Top StoriesЯрилцлага

Т.Шинэцэцэг: Хүмүүсийн дунд бусдад хүлээн зөвшөөрөгдөхтэй холбоотой хуурамч аз жаргал үүсгэх нь элбэг байдаг

Та хэзээ хамгийн сүүлд өөрт мэдрэгдэж байгаа мэдрэмжээ хуваалцсан бэ?.

Дөрвөн ханатай байшин, дөрвөлжин гар утас биднийг амьд харилцаанаас холдуулж байна. Хэн нэгэнд чин сэтгэлээ нээх нь биднийг олон арван асуудлаас аварч байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд хөнгөхөн инээж, хуурамчаар аз жаргалтай байх нь элбэг болж, харилцааны дутмагшилд оржээ.

Ийнхүү хүмүүсийн дундах хуурамч аз жаргал болон өсвөр насны хүүхдүүдийн тухай бид "Бага Тэнгэр" ОУС-ийн сэтгэл судлаач Т.Шинэцэцэгтэй ярилцлаа.

-Хуримтлуулсан мэдрэмжүүд, хэзээ ч алга болохгүй-

-Хуурамч аз жаргал гэж юу вэ?

-Хүн дотроо аз жаргал мэдрэхгүй байгаа хэрнээ, гаднаа аз жаргалтай юм шиг харагдах гэж хичээдэг. Өөрөөрөө биш, өөртөө хуурамч баг зүүдэг. Үүнийг л хуурамч аз жаргал гэдэг. Өнөөгийн нийгэмд энэ нь хөгшин, залуугүй бүх хүнд тохилддог, их нийтлэг ажиглагддаг болсон.

-Энэ хуурамч байдал нь хэрхэн илэрдэг вэ?

-Аз жаргалгүй байгаа шалтгаанаа бусадтай хуваалцдаггүй. Хэрвээ энэ байдлаа хүнд хэлчихвэл би хүлээн зөвшөөрөгдөхгүй байх гэсэн айдас. Нөгөөтэйгүүр өөрийнхөө дотор мэдрэгдэж байгаа зүйлсийг бусдад хэлчихвэл, нөгөө хүнд маань дарамттай байх болов уу гэсэн эргэлзээ. Ийм түгээмэл хоёр шалтгаанаар хуурамч байдал нь илэрдэг.

-Ямар шалтгаанаар хүн хуурамч аз жаргалыг үүсгэдэг вэ?

-Хүүхэд насаа хэрхэн өнгөрүүлсэн бэ гэдгээс эхлээд маш олон сэтгэлзүйн асуудлууд ард нь байдаг. Багадаа том сэтгэлийн шарх, траума авсан эсэх, аль эсвэл бие физилогийн хэрэгцээ, аюулгүй байдлын хэрэгцээ, хайрлуулах гэх мэт эдгээр зүйлс хангагдаж чадсан уу, үгүй юу.

Өөрөөр хэлбэл дутуугийн мэдрэмжээ ялсан уу, эсвэл дутуугийн мэдрэмж нь комплекс болсон уу эдгээр асуудлаас үүсдэг.

Ерөөсөө л нийгэмд өөрийн сул талаа харуулж болохгүй гэсэн бодол нь өөртөө хуурамч аз жаргалыг бүтээхэд хүргэдэг.

-Дутуугийн мэдрэмж, комплекс хоёр ялгаатай юу?

-Дутуугийн мэдрэмж гэдэг зүйл төрөхөөс хүнд байдаг зүйл. Жаахан хүүхдүүд том хүмүүсийг өөрөөс нь илүү хүчтэй, чадвартай гэж хардаг.

Дутуугийн комплекс нь дутуугийн мэдрэмжээ давж гарахтай холбоотойгоор үүсдэг. Хэт өөрийгөө бусадтай харьцуулах, өөрөө өөрийнхөө сул тал, бусдаас юугаараа дутуу гэдэг дээрээ л фокусладаг. Сэтгэл зүйн хувьд маш том дарамт үзүүлдэг зүйл

-Хүмүүс траума гэж их ярьдаг. Энэ нь юу вэ?

