Фантазиа: Хөгжим болон үзэгчид ер бусын нэг зүйлээр холбогддог

Оройн 19:00 цаг. Тоглолтын хамгийн сүүлийн бэлтгэл. Биднийг очиход энд тэндгүй олон хөгжим дугарсаар. Үүдний хэсэгт саксафон үлээж байхад, тайзан дээр төгөлдөр хуур, бөмбөр хоёрын дуу хоршиж байх нь тэр. Үзэгчдийн суудлын хамгийн хойд хэсэгт хийлээ татсан хүмүүс байх бөгөөд яг тайзны дэргэд нот эргүүлсэн босоо ятгачин хөгжмөө хөглөж байна уу гэлтэй утсыг нь зөөлхөн татангаа, чих тавин дуугаралтыг нь сонсоно.
Тэд бүгд өнөөдөр болох "Fantasia" Epic version тоглолтдоо дэлхийн шилдэг бүтээлүүд болох "Game of Thrones ", "Lord of the rings", "Dune" зэрэг киноны хөгжмийг тоглохоор хамгийн сүүлийн бэлтгэлээ базааж байлаа.
"Хөгжмийг бодитоор тоглоход үзэгчид хөгжимтэй ямар нэгэн тайлагдашгүй зангилаагаар холбогддог. Үгээр хэлэхийн аргагүй орон зай үүсдэг учир бидний тоглолт илүү амьтай санагдаж, нэг үзсэн хүн хоёр дахиа, гурав дахиа үзэхээр тоглолтыг маань зорин ирдэг байх" гэж өгүүлэх залуу бол өнөөдрийн "Фантазиа" студийн үүсгэн байгуулагч юм.
Тэд хүмүүсийг хөгжимтэй тайлбарлахын аргагүй өвөрмөц хэмжээстэд оруулаад аль хэдийн хоёр дахь намраа угтаж байна. Ийнхүү бид асар их завгүй бэлтгэлийн үед зочин уран бүтээлч Ц.Энгүүн болон хөгжмийн найруулагч З.Мөнх-Өлзий нартай цөөн хором ярилцлаа.
-Фантазиатай зөвхөн нотоор харилцдаг-
-Сайн байна уу. Фантазиатай хэдийнээс хамтарч ажиллаж байгаа вэ?
-Фантазиатай хоёр дахь удаагаа хамтарч ажиллаж байна. Өмнө нь "Ghibli"-гийн анимэ тоглолтод "Ponyo" анимын дууг дуулж байсан. Тухайн үед миний дуулалтаас тэс өөр байсан ч гэсэн хичээсээр байгаад дуулсан. Энэ удаа ч гэсэн би өөрөөсөө өөр Ц.Энгүүнийг гаргаж ирэхийг хичээж байгаа.
-Энэ удаа ямар уран бүтээлээр оролцох вэ?
-Нууц. Манай тоглолтыг үзээд, намайг ямар уран бүтээлд оролцож байгааг хараарай гэж хэлмээр байна. Энэ удаагийн уран бүтээл маань намайг дахиад л сорьж байна.
-Өмнө нь их олон тоглолтод оролцож байсан шүү дээ. Үеийнхээ залуустай, тэр дундаа монголын сонгодог урлагийн салбарт шигтгээ болж, орж ирсэн шинэ тоглолтод оролцох нь ямар санагддаг вэ?
-Их хайрлам санагддаг. Хөдөлмөрч залуучуудын дунд хөдөлмөрлөхгүй л бол болохгүй шүү дээ. Илүү сайжирч, илүү сайн болох хэрэгтэй. Манай залуучуудын нэг онцлог нь "За чи энэ дууг дуулж магадгүй шүү, эртнээс бэлдээрэй" гээд нот өгдөг. Үнэндээ монголд нотоор дуулуулдаг тоглолт байхгүй шүү дээ. Ихэвчлэн сонсголоороо л дуулуулдаг. Харин Фантазиагийнхантай зөвхөн нотоор л харилцдаг шүү дээ.
