Улс төрийн мэдээ

Нэг дороос, АН: ҮБХ хуралдаж дуусан, 128 кандидатыг зарлах гэж байна

Өнөөдрөөр улс төрийн нам, эвслүүд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах хуулийн хугацаа дуусгавар болно. Энэ хүрээнд АН-ын УИХ-ын сонгуульд нэр дэвших 78, мандатын дэслэлд багтах 48 нэрсээ тодруулах явцыг Eguur мэдээллийн агентлаг НЭГ ДОРООС хэлбэрээр багцлан хүргэж байна.


Ардчилсан намын Улс төрийн зөвлөл хуралдаж, УИХ-ын сонгуульд сойх нэр дэвшигчдээ тодруулж байна. Улс төрийн зөвлөлийн дараа Үндэсний бодлогын хороо хуралдаж, нэрсийг эцэслэнэ.

Одоо Үндэсний бодлогын хорооны хуралдааныг хүлээж, АН-аас горилогочид Corporate Hotel and Convention Center-ийн үүдэнд зогсож буй.


Нэмэлт: 00.11 цаг

ҮБХ хуралдаж дууслаа

АН-ын ҮБХ хуралдаж дууслаа.

Улмаар АН-аас:

  • Тойрогт сойх 78
  • Жагсаалтад багтаах 48 тэргүүтэй нийт 128 кандидатаа эцэслэн зарлах гэж байна.

Намууд 00.00 цагаас өмнө нэр дэвшигчдийн нэрсээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх юм.

Нэмэлт: 23.40 цаг

М.Тулгат: Ардчилсан нам бол хувийн хэвшлээ дэмждэг, эрх чөлөөний нам юм

Тэрбээр, Нэгдүгээрт бид хувийн хэвшлийг дэмжинэ. Хоёрдугаарт хаагдсан хэвлэлийн эрх чөлөөний төлөө тэмцэнэ. Гуравдугаарт бидний өмнөх үеийнхэн ардчиллын суурийг бат тавьсан байгаад баярлаж байна. Жагсаалтад горилогчид мөнгө санал болгосон эсэхийг мэдэхгүй байна. Би сонгон шалгаруулах хороонд болон намын дарга, удирдлагын багт байгаагүй учраас мэдэхгүй байна. 126 хүний нэр яригдсан учраас ерөнхийлөгч асан Х.Баттулга нэр дэвших эсэхийг мэдэхгүй байна. Ардчиллын лидер нь ч байна, залуучууд нь ч байна. Сая жагсаалтад санаанд хүрэхгүй ганц хоёр хүн байлаа. Гэхдээ тэр хамаагүй бид ялалтын төлөө хамтдаа ажиллана. Цагдаа шүүхээр дарамтлаад тойрогт дэвшүүлэхгүй гэсэн хэрэг гарсан бол үнэхээр харамсалтай байна. Монгол орон хаашаа яваад байна вэ л гэж бодогдож байна" гэлээ.


Нэмэлт: 22.20 цаг

Б.Ганхөлөг: Надад хийх ажил маш их байгаа

Тэрбээр "Жагсаалтад залуусыг түлхүү багтаагаасай гэж хүсэж байна. Нэрс зарлагдаагүй байгаа тул мэдээлэл бага байна. АН-ыг дотоод эв нэгдлээ 80-90 хувь эргүүлж авсан гэж итгэж байна. Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдсон бол дэмжихгүй байх нь зөв. Надад хийх юм маш их байгаа. Ажилгүйдлийг бууруулах зэрэг бодлогын чанартай олон ажлыг яаравчилж хийх ёстой" гэлээ.


Нэмэлт: 22.10 цаг

Л.Мөнхбаясгалан: Жагсаалтад орохгүй, ард түмнээр дүнгээ тавиулсан нь дээр. Лидерүүд ч тойрогт дэвшээсэй

Тэрбээр "Би жагсаалтыг сонирхохгүй байгаа. Саналаа хэлсэн. Говийн бүсэд нэр дэвших саналаа илэрхийлсэн. Ард түмнээр дүнгээ тавиулсан нь дээр. Намайг сонговол сонгог, сонгохгүй бол би болоогүй байна гэсэн үг. Жагсаалтад авлига, албан тушаалын хэрэгт холбогдож байгаагүй, нэр цэвэр, залуу боловсон хүчин багтаасай.

