"Моод"-ын Б.Болд: 100 айлын өрөмддөг залуусаар 20, 30 нүх гаргуулчихад ч буруудахгүй
"Моод"-ын Болд гэх нэрээр олонд танигдсан Б.Болд энэ сарын 29-ний өдөр Сэлбэ голын явган хүний гүүрийг өрөмдөж, борооны тогтоол усыг зайлуулах боломжтой хэмээн цахим орчинд бичлэгээ нийтэлсэн билээ.
Түүний энэ үйлдэл олон нийтийн анхаарлыг татаж, "Гүүрийг өрөмдөж цоолсноор борооны ус удаан хугацааны дараа асфальтаа эвдэж учир нурах аюултай. Мөн олон нийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүйгээр ухаж, эвдэж болохгүй" зэргээр шүүмжилж байна.
Биднийг очиход гүүрэнд өрмөөр цоолсон гурав, элэгдэл хагарлын гэж хэлж болохоор цөөнгүй цоорол байв. Өчигдөрхөн усархаг бороо орсон хэдий ч гутлаараа туучих хэмжээний тогтсон ус алга. Бид гүүр өрөмдөж нүх гаргасан хэмээн олны анхаарлыг татаад буй "Моод" контент бүтээгч Б.Болдтой ярилцлаа. Тэрбээр "Би хувьдаа нурах хэмжээний гүн нүх гаргаагүй хуучин ором дээр сэтгэж, хоолойтой холбосон" хэмээв.
-Та яагаад энэ гүүрийг өрөмдөх болов?
-Би энэ гүүрээр гарах болгондоо нүхийг нь онгойлгочхож болдоггүй юм байхдаа хэмээн боддог байсан. Ойр тойрны хүмүүстээ ч удаа дараалан хэлж үзсэн л дээ. Тэгээд хоёр хоногийн өмнө жаахан завтай явж байхдаа энэ гүүрийг цоолох биш, сэтгээд гаргачихсан гэсэн үг.
-Гүүрийг өрөмдөх үед ямар нэгэн эрсдэл гарна хэмээн тооцоолсон уу?
-Ямар эрсдэл байх вэ дээ. Угтаа бол гүүрний гол хэсэгт цоолсон зүйл байхгүй. Энэ гүүрний бетон нь дундаа тусгай ус зайлуулах төмөр хоолойтой. Үүнийг хажуу талаас нь харах боломжтой. Гэтэл засвар арчилгаа хийсэн хүмүүс нь тус хоолойтой холбоотой нүхийг цементээр хуччихсан юм байна лээ. Улмаар бороо орох бүрд ус тогтдог болчихсон. Гүүрний ус зайлуулах нүхийг яг хэзээ бөглөж дүүргэснийг мэдэхгүй байна. Би хувьдаа ямар нэгэн шинэ нүх гаргаагүй, хуучин ором дээр сэтгэж, хоолойтой холбосон төдий. Өчигдөр бороо орсон. Гэтэл одоо усгүй байгааг та нар харж байгаа биз дээ.
-Олон нийтийн зүгээс нийтийн өмчид халдлаа, дур зоргоороо хандлаа хэмээн шүүмжлэх нь цөөнгүй байна. Мөн мэргэжилтнүүд гүүрийг хэн нэгэн дур мэдэн цоолж, өрөмдвөл бат бэх чанар нь алдагдана хэмээн үзэж буй?
-Олон нийтийн зүгээс миний энэ үйлдлийг хэт хүндрүүлэн бодоод байх шиг. Бид хэт богино видео хийж, юу хийж байгаагаа бүгдэд ойлгомжтой тайлбарлаж чадаагүй байна гэж харж байна. Тиймээс гурав биш 30 минутын бичлэг хийж тайлбарлаж байя гэх бодол төрж байна шүү. /Инээв/
Миний хийсэн үйлдэл шинэ санаа, "моод" биш. Зүгээр л хэдэн арван жил ус тогтчихсон байсныг л янзалсан шүү дээ. Ер нь ус тогтдог тэр дундаа ус зайлуулах хоолойтой холбосон нүхээ бетоноор бөглөчихсөн улс хаана ч байхгүй байх.
Харин ч би маргааш 100 айлаас яндан, өрмөөр цоолдог залуусыг авч ирээд 20, 30-аад нүх гаргачихвал буруу биш л гэж бодож байна.
-Та энэ үйлдлийг гаргахаасаа өмнө холбогдох байгууллагаас ямар нэгэн зөвшөөрөл авсан уу?
-Манай багийн зүгээс аливаа хийж буй зүйлдээ дандаа тусгай зөвшөөрөл, хамтрах санал, дэмжлэг зэргийн улсын болон хувийн байгууллагуудаас хүсдэг.
Энэ удаад л гэхэд тус гүүрийг хариуцдаг газраас зөвшөөрөл авах гэж оролдлого хийсэн. Гэтэл энэ гүүрэнд эзэн алга. Нийслэл, дүүрэг, хороодтой холбогдсон. Даанч хариуцсан газар олдсонгүй.