-Хүүхэд насны мөрөөдлөө бодит болгосон-

-Анх хэрхэн, яаж эхэлсэн бэ?
-Pixar болон Ghibli-гийн хөгжмөөр оркестрын бүрэлдэхүүнтэй филм концерт зохион байгуулах нь багаасаа мөрөөдсөн бидний мөрөөдөл маань юм. Ийм тоглолт Монголд зохион байгуулагдаасай гэж их хүсдэг байсан. Төслийн санаачлагч найз Д.Бат-Эрдэнэ "энийг хийх үү" гэсэн цагаас эхлээд бид зохион байгуулалтын ажлаа эхэлсэн.
Энэ удаагийн тоглолтод уран бүтээлчдийн хувьд улсын филармонийн симфони найрал хөгжим, Баянмонгол чуулга, Fat Cat жазз клубийн хөгжимчид оролцож байгаа. Бид тоглолтын лицензийг Moscap гэх байгууллагаар дамжуулан авдаг. Яг гадны филм концертыг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр Монголд анхны удаа Фантазиа студи зохион байгуулсан ба бид оюуны өмчийг дээдэлдэг жишиг байгууллага байхыг зорино шүү дээ.
-Аниме, анимэйшин, киноны хөгжмийг сонгохдоо хэрхэн яаж сонгодог вэ?
-Бид анх Ghibli-гийн хөгжмүүдийг амьд хөгжмөөр оркестр тоглоё гэж ярьдаг байсан. Энэ нь цаашлаад жаахан томорсон гэх үү дээ. Сэдэвчилж, тоглолт хийхээр болсон. Тиймдээ ч бид продакшнаар нь юм уу, киноны төрөл жанраар нь ангилж, сонгодог болсон. Энэ удаа бид "Epic" гээд илүү дайн тулаантай киног сонгож бэлдэж байна.
-Тоглолтын найруулгын хамгийн гол чухал зүйл нь юу вэ?
-Киноны хөгжмийн зохиолчид хөгжмөө зохиохдоо чуулбар хөгжим зохиодог. 8-10, 10-20 минутын урттай хөгжмүүд зохиодог. Үүнээс хүнд хүргэх нь аль нь тохиромжтой вэ гэдгээ сонгох нь их чухал.
Чуулбар зохиолд тухайн киноны утга уянгын болон дайн тулаан, харуусал гуниг гээд бүхий л зүйлийг нь гаргаж өгсөн байдаг. Түүнээс л сонгож, сонсож, шигшиж найруулгаа бэлтгэдэг.
-Хүмүүсийн сайн мэддэг хэр нь хөгжмийг нь тоглох боломжгүй кино байдаг уу?
-Байдаг. Бүр яг хүмүүсийн А,Б-гүй мэддэг, дурсамжийг нь хадгалсан кино байдаг ч гэсэн хөгжмийг нь амьдаар тоглоход хэцүү, дижитал найруулгаар хийсэн байвал хасахаас өөр сонголтгүй шүү дээ.
-Фантазиа бусдаас юугаараа ялгарч, онцгойрдог вэ?
-Барууны зарим оркестрт бүр стандарт болчихсон гэлтэй зэмсгүүд байдаг. Зарим зохиолуудыг тэр л зэмсэггүйгээр төсөөлөхийн аргагүй голлох шинжтэй болсон ч манай оркестрт хэрэглэгддэггүй тэдгээр зэмсгүүдийг байгаа хөгжмөөрөө орлуулах, цар хүрээг нь тооцоолж байгаад хамгийн дөхсөн дуугаралтыг нь олох гэхчлэн мэргэжлийн нарийн асуудлууд мэр сэр тохиолдсон. Хэцүү гэхээсээ илүү сонирхолтой байсан.
