Хүн бүрийн шүүгээнд байх хувцаснууд итгэл үнэмшил эсвэл дурсамж өгүүлдэг, хайртай, дотнын хүн бэлэглэсэн цаашлаад биеийн галбир сайхан харагдуулдаг зэрэг эзнийхээ сэтгэлд ямар ч байр суурийг эзэлсэн байж болно.
Гагцхүү өмсөх, харах болгонд дотно сайхан мэдрэмжийг төрүүлдэг болохоор өөрт үнэ цэнтэй байдаг юм. Хүн тийм хувцсаа үнэлж худалдаалах нь бүү хэл ариг гамтай өмсөж, өнгийг нь алдагдуулахгүй гэсэндээ бага угаадаг. Гэвч он цаг өнгөрөхийн хэрээр өнгө нь гандах, урагдах тохиолдол гарна. Ингээд “хайртай” хувцсаа өмсөж болохгүй, хадгалахаар шүүгээ бөглөөд байгаа юм шиг, хаячихъя гэхээр хаяж ч чадахгүй тээнэгэлзэх үе хүн бүхэнд ирдэг. Тэгвэл энэ асуудлыг амархан шийдэх шийдэл бий болсон юм.
Одоогоос хэдхэн жилийн өмнө хувцас ховор байсан бас өнөр олуулаа өсдөг байснаас шалтгаалан социализмын үед хуучин хувцсаа хаяхгүй өөр хувцастай сэлбэж, янзалж өмсөж байсан. Тэгвэл тэр цаг эргэн ирж энэ цаг үед “мода” болон залуусын дунд дэлгэрээд байна. Тэгэхээр хуучин хувцсаа сайн сэлбэж, засварлаад өмсвөл бусад хүмүүс юу гэж хэлэх бол гэх ойлголт ч ард үлдсэн гэсэн үг.
Тэр ч бүү хэл хүн төрөлхтний хувцасны хэрэглээнд хэдэн арван метр даавуугаар оёсон даашинзнаас эхлээд алгын чинээ өөдсөөр хийсэн цээживч хүртэл гойд чухалд тооцогдож байсан үе бий. Цаг хугацаа өнгөрөх тусам энэ хэрэглээ харьцангуй даруу болсон юм. Ялангуяа сүүлийн 40 гаруй жилийн түүхэнд минимал, асцетизм гэсэн ойлголт, ухагдахуун хувцас үйлдвэрлэл, загварын чиг хандлага хэрэглээний соёлд өндөр байр суурь эзлэж байгаа юм.
Залуус шинэ хувцаснаас татгалзах болсон нь байгаль эх, дэлхийгээ хайрлан хамгаалах зорилгоос үүдэлтэй юм. Тухайлбал, хувцас үйлдвэрлэхтэй холбоотой олон таагүй мэдээлэл, судалгаа гарсан бөгөөд нэг футволкийг 2700 литр усаар үйлдвэрлэдэг, жийнсэн өмдийг ойролцоогоор 6800 литр усаар бий болгодог гэх дүн мэдээ бий.
Түүнчлэн нэг кг даавууг бий болгохын тулд 200 мянган литр усыг зарцуулж, өнгө оруулахад нэг кг химийн бодис, үйлдвэрлэлтэд нь 23 кг хүлэмжийн хий ялгаруулдаг гэнэ. Ийнхүү хувцас үйлдвэрлэхэд хүлэмжийн хий их ялгаруулж, ус их хэмжээгээр зарцуулж байгаад олон нийт шинэ хувцаснаас татгалзах чиг хандлагыг өрнүүлэх болсон юм. Энэ хөдөлгөөн Монголд ч нэвтэрсэн.
Залуучууд хуучин хувцас, эдлэлийг дахин боловсруулж дахин давтагдашгүй загварыг бий болгосоор байна. Мөн түүнийгээ худалдаж, нэгэндээ бэлэглэж, солилцож эхэлсэн.
Бид энэ удаа "Тойрог" болон "Соёл-Эрдэнэ", "Спот" дэлгүүрүүдийг онцолж байна.
