Нийгэм ярилцлага

И.Урангоо: Одоо үед "Хувцас" хамгийн том зэвсэг болсон

Тэр миний уулзсан хамгийн сонирхолтой хүмүүсийн нэг байв. Түүний хувьд хэдхэн хоногийн өмнө өөрийн номоо дөрөв дэх удаагаа шинэчлэн найруулж, хэвлэчхээд “Урчуудын эвлэл”-д үзэсгэлэнгээ нээгээд сууж буй эмэгтэй юм. 

Бид энэхүү уулзалтын өмнө Улаанбаатарын хаа нэгтээ үргэлж таардаг байв. Тайрмал хөвсгөр үс, хар нарны шил, тааран, нэхээстэй эрэгтэйлэг хийгээд эмэгтэйлэг аальтай, этгээд  хувцсаараа нүдэнд тод тусна. Яг энэ дүрслэлээр би түүнийг хаанаас нь ч харсан таньдаг байв. Бидний уулзалтаас өмнө тэр миний сэтгэлд ингэж тод үлдсэн байж.

Харин уулзалтын дараагаас эхлэн тэр яг хувцаслалт шиг ээ “Этгээд” гүн гүнзгий, өвөрмөц ертөнцтэй нэгэн шиг санагдав. Ийнхүү бид “Урчуудын эвлэл”-д цаг тохирон уулзаж, хэсэг хугацаанд ярилцлаа. Түүнийг И.Урангоо гэдэг. 

Хувцас дизайны чиглэлээр төгсөөд 10-аад жилийг өнгөрүүлчихсэн тэрбээр “The freedom of clothing” номоороо дамжуулан хувцаслалтын олон талт байдлыг судлан дүгнэн бичсэн юм. 

-"Хувцас" бол үг яриагүй байхад үүргээ гүйцэтгэдэг, намайг төгс илэрхийлэх зүйл-

-Таны хувьд яагаад хувцас загвараар мэргэжил эзэмшсэн бэ, юу танд ихээр нөлөөлсөн бэ?

-Арван жилд байхад ангид гайгүй хэлдэн зурдаг хүүхэд байдаг байсны нэг нь би. Хэдий би математик, физикийн гүнзгийд сурдаг байсан ч зурах сонирхлоо огт орхиогүй. Тухайн үед ээж, аавууд зураг, дизайн гэх мэргэжлүүдийг хорих нь элбэг байсан. Арван жилд байхад "Үнсгэлжин" загварын тэмцээн их болпог байсан. Оролцоод давгүй амжил гаргачихдаг байсан болохоор ер нь л энэ чиглэлийн мэргэжлээр сурна гэж бодсон. Гэхдэ надад жаахан асуудал үүсэж байсан хэдий ч би эцэст нь өөрийнхөө сонирхлоор сурч чадсан. Монголд бакалавраа төгсчхөөд, БНСУ-д магистрын зэрэг хамгаалсан.

-Энэ асуултыг таниас их олон хүн асууж байсан байх. Гэхдээ би ч гэсэн бас асуумаар санагдаж байна. “Хувцас” гэж юу вэ?

-Миний хувьд хувцсыг хоёр дахь арьс, гэх мэтээр яриад удсан. Одоо арай ондоо тодорхойлвол “Хувцас” бол үг яриагүй байхад миний өмнөөс үүргээ гүйцэтгэж, өмнөөс минь уншигдаж, миний сонирхол, үзэл бодлын чимээгүй илэрхийлэл болдог. Бас хувь хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж юм.

-Тэгэхээр хувцас нь өөрөө нэг төрлийн чимээгүй зэвсэг болсон гэж ойлгох нь зөв үү?

