Гадаад мэдээГео-ТоймДЭЛХИЙ

Украин, ОХУ хоёр энэ жил зэвсэгт хүчнээ нөхөн, бэхжүүлэхэд анхаарна

Сар хүрэхгүй хугацааны дараа Украины дайн хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Дайн удаан хугацаанд үргэлжлэх нь дамжиггүй болж хоёр талын зэвсэгт хүчний хохирол нэмэгдсээр.

Тухайлбал АНУ-ын арван хоёрдугаар сард дэлгэсэн тагнуулын тайланд ОХУ 2022 оны хоёрдугаар сард Украины  руу 360 мянган цэрэг оруулсан, харин үүнээс 315 мянган цэрэг нь амь үрэгдсэн эсвэл бэртсэн гэж дүгнэсэн байсан.

Мөн ОХУ-ын зэвсэгт хүчин дайныг 3,100 танктай эхлүүлсэн бол үүний 2,200 нь байлдаанд сүйрсэн гэж тус тайланд бичсэн байв. Харин Украины алдагдлын хувьд өнгөрсөн наймдугаар сард АНУ-ын албан тушаалтнууд бэртэж, гэмтсэн цэргүүдийн тоо 300 мянга дөхөж байгаа гэж мэдэгдсэн юм.

2023 оны эхэнд барууны орнууд Украины сөрөг довтолгоо дайны чиг хандлагыг өөрчилнө гэж итгэн, найдаж байсан. Гэвч зун эхэлсэн сөрөг довтолгоогоор Украины арми хэдэн тосгоныг чөлөөлсний дараа аль ч тал томоохон ахиц гаргаж чадаагүй юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн есдүгээр сард сөрөг довтолгоо амжилт олоогүй гэж мэдэгдсэн. Үүнийг ч Украины зэвсэгт хүчний генерал хүлээн зөвшөөрсөн юм. Украины армийн ерөнхий командлагч Валерий Залужный арван нэгдүгээр сард “Economist” агентлагт ярилцлага өгсөн.

Тус ярилцлагадаа Залужный дайн зогсонги байдалд орсон, зэвсгийн технологид шинэ инновац гарахгүй тохиолдолд өөрчлөлт гарна гэсэн билээ. Мөн дайн удаан хугацаанд үргэлжлэх нь ОХУ-д ашигтай гэдгийг тэр хүлээн зөвшөөрсөн юм.

Одоогийн байдлаар аль нэг улсыг дайнд давуу талтай байгаа гэж хэлэх боломжгүй. АНУ-ын Европын командлалын дэд командлагч асан, дэслэгч генерал Стивен Твити 12-р сард “Дайн бол хувирамтгай зүйл. ОХУ ч ялж болно, Украин ч ялж болно. Одоогийн нөхцөл байдлаас харвал энэ жил дайнд ямар өөрчлөлт гарсан бэ? ОХУ бага хэмжээний л ахиц гаргасан, Украин ч мөн адил” гэжээ.

Энэ онд ч гэсэн хоёр тал нэг их ахиц гаргахгүй байж магадгүй юм. Тэгвэл одоо мэргэжилтнүүд 2024 онд Орос-Украины дайнд ямар үйл явдал гарах магадлалтай гэж үзэж байгааг харцгаая.

Энэ жил хоёр тал зэвсэгт хүчнээ нөхөж, бэхжүүлж авна

“CNN” агентлаг Украины дайны төлөв 2024 онд ямар байх талаар нэгэн АНУ-ын албан тушаалтнаас үзэл бодлыг нь асуужээ. Тус албан тушаалтан Украин болон ОХУ энэ жилийг батлан хамгаалахын аж үйлдвэрлэлээ бэхжүүлж, зэвсэгт хүчнээ сэргээн босгох ажилд зарцуулна гэж хэлсэн байна.

2024 онд бэлтгэлээ базааж аваад ирэх жил томоохон довтолгоонууд эхлүүлж магадгүй. Тэрхүү албан тушаалтан “Ийм учраас барууны орнуудын дэмжлэг маш чухал, учир нь энэ жил 2025 он болох ирэх жилүүд хэрхэн өнгөрөхийг шийдэх зүйлс болох магадлалтай” гэжээ.

Украины армийн явуулах дараагийн томоохон сөрөг довтолгоо дор хаяж хоёр жилийн дараа эхлэх магадлалтай аж. АНУ болон барууны орнуудын албан тушаалтнууд ОХУ эсвэл Украиныг энэ жил тулалдааны талбарт томоохон ахиц гаргах магадлал бага гэж үзэж буй.

Аль аль тал энэ жил фронтод томоохон нүүдэл хийхэд цэрэг, техник хэрэгслийн хувьд хомс байгаа юм. Украинд зэвсэгт хүчиндээ шинэ цэрэг олох асуудал тулгараад байгаа. Володимир Зеленский арван хоёрдугаар сард болсон хэвлэлийн бага хурлын үеэр зэвсэгт хүчин нэмж 450-аас 500 мянган цэрэг татах санал тавьсан гэдгийг мэдэгдсэн.

Мөн цэрэгт дайчлах насыг 27-гоос 25 болгож бууруулах талаар Украины парламент авч үзэж, гадаадад амьдарч буй иргэддээ цэргийн алба хаах хүсэлт явуулах болсон билээ.

