БНХАУ, Киргизстаны хил дээр 7 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

БНХАУ болон Киргизстаны хил дээр 7 магнитуд хүчтэй газар хөдлөлт болсон байна. Хятадын газар хөдлөлтийн сүлжээний төв мэдээлснээр Аксу мужийн Үшү бүсэд даваа гарагаас /2024.01.22/ мягмар гарагт /2024.01.23/ шилжих шөнө 02:00 минутын орчим хөдлөлт болсон аж.
Албан тушаалтнууд хөдлөлтийн голомт руу 200 орчим аврагч илгээсэн байна. Гамшгийн улмаас зургаан хүн бэртэж, 120 гаруй барилга байгууламж эвдэрч нурсан гэж эрх баригчид мэдээлжээ.
Чичиргээний улмаас хэд хэдэн цахилгааны шугам унасан ч цахилгаан эрчим хүчний нийлүүлэлтийг шуурхай сэргээсэн гэж Аксу мужийн албан тушаалтнууд хэлсэн байна. Газар хөдлөлтийн чичирхийлэл Киргизстан, Казахстанд хүртэл мэдрэгдсэн юм.
Казахстаны Алматы хүчтэй мэдрэгдэн гэрийн тавилга чичирч, шилжсэн байна. Мөн Энэтхэгийн нийслэл Шинэ Дели дэх телевизүүд хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн гэж мэдээлжээ.
Арван хоёрдугаар сард баруун хойд бүсэд 6.2 магнитуд хүчтэй газар хөдлөлт болж, 134 хүн амь үрэгдсэн гамшиг гарсан. Гансу болон Чинхай мужийн хил дээр болсон тус газар хөдлөлтийн улмаас 150 мянга гаруй барилгад эвдрэл үүссэн юм.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.