90 настай гүйдэг өвөө Ц.Раднаа: 2019 оны ДАШТ-д оролцсоноос хойш өвөл, зун тасралтгүй бэлтгэлээ хийсэн

Ц.Раднаа мастеруудын ДАШТ-ий 90-95 насны 100 метр, 800 метрт тус тус түрүүлж алтан медаль хүртээд байгаа билээ. Иймд бид түүний манай сайтад өгсөн ярилцлагыг сэргээн нийтэлж байна.
Биднийг ярилцах үед наймдугаар сард Шведийн Хаант Улсад болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргаж, дахин рекорд тогтоохоор бэлтгэлээ базааж байсан юм.
Тэрбээр одоогоос таван жилийн өмнө буюу 2019 онд 85 настайдаа Бүгд Найрамдах Польш Улсад болсон хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван алтан медаль хүртэж, нэг дээд амжилт тогтоосон анхны монгол хүн болж, олонд гайхагдаж байлаа.
Тухайн цаг үеэс хойш Ази тивийн хэмжээнд зохиогдсон хөнгөн атлетикийн аварга шалгаруулах болон мастеруудын тэмцээнд удаа дараа оролцож, алт, мөнгөн медаль хүртэн, нийт 17 дээд амжилтын эзэн болсон юм.
-Өглөө болгон "Туул" голын эрэг дагуу гүйдэг-
-Удахгүй та Польш руу ДАШТ-д явах юм байна. Бэлтгэлээ хэрхэн хийж байна вэ?
-Өглөө туул голын далангийн замаар 3-4 километр зайд гүйчхээд, өдөр хоолоо идэж, жаахан амардаг. Үдээс хойш Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ойрын зайн гүйлтийн бэлтгэл хийж байна. Гүйлтийн 60, 100, 200 метрийн зайд гүйж бэлтгэлээ хангадаг. Ингээд л нэг өдрийн норматив гүйцэж байгаа нь тэр.
-Та үргэлж бэлтгэл хийдэг үү?
-Өдөр бүр хийдэг ээ. 2019 онд Польш улсад болсон ДАШТ-д оролцсоноос хойш өвөл ч, зун ч тасралтгүй бэлтгэл хийлээ. Зарим хүн хүйтнээс айгаад өвөл амарчихдаг юм. Би бол амардаггүй. Өвөл өмсдөг, бэлтгэлийн тусгай хувцас бий. Түүнийгээ өмсөөд л голын мөсөн дээгүүр гүйнэ шүү дээ. Удаан хугацаанд ингэж тасралтгүй хичээсэн учраас бэлтгэл маш сайн хангагдсан гэж бодож байна.
-Олон тэмцээнд оролцож байсан байх. Таны хувьд манай улсын хүмүүсийн бие, гадаадуунхаас онцлог санагдсан зүйл бий юу?
-Хүн хүний бие махбод өөр байлгүй яах вэ. Монгол хүн намхан, хурд сайтай. Харин гадаадын өрсөлдөгчдөө харахад өндөр, чац урт байдаг. Энэ давуу талаараа тэмцээнд түрүүлэх нь ч бий. Би хоёр алхаж байхад тэд нэг алхаад л барианд орох жишээтэй. Үүнээс гадна нас чацуу ч надаас залуу юм шиг л харагддаг. Ялангуяа япон, америк хүмүүс арай залуу харагддаг юм. Гэхдээ намайг бодвол жаахан бөгтөр. Миний хувьд бие цэх, шүд эрүүл, бүрэн бүтэн. Хөл, гар минь эгц учраас гүйх хурд, техникийн хувьд өрсөлдөгчөөсөө арай илүү
-Та насаараа хөнгөн атлетикаар хичээллэж яваа тамирчин. Насаараа тээсэн зорилгодоо 85 насандаа хүрч, 90 насандаа үүнийгээ дахин эвдэнэ гэж төсөөлсөн үү?
-Би багадаа “Цагаан зээрийн янзага” гэдэг хочтой байлаа. Малын бэлчээрт, голын захад, сургуулийн биеийн тамирын талбайд гээд хаана л бол хаана гүйж явдаг хүүхэд байсан сан. Айл, саахалтын хүүхдүүдийг урдаа гишгүүлж үзээгүй. Залуудаа малын эмчээр олон жил ажилласан. Өвөл зунгүй, хөдөө гадаагүй малтай ноцолдож явахад өөр мэргэжил эзэмших тухай бодол үе үе төрнө. Тэгж явахдаа Монголын бүх ард түмний спартакиадад оролцон, 400, 800 метрийн гүйлтэд түрүүлж, спортын мастер цолны болзол хангав. Хөнгөн атлетик гэж ийм сайхан спорт байдгийг тэгэхэд мэдсэн нь миний амьдралыг өөрчилж, өнөөгийн амжилтад хүрэх жимийг гаргасан. Тэр жилээ өнөөгийн МУБИС-д багш, дасгалжуулагч мэргэжлээр элссэн. Тухайн үед би 28 настай байлаа. Спортод хожим хөл тавьсан тул Монголынхоо шилдгүүдтэй эн тэнцүү өрсөлдөх, шигшээ багийн тамирчин болох, олон улсын тэмцээнд оролцох боломж байгаагүй. Залуу байхад манай улсад олон шилдэг тамирчин байлаа. Хэчнээн хичээсэн ч тэднээс онцгойрч чадаагүй. Хөнгөн атлетикийн спорттой амьдралаа холбосноосоо хойш би тэмцээнд түрүүлж, Төрийн дууллаа эгшиглүүлэхийг зүгээр нэг хүсэх бус, мөрөөдсөн. Төдийгөөс өдий хүртэл түүндээ хүрэхийн тулд уйгагүй зүтгэж, хөдөлмөрлөсөн юм л даа.
