Статистик: 2023 онд ДНБ долоон хувиар буюу хоёр их наяд төгрөгөөр өслөө

Өнөөдөр статистикийн үндэсний хорооноос 2023 оны Дотоодын нийт бүтээгдэхүүний статистикийг танилцууллаа. Уг танилцуулгаар үйлдвэрлэлийн аргаар тооцсон ДНБ 2023 онд урьдчилсан гүйцэтгэлээр 68.9 их наяд төгрөг болсныг онцоллоо. Энэ нь өмнөх оноос 15 их наяд төгрөгөөр буюу 27.9 хувь өссөн үзүүлэлт болжээ. Үүнийг 2015 оны зэрэгцүүлэх үнэтэй харьцуулахад 30.5 их наяд төгрөг болж, өмнөх оноос хоёр их наяд төгрөгөөр буюу долоон хувиар өссөн үзүүлэлт юм байна.
ДНБ-ий өсөлтийг 2020 оноос хойш графикаар харуулбал,

ДНБ (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2020 онд 4.6 хувиар буурсан бол 2021, 2022 онд 1.6, 5 хувиар, 2023 онд 7 хувиар өслөө. Харин улирлын нөлөөллийг арилган тооцсон ДНБ (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2023 оны дөрөвдүгээр улиралд өмнөх улирлаас 1.1 хувиар өссөн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Уг өсөлтөд голлон нөлөөлсөн салбар бүрийг нарийвчлан танилцуулбал,
ДНБ 2023 онд долоон хувиар өссөний 1.3 нэгж хувийг хөдөө аж ахуйн салбар, 2.6 нэгж хувийг уул уурхай, олборлолтын салбар, 0.6 нэгж хувийг аж үйлдвэр, барилгын салбар, 4.3 нэгж хувийг үйлчилгээний салбар, 0.9 нэгж хувийг бүтээгдэхүүний цэвэр татвар бүрдүүлсэн байна.
Тус салбаруудын нэмэгдэл өртгүүд нь:
- Хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2023 онд 3.9 их наяд төгрөг болж, өмнөх оноос 378.5 (8.9 хувь) тэрбум төгрөгөөр буурсан нь ДНБ-ий өөрчлөлтөд 1.3 нэгж хувиар сөрөг нөлөө үзүүлсэн гэжээ.
- Уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2023 онд 3.9 их наяд төгрөг болж, өмнөх оноос 733.8 (23.4 хувь) тэрбум төгрөгөөр өслөө. Энэхүү өсөлт нь ДНБ-ий өөрчлөлтөд 2.6 нэгж хувиар эерэг нөлөө үзүүлсэн байна.
- Аж үйлдвэр, барилгын салбарын нэмэгдэл өртөг (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2023 онд 4.2 их наяд төгрөг болж, өмнөх оноос 162.3 (4.1 хувь) тэрбум төгрөгөөр өслөө. Үүнд боловсруулах салбарын нэмэгдэл өртөг 5.1 хувиар өссөн нь нөлөөлжээ.
- Үйлчилгээний салбарын нийт нэмэгдэл өртөг (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2023 онд 14.7 их наяд төгрөг болж, өмнөх оноос 1.2 (9.2 хувь) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд тээвэр 39.3 хувиар, мэдээлэл, холбооны салбарын нэмэгдэл өртөг 16.4 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
2023 оны байдлаар ДНБ-ий эцсийн хэрэглээнд 59.7 хувь, хөрөнгийн нийт хуримтлалд 31.7 хувь, цэвэр экспорт 8.6 хувь (үүнээс экспортод 76.3 хувь, импортод 67.7 хувь) зарцуулагдаж, өмнөх оноос цэвэр экспорт 14.7 нэгж хувиар нэмэгдэж, эцсийн хэрэглээ 4.8 нэгж хувиар, хөрөнгийн нийт хуримтлал 9.9 нэгж хувиар буурчээ. ДНБ (2015 оны зэрэгцүүлэх үнээр, эцсийн ашиглалтын аргаар тооцсон) 2023 онд 30.4 их наяд төгрөг болж, өмнөх оноос 2.0 (7.1хувь) их наяд төгрөгөөр өссөн байна.
Өрхийн эцсийн хэрэглээ (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2023 онд 19.6 их наяд төгрөг болж, өмнөх оноос 1.4 (7.4 хувь) их наяд төгрөгөөр өсжээ. Өрхийн эцсийн хэрэглээ ДНБ-ий өсөлтийн 4.8 нэгж хувийг хангаж байна. Төрийн байгууллагын хэрэглээ (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2023 онд 6.1 их наяд төгрөг болж, өмнөх оноос 376.6 (6.6 хувь) тэрбум төгрөгөөр өсөж, ДНБ-д 1.3 нэгж хувиар нөлөөлжээ. Хөрөнгийн нийт хуримтлал (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2023 онд 12 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.2 (9.2 хувь) их наяд төгрөгөөр буурсан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Xaxaxa
яаг юмуу