-Товчхон хариулъя. Өнгөрсөнд авсан сэтгэлзүйн гэмтэл. Өөрөөр хэлбэл маш хүчтэйгээр үлдсэн сөрөг мэдрэмж.

-Сэтгэлзүйн гэмтэл нь хүнд хэрхэн мэдрэгддэг вэ?

-Хүн болгонд өөрийгөө хамгаалах төрөлхийн айдас байдаг. Энэ нь түгшүүр. Зургаан сараас дээш хугацаанд хүнд мэдрэгдэхээр сэтгэлзүйн эмгэг болчихдог. Нойргүйдэх, төвлөрөл муудах, өмнө нь хийж чаддаг байсан зүйлсээ хийж чадахаа болих гэх мэтээр сэтгэлзүйн гэмтэл илэрдэг.

Хуурамч аз жаргалаас хэрхэн ангижрах вэ?

-Бүх зүйл хүлээн зөвшөөрхөөс эхлэлтэй. Өөрийгөө болон тулгамдаж буй асуудлаа хүлээн зөвшөөрөх. Хэн нэгэнд хуваалцах, мэргэжлийн хүнд хандах. Хэрвээ эдгээр зүйлсийг хийхгүй орхигдуулвал, хуурамч аз жаргалаасаа дарамт мэдэрнэ. Цаашлаад сэтгэлзүйгээ эмчлэх боломжоосоо холдоно гэсэн үг. Хуримтлуулсан мэдрэмжүүд хэзээ ч алга болдоггүй. Ирээдүйд маш том асуудал болж, дахин гарч ирж, сөргөөр нөлөөлөх хандлагатай. Тиймээс юу хийх дуртай, юуг сонирхдог, юунаас таашаал авах вэ гэдэг асуултуудыг өөрөөсөө асуух хэрэгтэй. Тэгж байж тайтгарна, эдгэрнэ, гарц гаргалгааг олно.

-Хүмүүс өөрийгөө оношлох нь элбэг болсон, энэ талаар хуваалцвал?

-Дийлэнх тохиолдолд өөрт төрж байгаа мэдрэмжиндээ тулгуурлан өөрчлөлтүүдийнхээ учир шалтгааныг судалдаг. Өөрийгөө оношлох нь буруу ч гэсэн мэдрэмжээ үгүйсгэж болохгүй. Тэгэхээр ямар нэгэн хэвийн бус, тухгүй мэдрэмж төрсөн л бол мэргэжлийн хүнээс зөвөлгөө авах, ярилцах хэрэгтэй.

Хүмүүс нэг, хоёр удаа сэтгэлзүйчтэй уулзаад хэвийн болно гэж боддог. Гэхдээ үнэндээ үгүй. Урт хугацааны туршид хоёр тал хичээж байгаад үр дүнд хүрдэг. Хамгийн гол нь тууштай байх.

Бидний ярилцлагын дараагийн хэсэг нь түүний ажил, мэргэжилтэй нэн холбоотой байлаа. Бие хүн болж төлөвшиж эхэлж байгаа хүүхдүүдэд ямар асуудал хамгийн ихээр тулгарваг вэ, талаар бид ярилцлаа.

-Харилцаанд долоон хувийг нь үг, 38 хувийг нь дуу хоолойны өнгө аяс, 55 хувийг нь биеийн хэлэмж эзэлдэг-

-Хүүхдүүд ямар шалтгаанаар түлхүү зөвөлгөө авдаг вэ?

-Гэр бүл буюу эцэг эхтэйгээ хэрхэн харилцах тухай зөвөлгөө их авдаг. Одоо бие хүн болж төлөвшиж байгаа хүүхдүүд өөрсдийгөө эрж хайх явцдаа эцэг эхдээ өөрийгөө бүрэн ойлгуулж, мэдрэмжээ илэрхийлж чадахгүй үе элбэг.

