Top StoriesЯрилцлага

"Намайг Хашаанизм, Өрөөнизм, аль дуртайгаар нэрлэ. Харин хайр үгүй бол зураг, зураач биш"

B Contemporary Art Gallery-д “Миний өдрийн тэмдэглэлүүд” нэртэй үзэсгэлэн дэлгэгдээд хоёр долоо хонож байна. Үзэсгэлэнг үзсэн минь санамсаргүй ч үзсэний дараах сэтгэгдэл ер бусын байлаа.

Уран бүтээлч нь Ц.Сүхээ. 1953 онд төрсөн хүн. Би нээлтийн өдөр нь ирсэн. Ингэхэд гарын үсэг зуруулах олны дунд шовойж суусан Ц.Сүхээ гуайг хараад шууд л ярилцаж үзэхээр шулуудсан. “АНУ-ын ЭСЯ-нд насаараа харуул хийсэн хүн. Хажуугаар нь зуржээ. Ноороглоод л. Тэр нооргууд нь одоо энд дэлгэгдээд байна” гэж ярилцацгаах чих дэлссэн ч хэрэг.  

Зургууд шинэлэг, чөлөөт, эрчтэй. Хэв маягт хамааруулж боломгүй. Бараг “Хаана байсан зураач вэ?” гэж дуу алдам. Гэтэл уран бүтээлч нь тэр, Ц.Сүхээ гуай гарын үсгээ зураад сууж байна...

Ярилцахаар очиход Ц.Сүхээ нэлээд бэлтгэж, хүлээсэн шинжтэй. Жаал жуул юм хөөрөлдөөд бид ажилдаа орлоо. Босоход нь зэрэгцэн алхаж, нүүр өөд нь хараачилбал залуудаа царайлаг ч, нуруулаг ч байсан гэмээр тэвхгэр товир өвгөн юм.

Энэ бол түүний бие даасан гурав дахь үзэсгэлэн. Эхнийх нь 2014 онд. Дараа нь Нью-Йоркийн “Сапар” галлерей түүний бүтээлийг өөрсдөө сонгон, дэлгэсэн нь 2022 онд юм билээ. Харин өнөө жил, гурав дахь удаагийн үзэсгэлэнгээр нь бид анх удаа уулзлаа.

-Яагаад залуудаа үзэсгэлэн гаргаагүй юм бэ?

-Ахмад зураачдад 50, 60 настайдаа үзэсгэлэн гаргасан намтрууд бий л дээ. Манай сургуулийн (И.П.Репиний академи) хүндэт профессорууд ч байна. Би тэднийг дуурайгаагүй. Цаг хугацаа нь л ингэж таарсан. Гаргая гэхэд боловсруулалт дутуу байсан.

-Зурсан ч сэтгэл ханаж өгдөггүй ээ?

-Боловсруулах хэрэгтэй байхгүй юу. Эскиз, эх загвараа буулгаж үзнэ. Эхний хувилбар гарна. Энэ бол түүхий л гэсэн үг. Ямар ч зураачдад байдаг хандлага байх аа. Эх загвараа тэмдэглэж аваад, цаашид хөгжүүлнэ, хөгжүүлнэ, хөгжүүлнэ. Тэгж “юм” болгосны дараа л хүн миний санааг ойлгоно шүү дээ.

Ер нь зураач нар олж авсан санаагаа боловсруулж, сайжруулахын тулд л ажилладаг улс. Өөр сүртэй юмгүй. Харин зурсан санаа үзэж зогсоо хүнд баригддаг байх хэрэгтэй. Савангийн хөөс хийж дэмий. Гэхдээ боловсруулна гээд өдөржин бодоод явах биш. Гэнэт л уялдмаар санаа нүдэнд тусаж болно. Тэгээд “Амьдрал дээр ийм байж болдог байна шүү, нөгөөх чинь” гэж харна, олно. Түүнийгээ бушуу тэмдэглээд авна. Ингээд нөгөө боловсруулалтдаа нэмнэ дээ.

