Редакцын уриалга: Орон нутгийн сонгууль УИХ-ынхаас чухал тул саналаа заавал өгөөрэй

Өнөөдөр /2024.10.11/ баг, сум, дүүрэг, аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдөө сонгох өдөр. Бүр УИХ-ын сонгуулиас чухал.
Аливаа төр, засгийн үйл ажиллагааны зорилго нь иргэддээ үйлчлэх, тэднийг эрүүл, аюулгүй орчинд сайн сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэх. Үүнийг чадварлаг, мэдлэг боловсролтой, санаачилгатай, дадлага туршлагатай боловсон хүчнээс бүрдсэн баг, өөрөөр хэлбэл, ИТХ, ЗДТГ хэрэгжүүлэх учиртай. Орон нутгийн сонгуулийн үр дүн нь ардчиллын ололтыг баталгаажуулах, төрийн хяналтын механизмыг бүрдүүлэх, орон нутгийн хөгжлийг тодорхойлох, эрх мэдлийн тэнцвэржилтийг хангахад чухал ач холбогдолтой. Орон нутгийн удирдлага, боловсон хүчний сонголтоос ирэх дөрвөн жилийн хөгжлийн түвшин, ардчилсан нийгмийн ололт амжилт хамаарна. Товчхондоо, сум, хороо, дүүргийн төлөөлөгч нар өдөр тутмын амьдралын тань асуудлуудыг голчлон шийддэг субьект.
Тиймээс “Амралтын өдөр”, “баасан гараг”, “Нэг хүний саналаар дутахгүй” гэж хэнэггүй зан гаргалгүй хэсгийн хороондоо очоод саналаа өгөөрэй. Таны, миний, бидний санал маш үнэтэй.
Энэ удаагийн орон нутгийн сонгуулийг хуулиараа ирц хамаарахгүй болгосон. Хэдэн хувийн ирцтэй байхаас үл хамааран илүү санал авсан нь ялалт байгуулна. Сонгуулийн санал хураалтын идэвхийг бууруулахад нөлөөлж болзошгүй байна.
Нийт сонгогчийн тоо 2 246 164, үүнээс үндсэн сонгогч 2101897 байна. Сонгогчдын 1 002 278 нь нийслэлд, 1 099 619 нь орон нутагт байна. Улсын хэмжээнд 2230 санал авах байранд 2824 санал тоолох төхөөрөмжөөр сонгогчийн саналыг авахаар бэлтгэл хангасан. Улсын хэмжээнд 18,033 сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлт гаргасан бөгөөд 2024.10.10-ны өдөр 09.00-20.00 цагийн хооронд хэсгийн хорооны гишүүд батлагдсан хуваарийн дагуу 7500 чиглэлд саналыг нь авч байна. Санал авах, тоолох үйл ажиллагааг улсын хэмжээнд 17.800 гаруй ажиглагч хөндлөнгийн хяналт тавин ажиллаж буй юм.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БИТГИЙ ГУУЦ ӨГӨӨД Л БАЙДАГ ЭНЭ СОНГУУЛЬ ХЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ ЦАХИЛГААН ДУЛААНЫХАА ҮНИЙГ НЭМЖ САНАЛ ӨГӨХ ТУСАМ ИРГЭДИЙН НУРУУН ДЭЭР АЧАА НЬ ИХСЭЖ БАЙНА САНАЛАА ӨГӨХ Ч ҮГҮЙ ТЭГЖ ДОРОМЖЛУУЛАХАА БОЛЬЁО ТАМИНЭЭ УУР МИНЬ ХҮРЧ БАЙНА