Гэхдээ дийлэнх хүүхдүүд “Манай аав, ээж завгүй байдаг болохоор сайн ярилцаж, өөрийгөө ойлгуулж чадахгүй байна” гэдэг. Харин эцэг, эхчүүд “Манай хүүхэд, надтай ярилцахгүй байна” гэдэг. Харилцаанд долоон хувийг нь үг, 38 хувийг нь дуу хоолойны өнгө аяс, 55 хувийг нь биеийн хэлэмж эзэлдэг. Тэгэхээр ганцхан чихээрээ сонсоод байж болохгүй. Маш олон зүйлийг хүүхдүүд нь хараад хүлээгээд байж байдаг.

Жишээ нь: Ээж миний яриаг сонсохдоо ямар хариу үйлдэл үзүүлж байна гээд хүлээгээд байж байдаг.

-Сурагчид үе тэнгийн дээрэлхэлтийн талаар ярилцаж байсан уу?

-Харьцангүй бага. Үеийнхэн дундаа нэгнээ дээрэлхэж байгаа хүүхдийн цаана сэтгэлзүйн ямар нэгэн асуудал байдаг. Гэр бүлээсээ авсан эсвэл эргэн тойрноосоо мэдэрсэн.

Сэтгэл судлалд алдартай "Бобо хүүхэлдэйн туршилт" байдаг. Хүүхдүүдийг ижил тооны 2 бүлэг болгон хувааж эхний бүлгийн хүүхдүүдэд хүүхэлдэйг цохих, зодох гэх мэт хүчирхийлэл үзүүлж байгаагаар тоглож харуулдаг харин дараагийн бүлэгт хүүхэлдэйтэй зөв тоглож байгаагаар харуулдаг. Хүүхэлдэйг цохиж, зодож харуулсан эхний бүлгийн хүүхдүүд яг дуурайж цохих зодох гэх мэт хариу үйлдэл үзүүлж байсан. Харин зөв тоглож харуулсан бүлгийн хүүхдүүд хүүхэлдэйг цохиж зодолгүй, зөвөөр тоглож байсан. Тэгэхээр энэхүү туршилт нь хүүхдэд зөв үлгэр дуурайлтай орчин чухал байдгийг харуулж өгсөн.

-Өсвөр насныхан өөрийгөө олох гээд эрж хайдаг, энэ үеийг хэрхэн тайлбарладаг вэ?

-Будилаантай үе гэдэг. Сургууль дээрээ сайн сурагч, гэртээ сайн хүүхэд, сайн найз, сайн хамтрагч гээд бүх зүйл дээр сайн байх гэж эрмэлздэг. Тэр хэмжээгээрээ бүгдийг нь зохицуулж сурах, ачаалал даах гэж хичээдэг. Энэ нь тийм ч амар биш учраас, хүүхдүүд шантарна, шанална. Яг энэ хэсэгхэн хугацааг эцэг эхчүүд илүү сайн ойлгоод өгөх хэрэгтэй.

Энэ үеийг давж гарахад, найз нөхдийн харилцаа хамгийн чухал байдаг. Адил, төсөөтэй асуудлууд их байдаг учраас мэдрэмжээ хуваалцана. Тэр чинээгээрээ нэгнээ юу мэдэрч байгааг маш сайн ойлгодог.

Нэн ялангуяа охидуудад окситоцин даавар ихээр ялгардаг болохоор, хэн нэгэнтэй хамт байх, байнгын холбоо хамааралтай ярилцах шаардлага их байдаг. Харин хөвгүүдитйн хувьд сонирхолд нь тааруулах хэрэгцээ шаардлагатай байдаг.

-Багаасаа өөрийгөө хүлээн зөвшөөрчихсөн байлаа. Тэгэхэд хэн нэгэн намайг шүүмжлээд, гоочилбол сэтгэлзүйн хувьд ямар байдалд хүрэх вэ?

-Гэр бүлийнхээ хүрээнд байгаагаараа хүлээн зөвшөөрөгддөг байсан хүүхдийг хэн нэгэн шоглоод, гоочилвол, их гайхаж хүлээж авдаг. Багаас минь манай гэр бүлийнхэн намайг хүлээн зөвшөөрсөн байхад яагаад ингэж гоочилж байгаа юм бол оо гэсэн эмзэглэл дүүрэн байдаг.

