Трамп: Байден эгоноосоо болж сонгуулиас нэрээ татахгүй байх

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль арваннэгдүгээр сард явагдана. Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний мэтгэлцээн зургаадугаар сарын сүүлээр болсон юм.
Ардчилсан намаас нэр дэвших Жо Байден тус мэтгэлцээнд маш муу оролцсон. Ийм учраас хэд хэдэн Ардчилсан намын хууль тогтоогчид Байденыг сонгуулиас нэрээ татахыг уриалаад байгаа.
Учир нь мэтгэлцээний дараа “CBS News” болон “YouGov” байгууллагын хамтран явуулсан санал асуулгад оролцсон хүмүүсийн 72 хувь нь Байденыг ерөнхийлөгчийн албан тушаалыг хашихад шаардлагтай оюун санааны чадамжгүй гэж бодож байгаа хэмээн хариулжээ.
Энэ тоо мэтгэлцээний өмнө 65 хувь байсан юм. Байдены хувьд сонгуулиас нэрээ татахгүй гэж мэдэгдсэн. Мөн тэрбээр Ардчилсан намын удирдагчдынхаа итгэлийг олохын тулд 20:00 цагаас хойш ажил төлөвлөхгүй, эрт унтаж амарна хэмээсэн билээ.
Тэгвэл Бүгд найрамдах намаас нэр дэвшиж түүнтэй өрсөлдөх Доналд Трамп Байденыг сонгуулиас нэрээ татаж авахгүй байх гэж хэлжээ.
Трамп Байденыг эгоноосоо болоод ерөнхийлөгчийн сонгуулиас нэрээ татаж авахгүй, Ардчилсан намын сунгаанд ялалт байгуулсан учир намынхаа нэр дэвших эрхийг боосон байгаа хэмээсэн байна.
Тэрбээр “Fox News” агентлагт утсаар ярилцлага өгөхдөө “Сонирхолтой нь тэр маш их эрх мэдэлтэй. Яагаад гэвэл түүнд төлөөлөгчид байгаа. Сонс, төлөөлөгчтэй байгаа тохиолдолд тэр “Би нэрээ татаж байна” гэж хэлэхгүй л бол хэн ч түүнийг хүчилж чадахгүй” гэжээ.
АНУ-д ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнийг намын төлөөлөгчид намынхаа их хурлаар сонгодог. Төлөөлөгч нь муж эсвэл дүүргүүдэд намаа төлөөлдөг хүмүүс юм. Ардчилсан нам 3,934, Бүгд найрамдах нам 2,429 төлөөлөгчтэй.
Муж бүрийн анхан шатны болон намын бүлгийн сонгуульд өрсөлдөж авсан саналаас нь хамааран нэр дэвшигч нарт төлөөлөгчид хуваарилагддаг байна. Хуваарилагдсан төлөөлөгчид тэрхүү нэр дэвшигчдээ намынхаа их хурлаар саналаа өгдөг.
Бүгд найрамдах намын үндэсний их хурал долоодугаар сарын 15-18 хооронд Висконсин мужийн Милуоки хотод болно. Харин Ардчилсан намын үндэсний их хурал наймдугаар сарын 19-22 хооронд Чикаго хотод явагдана.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.