Нурууны ивэрхий өвчтэй хүүгээ зургаан жил асарч хөл дээр нь босгосон ээж: Хүү шигээ хүүхдүүдэд туслахаар АШУҮИС-д сурна

Төрөлхийн нуруу нугасны ивэрхий өвчтэй хүүгээ зургаан жилийн турш асарч, эмчлүүлж явсаар хөл дээр нь босгож, цаашлаад сургуульд оруулсан энэ эмэгтэйг Д.Наранцацралт гэдэг. 2017 онд төрсөн түүний хүү төрөлхийн нуруу нугасны ивэрхий өвчний оноштой. Хүүгээ эдгээчхээд өөрөө уламжлалт эмчилгээний чиглэлээр суралцаж, хүү шигээ оноштой хүүхдүүдэд уламжлалт бариа, хөдөлгөөн заслын эмчилгээ хийж туслах туйлын их хүсэлтэй нэгэн юм. Хүүгээ хөл дээр нь алхуулахын тулд зургаан жилийн турш тэмцэж, зүтгэсэн түүнтэй бид ярилцлаа.
-Хүү маань гэдсэнд байхдаа хөдөлгөөн ихтэй байсан учраас, эдгэрнэ гэдэгт итгэлтэй байсан-
-Та өөрийгөө танилцуулна уу?
-Би Архангай аймгийн Хотонт суманд төрсөн. СУИС-ын харьяа Соёлын дээд сургуульд суралцаж хэвлэлийн эх бэлтгэгч, дизайны мэргэжил эзэмшсэн. Сургуулиа төгсөөд 2010 он хүртэл Соёл продакшнд ажиллахын хажуугаар бариачийн дамжаанд суралцаж төгссөн. Эх бэлтгэгч дизайны ажил надад нэг их таалагдаагүй учраас Хөх хотод очиж бариа заслын чиглэлээр мэргэжлийн сургалтад суралцсан. Нөхөр бид хоёр гэр бүл болоод 2015 онд анхны хүүгээ төрүүлсэн. 2017 онд 22 долоо хоногтой жирэмсэн байхдаа хоёр дахь хүүгээ нуруу нугасны өөрчлөлттэйг мэдээд тэнгэр хөмрөх шиг л болж жирэмсэн надад их хүнд туссан даа.
-Тухайн үед эмч нар юу гэж хэлж байв?
-Эхлээд хувийн эмнэлгийн эход үзүүлэхэд “Хүүхэд тань нуруу нугасны уйланхайтай юм байна” гэснээр Эх нялхсын эмнэлгийн Ц.Үржиндэлгэр эмч дээр очсон. “2см уйланхай байна. Энэ томорвол аюултай, энэ хэмжээгээрээ тогтвол аюул багатай” гэж эмч хэлсэн. Бид интернэтээс уг өвчний тухай мэдээллийг анх бүрэн хэмжээгээр олж үзсэн. Хэзээ ч хөлд орохгүй, бүсэлхийнээс доош мэдээгүй, тархи нь усжих, нуруу нугасны мэдрэлгүй болж дөрвөн мөч нь саажилттай болох, хамгийн гайгүйдээ тэргэнцэр дээр үлдэх, сэтгэцийн асуудалтай байх зэрэг олон эрсдэл төрөх хүүхдийг маань хүлээж байгааг мэдээд бид маш их айж цочирдсон.
Миний хүү гэдсэнд байхдаа хөдөлгөөн ихтэй байсан болохоор ийм болчихсон байна гэж огт санаагүй. Энэ аймшигт мэдээг анх сонсоход жирэмслэлтийг таслах хуулийн хугацаа хэтэрчихсэн байсан болохоор эмч нар зөвшөөрөөгүй.
-Хүүгээ төрүүлэхдээ хэр их сэтгэлийн бэлтгэлтэй байсан бэ?