Та бүхэн санаж байвал "Хүүхдийн 100-ийн урд талд" борооны усыг ингэж зайлуулж болно гээд контент хийж байсан. Гэтэл тэрийг хийхээс өмнө зөвшөөрөл авах гэж бараг 7-14 хоногийг зарцуулсан. Аз болж зөвшөөрөл авч хийж байсан юм. Дахиад хоёрдугаар сургуулийн орчимд далай шиг тогтоод байсан усыг зайлуулах санааг гаргаад зөвшөөрөл хүссэн хэдий ч олдоогүй. Хоёр, гурван өдөр ус соруулах том техникүүдтэй зогсож байгаад больж байсан юм. Эндээс харахад бидэнд хамтарч чаддаг ч юм байна, чадахгүй ч зүйлс олон тохиолддог.
-Таны хийж буй контентуудыг харахаар ихэвчлэн хот тохижилттой холбоотой зүйлс хийж харагддаг. Тус бүтээлийг хийж буй гол зорилго нь?
-Монголд хамгийн асуудалтай, шийдэл хүлээж буй зүйлс хотод ихэвчлэн байдаг тул хоттой холбоотой контент бүтээдэг. Хөдөө рүү бол зуны улиралд л очиж байна. Гэхдээ очихдоо бүтээж, хийж болох зүйлсийг багагүй хардаг.
Бидэнд талархал, магтаал зэрэг тийм ч чухал биш. Ямарваа нэгэн зүйл хийж бүтээхдээ сэдэл аваасай, дуурайн дагаасай гэж бодсоны үүднээс хийдэг. Хүн хэлэхээс наашгүй гэдэг үг бий шүү дээ. Харамсалтай нь одоогоор дуурайж байгаа хувь хүн, байгууллага, төрийнхнөөс тун ховор. Ингэж бодохоор бид өөрсдийгөө үр дүн муутай байна хэмээн дүгнэж байна.
Миний бодлоор хүн өөрт таарсан асуудлаа хэнд ч гомдоллохгүйгээр шийдэх гэж оролддог, тэрийг шийдэж буй нэгнийг үнэлдэг, хүндэлдэг, ойлгодог тийм ард түмэн хөгждөг болов уу гэж боддог.
-Өмнө нь олон нийтийн сүлжээнд өөрийг тань хотын дарга болгоё гэх санал гарч байсан. Та энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?
-Би программ зохиогч гэх мэргэжилтэй. КТМС-ийг инженер мэргэжлээр дүүргэсэн. Хэрэв хүмүүс анзаарч байсан бол би хотын дарга болох тухай биш, хүн бүр хот, дүүрэг, хороондоо тэр бүү хэл орцондоо эзэн нь байя гэсний үндсэн дээр видеогоо хийгээд буй. Гэтэл олонх нь чи дарга болчихоо бид урдах ажлаа хийгээд зүгээр байж байя гэсэн шүү юм л боддог. Миний хувьд ямар нэгэн дарга, албан тушаалын төлөө энэ зүйлсээ хийдэггүй. Тэглээ гээд би хотын дарга, гишүүн болохгүй гээд том дарга нар шиг мэдэгдэл хийхгүй. Тэгэх шаардлага байхгүй юм чинь.
-Цаашид?
-Миний ажигласнаар энэ хэсгээр зөрж өнгөрч буй хэн бүхэн гол руу хардаг. Угтаа бүтээн байгуулалт, багахан тохижилт хийхэд л хүмүүс түр амраад зогсох боломжтой хэсэг болно. Нэгэнт энэ гүүрийг өрөмдөж олны анхааралд өртсөн учир энэ гүүрний ойр хавьд буй томоохон байгууллагуудын залуустай хамтран гүүрийг аятайхан болгоход анхаармаар санагдлаа.
Магадгүй нийслэлээс энд бүтээн байгуулалт хийчихвэл сайхан. Жишээ нь энд харагдаж байгаа энэ төмөр хашлаганы дээд талд модон тавцан хийхэд л аятайхан болчихно. Би устаа ийм л зүйл сэтгээд яваа. Гэтэл одоо нийтийн өмчид дураараа халдсан хэрэгт орж мэдэхээр болчихлоо.
-Таны хийдэг контентоос харахад урд хөрш болон бусад улсад худалдаалж буй барилгын материал, бусад авууштай санааг харьцуулдаг шүү дээ. Нууц биш бол танай санхүүгийн эх үүсвэрийн талаар?