-Тойрог-
Нэрнээсээ эхлээд бид бүхэнд өвөрмөц хийгээд цаад утга санаа нь ойлгомжтой санагдаж байгаа байх. Эл дэлгүүр байгуулагдаад гурав, дөрвөн жил болж байгаа бөгөөд залуучуудын заавал ороод гардаг дэлгүүрийн нэг болсон юм. Тэд нэг кг хувцсыг ойролцоогоор 5000 төгрөгөөр авдаг ба улирлын онцлогт тохируулан гурван сард нэг удаа эвент зохион байгуулна. Хувцасны зарагдах үнэ дунджаар 5000-40 мянгын хооронд байдаг. Мөн “Тойрог” гэр бүлийн дор 30 гаруй залуу дизайнер ажилладаг. Тэдний урласан зүүлт, бөгж, бугуйвч, ээмэг, цүнх энэ дэлгүүрт зарагддаг байна.
Үйлчилгээнээсээ хамаараад худалдан авагчдын нас ялгаатай. Хувцас зарж, хандивлаж байгаа хүмүүсийн ихэнх хувь нь 25-аас дээш насныхан байдаг аж. Харин өсвөр насныхан ихэнхдээ худалдан авалт хийдэг талаараа "Тойрог"-ийн ажилтан бидэнд хуваалцсан юм. Мөн нэг удаа худалдан авалт хийсэн хүн цаашдаа байнгын үйлчлүүлэгч болох магадлал өндөр байдаг гэж байлаа. Монголдоо шинэ зах зээл учир үйлчлүүлэгчиддээ тухай бүрт нь тайлбарлаж өгөхийг зорьдог байна. Mонголд энэ төрлийн бизнес үйлчилгээний моделийг боловсруулж, дараа дараагийн “Трифт шоп”-ууд хурдацтай нээгдэх сэдэл өгөхүйц системийг бий болгох хүсэлтэй байгаа аж.
-"Соёл-Эрдэнэ"&"Спот"-
Залуучууын орох дуртай Kaktus Zone кофе шопод тэд эвент зохион байгуулж байлаа. Энэ нь дулааны улиралд зохиогддог эвентүүдийн нэг аж. Тэд хотын төвд байрлах үйлчилгээний газруудаас эвент хийх газраа сонгож, сардаа нэг удаа тухайн улиралд зориулагдсан хувцасны үзэсгэлэн дэлгэдэг байна.
20 гаруй насны залуучууд трифт шоп нээж байгаа нь энэ үеийн залуучууд шинэ хувцас худалдаж авахаа больсны илрэл юм.
“Thrift shop” нь хэмнэлттэй худалдан авалт хийх боломжтой дэлгүүр гэсэн утгатай. Хуучин хувцас учраас цоо шинээсээ хэмнэлттэй тусах нь ойлгомжтой. Харин Монгол хэлний их тайлбар тольд “комиссын дэлгүүр” гэдгийг хуучин хувцас, эдлэлийн дэлгүүр гэсэн байдаг. Аль алинд нь ил болон далдаар “хуучныг аваад хэмнэ” гэсэн санаа байхад яагаад нэг нь ад шоо үзэгддэг юм бол гэх асуулт бидний дотор үргэлж байдаг аж. Үүний хариултыг "Спот" дэлгүүрийн ажилтан тайлбарлаж өглөө.
"Тэрбээр, Комисс гэдэг үг одоо алга болоод байх шиг байна. Гэхдээ би үүнийг муухай үг гэж боддоггүй. Доромж утга санаа биш, хуучин хувцасны дэлгүүрийг тухайн үед таниулж өгсөн нэршил л төдий зүйл шүү дээ. Аав ээж маань хуучин хувцас авч өмсөх нь энгийн үзэгдэл байсан болохоор би ч тэгдэг л байсан.