-Байдал нэгэнт ийм болсон болохоор нөхөр бид хоёр байнга ярилцаж хүүхдээ төрүүлтлээ тулж ирэх бүх зүйлд сэтгэлээ бэлдсэн. Хүү маань төрөөд часхийтэл цангинасан хоолойгоор уйлах дууг нь сонсоод л миний хүү цог золбоотой, эрч хүчтэй юм байна, эдгэрнэ дээ гэж бодсон.
-Хүүгийнх нь эмчилгээ хэдийнээс эхэлсэн бэ?
-Төрөнгүүт нь нуруун дээрх маш том уйланхайг авах нарийн мэс заслыг III эмнэлгийн мэдрэлийн мэс засалч эмч Ц.Тугбаяр, Эх нялхсын эмч нарын баг хийсэн. Хагалгааны дараа хүү маань эрчимт эмчилгээний тасагт арав хоног ухаангүй байсан.
Энэ хугацаанд найдваргүй, маш муу гэсэн үзүүлэлттэй байгаад байсан даа. Азаар эмчилгээг нь солиод хүү минь сэхсэн юм. Миний хүү ч амьдрах дуртай, азтай хүү дээ. Эхний хагалгааны дараа хөдөлгөөн засал, зүү төөнүүр эмчилгээ тасралтгүй хийлгэсэн. Дөрвөн сартай байхад нь Өвөрхангайн Хужиртын сувилалд шавар эмчилгээ хийлгэж байлаа.
Ой зургаан сартайд нь Хөх хот руу уламжлалт эмчилгээ хийлгэхээр явсан. Тэр үед хүү минь дөнгөж юм түшээд зогсдог болсон байв. Бидэнд очоогүй газар, уулзаагүй хүн гэж ховор доо. Боломжтой бүхий л аргыг хэрэглэсэн. Тархи нь усжилттай байсан хүүгээ эдгээх гэж тэр үедээ л зориогүй бол алхах байтугай хөл дээрээ зогсож чадахгүй болох байсан. Бид зогсолтгүй, тууштай тэмцэж уйгагүй хичээсний дүнд хүү минь алхаж, гүйдэг болсон.
Нярайгаасаа авхуулаад миний хүү хэр баргийн том хүн ч тэсэж тэвчих аргагүй хүнд хүнд олон эмчилгээг даваад гарсан даа. Одоо бидэнд нэг хагалгаа л дутуу байна.
-Байнгын асаргаатай хүүгээ эдгэхгүй байвал яана аа гэсэн айдастай болсон-

-Танд шантармаар санагдсан үе бий юу?
-Байлгүй яах вэ. Анхны төсөөллөөс хамаагүй давсан хүнд асуудал, бодит байдал дээр бидэнд тулгарсан. Байнгын асаргаатай хүүгээ эдгэхгүй байх вий гэхээс үргэлж санаа зовж, өрөвдөж, сэтгэлзүйн хувьд хэцүү л байдаг байсан. 2019 онд "Ковид" гараад энэ хүнд үед хүүгээ өвдүүлэхгүйг хичээж хүүгийнхээ тухай дандаа эерэг сайхныг бодохыг л хичээж байсан даа.
-Одоо хүүгийн нь эрүүл мэнд ямархуу байна вэ?
-Бүсэлхийнээс доод хэсэгт нурууны мэдрэл тасарсан болохоор өтгөн, шингэнээ мэдрэхгүй. Хүний тархинд өтгөн, шингэнийг мэдрэх сигнал очдог доо. Тийм дохио байхгүй гэсэн үг. Одоо зургаан настай хүүхэд байнгын памперс хэрэглэдэг. Мөн хагалгааны дараа үүссэн наалдангиас болоод хөл байнга өвддөг, энэ нь цаашдаа хөл мурийх, нуруу бөгтийх эрсдэлтэй. Нурууны наалдангийг авч нугас чөлөөлөх хагалгаанд орсноор дээрх эрсдэлүүдээс хамгаалах юм.
-Хүү нь сургууль цэцэрлэгт явдаг уу?