Мөн намын лидерүүд битгий ороосой гэж бодож байна. Лидер мөн л бол тойрогт дэвших ёстой. Би ҮБХ-нд байдаггүй болохоор ямар нэрс орж, юу ярилцаж байгааг мэдэхгүй байна. Хуулиар 30 хувь нь эмэгтэй байх ёстой. АН эмэгтэйчүүд болоод залуусыг дэмжинэ гэсэн байр суурь илэрхийлсэн учраас л энэ нам дээр дэвших хүсэлтээ өгсөн. Би Ч.Лодойсамбууг жагсаалтад ороосой гэж бодож байна. Манай намын жагсаалтыг эрүүл харагдуулах байх гэж үнэнээсээ бодож байна.

Х.Баттулгыг дэвшүүлэх эсэх дээр би мэдээлэл аваагүй байна. Жагсаалтад орохгүй гэсэн гэж дөнгөж сая сонслоо. АН энэ удаад заавал ялах ёстой. Нэг нам найман жил засаглалаа. Татвар нэмэгдэж, өрөнд баригдаж, бизнесүүд дампуурлаа. Гол нь хэвлэл мэдээллийн эрх чөлөө боогдож байна. Иймд заавал ялах ёстой. Хүлээх мэдрэмж амаргүй юм байна. Өмнө нь нэр дэвшиж байгаагүй болохоор. Хүлээгээд л зогсож байна" гэлээ.


Нэмэлт: 22.00 цаг

Д.Мөнх-Эрдэнэ: Х.Баттулга гуай нэр дэвшье гэсэн, энэ удаа боль оо гээд дэвшүүлсэнгүй

Тэрбээр "Үндэсний зөвлөл гэдэг нь 45 хүний бүрэлдэхүүнтэй тэндээс 7 хүнээс бүрдсэн сонгон шагаруулах хороо байгуулагдсан. Миний бие тэдний нэг бөгөөд нэрсээ жагсаагаад улс төрийн зөвлөлөөр хэлэлцүүлээд батлуулаад дараа нь ҮБХ-гоороо шийднэ. АН олонхоороо асуудалд ханддаг, чадлаараа боломжийн хүмүүс нэр дэвшүүлэхээр 2-3 хоног суулаа. Нийгмийн тод өнгө болсон шударга ёсны төлөө тэмцдэг нийгэмд үзэл бодлоо илэрхийлдэг үе үеийн төлөөллийг нэр дэвшүүллээ.

Үүний дотор СХД-т туршлагатай улс төрч, МУ-ын ерөнхий сайдаар ажиллаж байсан Г.Алтанхуяг гишүүнээр ахлуулж байна. Хангайн тойрогт Д.Ганбат, С.Ганбаатар гишүүнээр ахлуулаад эмэгтэйчүүдийн төлөөллийг дэвшүүллээ энэ мэтээр боломжийн туршлагатай хүмүүсээр бүрдүүллээ. Ж.Батзанданг урьж ардчиллын төлөө нэгдэе хэмээн авч ирж нэр дэвшүүллээ. Говьд олон жил ажилласан аймгийн засаг дарга нараар ахлуулсан хүчтэй баг явуулсан.

Х.Баттулга гуай хүсэлтээ өгсөн. Дэвшүүлсэнгүй. Энэ удаа та болио гэж хэл. БГД дээр С.Эрдэнийг боль гэж хэлээд барсангүй. Дэвшихээр боллоо. Миний дүү нэр дэвшиж байгаа. Ах нь эх орныхоо төлөө явж байгаад шархадсан. Манай дүү одоо зүтгэх гэж байна. Миний дүү авилгачийн хүүхэд биш. МАН миний нэр дэвших эрхийг хаачихсан. Тийм учраас миний дүү нэр дэвшинэ. Ах нь ард нь ард түмэнтэйгээ байна. Манай дүү өссөн нутаг Өвөрхангай, өлгийдсөн нутаг Баянхонгор, өвгөдийн нутаг Архангайд нэр дэвшиж байгаа" гэв.