“Миний өдрийн тэмдэглэлүүд” үзэсгэлэнд Ц.Сүхээгийн дан эскизүүд бий. Хожим нь томруулж зурна, зотон тосоор бүтээл болгоно гэж зорьсон юм билээ. Гэхдээ эскиз чигээр дэлгэсэн нь гайхалтай мэдрэмж төрүүлж байна. Адаглаад пастель юм.

-Та аль нутгийн хүн бэ?

-Уугуул нутаг Архангай юм билээ. 50-иад оны эхээр аав, ээж хоёр Улаанбаатар хотод шилжиж ирснээр би мэндэлсэн.

-Багадаа зурдаг байсан уу?

-Би одоо сайн мэддэггүй юм. Хүүхэд уйддаг ш дээ. Тэгэхээрээ зурчихдаг байсан юм болов уу гэж санадаг. Яг зураач болно гэдэггүй байсан. Элдэв юм л сонирхдог. Унадаг дугуйн тэмцээн үзчихээд л дугуйчин болно, хөлбөмбөгийн тэмцээн үзчихээд л тамирчин болно гэж хөөрцөглөдөг хүүхэд байсан.

Зургадугаар ангидаа харин Хөгжим бүжгийн дунд сургуульд Уран зургийн анги элсэлт авдгийг мэдсэн. Очиж шалгуулах юм боллоо. Дөрвөлжин шугамтай, 12 хуудастай дэвтэр дээр хэдэн зураг зурж орхичхоод очив. Атал долдугаар анги төгссөн сурагчийг авдаг гээд халгаасангүй. Би бас дотроо "Намайг авахгүй бол хэнийг авах вэ дээ” гэсэншүү юм бодож, омойтож зогсож шүү. Тэгээд нэг жил Пионерын ордны дугуйланд явж байгаад элссэн хэрэг. Хавар нэг, намар нэг шалгаж байж авсан шүү.

-Хөгжим бүжгийн дунд сургуулийг төсгөөд яасан бэ?

-Намайг төгссөний дараа манай сургууль Хөгжим бүжгийн дунд сургуулиас Дүрслэх урлагийн сургууль болж, бие дааж гарсан.

Ингээд би Монголын Урчуудын эвлэлийн харьяа Чимэглэл, чимэглэх урлагийн үйлдвэр гэдэгт ажилд орсон. Биднийг томилж, хөдөө гадаа явуулна гэж ярьж байсан. 19 настай сургууль төгссөн тэр үед надад цэргийн зарлан ирлээ. Боловсон хүчний ажилтанд хэлээд очтол “Явуулахгүй. Бүртгүүлчхээд л хүрээд ир” гэв. Тэгсэн ч намайг ирж авдаг хүн байсангүй, үс ч хуссан, цэрэгт ч явсан. Гэхдээ манай гэр бүлд зовлон тохиосон. Хүнд үе. Ажил хийх хүн байдаггүй. Ах, эгч нар дээд боловсрол эзэмшихээр явсан байв. Би ар гэрийн гачигдлаар хөөцөлдөж байгаад 1973 онд цэргээс халагдаж ирсэн. Ингээд нөгөөх МУЭ-ийн салбар үйлдвэртээ учир явдлаа хэлж, эргэж орсон.

-Тэнд юу зурах вэ?

-Лоозон бичнэ. Плакат зурна. “Монгол ардын хувьсгалт нам мандтугай!” гэх мэт үг бичнэ шүү дээ.

-Цалин хэд авах вэ?

-Дунд мэргэжил гэдгээр 450 төгрөг авдаг байсан. Харин Дээд мэргэжил төгссөн хүн бол 750 төгрөг, түүнээс дээш болж өсдөг цалингийн тогтолцоотой байлаа.

-И.Репиний академид хэзээ нь явсан хэрэг вэ?

-1977 онд шалгалт өгсөн юм. Дээд мэргэжлээр цалинжих хэрэгтэй болсон байх нь шүү дээ. Нийгэм тийм хойно доо. Би хэлний бэлтгэлд нэг жил суралцсан. Ингээд хуваарь авах ёстой байв. Москвад гэхэд гурван ч дээд сургууль байсан, уран зургийн чиглэлээр. Би болохоор Ленинградад хэлний бэлтгэлд суусан юм. Надад ирсэн хуваарь бол И.Репиний нэрэмжит дүрслэх урлагийн академи.