Манай гэр бүл хуучин, шинэ хувцас гэдэгт биш хувцасны чанарт л анхаардаг байлаа. Анх комиссын дэлгүүрт орж үзэхэд их замбараагүй, олон хувцастай, таагүй үнэртэй санагдаж байсан. Гэсэн хэдий ч чанартай хувцас ихтэй байсан учраас хувцасны чанар, материалыг таньж мэдэхэд тусалсан гэж боддог. Харин комиссын дэлгүүрийг муухай гэж ялгахад хүргэдэг гол зүйл нь үнэр байсан юм болов уу. Эргээд бодоход тэр үнэрийн шалтгаан хими цэвэрлэгээний бодисын үнэр шингэсэн олон хувцас чийглэг орноос дараагийн улс руу явахдаа их уддаг байсан учраас шингээд үлдчихдэг байж. Одоо бол тээвэрлэлтийн үйл явц хурдтай болсон бөгөөд ирэхээр нь дахиж цэвэрлэдэг хүмүүс ч бий. Мөн анхнаасаа нааш явуулахдаа хувцсаа зайгүй болтол нь хэт чихэх биш хооронд нь зайтай баглах хэрэгтэй. Ингэснээр агаар орж, үнэр тогтохгүйгээс гадна үрчийсэн үзэмжгүй хувцас ирэхгүй" гэлээ.
Ийнхүү цаг хугацаа өөрчлөгдөж бид комиссоос ахиж, трифт шоп руу хөл тавьж, байгаль экологидоо ээлтэй хүмүүс болж эхэлжээ.
-Дэлхий трифт рүү шилжиж байна-
Дэлхий дээр хог хаягдал болж буй хувцасны зөвхөн нэг хувийг дахин боловсруулж байна. Үлдсэн 99 хувь буюу 100 тэрбум ам.доллараар үнэлэгдэх материал газрын хөрсөнд шууд хаягдаж байна. Хувцасны том брэндийн нэг жилийн усны хэрэглээ гэхэд 2000 орчим жижиг нуурын усны нийт эзлэхүүнтэй тэнцдэг. Товчхондоо дэлхий нийт цэвэр усыг хамгийн их бохирдуулж буй салбаруудын эхний гуравт хувцас үйлдвэрлэл багтаж байна.
Тэгвэл хуучин хувцсыг дахин борлуулдаг дэлхийн алдартай “Трифт шоп”-уудыг танилцуулъя.
Нью-Иорк хотод байрлах “Amarcord Vintage Fashion” дэлгүүр нь 2000 оноос үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа. Тансаг зэрэглэлийн брэндүүд болох “Chanel”, “Moschino”, “Versace”-ийн хувцас, гутал, цүнх, гоёл чимэглэлийг дахин борлуулдаг. Онцлог нь 1970-1980 оны хэв маягийг шингээсэн. Тансаг зэрэглэлийн брэндүүдийг заавал үндсэн үнээр нь бус цэвэрхэн хэрэглэсэн хуучныг нь илүү хямд үнээр авах боломжтой. Английн Лондон хотод байрлах “Retromania” дэлгүүр нь зөвхөн өөрийн улс гэлтгүй бусад орны иргэдэд туслах зорилготой. Нийгмээс тусгаарлагдсан, амьдралын боломжгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан хуучин хувцас хандив болгон явуулдаг ашгийн бус байгууллага гэнэ. Энэ мэтчилэн тив даяар өргөн дэлгэрсэн соёл бөгөөд эх дэлхийгээ хайрлах тухай дуу хоолойгоо өргөж, хүмүүсийг уриалж, тэдэнд тусалж, заншил болтлоо хөгжжээ. Трэнд дагаж шинэ хувцас худалдаж авахын оронд нэг хувцсаа удаан өмсөх, хоорондоо солилцох аяныг өрнүүлснээр байгаль орчиндоо бага ч болов хувь нэмэр оруулах нь зүйтэй.
Дэлхий ертөнцийг танихын хэрээр амьдрал энгийн тусмаа илүү аз жаргалтайг ухаардаг аж. Тиймдээ ч амьдарч буй хором, мөч бүрээ илүү үр бүтээлтэй өнгөрөөж, бусдад илүү их хайр түгээж, эх дэлхийнхээ эд эс бүрийг хайрлах хэрэгтэй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.