-ХУД-ийн 27-р цэцэрлэгт явдаг байсан. Хүүгийн минь өтгөн шингэнийг цэвэрлэж, хайрлаж халамжилж байсан тэр цэцэрлэгийн багш нарт бид маш их талархаж явдаг. Одоо миний хүү ХУД-ийн 15-р сургуулийн 1-р ангийн сурагч. Багш нар нь хүүгийн минь памперсыг солино. Ангийнхан нь ч ойлгож тусалдаг. Бүх хүн ижил биш гэдгийг хүүгийн минь ангийн бяцхан хүүхдүүд ч ойлгож байгаа нь үнэхээр баярлууштай. Бид 15-р сургуулийн хамт олонд үнэхээр их баярлаж талархдаг.
Бид хүүгээ өмнө нь улсын болон хувийн хоёр ч сургуульд бүртгүүлсэн боловч тусгай хэрэгцээтэй хүүхэд гээд төвөгшөөгөөд аваагүйд би маш их гомдож сэтгэл өвдсөн. Хүний нялх хүүхдийг ялгаварлан гадуурхдаг хүйтэн сэтгэлтэй хүмүүс олон битгий байгаасай.
-Хүү нь сургуульдаа явах хэр дуртай вэ?
-Дуртай. Найз нөхөдтэйгөө тоглоод сайхан байдаг. Анх таван настайгаас нь эхлээд бусдын л адил хүн гэдэгт төвлөрүүлж ойлгуулахаар ярьдаг байсан болохоор одоо маш сайн ойлгодог. Энэ хорвоод эрүүл мэндийн асуудалтай хүн олон бий. Угтаа бүгд л ижилхэн хүн гэдгийг ойлгодог болсон.
-Хүнд өвчтэй тэмцэж байгаа хүүхдүүдэд нэмэр болохын тулд АШИУС-д сурахаар шийдсэн-
-Та сая нэг хагалгаа дутуу байгаа гэсэн. Тэр талаар дэлгэрүүлж яривал?
-Өнгөрсөн жил Энэтхэг улсын “Aakash Healthcare Super Speciality Hospital” эмнэлэгт хандсанаар бид анх удаа хүүгийнхээ өвчнийг эмчлэх нааштай хариу сонсож маш их баярласан. Энэ эмнэлэг нуруу нугасны асуудалтай хүүхдүүдийг эмчлэх тал дээр их туршлагатай, сайн эмнэлэг юм билээ. Миний хүүгийн нурууны наалдангийг салгаж нугасыг нь чөлөөлөх хагалгаа юм. Энэтхэг эмч 80% эдгэрэх магадлалтай гэсэн. Үүнд бид маш их баяртай байгаа. Мэдээж хагалгаанд орсны дараа өргөс авсан юм шиг эдгэхгүй шүү дээ. Тэндээ хоёр сар хяналтанд байж нөхөн сэргээх эмчилгээ хийлгэнэ. Хамгийн багадаа хоёр жилийн асаргаа эмчилгээ хийгдэх магадлалтай.
Зургаан жил хүүгээ асарчихсан бидэнд хоёр жил бол ёстой даваад гарах хугацаа.
Мөн миний хүү энэ оношоор Энэтхэг улсад хагалгаа хийлгэх анхны монгол хүүхэд болж байгаа тул ижил оноштой хүүхдүүдийн эцэг эхэд зөвлөж тусална гэсэн зорилготой байгаа юм.
-Таны ирээдүйн төлөвлөгөө?
-Би хүүгээ асрахын хажуугаар бариа хийдэг. Хоёр жилийн өмнө ХУД-т байдаг “Бяцхан бөөдий” хүүхдийн нөхөн сэргээх төвд ажиллаж хүүхдүүдэд бариа эмчилгээ хийдэг байсан. Тэнд хүнд өвчинтэй тэмцэж байгаа олон хүүхдийг хурдхан эдгээгээд хөл гарыг нь хөдөлгөөнд оруулчих юм сан гэсэн хүсэл дүүрэн байлаа. Цаашдаа би АШУИС-д хөдөлгөөн заслын чиглэлээр сурч хүү шигээ хүүхдүүдийг эмчилж амьдралын гэрэлтэй, гэгээтэй сайн сайхан бүхнийг мэдрүүлэхийг хүсдэг. Үнэндээ нийгмээрээ стресстэй байгаа ч гэсэн өвдөхгүй байх нь л хамгийн том зол завшаан, аз жаргал шүү.