-Тэндээс юу сурсан бэ?

-Ямар ч сургууль нэг л ижил юм заана. Сургууль гэдэг ер нь тэр. Анатоми үзэх ёстой, тийм үү. Өнгө судлах ёстой, тийм үү. Онолыг арай гүнзгий үзнэ гэсэн үг. Зураач болох бэлтгэл ажлууд байхгүй юү. Зохиомжийн хичээл сонирхолтой байдаг байсан. Харин “Тийм зураач бол, ингэж зурвал ононо" гэж заахгүй шүү дээ. “Сурсан юмаа хөгжүүлбэл хөгжүүлээд яв, яаж зурахаа өөрөө мэдсүгэй” л гэдэг шүү дээ, сургууль.

-Тэр үед хэдий дүрслэх урлагийн академи гэлээ ч барууны урсгал чиглэлийг үздэггүй байсан уу. Кубизм гарч ирж байсан шүү дээ?

-Хөрөнгөтний урлаг гээд зөвшөөрөхгүй л дээ. Гэхдээ "...изм" энэ тэр гэдэг чинь улсууд өөрсдөө өгсөн нэр. Угтаа эрж хайж яваад олсон нэргүй нээлт. Тусгай хичээлээр заадаг эд бүр ч биш. Эхлээд реалист байна. Дараа нь эвдэнэ. Би ч мөн адил. Бодитыг хуулж зурж байсан. Тэгээд өөрчилсөн. Пикассо ч ижил. Эхэндээ реалист байсан. Тэгээд эрж хайсан. Оролдоод л байсан. Түүнийг нь үзэл сурталд хамааруулж, "изм" нэр оноосон хэрэг. Эрж хайг, харин зөв, бурууг нь амьдрал батална биз. Нэг бол сайн, нэг бол муу болно. Амьдрал өөрөө тийм. Өнөөдөр сайн гэгдэх ч ирээдүйд хэрхэх юм, бүү мэд. Би тэгж ойлгодог. Тийм учраас би ерөөсөө “изм” ярьдаггүй.

-Та хэв маягаа өөрчлөх гэж оролдсон нь хэзээ вэ?

-Үгүй. Хэв маяг өөрчлөх гэж оролдоогүй. Би түрүүнд хэллээ шүү дээ. Тэр сюрреалист энэ тэр чинь өшөө боломж юу байна гэдгийг л хайсан оролдлогууд шүү дээ. Би бас л хайж явсан. Хайлт хожим нь шинэ урсгал болчих магадтай. Гэхдээ тасралтгүй л зурж байх ёстой. Заримдаа зураач хүнийг амьдрал дийлчих гээд байдаг. Тэр бүрд зураач зурж л байх ёстой.

Ингэж тайлбарлая л даа. Хэлмэгдлийн тухай сэдвээр хүмүүс зурдаг, тийм ээ? Гэтэл, тэр зургийг харав уу?

-Жижиг жижиг толгодууд шиг дүрслэл үү?

-Тийм. Угтаа эд бол үхсэн улсын бөгс.

Нэг л хувилбар. Эхэн үеийн зураг л даа. Дараагийн бас нэг хувилбар бий. Тэнд бол шувуу нисэж байгаа, нэмэлтээр. Минийхээр бодно, эрж хайна гэдэг л энэ. Түүхийн үнэнийг нүцгэнээр илэрхийлэхийг хүссэн.

Санаа үзэгчид хагас дутуу очсон бол "Ямар сонин зураг вэ" гэж гайхаад л яваад өгнө. Санаагаа үзэгчдэд улам ойртуулах гэж хичээгээд л байгаа оролдлогууд бол энэ шүү дээ. Гэхдээ санааг яг таг, шууд дүрсэлж биш. Өөр аргаар. Тэр аргыг харин сургуульд заахгүй. Сургуульд олж авсныг өөрөө хөгжүүлнэ. Хатуу хэлбэл, хөгжүүлж чадахгүй бол оюутан хэвээрээ үлдэнэ. Хөгжүүлбэл харин өөрийгөө сая зарлана.