-Ер нь нэг их буруудахгүй ээ. Номон дээр хүртэл бичигдсэн байгаа. Зүгээр энгийн хүн цэргийн дүрэмт хувцас өмсвөл, цэргийнн хүн л болно. Харин цэргийн хувцсаа тайлвал, энгийн хүн болно. Энэ утгаараа биднийг хэн байхыг хувцас томоор тод илэрхийлдэг гэсэн үг. Татварын хүнийг дүрэмт хувцастай нь харахад бид жаахан айдаг ч юм уу. Энэ нь тэр хүний хувцас характерыг нь илүү гаргаад ирж байгаа хэрэг.

-Ер хүн бүрийн дотор цэвэрхэн, өөртөө зохисон хувцаслачих юм сан гэсэн хүсэл байдаг байх л даа?

-Тийм. Бас хүн бүр хүсвэл эвтэйхэн, цэвэрхэн хувцаслаж чадна. Гэхдээ яагаад заавал хувцас загвар гэдэг ойлголт энд орж ирдэг вэ гэхээр, хүнийг байгаагаас нь илүү харагдуулж болдогт бий. Тэр нь хиймлээр дүр төрх бүрдүүлнэ гэсэн үг биш л дээ. Өөрийнхөө нөөц бололцоонд тулгуурлаж, хамгийн сайхнаараа хэрхэн харагдах вэ гэсэн ойлголтыг ярьж буй юм. “Чи үүнээс илүү харагдаж болно, түүнийг нь гаргаж ирье” гэсэн маягаар. Тэгэхээр “Хэрэв ингэвэл үүнээс ч илүү харагдаж болох юм” гэдэг хувилбарыг хувцас загвар санал болгодог гэж ойлгож болно.

-Яг хувцас загварт анхаарал хандуулж, сонирхох хүсэл амьдралын боломжоос нь шалтгаалаад хүмүүст өөр өөр төрдөг болов уу. Нэг хувцсаа өдөр бүр цэвэрхэн өмсдөг хүн ч байна. Энэ хувцас загвар сонирхохгүй байгаа мэт мөртлөө бас байгальд ээлтэй, минимал хандлага гэдгээрээ зөв ч юм шиг?

-Ер энэ нь зөв, тэр нь буруу гэж туйлшрах учир дутагдалтай хандлага шүү дээ.

Хүн тухайн цаг үе, нөхцөл байдлаасаа шалтгаалж өөрчлөгдөж байдаг амьтан. Өнөөдөр та юу ч хамаагүй өмсөөд, санаа зовохгүй алхаж болно. Нэг өдөр харин дүр төрхөө өөрчлөх тухай боддог л байхгүй юу. Тэгж бодож байгаагүй хүн бий гэвэл би лав итгэхгүй. Тэгэхээр сэтгэл зүйн байдал өгсөж, уруудахын хамт өөртөө, гадаад төрхөндөө өөрчлөлт хийх хүсэл бий болж л байдаг. Түүнийгээ хувцсаар илэрхийлэх өдөөлт дагаад үүсдэг.

Хувцас загварт огт анхаардаггүй хүн ч яаж эвтэйхэн, гоё хувцаслах вэ гэж боддог, би үүнд итгэлтэй байна. Харин энэ нь хувцасны тоогоор ч юм уу илэрдэг гэвэл зөв биш байх. Бага хувцастай байлаа ч байгальд ээлгүйг нь сонгож өмсдөг хүмүүс бий. Тэднийг “Цөөхөн хувцас сольж өмсдөг, байгальд ээлтэй хүн байна” гэж хэлэх өрөөсгөл болчхож байна. Аль аль талаас нь хослуулж харах хэрэгтэй.

-“Байгальд ээлтэй” гэдэг ойлголтод тэгвэл материалыг бас чухалчлах юм байна?