Жишээлбэл, англи бүрээ гэж нэрлэгддэг зэмсгийн дуугаралтыг төсөөтэй сонсогддог гобой хөгжмөөр орлуулж, өөрсдийн байгаа бүрэлдэхүүндээ тааруулж бичсэн. Өмнө нь мөн Жое Хисашигийн хөгжмийн тоглолт дээр босоо ятгаар тоглогддог хэсгийг монгол ятгаар орлуулсан туршлагатай. Дэлхийд алдаршсан зохиолуудыг өөрсдийн байдлаар тоглож, монгол гэсэн багахан ч болов шигтгээ оруулж өгч байгаа гэсэн үг.
Бас бид энэхүү тоглолтоороо сонгодог хөгжмийн уран сайхныг түгээхийн сацуу танин мэдэхүйн шинж чанартай, соён хүмүүжүүлэх үйл ажиллагаа байгаасай гэж хүсдэг. Улирлын чанартай, уламжлал болж тогтсон бүтээлүүдээр, эсвэл уран бүтээлчид өөрсдийн гоцлол тоглолтуудаа хийдэг бол иймэрхүү хөгжмийн тоглолт төдийлөн хийгддэггүй шүү дээ. Фантазиа студийн онцлог ердөө л энэ.
-Бид үзэгчиддээ хэдэн ч удаа үзэхэд нь дахин давтагдашгүй ямар нэгэн нууцлаг мэдрэмжийг өгдөг-
-Найман тоглолтын ард гарсан байна. Хамгийн их догдолж байсан тоглолт бий юу?
-Байлгүй яах вэ. Гэхдээ улирлын тоглолтын эхний өдөр хөшиг нээгдэхийн өмнөх харанхуйд зүрх хүчтэй цохилж, сандарч, бас догдолдог. Харин тоглолтын сүүлийн өдрийн хаалтаар хүмүүсийн алга ташилтыг сонсоод бахархах, баярлах, догдлох нь зэрэгцдэг.
-Нууц биш бол ирээдүйн төлөвлөгөөнөөсөө хуваалцаж болох уу?
-Бид ер нь дотоод ажлаа нууцалдаг юм. Хэвлэлд ч бага гардаг шүү дээ. Ирээдүйн зорилго бол мэдээж олон улсад гарах. Бид энэ эрчээрээ сайжирсаар, Азийн орнууддаа оркестр тоглодог болох, цаашлаад хүрээгээ тэлэх зорилготой.
Гэхдээ эхлээд эх орондоо сонгодог урлагийг ойлгодог, мэдэрдэг хүмүүсийг төлөвшүүлэх хэрэгтэй. Нэг үеийг бодвол үзэгчид ихэд соёлжсон гэж хэлж болно. Манай тоглолтын үзэгчид давхардсан тоогоор арваад мянга хүрсэн. Үүнээс харахад бид бага багаар зорилгодоо хүрч байна гэж болно.
-Давхардсан тоогоор арваад мянга гэлээ. Нэг үзсэн тоглолтоо дахин дахин үздэгийн гол нууц нь юундаа байна гэж бодож байна вэ?
-Хөгжмийг бодитоор тоглоход үзэгч болон хөгжимчид хоёр тайлагдашгүй ямар нэгэн зангилаагаар холбогддог. Үгээр хэлэхийн аргагүй орон зай үүсдэг учир бидний тоглолт илүү амьтай санагдаж, нэг үзсэн хүн хоёр дахиа, гурав дахиа үзэхээр тоглолтыг маань зорин ирдэг байх. Бид үзэгчдэдээ үзэх тоолонд нь дахин давтагдашгүй ямар нэгэн нууцлаг мэдрэмжийг өгдөг. Үүнд л учир бий.
Ийнхүү бидний ярилцлага өндөрлөхтэй зэрэгцэж, тайзны гэрэл асаж, хөгжимчдийн ард байх дэлгэц дээр бидний сайн мэдэх "Christoper Nolan"-ын "Inception" киноны дүрс гарч, хөгжим нь тоглогдож эхлэв. Богинохон хугацаанд сонсоод өнгөрсөн би бодол санаагаа тайзан дээр үлдээсээр бэлтгэлийн заалнаас гарлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.