Нэмэлт: 20.50 цаг

Ч.Лодойсамбуу: Би ХУД-ээс нэр дэвшинэ. Энэ бол ардчилалыг хамгаалах сүүлийн сонгууль

Тэрбээр, "Зарим улс төрийн намынхан манай хэвлэл мэдээллийнхэнтэй харьцаж байгаа байдал, телевизүүдээр тарааж байгаа хар PR зэргийг хараад нэг зүйлийг бодсон. Тэр юу вэ гэхээр “Энэ бол сүүлийн сонгууль гэдэг нь үнэн юм байна” гэж бодсон.

Би АН-аас Хан-Уул дүүрэгт нэр дэвших хүсэлтээ өгсөн. Үндэсний баялгийн сангийн хууль, хэвлэлийнхэнтэй харилцаж байгаа байдал, хэвлэлээр тарааж байгаа хар ПиАр-ыг хараад би сонголтоо хийхээр шийдсэн.

Нэг талаар гишүүдийн тоог 126 болгосон нь залуучуудад боломж олгож байна. Нөгөө талаар сонгуулийн тойргийг томсгосон нь мөнгөтэй, олон танил хүнд ашигтай тусч байна. Жагсаалт бол намын нүүр царай, шошго. Намын нүүр царай бодож жагсаалтыг өрөхөд хэцүү. Энэ нам таван намын нэгдэл. Эсрэг тэсрэг байр суурь гарна. Энэ бүх нэгдэж, нийлсэн хүмүүсийн тодорхой хүслийг биелүүлэхээс аргагүй" гэлээ.


Нэмэлт: 20.40 цаг

Н.Алтанхуяг: Намайг хаана оч гэнэ, би тэнд дэвшинэ

Тэрбээр "Н.Алтанхуяг нэг удаа УИХ-ын гишүүн болох бол миний зорилго биш. Улс орон хэцүү, баялгийг цөөн хүн эзэмшиж, авлигаар дэлхийд толгой цохих гэж байгаа нөхцөлд амин хувиа бодохгүй. Нам тэнд очоод, ингээд үз л гэвэл хаана ч би бэлэн. Би тэгэх үүрэгтэй. АН-ын даргаар зургаан жил ажилласан. Манай нам олон жил ялагдлаа, ингэхээр ард түмэн хохирч байна. АН бүр их хохирдог. Нийгмийн том ялгарал үүсдэг.

Иймд би нэр дэвших агуулгаар биш Монголын ардчиллыг хамгаалж, хүчирхэгжүүлэхэд анхаарна. Н.Алтанхуягийг хаана оч гэнэ, тэнд очно. Сөрөг хүчингүй найман жил болчихлоо. Залуусыг их оруулах нь зөв зүйтэй. Хулгайч хууччуулаас салах нь зөв. Эх оронч залуусаа дэмжих хэрэгтэй. Би Монголын ард түмнийг эрх биш харьцуулж, харж байгаа гэж бодож байна. Би Ерөнхий сайд байхдаа яаж ажилладаг вэ гэдгээ олон талаас харуулсан. Түүнээс хойших найман жилд ухардаг араандаа хийгээд давхилаа. Би энэ удаад АН ялах ёстой, ялахгүй бол Монгол Улс дахин дөрвөн жилээр ухарна гэж үзэж байгаа. Харин АН өөрөө зоригтой, хүчтэй байх шаардлагатай. Энэ бол хоосон амладаг сонгууль биш. Хийсэн бүтээснээр нь харьцуулчих хэрэгтэй.

Намын болон улс орны зовлонг би мэдэж байна. Шийдвэр гаргахад хэцүү, бүгдийн хүсэл зорилгод нийцүүлэх боломжгүй. Харин найман жил ялагдсан намыг сонгож орж ирж байгаа залууст талархаж байна" гэлээ.