-Тийм. Өөр олон шаардлагууд бий л дээ. Жишээ нь, би шинэ жилд зориулж нэлээд үнэтэй даашинз хийлгээд, түүнийгээ дахин өмсөж чадахгүй байвал утгагүй. Дахин хэрэглэж, хайртай хувцсаа болгож чадах хэрэгтэй. Нэг хувцсаа 90-ээс дээш удаа өмссөн бол таны хайртай хувцас болж гэсэн үг. Харин ганц л удаа өмсөөд орхивол байгальд ээлгүй хандлага болоод явчихна. Тэгэхээр ямар ч нөхцөлд таардаг, олон дахин өөр янзаар ашиглан өмсөж чаддаг байх нь байгальд ээлтэй хувцасны гол шаардлагуудын нэг л дээ.

-Гэхдээ хувцсыг өмсгөл зүүсгэл, маск маягийн зүйл гэж харах ч хандлага байдаг. Үнэн мөн чанараа нууж, хиймлээр гоёчлох сэтгэл зүйн оролдлогуудын нэг гэж?

-Тийм зорилго байна, байна. Дэлхийн одууд ч юм уу ер нөлөө бүхий хүмүүс хувцас загварыг яагаад илүү чухалчилдаг вэ гэдэг үүнтэй холбоотой. Lady Gaga зүгээр л энгийн хувцастай дуулаад явж болно шүү дээ. Гэтэл яагаад заавал бүхэл бүтэн дүр төрх бүтээгээд, түүгээрээ өөрийгөө илэрхийлээд байгаа юм бэ. Тэгэхээр, энэ бол өөрийнхөө хүчийг нэмж байгаа хэлбэр. Дуу хоолой дээрээ өөрийн харагдах байдал гэдэг хүчийг нэмчихээр тэр хүн цогцоороо хүчирхэг болно. Улс төрчид яагаад өдийг хүртэл хослол өмссөөр ирсэн юм бэ, тэ.

Яг ямар харагдмаар байна гэдгээ чи бүтээж болно гэсэн үг, нэг талаараа. Би тэгэхээр үүнийг буруутгаж хардаггүй. Ер алив зүйлийг багцаар нь харах хэрэгтэй шүү дээ. Энэ үүднээс хүн өөрийнхөө сул талыг хувцсаараа нөхөж байна, яагаад болохгүй гэж.

-Нэг бодлын сэтгэлээс гарч байгаа илэрхийлэл юм шиг мөртлөө бас зориудын арга хэрэгсэл л дээ, хувцас. Энэ утгаараа зөрчилдөөд байх шиг санагддаг юм?

-Ер нь анх бүх зүйл зөрчилдөөд байх шиг санагддаг. Харин илүү гүнзгий судлаад, урт хугацаанд амьдралынхаа нэг хэсэг болгоод ирэхээр тэр бүрийг том зургаар нь харж, хүлээж авч чаддаг болдог шиг. Анх би ч бас тийм байсан. Хувцас загвар гэхээр өөрийгөө л ил гаргах гэсэн, материаллаг зүйлээр илэрхийлэх гэсэн оролдлого гэж боддог байсан. Тэгвэл, хувцас загвар гэдэг зүйл хүнд яг ямар мэдрэмж төрүүлдэг юм бэ гэдэг талаас нь хараад үзье. Ингэхээр гоё зүйл. Ямар нэг мэдрэмж тэндээс аваад байна, тийм болохоор л  энэ үйлдлээ давтан хийгээд байна. Хүн угаас мэдрэмж эрэлхийлдэг амьтан учраас. Нэг өдөр гоё хувцаслаад явахад ямар мэдрэмж төрөх вэ, түүнийг хүн дахин дахин авахыг хүсэх нь буруу биш шүү дээ.

-Байгальд ээлтэй хувцаслалтын талаар эргээд ярья л даа. Энэ үзэл санаа хувцас загварт хөл тавьсны нь дараа төрсөн үү, эсвэл өмнө нь байсан уу?