-Урд хөрш рүү саяхан робот авахаар явахдаа хамтран ажилладаг МИАТ руу ярьж гурван хүний онгоцны тийз авсан, энэ гүүрийг нүхлэхэд миний өөрийн хэрэглэдэг өрөм багадаад байсан тул мөн л хамтран ажилладаг байгууллагаасаа тусламж авсан. Та бүхэн харж байгаачлан энд тог байхгүй. Гэтэл тэр өрмийг ажиллуулахад шаардлагатай цахилгааны эх үүсвэр хэрэг болох жишээтэй. Видеоны эхлэл төгсгөлд лого гарч буй. Тэдгээр албан газрууд бидний хийж буй зүйлстэй санаа нийлж, бидэнд хэрэгцээтэй зүйлсээр дэмжлэг үзүүлж хамтран ажилладаг гэсэн үг.
-Ярилцсанд баярлалаа.
Бид гүүрийг өрөмдөж нүхэлсэн эл асуудлыг тодруулахаар Нийслэлийн засаг даргын тамгын газрын барилгын инженер болон автозамын инженер, байцаагчтай холбогдлоо.
- НЗДТГ-ын автозамын инженер "Төмөр бетон гүүрний үндсэн хийц, бүтээцийг өөрчилж, цоолж болохгүй. Бетоны бат бэх алдагдана, арматур зэврэх эрсдэлтэй. Төмөрбетон гүүрний зураг төсөлд ус зайлуулах сувагчлал байсан эсэхийг тодруулж, ус зайлуулах суваг нэмэлтээр гаргах асуудлыг эзэмшигч, ашиглагч байгууллагатай зөвшилцөж хийх шаардлагатай" гэв.
- Харин НЗДТГ-ын барилгын инженер " Тус үйлдэл гүүрний хийцэд нөлөөлнө. Зураг төслийг нь судлаад заавал тооцоолол хийж байж мэргэжлийн байгууллагын заавраар технологи гаргаж байж хийх ёстой. Ер гүүрний хийц бүтээцийн бат бэх чанарт шууд нөлөөлнө. Анхнаасаа ус зайлуулах сувагчлалтай байх ёстой" хэмээсэн юм.
Харин ЦЕГ " Б.Болдод хамаарах гүүр өрөмдсөн гэх асуудал одоогоор манайд харьяалал тогтож ирээгүй байна" гэв.
Тус гүүрний насжилт одоогоор тодорхойгүй байна. Улмаар холбоотой тендер, төсөл, ямар байгууллага барьж байгуулсан зэрэг мэдээллүүдийг хайсан боловч олдоогүй.
- Хэрэв түүнийг олон нийтийн өмчид дур зоргоор хандсан хэмээн үзвэл
Нийслэл хотын болон нийтийн эдэлбэр газар, түүний хэмжээ ашиглалтын журамд зааснаар:
6.3.Нийтийн эдэлбэрийн газарт зохих зөвшөөрөлгүйгээр барилга байгууламж барьсан, бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн ашиглаж, эзэмшсэн, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг эвдэн сүйтгэсэн, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр зориулалтыг өөрчилсөн, устгасан, гэмтээсэн тохиолдолд энэ журмын 4.5-д заасан хяналт тавих эрх бүхий байгууллага холбогдох хууль, журам, гэрээний дагуу зохих арга хэмжээг авч, шаардлагатай тохиолдолд Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-т заасны дагуу газар чөлөөлөх арга хэмжээг авч, холбогдох зардлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг гэж заажээ.
Мөн гарах болон орох хөдөлгөөнийг хаах, нээх тохиолдолд Нийслэлийн захирагчийн ажлын албанаас зөвшөөрөл авдаг байна.
О.ОНОН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
сайн байцгаана уу. Уг нь бол, ийм хүмүүс л олон байгаасай+болоосой.
Арматурт хүргэхгүйгээр хийхэд болноо. Тэгээд ч диамерийн хэмжээ нь маш бага юм байна . Яг мэдэхгүй бол сайн үйлсэд саад бүү бол
Санаа нь сайхан ч хот дотор ингэж дураараа тарв�##�заж болохгүй байх. Зөвшөөрөл авах эсвэл санаагаа хэлж �##�баныхнаар хийлгүүлэх нь оновчтой. Одоо дууриагаад дуртай нь очиж өрөмдөөд байв�##� ах вэ ?
Guts
Инженерийн хэлдэг зөв.
Эзэн байхгүй, хийе гэсэнд нь хариу өгчих дарга ч байхгүй үед санаачлаад хийсэн нь буруу биш ээ, харин ч иргэдэд хэрэгтэй жижигхэн нүх байна, тэгээд ч ямар нэг буруу нөлөөгүй юм байна шд
Хот өөрөө ийм төрлийн ажил хийж чадахгүй бол энэ з�##�ууд туслаад хамтраад хийж болно. Техникээр тус�##�, хүн хүч гаргаад өгчих Болд удирдаад хийчих байх. Болдыг дэмж.
Эзэнгүй байгаад учир байгаа юм ер монгол улс эзэнгүй байгаа юм
Neg ch gesen iim setgeltei mongol zaluus olon bolosoi...burutgaad yahav dee ..