ОХУ-ын цэргийн нөөцийн хувьд Владимир Путин хоёр дахь удаагаа дайчилгаа явуулах шаардлага одоогоор байхгүй гэж хэлсэн. Гэхдээ тэр арван хоёрдугаар сарын эхээр ОХУ-ын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний тоог 170 мянгаар нэмэгдүүлж, нийт цэргийн тоог 1.32 сая болгох зарлигт гарын үсэг зурсан юм.

ОХУ Донбасс, Украин Крымын хойгт анхаарлаа хандуулна

Их Британийн “Royal United Services Institute” батлан хамгаалах, аюулгүй байдлын судалгааны төвийн дарга асан Майкл Кларк фронтын шугам зогсонги байдалд орсон гэж хэлэх нь учир дутагдалтай хэмээжээ. Тэрбээр ОХУ-ын арми Донбасс бүс нутгийг бүхэлд нь эзэлж авахын тулд фронтод шахалт үзүүлж магадгүй гэж үзсэн байна.

Харин АНУ-ын Европ дахь армийн командлагч генерал асан Бен Ходжес Украин амсхийхгүй дайралтаа үргэлжлүүлнэ гэж бодож байгаа аж. Довтолгоогоо зогсоовол ОХУ-д ашигтай гэдгийг Украин сайн мэдэж байгаа учир Украин довтолгоогоо үргэлжлүүлсээр байх болно гэж үзжээ.

Ходжесийн таамаглаж буйгаар Украин Крымын хойгт анхаарлаа хандуулах аж. Тэрбээр Украин ирэх саруудад цэргийн ангиудаа нөхөн сэргээж, цэрэгт татах системийг сайжруулан, сум зэвсгийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ гэж үзсэн байна.

Ийм бодлого баримтлан 2024 оны эхний хэдэн саруудад зэвсэгт хүчнээ бэхжүүлж аваад зуны эхэнд F-16 онгоцны тусламжтай довтолгооны эрчээ нэмэгдүүлэх юм. Дайн эхэлснээс хойш Украины арми F-16 сөнөөгч онгоцыг илгээхийг АНУ-аас хүссээр ирсэн.

АНУ сөнөөгч онгоц илгээх нь ОХУ-ын дургүйцлийг ихэд хүргэж магадгүй гэж болгоомжлон F-16 нийлүүлэхээс татгалзсаар 2023 оны зун хүрсэн юм. Харин 2023 оны наймдугаар сард АНУ F-16 сөнөөгч онгоцыг Украин руу илгээхийг холбоотон улсууддаа зөвшөөрсөн.

Үүний дараа Дани, Нидерланд 37 F-16 илгээх болж, Норвеги болон Бельги ч мөн адил тус сөнөөгч онгоцыг нийлүүлэх шийдвэр гаргасан билээ. Украин Дани улсаас энэ жилийн эхний хагаст F-16 онгоцнуудыг хүлээн авах магадлалтай байгаа.

Тэдгээр сөнөөгч онгоцны тусламжтай Украины арми Крымын хойг дахь ОХУ-ын тэнгисийн цэрэг, нисэх хүч болон логистикийн баазуудад өгөх цохилтоо нэмэгдүүлнэ гэж Ходжес үзжээ.

Украины цэргийн тагнуулын газрын дарга Кирило Буданов ч гэсэн довтолгоогоо үргэлжлүүлж, ялангуяа Крымын хойгт өгөх агаарын цохилтоо нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн юм.

Хамгийн чухал нь АНУ, барууны орнуудын тусламж

Жо Байдены өнгөрсөн аравдугаар сард танилцуулсан Украин руу 60 тэрбум ам.долларын зэвсэгт хүчний тусламж илгээх төсөл Конгресст царцсан байгаа. Мөн Европын холбоо 50 тэрбум еврогийн тусламж илгээхийг Унгар улс хориг тавьж зогсоосон.

Конгресс дахь Бүгд найрамдах намын гишүүд Украины руу илгээх 60 тэрбумын төсөлд хориг тавьж, АНУ-ын өмнөд хил дээрх аюулгүй байдалд зориулсан хуулийн төслийг Ардчилсан нам дэмжсэн тохиолдолд зөвшөөрнө хэмээсэн байгаа.

Энэ асуудлаар хоёр нам хэлэлцэж, хоёр хуулийн төслийг батлах ажил тун удахгүй эцэслэгдэнэ гэж мягмар гарагт /2024.01.22/ мэдэгдсэн. Харин Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен Унгарын улсын зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй ямар нэгэн аргаар Украин руу илгээх 50 тэрбум еврогийн тусламжийг батална хэмээсэн.

Хоёр тал довтолгоогоо үргэлжлүүлэх ч гэсэн өмнөх байлдаануудтай харьцуулахад жижиг хэмжээний, холоос агаарын цохилт өгөх маягаар дайныг үргэлжлүүлэхийн зэрэгцээ зэвсэгт хүчнээ 2025 онд  болох томоохон довтолгоонуудад бэлдэх маягтай 2024 он өнгөрөх нь.

Эх сурвалж: CNN, Reuters, CNBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Yag tiim ee
Yag tiim ee
2024-01-27 18:55

g yum uu?! Irak,Avganctan geh mem

Офицер
Офицер
2024-02-24 10:10

Ш�##� худ�##� дүгнэлт б.на. Ямарч цэргийн боловсролгүй, энэ тэндэхийн худ�##� юм хуулж бичдэг бололтой. Нэг т�##�ыг барьж, улстөржсөн хүн б.на. уучлаарай .

Холбоотой мэдээ

Back to top button