соёлын капиталыг сурталчлан таниулж, хүүхдүүддээ атгуулж өсгөх нь л боловсрол олгож буйн нэр. Эдгээр нь хэзээ ч салшгүй, өвөг дээдсийн маань бүтээж ирсэн зүйл учраас бахархал төрнө. Бахархал бол омогшлоос өөр, эерэг мэдрэмж шүү дээ. Бахархлыг нацизмтай холбож төөрөгдөөд байдаг үзэгдэл ч бий, гэхдээ өөрөөрөө бахархаж, өвөг дээдсээрээ бахархах нэг зүйл, өөрийгөө бусдаас илүү гэж бодон сул доройгоо харгислах нь шал өөр зүйл шүү дээ.

Монголчууд газраа л тохирчихвол уулзчихдаг онцлогтой. Үүнийг бас "Цаг барьдаггүй" гэж сөргөөр харах нь зөв үү?
-Та бол “Шихихутуг” төгсөөд хуульч болоод явчих бүрэн боломжтой байсан байх. Энэ хооронд цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарна, карьер эрсдэлтэй. Харин өөрийгөө зоригжуулж ирсэн жанжин шугам чинь юу вэ?
-Би өөрчлөлтөөс ер айдаггүй. Нэг талаас тэнэг зоригтой байж магад. Гэхдээ адаглаад би хүүхдүүддээ энэ бүгдийг үлдээнэ, иймд ямар нэг гаргалгаа олж чадна гэдэгтээ итгэлтэй байдаг.
Мөн багаасаа уналтад орж, түүнээсээ гарч сурсан маань өөртөө итгэх итгэл өгсөн байх. Арван жилдээ олон сургууль дамжсанаа бодвол хүүхдийн өнцгөөс их хүнд нөхцөл байх. Өнөөдрийг харвал бидний нийгэм хэзээ ч төсөөлж байгаагүйгээр өөрчлөгдөж байна. Ер нь л амьдрал тодорхойгүй байдаг юм байна. Тиймд бүх өндгөө нэг сагсанд хийх эрсдэлтэй юм. Бүхий л цаг үед амьдрахад тус болж ирсэн зүйл нь бараг л эргээд нүүдэлчин ахуй соёл, боловсрол байж гэж бодогддог ч үе байна.
-Судалгааны өгүүллүүд хэвлүүлсэн үү?
-Миний судалгааны арга зүй нь нэг ойлголтыг тойруулж байгаад, бүлгүүдийг хугацаагаар нь дэлгэж судалдаг. Өнөөдөр амьд буй хүмүүсийн бүлгүүд хоорондоо өөр, өөр байдаг. Үүн дотор хэлмэгдүүлэлтээс өмнө төрсөн хүмүүс гэдэг их өөр нийгмийн төлөөлөл байгаа нь тод харагддаг. Тэр бүлэг аливааг юу гэж тайлбарлах нь надад маш сонирхолтой байдаг. Ийм судалгаа хэд хэд хийсэн, ном болгож хэвлэх бодолтой.
-Яаж судалдаг вэ?
-Түүхийн сэдвийг бусдын судалгаанаас уншина. Харин нийгмийн судалгааг ярилцлагаар авдаг. Үндсэн судалгааны арга зүй, онол бий, тэгээд түүх, антропологийн мэдлэгтэй байх хэрэгтэй. Түүгээр дамжин олон сонирхолтой анализ хийж болно.
-Манай монголчуудын нийгмийн харилцаан дахь гол онцлогууд юу вэ?
-Маш хамтач бөгөөд эерэг. Өөдөөс нь хараад инээмсэглэхэд дагаад инээдэг. Эерэг байна гэсэн үг. Танихгүй хүнтэй маш дотно харилцан ярилцаж болдог. Бид дэлгүүр ороод л танихгүй хүнийг ах, эгчээр дуудан харилцаж чаддаг. Дээр нь сониуч, нээлттэй мөн зоригтой. Зоригтой хүн бусадтай нээлттэй харилцаж чадна. Бусдаас ялгарах гэвэл иймэрхүү шинж тэмдэг их тод харагддаг.
-Та их эерэгээр ярих юм. Сөрөг нь байна уу?
-Сөрөг гэвэл, харах өнцгөөсөө л их болох юм. Жишээ нь Монголчууд цаг барьдаггүй гэх мэтийн юм ярих гээд байдаг шүү дээ.