Гавьяаныхаа амралтыг эдэлж, малчин болохдоо ч, 80 насны босгыг давахдаа ч би мөрөөдлөө орхиогүй. Тэгснийхээ үр шимийг хүртэн, 85 насандаа мөрөөдлөө биелүүлсэн юм. Төрийн далбаагаа мандуулан, цэнгэлдэх тойрон гүйхдээ ядарч, цуцсанаа умартсан шүү. Алтан медалиа энгэртээ зүүн, Төрийн дуулал эгшиглэх мөчид ямар сайхан байсныг үгээр илэрхийлж чадахгүй нь. Хэдхэн жилийн бус, амьдралынхаа туршид тээсэн зорилгодоо хүрсэн болохоор бүр ч догдолж билээ. Одоо өөрийгөө бэлдэж, өмнөх амжилтаа ахиулах том зорилго үйлдсэн. Үүнийгээ заавал гүйцэлдүүлнэ ээ.
-Танд өрсөлдөгч бий юу?
-Байгаа. Японы тамирчин. Гэхдээ би түүнийг ялдаг болчихсон байна лээ. Бардаж, ахархаж байгаа зүйл биш ээ. Яалт ч үгүй түүнийг ялдаг болчихсон.
-Санхүүгээ ихэвчлэн хувиасаа л зохицуулдаг-
-Гадаад, дотоод руу их явдаг хүн. Таны хувьд санхүүгээ хэрхэн зохицуулж байна вэ?
-Орлого гэх зүйл тэтгэврээс өөр байхгүй. Тэмцээнд оролцоход ивээн тэтгэдэг газрууд бий. Кёкүшюүзан Д.Батбаяр надад хоёр өрөө орон сууц бэлэглэж байлаа. Бас Өмнөговь аймгийнхан минь намайг ивээн тэтгэдэг. Нэг удаа аймгаас 9.5, сумаас зургаан сая төгрөгөөр ивээн тэтгэж байсан. Энэ мэт дэмжлэг дээр тэтгэврийнхээ хэдэн төгрөгөө хуримтлуулж нэмээд л дараа дараагийн тэмцээний зардлаа бүрдүүлдэг. Ингээд ч зардал бүрдэхгүй бол хүүхдүүддээ хэлж, туслалцаа авна даа. Ийм маягаар ихэвчлэн хувиасаа л зардлаа гаргадаг юм.
-Та өмнө нь бэртэл гэмтэл авч байсан уу?
-Авч байсан. Гэхдээ хөнгөхөн ч гэсэн зовиуртай бэртэл авч байсан. Хөлийнхөө эрхий хурууг цохиод, мулталчихсан. Хэдий буцаагаад хэвийн болгосон ч янгинаад, их зовиурласан.
-Та ер нь эм тан ууж байсан уу, эмнэлэгт үзүүлэхэд таны биеийг юу гэдэг вэ?
-Үнэнээ л хэлье. Би хэд хэдэн удаа гэдэсний л эм ууж байсан хүн. Бусдаар бол өөр эм тан ууж үзээгүй ээ. Эмнэлэгт үзүүлэхээр эрүүл байна, зүгээр байна л гэдэг. Яахав хөгшин настай хүнд нүдний асуудал хүссэн хүсээгүй гарч ирдэг. Энэ нь л миний эрүүл мэндэд гарч байгаа том өөрчлөлт юм даа.
Одоо харин хүүхэд, дүү нар нэмэлт витамин их авч өгдөг болсон. Дасгал хөдөлгөөн ихтэй учраас зүрх, үе мөчинд сайн витаминууд л хэрэглэж байна.
-Тэмцээн дөхөөд ирэхээр хооллолтоо зохицуулдаг уу, хэвийн байлгадаг уу?
-Би ер нь л зохицуулж иддэг хүн. Монгол хүн чинь махаа л иднэ шүү дээ. Тэгэхээр би махтай шөлтэй л хоолоо иддэг. Харин гадаадад очихоор махаа санаад жаахан хэцүү байдаг. Гахай, тахианы маханд хоолшихгүй ядрах мэдрэмж их авдаг.
