УЛС ТӨР

УИХ: Гэрээгээ өөрчилье, нөөцөө дахин тогтооё|РИО: Гэрээнүүд ҮРГЭЛЖИЛНЭ, “хөөрхөнүүд” ээ

УИХ: Оюутолгойн ГУРВАН том гэрээг өөрчилж, ордын нөөцийг дахин тогтоогоод АСУУДЛАА ЯРИЛЦЪЯ

УИХ-аас 2019.11.21-ний өдөр “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92-р тогтоолыг баталсан. УИХ-ын 92-р тогтоолд,

НЭГ: Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ /2009/, хувь нийлүүлэгчдийн гэрээ /2011/-нүүдийг сайжруулах, энэ чиглэлд зөвлөх үйлчилгээ авах,

ХОЁР: Оюутолгойн Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг сайжруулах,

ГУРАВ:Оюутолгой төслийн Монголын талыг өгөөжийг нэмэгдүүлэх саналыг УИХ-д танилцуулах,

ДӨРӨВ: Оюутолгойн зэс, алт, мөнгө тэргүүтэй элементийн нөөцийн үнэлгээг дахин хийж, үүнд үндэслэсэн ТЭЗҮ-ийг дахин боловсруулж,  дүгнэлт гаргуулах,

ТАВ: Байгаль орчны болон усны нөхцөл байдлын үнэлгээг Говийн бүсийн гүний ус ашиглах нөхцөлийг харгалзан тогтоох,

ЗУРГАА: Оюутолгой ордыг ашиглах, хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгасан УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтийг хэрэгжүүлэх,

ДОЛОО: Оюутолгой төслийн Монголын талын төлөөллийг хэрэгжүүлэгч байгууллагын санхүү болон хүний нөөцийн чадавхыг олон улсын түвшинд хүргэж бэхжүүлэх асуудлуудыг тусгаж өгсөн юм.

Өөрөөр хэлбэл, УИХ-аас Оюутолгойн гурван том гэрээг ӨӨРЧЛӨХ, ордын нөөцөд ДАХИН ҮНЭЛГЭЭ ХИЙЖ, ТЭЗҮ-г боловсруулж хараад, АСУУДЛАА ЯРИЛЦЪЯ  гэсэн санааг тогтоолоороо хөрөнгө оруулагч талд тусгасан гэсэн үг юм.

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ:  Тогтоолыг хүлээж авлаа, гэхдээ гэрээ хүчин төгөлдөр хэвээр үргэлжилнэ

Харин Рио-Тинто групп өчигдөр УИХ-ын  Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92-р тогтоолыг хүлээж авч буйгаа цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэв. Гэхдээ “ХҮЛЭЭЖ АВЛАА” гэдэг үгийг асар найрсгаар хаалтнаас илэрхийлэв.

Тэд мэдэгдэлдээ “Рио Тинто компани Монгол Улсын парламентаас баталсан тогтоолыг бүрэн хүлээн авч байна. Гэхдээ Хөрөнгө оруулалтын гэрээ бүх талаар ХҮЧИН ТӨГӨЛДӨР гэдгийг мартаж болохгүй. Энэ гэрээний дагуу өнгөрсөн арван жилийн хугацаанд 10 орчим тэрбум ам.долларыг зарцуулаад байна. Монгол Улсын хувьд ихээхэн өгөөжтэй төсөл бөгөөд цаашид үүнийг үргэлжлүүлэх болно” гэжээ.

Үндсэндээ тогтоолыг хүлээн авч байгаа дүртэй ч “Хөрөнгө оруулалтын гэрээ нь хөдлөшгүй юм” гэсэн санаагаа маш тодорхой илэрхийлжээ.  Энэ нь нэг тийм “дамшигласан” өнгө аяс агуулав. Утгачилвал, “Та хэд дотооддоо хууль дүрмээ гарга. Харин Хөрөнгө оруулалтын гэрээ бол олон улсынх. Яаж ч чадахгүй” гэх өнгө аяс агуулжээ гэж харж болохуйц.

Тэмдэглэхэд, Оюутолгойн гэрээг батлах үеэр гаднаас зөвлөх үйлчилгээ авах саналыг тухайн үеийн УИХ “Мөнгө үрэх үйлдэл” гэж үзэн болиулж байв. Харин эдүгээ  зөвлөгчгүйгээр батлагдсан өнөөх алдарт том гэрээнүүдээ засах боломж хайж, Засгийн газар зөвлөх үйлчилгээ авах саналыг УИХ-аар оруулахаар зэхэж буй. Үүнийгээ 92-р тогтоолдоо ч тусгаад байгаа юм.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button