-АНУ-ын ЭСЯ-нд И.Репиний академи төгсөж ирээд шууд ажилласан хэрэг үү?

-Үгүй ээ. Эхлээд МҮЭСТО-нд Дүрслэх урлагийн арга зүйч, багшаар ажилласан. Яг мэргэжлээр минь ажиллуулахгүй байсан болохоор Урчуудын эвлэлээс явсан юм. Ардчилсан хөдөлгөөн өрнөж, зах зээлд шилжлээ. Ингээд хуучны Хувьсгалын музей Үндэсний музей болж нэрээ өөрчлөөд л. Би 1991-1996 онд тэнд интерьер зураачаар ажилласан. Одоо Сүхбаатарын талбайн хажууд бий дээ, ямар нэртэй байгаа вэ?

-Монголын Үндэсний музей.

-Хоёр давхарт нь үндэсний хувцасны заал байх ёстой. Миний зургийг нь гаргаж байснаас тэр л одоо үлдсэн байх.

Дараа нь 1997 оноос Үйлдвэр урлалын дээд сургууль байгуулагдахад нэг жил цагаар багшилсан. Бүр үлдчихээч гэхэд нь цалинд нь болоод орсон. Ингэж яваад АНУ-ын ЭСЯ-нд харуул ажилд авах зар уншсан юм. Тэгээд л орчихсон.

-Шууд өөрөө шийдээд үү?

-Тийм.

-Цалин нь өндөр байв уу?

-Тэгэлгүй яах вэ! 100 ам.доллар. Том цалин байхгүй юу. 1999 онд шүү дээ. Тэнд би 15 жил тасралтгүй ажиллаад тэтгэвэртээ гарсан. Зураг жаахан холдсон. Гэхдээ таслаагүй. Ажлын бус цагаар зурсаар байсан.

Цалин хүүхдүүдийн дээд сургуулийн төлбөр төлчих хэмжээнд очно гэдэг сайн. Бид 8 цаг ажиллаад 16 цаг амардаг ээлжтэй байсан. Энэ чинь бас сайхан. Амрах 16 цагт нь зургаа зурна шүү дээ. Сайхан боломж байгаа биз.

-Үндсэн ажил нь юу хийх вэ?

-Харуул юу хийдэг вэ, харна. Нарийн ширийн юмыг хамаагүй ярьж болохгүй. Үндсэндээ АНУ-ын Засгийн газрын ажилтан болж байхгүй юу.

-Олон жилийн өмнө шүү дээ, одоо ярьж болохгүй гэж үү?

-Харуул юу хийх ёстой вэ гэхээр харж байх ёстой. Нохойндоо хар тамхи тарьчхаад оруулчихвал яана.

-Аан, нээрэн.

-Нарийн ш дээ.

-Хийх ажил багатай л, тэгээд зургаа зураад сууж байдаг байж гэсэншүү ойлголттой байлаа?

-Тийм биш. Унтаж ч болохгүй. Зургаа амрах ээлжийн цагтаа л зурна.

АНУ-ын ЭСЯ одоогийн байршилдаа нүүн ирсний дараа Ц.Сүхээ ажиллах болжээ. Түүний "Миний өдрийн тэмдэглэлүүд" үзэсгэлэн ч ердөө ЭСЯ-ны ойролцоо байршилд, B Contemporary Art Gallery-д гарч таарсан юм байна.

-Эскиз учраас л пастелиар зурсан уу. Эсвэл пастель нь гол уу?

-Дараа нь тосон будгаар юм болгоно л гэж бодож зурахгүй юү. Юутай ч ноороглоод үзье гэж зурсан зургууд. Байгалийн зураг гэхэд л 18-р зууны үед Голландаас эхэлсэн байх шүү. Гэтэл одоо 21-р зуун явж байна. Арай өөрөөр зурах ёстой биз дээ. Тэгэхээр туршилт, эрэл хайгуул хэрэгтэй. Чи Эрнст Гомбрихийн “Урлагийн түүх” гэж ном уншсан уу?

