Нийгэм ярилцлага

Namuun&Uelun: Таван жилд 50 дуу коверлож дуулсан

Бидний сонсох дуртай дуунуудыг зөөлөн инээмсэглэл, уянгалаг хоолойгоороо өөрсдийн хэв маягт оруулж, коверлон дуулдаг Л.Намуун болон Г.Өэлүн нартай ярилцлаа. Тэд цахим орчинд Namuun&Uelun хуудсаараа дамжуулан олон арван дууг хэв маягтаа тааруулан коверлож дуулдаг охид юм. Тэрбээр 2019 оноос ижил хүсэл сонирхлоороо нэгдэн таван жилийн хугацаанд 50 гаруй дуу дуулан олны хүртээл болгожээ.

Ийн багаасаа нэг сургуульд суралцаж, арав гаруй жилийг хамтдаа өнгөрүүлсэн коверчин охидтой дуу хөгжим, нөхөрлөл, хүсэл мөрөөдлийнх нь талаар ярилцсан ярилцлагаа хүргэж байна.

-Анх нэг нэгнээ өрсөлдөгч гэж хардаг байсан-

-Нэг сургуулийг төгссөн юм байна. Хэзээнээс хамтарч дуулж эхэлсэн бэ?

-Г.Ө: Бид бага ангидаа өөр ангид сурдаг байсан. Сургуульд зохиогдож байгаа тэмцээн уралдаанд оролцохдоо нэг нэгнээ “Сайн дуулдаг юм байна. Энэ яг миний өрсөлдөгч” гэж хардаг байсан л даа. Дараа нь есдүгээр ангийн улаан шугам татагдахад, нэг ангид хувиарлагдсан юм. Тэр үеэс хойш тэмцээн, уралдаанд хамтлаг болж орж эхэлсэн. Тэгээд л үй зайгүй, салшгүй найзууд бас хамтрагчид болсон. 

-Ковер дуулж байгаа бичлэгээ цахим хуудсандаа нийтлэх санааг хэн гаргасан бэ?

-Хэнээс нь энэ санаа гарсныг сайн мэдэхгүй байна. Ямартай ч нийлж байгаад шийдсэн байх. 2019 онд анх оюутан болоод эхний бичлэгээ нийтэлсэн. Уг нь таван жилийн өмнө пэйжээ нээсэн. Гэхдээ хоёр жилийн өмнөөс идэвхтэй ашиглаж байна.  

-Та хоёр урлагаар сурдаг уу?

-Г.Ө: Үгүй ээ. Би МУИС-ийн Солонгос соёл судлалаар суралцаад төгссөн. 

-Л.Н: Харин би МУИС-ийн Франц хэлний орчуулагчаар төгссөн. 

-Сонирхолтой юм. Урлагт авьяастай хэр нь яагаад өөр мэргэжлээр сурах болсон бэ?

-Г.Ө: Манай үеийнхний дийлэнх нь К-Поп сонсож өссөн байх. Би ч тэдний нэг. Надад Өмнөд Солонгосын соёл, хэв маяг гээд бүх юм маш их таалагддаг. Тийм учраас энэ улсын соёлыг илүү их судлахын тулд мэргэжлээ сонгосон. 

-Л.Н: Манай аав ээж хоёр зураач хүмүүс. Тиймдээ ч европ руу их явдаг. Нэн ялангуяа Франц руу. Анх би урлагийн хүн болох сонирхолтой байсан. Тэр үед гэр бүлийнхэн маань төдийлөн сайн дэмжээгүй. Харин Франц хэлээр гүнзгийрч сурахыг санал болгосон. Надад гэр бүлийнхний саналаас татгалзах шалтгаан байгаагүй учраас Франц хэлээр төгссөн.  

-Коверлож дуулах дуугаа хэрхэн сонгодог вэ?

-Л.Н: Аяыг нь сонсож байгаад сонгодог. Чихэнд наалдаад, гоё санагдвал дуулахаар шийддэг. Дууныхаа хувиарлалтыг бадаг, дахилтаар нь хуваагаад аль болох хүртээмжтэй дуулахыг хичээдэг. Аль хэсэгт нь хамт дуулах уу, алийг нь салгах уу гээд их ярилцана аа. 