-Манай уншигчдад хандаж хэлэх үг?
-Юун түрүүнд хүүгийн минь хагалгааг хийсэн III эмнэлгийн мэдрэлийн мэс заслын эмч Ц.Тугбаяр, Эх нялхсын эмнэлгийн эмч, ажилтнуудад маш их баярлалаа. Хүний амьдрал их богинохон. Тиймдээ ч их баялаг, өрнүүн үйл явдлаар дүүрэн. Туулж байгаа юмс одоо цагтаа хүнд санагддаг ч даваад гарсны дараа сайхан байдаг шүү дээ. “Өргүй бол баян, өвчингүй бол жаргал” гэдэг. Эрүүл саруул, эрхтэн бүтэн байгаадаа бид өдөр бүр талархаж, амьдрах хэрэгтэй шүү гэдгийг хэлье дээ.
Миний хүүгийн хагалгааны нийт зардалд 80 сая төгрөг хэрэгтэй байгаа юм. Хүүгээ эрүүл саруул болоод бусад хүүхдийн адил сурч боловсорч, амьдралд хөл тавихыг харах нь эцэг эх, ахан дүүс бидний туйлын хүсэл юм.
Бяцхан хүүгийн минь эмчилгээ, хагалгааны зардалд хандив дэмжлэг үзүүлэхийг түмэн олон та нараасаа хүсье.
-Ярилцсанд баярлалаа.
Нуруу нугасны ивэрхий өвчинтэй тэмцэж, хүүгээ хөлд оруулж чадахаараа тэмцсэн энэ гэр бүлийн сүүлийн найдвар нь тавдугаар сарын 15-нд товлогдсон сүүлчийн хагалгаа юм. Энэхүү гэр бүлд туслахын тулд доорх утсаар холбогдоно уу.
Хандивын данс:
Хаан банк: 5009640854
Ээж: Д.Наранцацралт \89863619\
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Goyo handles be?
Ээж хүү болон Тугбаяртаа эрүүл энх аз жарглыг хүсье.
Ямар сайхан мэдээлэл вэ маш ховор маш сайн ээж ба хуу ээж 2 амжилт гэр булд нь тувшин сайханыг хусэн ерөөж ба мөн тугбаяр эмчид амжилт сайхан сэтгэлтэй бух хумууст сайн сайханыг хусэн ёоөөё ийм эмэгтэй ховор шүү ёстой туулсан амьдарлдаа ойлгож цэцэ сайхан ухаантай болжээ тм учир бу�####�д туслах сайран сэтгэлтэй болжж Энийг л гэгээрэл хурсэн гэджг юм даа
Мундаг ээж юмаа амжилт!
Мундаг ээж юмаа
Сайн байна уу манай хүү 8 настай яаг адилхан онштой юм байна зөвөлгөө авх юмсан
Sain bnuu 89863619 zalgaarai,uuriin chadah zuil deer dus bolno.bayarlalaa
Vneheer mundag eej ymaa hvvhed maani adilhan onoshtoi ym baina itgel naidvariin och ogson hvvd ni az jargal ervvl enhiig hvsiy handivt negdlee
Bayarlalaa.nadruu holbohdooroi 89863619,uuriin chadah buh zuil deer dus bolno,bidnii huubed uud eruul bolno.
Мундаг ээж байна хүүгээр эрүүл сайхан өсгөөрөй
Bayarlalaa ta buhniihee saihan ug,setgeliin demeer ene hurtel yvsan,huu main zugeer bolon gedegt etgeltei bga.
хандивт нэгдлээ
Хандивт нэгдье. Д�##�айд дус�##� нэмэрлье. Эмчилгээ нь амжилттай болж бяцхан хүү цоо эрүүл болох болтугай. З�##�уу сайхан аав ээжийнх нь хүсэл зорилго санаснаар нь бүтэх болтугай.
Bayarlalaa ta buhendee.