Нийгэм мэдээ

Монголын ард түмэн САЙХАН НААДААРАЙ: Эвтэй бол хүчтэй, бас мандан бадрах цаг ойр

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг өнөөдөр нээнэ.

Луу жилийн наадам.

Өнгөрсөн жил "Талцах биш үндэсний бахархлаа олж мэдэх дэлхийн чиг хандлага" гарчгаар Үндэсний их баяр наадамд зориулсан бичвэрээ гарчиглаж байв. Энэ жид эв нэгдлийг чухалчлах уриалах чухал болжээ.

Монголчууд төдийгөөс өдий хүртэл хүчирхэг эзэнт гүрэн мандуулж, дэлхийн түүхэнд нэрээ тамгалж явахдаа эв нэгдлийг чухалчилж байсан нь Алунгоо эхийн домгоос харагдаж, мэдрэгддэг. Эл дол болсон ч юм шиг өдгөө санагдах болсон тэр домог угтаа монголчуудын сэргэн мандлын эх үндэс байж болох юм.

126 гишүүнтэй шинэ парламент бүрдэж, хамтарсан байдлаар Засгийн газраа байгуулсан ийм жил бид наадах гэж байна. Үүний цаана Х богд тодорч, геополитикийн шилжилт хөдөлгөөн өрнөж буй шинэ цагийн дэлхийд, Азийн цээжинд бид урагшилж, хөгжин оршсоор байгаа.

Ардчилал ялснаас хойш Монголд амьдарч байгаа Японы иргэн Томоко Ибүкүрогийн хамгийн дуртай баяр наадам гэсэн. Тэр нэгэнтээ “Наадмын өглөө тэнгэр нь хүртэл өөр болдог. “Эрхэм хүндэт наадамчид аа” хэмээн зарладаг шүү дээ. Өөрөөр хэлбэл, тэр өдөр монголчууд бүгдээрээ наадамчид болж хувирдаг” гэж ярьсан байна.

Тухайн ярилцлагын доорх сэтгэгдлүүд их сонирхолтой санагдсан. Хүмүүс “Монголчууд өөрсдөө олж анзаардаггүй өнцгийг харжээ” хэмээсэн байлаа.

Харин Төрийн шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Наадмыг би монголчуудад жилдээ нэг удаа хийдэг соёлын дархлааны вакцин гэж ойлгодог. “Монгол хүн шүү би” гэдгээ дахин нэг санах, сэхээрэхэд нь туслах вакцин” гэжээ.

Угтаа баруун, зүүний тэмцэл Хүйтэн дайны үеэс үлдэж хоцорсон хандлага, сэтгэхүй. Тэр үед зүүний социализм уу, барууны либерализм уу гэдэг дайнд хэн ялах нь дэлхийн чиг хандлагыг тодорхойлох гэж байлаа. Берлиний хана нурснаар бүгд баруун яллаа гэж ойлгосон байх. Харин өнөөдөр барууныг ч, зүүнийг ч ярих нь утга учраа алджээ. Барууны юмыг зүүн нь ярьж, зүүний юмыг баруун нь ярьдаг болжээ. Сүүлийн жилүүдэд АНУ-ын сүр хүч доройтож, эрсдэлд орж буй талаар судлаачид ч ярьж бичих боллоо. Олон янзын мэдээллийн урсгал дунд бид амьдарч байгаа ч Орос, Хятадын нэгдмэл бодлого улам бүр анхаарал татах болж байна.

Энд “Газар зүй хувь заяаг тодорхойлдог” гэдэг үгийг нэмж бичмээр байгаа ч өнөө цаг үед “Оросыг дэмжигч, зүүний хоцрогдмол үзэлтэн, коммунист” гэдэг шошго зүүсгэл зүүх шаналан дагаж байна. Иймд геополитикийг түрдээ орхиё. Харин адаглаад сэтгүүлч Тим Маршалын “Газар зүйн хориг” номыг  нэг гүйлгээд уншвал олон улсын харилцааны бодлого чухам юунд чиглэдэг, АНУ ч, Орос ч, Хятад ч өнөөдрийн онцлог улс төрийн шинж чанараа хэрхэн бүрэлдүүлэн тогтоосныг ойлгох боломжтой болов уу. Энэ номыг бас барууны гэдгээрээ ил тод “Nepko” хэвлэлийн газраас эрхлэн гаргаж, ихээхэн борлуулалттай байгааг дурдвал бичвэрийг маань тэнцвэртэй нүдээр харах байх.

Харин юу ил тод байгаа вэ гэвэл, даяаршил биш дангааршил ирэх зуун жилд моодонд орох цаг тэмдгэрч байна. Үүнийг л өнөөдөр наадамтай холбон бичих гэж зорилоо.

Өнгөрсөн жил Япон судлаач, орчуулагч О.Жаргалсайхантай ярилцах үеэр “Баруун нэгдмэл даяаршсан ертөнц бий болгоно гэсэн нь бүтэлгүйтчихлээ. Нэг бодлын өөр өөрсдийн онцлог, соёлын ялгаатай ард түмнийг тэгж нэгтгэнэ гэдэг бүтэхийн учиргүй ч байсан юм шиг. Нуран унаж буй даяаршил, сэргэн босож буй дангааршлын дунд монголчууд бид хэрээ мэдэж, баяраа таньж явах цаг ирээд байна” хэмээсэн нь анхаарал татсан юм.

Мөн МУИС-ийн ОУХНУС-ийн Олон улсын харилцааны тэнхмийн эрхлэгч, дэд профессор С.Энхцэцэгтэй ярилцахад “Харин дэлхийд цаг хугацааны шалгарлаар даяаршил нурж, дангаарших бодлого хүчээ авч байна. Дэлхийн түүх хөгжлийн динамикаараа өсөн мандаад л, бууран доротойж, дараагийнх нь гарч ирдэг. Энэ бол жам ёс мэт зүйл. Тэр дагуу өнөөдөр өрнийн орнууд суларч байна. Нэг нь суларч байхад нөгөө нь хүчирхэгжиж байдаг” хэмээв.

Сүүлд Төвөд судлаач Т.Ням-Очир буюу “Танхай банди”-тай томоохон ярилцлага бэлтгэсэн ба үүнд монголчууд тусгаар тогтнол, соёлын үнэт зүйлээ хэрхэн мөрдөн судалж, хадгалж хамгаалах талаар сонирхолтой өнцгүүд олон ярьсан юм.

Энэ бүхнийг дурдсаны учир нь, бидэнд дотроо лав талцах шаардлага байхгүй болж байна. Ямарваа нэг үзэл онолыг шууд хуулбарлан хэлэлцэхдээ ч бас гол биш. Харин "Бид хэн сэн билээ", "Бидний энэ соёл юу байсан юм бэ" гэдгээ эргэж бодох, шинээр, өөр өнцгөөр олж харах, улмаар ялгарлаа, үндэсний бахархлаа олж мэдэх тийм цаг үе рүү дэлхий өөрөө шилжиж байгаа болов уу.

Тийм ч учраас Монголын ард түмэн дэнж хотойтол сайхан наадаарай. Монгол орон хүжирхэгжин мандах эрин цагтаа шилжих болтугай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button