-Г.Ө: Хамтрагчийнхаа сонгож өгснийг л дуулдаг \Инээв\. Одоо ер нь хүмүүсийн сайн мэддэг дууг, өөрсдийнхөөрөө жаахан өөрчилж дуулахыг хичээдэг. 

-Их сургуулиа төгссөн гэсэн шүү дээ. Ажлынхаа хажуугаар нэг бичлэг нийтлэхэд, хэдий хэр хугацаа зарцуулдаг вэ?

-Л.Н: Оюутан байхдаа хоёр өдрийг зарцуулдаг байсан. Одоо бол ажлынхаа хажуугаар нэг хоногт л амжуулдаг болсон. Г.Өэлүн дуугаа орчуулаад бэлддэг би бичлэгээ янзлаад дор нь хийчихдэг. 

-Олон дахин дуулж байж цацсан бичлэг байгаа юу?

-Г.Ө: Байгаа. Бид хоёрын хамгийн их хандалттай дуу болох Somewhere only we know \Kaene\. Энэ дууг дуулах гэж зөндөө олон дахин бичсэн. Гитар олон дахин тоглохоор гар нь өвддөг болохоор би муу дуулж байна даа гэж гэмшиж байсан. Аль болох л сэтгэлдээ нийцүүлсэн гоё бичлэг нийтлэхийг их хичээдэг. Зарим тохиолдолд сэтгэлд нийцэхгүй байх тохиолдол элбэг байдаг даа.

-Сэтгэлээс гарсан дуу хоолой, сэтгэлд л хүрдэг-

-Ковер дуулдаг хүмүүс маш олон байдаг. Тэдэн дундаас өөрсдийгөө хэрхэн онцгойрдог гэж бодож байна вэ?

-Бид хоёр гадаад дуу дуулахдаа Монгол хэлээр орчуулаад дуулдаг. Тэгэхээр сонсож байгаа хүмүүс дууныхаа утгыг ойлгоод, илүү мэдэрч сонсдог байх. Ер нь нүсэр ритм өндөр дуу дуулъя гэж боддоггүй. Хүмүүсийг гунигтай үед нь тэврэлт болохуйц намуухан дууг дуулахыг илүүд үздэг. Дуу хөгжим бол гунигтай үед хань болдог хамгийн гайхалтай зүйл шүү дээ. Гунигтай хүн бүрд хань болохыг зорьдог. Сэтгэлээс гарсан дуу хоолой сэтгэлд л хүрнэ шүү дээ. 

-Хөгжмөө өөрсдөө тоглож дуулаг юм билээ. Хэзээнээс гитар, үкүлэлэ тоглож сурсан бэ?

-Л.Н: Анх надад гитар сурах бодол байгаагүй. Ковидын үед Rose \Blackpink\ шинэ дуугаа гаргасан. Тэр дууг үнэхээр дуулмаар санагдаад оролдож үзсээр байгаад сурчихсан. Үкүлэлэ бол гитарыг бодвол харьцангуй хялбар оролдож байгаад л сурчихсан. Харин одоо төгөлдөр хуур сурах гээд хичээж байгаа. 

-Г.Ө: Арван жилд байхад “Riptide” \Vance Joy\ гээд дуу яг од болж байхад ангийнхаа хүүхдээр үкүлэлэ заалгаж байсан. Сүүлд хамтрагчаараа сэргээгээд заалгасан. Ер нь “Үкүлэлэ” их амархан. Одоогоор нот харвал давгүй тоглочихдог.

-Дуу хөгжмөөр дамжуулан амьдралдаа юу авсан гэж боддог бэ?

-Бид хоёр нэг удаа муудалцаж байсан. Тэр үед харилцаагаа таслаад, хамт дуулахаа больсон. Холбоогүй байх өдрүүд үнэхээр хүнд санагдаж байсан ч ахиж дуулахгүй гэсэн бодолтой байсан. Гэхдээ тэр үед ярилцаж, учраа олохдоо чин сэтгэлээсээ дуулах дуртай хүмүүс гэдгээ мэдэрсэн. Тэгээд л эвлэрээд дахиад хамтдаа дуулж, гол нь тууштай байх ёстой гэдэг зүйлийг ойлгосон доо. Аливаад тууштай хандаж эцсийг нь үзнэ гэдэг бол хамгийн том ухаарал юм билээ. 

-АМ С-тэй хамтарч уран бүтээл гаргахыг хүсдэг-

-Монгол дууг коверлож дуулахаар зохиогчийн эрхийн асуудал үүсэж байсан уу?