-Анх арван жилийн хүүхэд байхдаа зүгээр хувцас л хийдэг байлаа шүү дээ. Яваандаа өөрийгөө сонсож, ямар төрлийн хувцаст илүү татагдаж буйгаа хайж эхэлсэн. Мэдрэмжээ ил гаргаж эхэлсэн. Материалаа, загвараа сонгохдоо-тархин дотор болж буй процессоо цаасан дээр буулгаж хардаг болсон. Ингэхэд надад хамгийн тухтай, таатай байсан нь байгальд ээлтэй хувцас байсан.

Хувцас хүний байнгын хэрэгцээ. Хэр баргийн хүн олны дунд, өдөр тутам шалдан явж чадахүй. Хоол иддэгтэй адил энэ хэрэгцээг яаж хийх нь зөв, зүйтэй вэ гэж би  бодсон. Ямар ч ухамсаргүйгээр өмсөх, хийх биш, өөрсдөд нь таарсан, цаашлаад байгальд ээлтэй байлгахыг эрэлхийлсэн.

-Яг ямар хувцсыг байгальд ээлтэй гэж үзэх вэ?

-Түрүүнд хэлсэнчлэн, маш олон шалгуур бий. Нэгдүгээрт, тухайн хүндээ таарсан эсэх. Яг таарсан хувцас биш л бол олон дахин өмсөхгүй, нөгөө хайртай хувцас нь болж чадахгүй. Энэ нэг талаараа байгальд ээлгүй гэсэн үг.

Материалын хувьд байгальд хэрхэн шингэдэг вэ гэдэг асуудал яригдана. Цаашлаад яаж хийсэн нь сонин. Хэр хэмжээний байгалийн нөөц шавхаж хийсэн бэ, үйлдвэрт нь хүмүүс ямар цалинтай ажилласан бэ зэрэг. Жишээ нь, хямд хувцасны үйлдвэр цаанаа хүмүүсийн хөдөлмөрийг мөлжиж байдаг. 30 ам.долларын хувцасны зардал нь 1 ам.доллар ч байдаг юм уу тэ, энгийнээр хэлэхэд. Энэ үзүүлэлт ч бас багтаж байгаа биз.

-Өөрийнхөө имижийг олохын тулд олон туршилт хийж, олон хувцас алдаж онон худалдаж авч байгаа хүмүүст байгальд ээлтэй байдлаар хандах нь чухал гэдгийг ойлгуулах хэрэгтэй юу?

-Дэлхийн хэмжээнд авч харахад ч байгальд ээлтэй хувцаслах талаар нийтээрээ бодож үзэхгүй л байна. Цөөн хэдэн хувь нь л энэ хандлагаар хувцасладаг. “Би ямар хувцас өмсвөл зохих вэ, удаан хэрэглэх вэ” гэдгээ мэргэжлийн хүнтэй ярилцаад авна гэдэг бол зөв шийдэл. Бас хүн бүрийн ажлын онцлогоос шалтгаалдаг л даа. Өөрийгөө бусдад харуулах шаардлага гардаггүй хүмүүс ч байна шүү дээ. Тиймд “Байгальд ээлтэй бай”, “Яаж байгальд ээлтэй байх вэ” гэдэг санааг нь бүх хүмүүст жигд хүргэх чухал.

Наад зах нь, олон хувцас худалдаж авлаа ч тэднийхээ цаашдын “амьдрал”-ыг байгальд ээлтэйгээр яаж шийдэж болохыг бодолцох хэрэгтэй. Дэлхийд нэг удаагийн хувцаснаас шалтгаалж, түрээсийн үйлчилгээ улам бүр трэнд болж байна. Тэгэхээр хамгийн гол нь мэдээлэл гэсэн үг. Байгальд ээлтэй хувцаслана гэдгийг сонсоогүй ч хүн байгаа шүү дээ.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 26, 2024 23:32

Муу муухай баас шээсээ гоё хувцасаар нууж бусдыгаа хуурч мэхэлдэг.

Холбоотой мэдээ

Back to top button