НИЙГЭМНийгэм мэдээ

"Нүхт тур" ХХК давж заалдсан ч, ялагджээ

МИАТ ТӨХК-ийн хоолыг 15 жил нийлүүлсэн "Нүхт тур" ХХК нь өнгөрсөн онд зарласан "Зорчигчийн хоол, катерингийн үйлчилгээ үзүүлэх тендерт ялагдсан. Улмаар шүүхэд хандсан ч Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тэдний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн билээ.

Энэхүү шийдвэрийг "Нүхт тур" компани нь эс зөвшөөрч, Нийслэлийн Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Тэгвэл тус гомдлыг Нийслэлийн захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх өчигдөр /2024.05.07/ хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. 

Тодруулбал, шүүхээс ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл тендерийн маргаанд "Нүхт тур" компанийг сонгон шалгаруулаагүй нь хууль зөрчөөгүй гэж хоёр шатны шүүх үзээд байна.

Сануулахад, "Нүхт тур" ХХК 2009 оны долоодугаар сараас "Катерингийн төвийн удирдах үйл ажиллагааг гүйцэтгэх удирдлагын гэрээ", "Агаарын хөлгөөр зорчигчдын хоол бэлтгэн нийлүүлэх гэрээ"-г байгуулж, “Зорчигчийн хоол” үйлчилгээг 15 жил нийлүүлсэн.

Ингээд "МИАТ" ТӨХК-иас 2023 оны аравдугаар сард “Зорчигчдын хоол /Катеринг/” нийлүүлэх тухай 9,5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий тендер зарлаж, улмаар тус тендерт "Нүхт тур" ХХК шалгараагүй. Тиймээс тухайн компани Захиргааны хэргийн шүүхэд хандсан байдаг.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button