-Одоогоор үгүй ээ. Гэхдээ үүсэх вий гэж маш их болгоомжтой ханддаг. Бид дийлэнхдээ л гадаад дуу болон ковер хийгдээд удсан дуунуудыг дуулдаг. Үнэхээр таалагдаад, коверлох хүсэл төрсөн дуу байвал албан ёсны зөвшөөрлыг нь авна. 

-Өөрсдийн уран бүтээлтэй болох хүсэл бий юу?

-2021 онд “Gangbay” хамтлагийн “Кассета” кинонд зориулсан дууны уралдаанд ороод, тэргүүн байранд орсон. Тэр үед студид дуу бичүүлэх шагнал авч байсан. Гэхдээ студынхаа хүмүүст багахан мөнгө өгөөд дуугаа бичүүлэх байсан юм. Ковидын үед ажилгүй хоёр оюутанд мөнгө олдохгүй шүү дээ. Тэгээд л тэр боломжоо алдсан. Одоо бол шүлгээ бичээд аяа өөрсдөө зохиогоод дуу гаргая гэсэн ч бидэнд мэргэжлийн хүний туслалцаа хэрэгтэй. Тийм болохоор дуу гаргах цаг нь арай болоогүй гэж бодож байна.

-Хамтарч уран бүтээл гаргах хүсэлтэй дуучин байдаг уу?

-АМ-С-тэй хамтрахыг хүсдэг. Өөр дуучин байхгүй ээ.

-Гэр бүлийнхэн нь та хоёрыг хэрхэн дэмждэг вэ?

-Аль алиных нь аав, ээжүүд урлагийн хүн болно гэхэд дургүйцэж байсан. Харин одоо хобби болгоод дуулахад их дэмждэг. Бид хоёр студид дуу бичүүлж чадахгүй ч гэсэн. Микрофон аваад дуугаа тод сайхан дуулж, хүмүүс хүргэхийг хичээдэг. Энэ бүхэнд маань гэр бүлүүд маань маш сайн дэмжиж өгдөг. 

-Үлгэр дууриалал авдаг дуучин байдаг уу?

-Г.Ө: Яг санаанд орохгүй байна. Бага байхдаа К-Поп сонсож, тэдэн шиг болох хүсэлтэй байсан. Одоо бол яг тэр гэх дуучин санаанд ордоггүй ээ. Бүх л төрлийн дуучдыг сонсдог.

-Л.Н: Би бас адилхан. Гоё л дуу сонсогдоод, таалагдвал тэр дуунд нь дуртай болдог. Энэ дуучин, тэр дуучин гэж ялгадаггүй ээ.

-"Халтуур" хийж байсан уу?

-Хоёр удаа хийсэн. 2023 онд шинэ жилээр дуулж байсан. Тэр үед хүний 100 мянгаар тохиролцсон. Дараад нь 2024 оны шинэ жилээр дуулахдаа "Ханшаа нэмье" гээд хүний 150 мянга болгож өсгөж байсан. Хааяа төлбөртэй дуулах гоё л байдаг. Өөрсдийнхөө дуртай юмыг хийнгээ хөдөлмөрөө үнэлүүлээд.

-Бичлэг доор нь сөрөг сэтгэгдэл байдаг уу. Ер нь үзэгчдийнхээ сэтгэгдлийг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Г.Ө: Бид хоёр бүх сэтгэгдлээ уншиж, ирсэн чатдаа хариу өгдөг. Ер нь муухай сэтгэгдэл ховор хааяа нэг бичигддэг. Тэр үед сэтгэлээр их унадаг \Инээв\. Хоёр адилхан охид байхад нэгийг нь хөөрхөн, нөгөөх нь царай муутай гэх мэтээр их гоочилдог. Энэ нь ёстой таалагддаггүй. Яг л хоёр адилхан охид дуугаа дуулж байхад нэгийг нь нөгөөтэй нь харьцуулахгүй байх хэрэгтэй шүү дээ. 

Бас үргэлж сэтгэгдэл бичдэг нэг үзэгч маань байгаа. Англиар дуулаад байхад л "Оросоор сайн дуулдаг шүү" гээд байдаг \Инээв\. Бид хоёрыг дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа.

-Ярилцсанд баярлалаа

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button