Нэмэлт: 20.30 цаг

ҮБХ хуралдаж эхэллээ

АН-ын Улс төрийн зөвлөлийн хуралдаан үргэлжилж, дуусжээ. Тус хурлаар АН-аас 2024 оны УИХ-ын сонгуульд сойх нэр дэвшигчдээ тодруулсан. Дараа нь ҮБХ-ны хуралдаанаар, нэрсийг эцэслэн батална.

Тэгвэл дөнгөж сая ҮБХ-ны хурал эхэлсэн байна. Хуралдааныг хүлээж байсан горилогчид хуралдаанд оролцохоор дотогш орлоо.

ҮБХ хуралдаж дууссаны дараа, АН тойрогт дэвшүүлэх 78, жагсаалтад багтаах 48 кандидатын нэрийг албан ёсоор зарлана.


Нэмэлт: 18.45 цаг

ҮБХ-ны гишүүд "Corporate"-д цугларч байна

АН-ын Сонгон шалгаруулах түр хорооны хуралдааны дараа Улс төрийн зөвлөлийн хурал нь үргэлжлэн орсон байна. АН-ын дарга Л.Гантөмөр, генсек Э.Одбаяр, тэргүүн дэд дарга С.Баярцогт, Нийслэлийн намын хорооны дарга Т.Батцогт, гишүүдээс Д.Мөнх-Эрдэнэ, С.Батзаяа, Г.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй Сонгон шалгаруулах түр хороо нь нэр дэвшихээр саналаа өгсөн хүсэлтүүдийг цэгцлэн нэгтгэсэн юм.

Улс төрийн зөвлөлийн хурлаар тэдний эмхэтгэсэн мэдээллийг сонсож, дараа нь Үндэсний бодлогын хороо нь хуралдахаар хүлээгдэж байна. АН-ын ҮБХ нь 500 гаруй гишүүдээс бүрдэх бөгөөд эндээс УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвших тойргийн 78, жагсаалтад дэслэгдэх 48 нэрс тодорхой болох юм.

Одоогоор ҮБХ-ны гишүүд Корпорейтод цугларч байна.


Эхлэл: 16.50 цаг

Найман хүний бүрэлдэхүүнтэй "Сонгон шалгаруулах комисс" хуралдаж байна

Ардчилсан нам өнөөдөр Үндэсний бодлогын хорооны хурлын товоо 18:00 цагт "Corporate Convention Center"-т зохион байгуулахаар зарласан. Гэвч уг хурал цагтаа эхлэх эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Учир нь, АН-ын зүгээс өчигдөр /2020.05.19/ Сонгон шалгаруулах комисс байгуулж, УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр намдаа хүсэлтээ өгсөн гишүүдийнхээ асуудлыг эмхлэхээр болсон. Одоо уг сонгон шалгаруулах комисс хуралдаж байна.

Сонгон шалгаруулах комисст АН-ын дарга Л.Гантөмөр, генсек Э.Одбаяр, тэргүүн дэд дарга С.Баярцогт, Нийслэлийн намын хорооны дарга Т.Батцогт, гишүүдээс Д.Мөнх-Эрдэнэ, С.Батзаяа, Г.Эрдэнэбат нар багтсан юм.

Уг комисс хуралдаж дуусаад, нэрсийн жагсаалтаа эмхэлсний дараа Улс төрийн зөвлөл нь хуралдаж, саналаа Үндэсний бодлогын хороо нь хуралдахаар, гишүүд нь хүлээлтийн байдалтай байна.


ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ:

Зураглаач О.Улсболд

Сэтгүүлч Д.Мөнхбат

РЕДАКЦААС:

Сэтгүүлч Ж.Мядагбадам

М.Тэнгис

Б.Отгонбаяр

Ц.Наранцацрал

Т.Нандин-Эрдэнэ

Зураглаач Б.Мягмарбаяр

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Мөнх орилоо цохиж явахчинэ вэ кккк

Зочин
Зочин

Баярл�##�аа

Зочин
Зочин

Eguur iim chuhal sedewvvd deer mash charmailttai ajillaj bga ni haragddg shvv

Холбоотой мэдээ

Back to top button