-Хүмүүс намайг "Гүйдэг өвөө" гэдэг. Энэ ч утгаараа олон хүнд нөлөөлсөн гэж боддог-
-Дэлхийн аварга болсноос тань хойш Ц.Раднаа гуайн амьдралд ямар томоохон өөрчлөлт гарав?
-Хүмүүс намайг андахаа байсан, би олны танил болсон юм шиг байна лээ. Гадаадад явж байхад хүртэл хүмүүс андахгүй. ДАШТ-д түрүүлснийхээ дараа төрийнхөө далбааг намируулан, цэнгэлдэх тойрон гүйснээр минь хүмүүс их бахархдаг юм билээ. “Уралдаж ирчихээд ядраагүй юм уу, та. Цэнгэлдэх тойрон гүйх тамир үлджээ” гээд их гайхдаг юм. Хаана ч явсан хүмүүс “Гүйдэг өвөө явж байна” гээд баяр хүргэн, надтай хамт зургаа авахуулдаг. Жаахан хүүхдүүд “Өвөө та аймар хурдан тийм ээ” гээд л угтдаг юм. Тэгэхээр нь “Сайн хүн, сайн тамирчин болоорой” гээд үнсээд явуулдаг. Хүмүүс “85 настай хүн ийм эрүүл чийрэг, хөнгөн байдаг мөн ч гайхмаар шүү. Ямар сайхан юм бэ. Би 85 нас хүрэхээрээ тан шиг лав болж чадахгүй” гээд толгой сэгсэрдэг. Тэгэхээр нь би тэдэнд “Архи, тамхи битгий хэрэглэ, спортоор идэвхтэй хичээллэ” гэж зөвлөдөг юм. 30-60 настай хүмүүс надаас их зөвлөгөө авдаг. Тэд ихэвчлэн бэлтгэлээ хэрхэн хийх талаар асуудаг юм.
-Танаас үлгэрлэн спортдоо эргэн хөл тавьсан хүн бий юү?
-Ер нь олон байгаа юм шиг байна лээ. Би нэг удаа хорооныхоо эмнэлэгт очин, судас тариа хийлгэв. Тэгж явахад нэг хүн надтай уулзсан нь Буджаргалын багш байлаа. Тэрбээр надтай уулзсандаа ихэд баярлан “Миний нас 50 гарчихлаа. Одоо ч тэмцээнд орохоо больё гэж бодсон. Таныг дэлхийн аварга болохыг үзээд үнэхээр бахархсан. 85 настай хүн ДАШТ-ээс гурван алтан медаль авч чадаж байхад би тэгж бодсондоо өөрөөсөө ичсэн. Тэгээд спортоор тууштай хичээллэхээр шийдлээ” гэсэн.
-Хүн хөшиж бус, хөгширч үхдэг гэдэг. Тэгэхээр эрүүл, чийрэг амьдрахын гол нууцын нэг нь хөдөлгөөн болов уу. Залуусдаа хандаж зөвлөгөө өгнө үү?
-Юуны түрүүнд архи, тамхинаас үргэлж татгалз. Спорттой цаг ямагт нөхөрлө. Өглөө эрт бос. Би огт архи уудаггүй, тамхи татдаггүй. Баяр наадам, хүндэтгэлийн арга хэмжээнд гурван хундага архи л ууна. Тэгээд л болно. Зарим хүн шөнөжингөө утас оролдон, зурагт үзчихээд өглөө босохгүй юм. Үд болтол унтах нь энүүхэнд. Би өдөр бүр 06.00 цагт босож Зайсан руу гүйдэг. Бүжиглэх их зүгээр. Бүх булчин, шөрмөсийг хөдөлгөж, хөдөлгөөний эвсэлтэй, хөнгөн шингэн болгохын сацуу хөгжмийн ая хэчнээн тайвшруулдаг гэж санана. Энэ бүхнийг амьдралынхаа нэгээхэн хэсэг, хэвшил болгож чадвал аяндаа эрүүл чийрэг амьдарч, элдэв хууч, өвчнөөс өөрийгөө сэргийлж, хамгаалж чадна.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мундаг хүн шүү
Бөхийн мастеруудын дэлхийн аварга, хөнгөн атлетикийн ахмадын дэлхийн аварга гээд энэ тэмцээнүүд бол тамирчин байсан болон сонирхогч өндөр настнуудын сонирхлоороо л ордог ангил�##� зэрэглэл байхгүй тэмцээн юм даа. дуртайдаа оролцоод 60 чавганц ур�##�дв�##� нэг нь л түрүүлнэ шүү дээ. өөртөө л болж байв�##� яахав. Харин түүнд оролцсон% түрүүлсэн гээд цол зэрэг өгөх нь буруу шүү
хүн бүр энэ хүн шиг тэвчээртэй, хариуцлагатай байдаг бол манай эмнэлэгийнхэн хийх ажил байхгүй хэцүүдэх байх шүү :))
Хөгширч биш хөшиж гэдэг