Гэтэл монголчуудыг анзаараад байхад хүнтэй уулзахдаа эхлээд газраа тохирдог юм билээ. Газраа л тохирчихвол ямар ч байсан уулзчихдаг. Энэ бас онцлог шүү. Барууны минутаар цагаа тоолдог нийгмийн өнцгөөр харвал биднийг “бүдүүлэг” гэж тамгалах боломжтой. Гэтэл бидний цаг тоолол ч өөр байх юм. Хоёр орчим цагнь биднийхээр нэг цаг болдог, ийм тоололтой явж ирсэн байна. Үүнийг тэгээд сөрөг гэж харах уу, эерэг гэж харах уу гэдгээс ихээхэн шалтгаална шүү дээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Маш сонирхолтой сэдэв байна шүү, үргэлжлүүлээд судлаад, нийтлээд байгаарай, судлагдаагүй л болохоос тэднээс доор оршдог гэсэн үг биш юм байна гэж ойлголоо. Танд гялайлаа.
Би бид хэн вэ гэдгийг гайх�##�тай ухааруулсан ярилцлага байлаа. Ялангуяа үндэстний ой санамж, соёлын тухай
Зочин
Болох зүйлийг болохгүй гэж бүү зүтгэ өөрийгөө зовооно, Болохгүй зүйлийг болно гэж бүү зүтгэ бусдыг зовооно
dagan duuraih awyastail baihgui yu suuliin uyed het baruunjij baina zahiin notolgoo n awyaslag uran buteelchid gadaad ner oorsoddoo ih ogdog bolj..ulamjlal soyloo martaj ehelj uuniig yerdoo muhar susegneese salj baigaa meteer tailbarladag bolson yum baina..gadnii soyoliig shuten bishirch dagan duuraidag boljdee...
Сонирхолтой сэдэв бна. Өөрөө өөрсдийгөө судлах нь хамгийн зөв... амжилт Хариадыг дагадаг.
Хулгайч МУИС-ын газрыг Сонгдод зарсан Ганцогийн охин ааваараа овоглож чадахаа больж дээ ичээд
Сонгдо-д хувь эзэмшдэг ч байх. Уянгаа нэг хэсэг бизнес хийж байна, сэргээгдэх түлш гаргана гэж байсан одоо судлаач болсон юм уу даа?. Кареер брэйк. Боловсролтой хүн байна гэхдээ, Оросын т�##�ыг бас дэмждэг юм байна, Монгол улс бол ту�####�а соёлтой тул гадныхан ерөнхийлсөн суд�##�гаагаа тулгах ёсгүй юм байна гэх мэт зүйлс ойлголоо. Хүчтэй фигур болж чадах бүсгүй байна гэвчиг яг �##�ь намыг дагах вэ, яг юугаар дагнах вэ гэдгээ хайж суд�##�ж байгаа хүн юм уу даа.
Ih uguujtei yariltslag bn bayarlalaa amjilt
Маш зөв дуу минь дээрээс нь улс ьөрчдын сэтгэлгээ яг л барууны хуйтэн муухай шун�##�тай сэтгэлшээг судлах ард тумээ болдоггуйш судлах
Өөрсдийгөө судлах-болж байна аа.Сонирхолтой сэдэв .Жаахан дээхнэ үэд манж,төвд,санскриттай хүмүүс зөндөө л байж,одоогоор бол англи ,франц,гэрмантай гэсэн үг,тэднийг орос мэдэхгүй учир бүдүүлэг гэдэг байсан нь хачирх�##�тай шүү.Тулган хүлээлгэх гэж энэ дээ. Тарнийн хүчээр эмчилдэг хүмүүс байж ,гэтэл тэднийг цагаан нөмрөг ,чагнуургүй бас ширээний ард суугаагүй тул боловсоролгүй гэдэг байж -тархи уга�##�тын сонгодог жишээ. Амжилт хүсьэ-мэдсэнээ бу�####�д сайн түгээгээрэй,заримдаа хамт зүтгэж байгаа хүмүүс чинь хүртэл ойлгоогүй байх нь зөндөө.
Та цагаан сар тэмдэглэдэг үү, эмээ өвөөгөө ээж ааваа асардаг уу?
Номын номыг сурж бардаг, хүний ном гэдэг юм сонсож байсан уу, монгол хүнд бүр хөдөө 8дугаар анги ч төгсөөгүй байж хүний номонд энэ судлаачаас илүү гардаг шүү, амжилт юутай ч монгол хүн болохыг хүсье
нүүдэлчин, сэтгэл судл�##� гэсэн түлхүүр үгээр хайхад л маш олон өгүүлэл суд�##�гаа гарч ирж л бн. яагаад хэн ч судлаагүй гээд бгаан бол доо ккк