-Хоёр удаа уншсан.

-Таван жил болоод нэг уншиж бай. "Би юу ч урлагийн тухай юу ч ойлголгүй өдийг хүрчээ" гэж бодтолоо унш. Би дөрөв уншсан. Анх хэвлэгдэхэд нь бушуухан худалдаж аваад сугавчилсан.

Заавал урсгал, чиглэл ярих бол намайг "Өрөөнизм" гэнэ үү, "Хашаанизм" гэнэ үү үү хамаагүй. Харин хүүхдийнх шиг нүдээр амьдралыг шинээр харж чадах л бидний үндсэн зорилго юм билээ. Яг байгааг байгаагаар нь хуулаад байвал сүүлдээ уйдна шүү дээ.

-Ямар ч уран бүтээл уран бүтээлчийн эмзэглэлээс төрдөг гэдэг. Таны хувьд?

-Эмзэглэл мөн байх. Гэхдээ үргэлж гашуун эмзэглэл байх албагүй гэж бодож байна. Хайрыг ч бас эмзэглэл гэж нэрлэж болно шүү дээ. Болно. Гэхдээ нөгөө сэртхийсэн мэдрэмжээ "Яасан гоё юм бэ" гэчхээд салан баавгай шиг мартаад, хаяад яваад өгвөл горьгүй. Тэмдэглэж авч байх ёстой.

Ц.Сүхээ гуай дэвтэр дээр ч өдрийн тэмдэглэл хөтөлдөг юм билээ. Он сар, тухайн өдөр болсон онцлох үйл явдлууд, тэдгээрийн өгсөн мэдрэмж бичигдсэн байхыг үзсэн. Нэгд нэггүй тэмдэглэдэг, нямбай хүн юм байна.

Ц.Сүхээ энэ талаар "Утга зохиолынхон тэгдэг юм билээ шүү дээ. Тэмдэглэл хөтөлдөг. Үүнийгээ лаборатори гэж нэрлэдэг гэсэн. Бодоод байхад, тэмдэглэл бол нээрэн лаборатори юм байна. Чи мартана шүү дээ. Амьдрал баян юм чинь чамайг дийлээд гарна.

Эрнст Хэмингуэй өчнөөн гоё тэмдэглэл бичиж байж л Сантъяаго өвгөнийг дүрслээ дээ. Нэг өдөр, нэг өвгөнийг л дэвтэртээ тэмдэглэсэн байгаа. Хожим нь харин Сантъяаго гэж нэрлэсэн биз. Зураач хүн ер нь сайхан номын сантай байх ёстой. Түүгээр мэдрэмжээ хөглөж, хөгжүүлнэ" гэж ярилаа.

-Таны дуртай зохиолч хэн бэ?

-Борхэс.

-Хөөх, Хорхэ Луис Борхэс үү?

-Тийм. Өргөлт нь сүүлийн үе дээрээ байдаг юм уу? Мөн Габриэл Гарсиа Маркезын зохиолууд гоё. Сая намтар нь хэвлэгдэхэд бушуу худалдаж авсан.

-Дахиад өөр?

-“Салхины дотор тал”-ыг бичсэн Милорад Павлич. Би уран зохиолыг уншсан байх ёстой л гэж боддог хүн. Уран бүтээл хийхийн тулд "Илиада", "Одиссей"-н нэг мөрийг ч болов уншсан байх хэрэгтэй гэж үздэг.

-Дан эскизүүд ч гэлээ үзэсгэлэнд дэлгэе гэж санал тавихад та яаж хүлээж авсан бэ?

-Би дотроо "Миний цаг хугацаа болсонгүй. Уг нь үзүүлчих юм сан" гэж бодож явсан шүү. Гэтэл М.Батзориг, Ц.Ариунтөгс, А.Мөнхтуяа нарын залуус надад хандсан. Хүсэл минь тэр байсан.

