БНХАУ-д гэрийн тэжээвэр амьтад “ажилд” явж байна

БНХАУ-д тэжээвэр амьтдын эзэд ноход, мууруудаа амьтны кафед “ажиллуулж” идэх амттаных нь мөнгийг олдог тренд үүссэн байна. Фүжоу Жэйн Шүэ ОК нэртэй хоёр настай Самоед үүлдрийн нохойгоо есдүгээр сарын дундаас “ажилд” явуулах болжээ. Түүний ажилладаг газар нь Фүжоу хотод байдаг нохойн кафе. “Яг л эцэг эхчүүд хүүхдүүдээ сургуульд нь явуулж байгаа мэт санагддаг” гэж 27 настай докторын зэрэг хамгаалж буй оюутан Шүэ “CNN” агентлагт хэлсэн юм.
Шүэ нохойгоо "өөр амьдралыг мэдрээсэй" гэж хүсэж мөн найз залуутайгаа амралтын өдрүүдэд ихэнхдээ гэртээ байдаггүй учир ОК-г ажилд явуулах болжээ. Тэр “ОК-ийг кафед явуулснаар хоёр талд ашигтай. Тэр бусад ноходтой тоглож, ганцаардсан мэдрэмж төрөхгүй” хэмээсэн юм. БНХАУ-д гэрийн тэжээмэл амьтдын кафе бол томоохон бизнес. Хятадад муур, нохойн кафегаар үйлчлүүлэхийн тулд ихэвчлэн 30-60 юань (14-28 мянган төгрөг) төлөх эсвэл кофе захиалах шаардлагатай байдаг.
Шүэгийн хэлснээр, ОК кафед “ажилласнаараа” найзуудтайгаа тоглохоос гадна гэртээ үлдэснээс илүү их мөнгө хэмнэдэг байна. Хэрэв түүнийг гэртээ үлдээвэл тэд агааржуулагчийг өдөржин ажиллуулах шаардлагатай болдог нь тогны үнэ их гарахад хүргэдэг байна.“Фүжоу хотын зун маш халуун байдаг” гэж Шүэ нэмж хэлжээ.
Шүэгийн санаа хачирхалтай сонсогдож болох ч энэ нь БНХАУ-д сүүлийн үед өсөн нэмэгдэж буй тренд юм. Хятадад үүнийг “Зэнмаотиачян” гэж нэрлэгдэг. Энэ нь “зуушны мөнгө олох” гэсэн утгатай. Гэрийн тэжээвэр амьтад яг л хүмүүсийн адил бүтэн цагаар муур, нохойны кафед ажиллаж, зуушныхаа мөнгийг олоод шөнө нь гэртээ харина гэсэн үг.
Сүүлийн саруудад кафе болон гэрийн тэжээмэл амьтдын эздийн аль аль нь Хятадын Инстаграм гэгддэг Шиахоншу дээр зар тавьж, анкет оруулах болжээ. Нэгэн хэрэглэгч "Муурын кафед ажиллахад цалин хэд вэ?" гэж нийтлэл оруулсан нь вайрал болсон юм. Тус нийтлэлийн дор нэгэн муурын кафены эзэн “Олон хүн манай муурын кафед мууруудаа ажиллуулмаар байна гэж хэлдэг. Хэрвээ тийм бол манай кафены цалинг танилцуулъя, бид саяхан хуучин ажилчдадаа цалин өгсөн шүү” гэж бичсэн байна.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.