-Мэдрэмж бол түр ирдэг зочид юм-

-Сэтгэлзүйч хүний хувьд хүн хоорондын харилцаанд юу хамгийн их дутагдсан санагддаг вэ?

-Хүн хоорондын харилцаанд түр мэдрэгдсэн мэдрэмжээ бусдадаа шууд гаргачихдаг. Энэ нь хүмүүсийн харилцаанд асар их саад болж, эмзэглүүлдэг. Хэрвээ чи ууртай байвал, ганцаараа байж хэсэг тайвшрах хугацааг өөртөө олгох нь зүйтэй.

Хүмүүсийн дунд түгээмэл байдаг алдаа нь хэн нэгэнд муухай үг хэлээд, түр зуурын мэдрэмжээ гаргачихдаг. ҮҮннэс болж хүмүүсийн харилцаанд ан цав үүсдэг.

"Мэдрэмж бол түр ирдэг зочин". Тиймээс түр зуурын мэдрэмжиндээ авталгүйгээр хүнийг гомдоохоосоо өмнө хэдхэн хором бодчихвол, их үйл өөрчлөгдөнө.

-Өнөөгийн нийгэмд хамгийн ихээр тулгамдаж буй асуудал нь юу вэ?

-Нийгэм өөрөө их эмзэг. Ус руу жижигхэн чулуу шидэхэд маш их долгион үүсгэдэгтэй ижил. Өдөр тутамд бидний амьдралд тулгарч буй асуудлуудаас үүдэн нийгэм тэр аяараа стресстэй байна. Утаа, түгжрэл, халтиргаа гулгаа өдөр бүр сэтгэл өвтгөсөн мэдээнүүдээс үүдэж бид бага багаар стрессдэг. Энэ нь даамжирсаар, хүн бүрт сөргөөр нөлөөлчихсөн.

-Хүмүүст хандаж зөвөлгөө өгвөл?

-Өөрийнхөө дуртай зүйлийн талаар сайтар асууж, ярилцаж стессээ тайлдаг болоорой. Бид богинохон хугацаанд амьдрахдаа хэн нэгнээс нуугдаж хаагдсан амьдарьал дэндүү гунигтай. Тиймээс тайвширч, аль болох бусдад өөрт мэдрэгддэг жинхэнэ мэдрэмийн талаар ярилцаж, нээж байгаарай.

Дан ганц хүүхдүүдтэйгээ харилцахдаа биш бусадтай харилцахдаа ч, харилцааны гол дүрмийг баримтлаарай.

-Ярилцсанд баярлалаа.

Тэрбээр онлайнаар сэгэлзүйн боловсрол олгох зорилгоор _knowingly хаягийг хөтлөн явуулдаг байна.

Бид өсвөр насны хүүхдүүдээ ойлгож өсгөдөггүй болохоор жил ирэх тусам, өдөр ирэх тутам мэдрэмжээ хуваалцдаггүй хүмүүсийн тоо нэмэгддэг байх. Аливаа юмыг багаас нь дадаж сургадаг шүү дээ.

Тэгэхээр сайн ярилцаж, мэдрэмжийг нь чин сэтгэлтэй нь хамт хайрлавал, уг хүүхэх аяандаа зөөлхөн, мэдрэмжээ гадагшлуулдаг. Ийм сэтгэл мэдрэмжтэй хүүхдүүдийг бид өөрсдөө бүтээснээр энэ нийгэм дэхь хуурамч аз жаргал, сэтгэлийн шархууд бага багаар анигдах байх.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 28, 2024 10:47

Нийгмээрээ стрээстэж бна шүү дээ өөрөө сэтгэл гутр�##�аас гарч болно оо СЗийн оролцоогүйгээр.....

Заас
Заас
1 сар 29, 2024 16:00

Энэ судлаач нэр зүүгч гуниг өөриинхөө тухайл ярьж хаха

Холбоотой мэдээ

Back to top button