-Сэтгэгдэл ямар байна вэ. Үзэсгэлэн нээгээд олон хоночихлоо?

-Би бол маш их баяртай байна. Зураач хүн зурснаа хүнд үзүүлэх л ёстой шүү дээ. Тэгэх гэж зурдаг.

Бодит амьдралаас олж харснаа өөрийн хэмжээнд буулгах нь зураач хүний зорилго. Зурах сэдэв зөндөө байна, харж чадвал. Харин гаргаж, буулгаж чадах чадвараа алдахгүйн тулд өдөр бүр оролдох хэрэгтэй.

Одоо харин чадал хүрвэл нүцгэн амьдралыг зурах сан гэж бодож байна. Хүнд дэлгэж үзүүлэх зориг чадал нь хүрдэггүй нууц түвшний тэр амьдрал. Үнэн амьдрал ч гэх үү дээ. Хүнд аштайхан болгоод ярьчихдаг. Гэтэл хуурамчгүй үнэн нь цаанаа нуугдаж хоцордог... Улс орны тухайд ч нүцгэн амьдрад гэж бий. Түрүүнд ярьдаг зохиолчид бол үүнийг л бичээд байсан. Би 50-иад наснаас хойш энэ сэдвийг бодож явж байна. Улс орныхоо тухай хатуу үнэнийг Пикассо хэлж чадсан. Түүн шиг, авьяас дутахгүй бол тэгэх сэн.

-Хамгийн сүүлд та хэзээ зураг зурсан бэ?

-2022 онд.

-Дурлалын тухай зурж байсан уу?

-Сүүлд "Би ер нь юу хийж ирэв" гэж эргэлзсэн. Одоо бодоход дандаа дурлалын зургууд л юм биш үү? Амьдралыг хайрласан учраас л зурж байсан юм биш үү.

Намайг Хөгжим бүжгийн дунд сургуульд байхад багш маань “Чи өөрийгөө мэдэх үү?” гэж асууж байсан. Залгуудаад тэр багш надад “Чи бол уянгын зураг зурах ёстой хүн байхгүй юу” хэмээж билээ. 18 настайд.

-Одоо санал нийлдэг үү?

-Ний нуугүй хэлэхэд санал нийлдэг ээ. Сүүлд элдэв юм уншиж, ойлгож авсан байх.

Хүнд хайр гэж юм л байх ёстой. Амьдралыг хайрлах хайр бол уран бүтээлийн үндэс гэдгийг ойлгож авсан. Хайр байж гэмээнэ зурах юм байна гэж ойлгосон. Тийм болохоор түрүүнд хэллээ шүү дээ. Сэдэв бүрийн цаана хайрласан хайр бий. Хайргүй бол юу ч биш.

Үзэсгэлэн маргааш буюу дөрөвдүгээр сарын 21-нд буух юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 23, 2024 22:33

Анхны үзэсгэлэнг нь олон нийтэд хийж бид нар түүнийг нээж өгсөн Цэндпүрэв урлаг судлаачид... зөвхөн Сүхээ гуйан үзэсгэлэнг гарнасных нь төлөө их л баярлаж явдагдаа.. 2014 оны тэр үзэсгэлэн үнэхээр нүд нээж сэтгэл дүүргэж билээ их сайхан үзэсгэлэн байсан сан. Өнөөдөр очоод уулзахад сүхээ гуай минь их өвджээ... намайг таньж байсанд нь баярл�##�аа

Зочин
Зочин
7 сар 25, 2024 11:44

Урчуудын эвлэлийн хороо мэргэжлийн ажлыг нь хийлгэхгүй, боломж олгохгүй байсан гэхээр харуусл төрлөө, тэр үеийн атаархагчид авъяаслаг за.луу хүнийг дарж байж гэж ойлголоо.

Зочин
Зочин
7 сар 25, 2024 14:32
Reply to  Зочин

Тэр үе гэх юмгүй, одоо ч адилхан шд

Холбоотой мэдээ

Back to top button