УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Шанхайн томилолт | Эрдэнэбүрэнгийн УЦС, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын төслүүдийг эхлүүлнэ

БНХАУ-ын Шанхай хотноо Олон Улсын импортын 7 дахь удаагийн экспогоос Eguur news агентлагийн сурвалжлах баг шууд дамжуулан ажиллаж буй мэдээллийг нэг дороос хүргэж байна.

Сэтгүүлч: П.Урнаа

Видео дамжуулалт болон гэрэл зургийг: С.Боргил


НЭМЭЛТ: 17:30 цаг

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар өнөөдөр Шанхай хотноо албан ёсны уулзалт хийлээ.

Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, олон чухал тохиролцоонд хүрлээ. Энэ онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээний 30 жил, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны 10 жилийн ой тохиож буйг талууд онцлоод Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт амжилттай өргөжин хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа санал нэгтэй тэмдэглэв.

Цаашид хөгжлийн стратегийг харилцан уялдуулах, хоёр талын худалдааны хэмжээг ойрын хугацаанд 20 тэрбум ам.долларт хүргэх, төрөлжүүлэх, хилийн боомтыг харилцан холбох, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг эрчимжүүлэх, нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулахад хамтран ажиллах, байгаль орчин, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, инновац, шинэ эрчим хүч, ногоон болон цахим эдийн засаг зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд нягт хамтран ажиллахаар тохиролцов.

Талууд өнгөрсөн сард Исламабад хотод Монгол, Орос, Хятад гурван улсын Засгийн газрын тэргүүн нарын анхны уулзалт амжилттай болсныг онцлоод цаашид Монгол, Хятад, Оросын гурван талт хамтын ажиллагааг бэхжүүлэхэд санал нэгдлээ. 
Хамтарсан Засгийн газар ирэх дөрвөн жилд 14 мега төсөл хэрэгжүүлж, тогтолцооны 14 реформыг хийх хүрээнд Хятадын талтай эрчим хүч, аж үйлдвэр, уул уурхайн салбарт хэд хэдэн томоохон төслүүдэд харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх, эдгээр төслийг хэрэгжүүлж, шилжилтийг хийхэд БНХАУ-ын баялаг туршлагаас суралцах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, санхүүжилт босгох, урт, богино хугацаагаар хүний нөөц бэлтгэх зэрэг асуудлаар хамтран ажиллахаар боллоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн энэ удаагийн ажлын айлчлалын хүрээнд хамтын ажиллагааны дараах найман баримт бичигт талууд гарын үсэг зурж, хүчин төгөлдөр болгов. Үүнд:
1.    “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр, 
2.    Харилцаа холбооны салбарын хүртээмж, чанар, хяналтыг сайжруулах төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр, 
3.    Ерөнхийлөгч нарын нэрэмжит спорт цогцолбор барих төсөл хэрэгжүүлэх солилцох захидал, 
4.    Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам болон БНХАУ-ын Худалдааны яам хоорондын ногоон хөгжлийн салбар дахь хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг, 
5.    Монгол Улсын стандарт, хэмжил зүйн газар болон БНХАУ-ын Зах зээлийн зохицуулалтын удирдах газар хоорондын хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг, 
6.    Монгол Улсын Монополын эсрэг газар болон БНХАУ-ын Зах зээлийн зохицуулалтын удирдах газар хооронд өрсөлдөөний салбарт хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг, 
7.    Монгол Улсаас БНХАУ-д экспортлох тэжээлийн зориулалттай уураг болон өөх, тосны мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагын тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон БНХАУ-ын гаалийн ерөнхий газар хоорондын протокол,
8.    “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” зэрэг болно.

Ингэснээр олон жил гацаанд байсан, одоо Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төсөлд багтсан “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”, Гашуунсухайнт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслүүд хэрэгжих боломжтой боллоо. БНХАУ-ын Засгийн газраас олгож буй нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд нийт 11 төслийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд тэдгээрийн нэгд нь “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ыг барих төсөл багтдаг. Засгийн газар хоорондын энэхүү зээлийн хэлэлцээрийг байгуулснаар төслийг хэрэгжүүлэх нийт 253 сая ам.долларын санхүүжилтийн асуудлыг шийдэж байгаа юм.  

“Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлснээр импортын цахилгаан эрчим хүчний хэрэглээг тэглэж, ногоон эрчим хүчээр 100 хувь бүрэн хангаж, их ачааллын үед төвийн эрчим хүчний системийг дэмжиж ажиллах бололцоо бүрдэнэ. Анх 1964 онд ЗХУ-ын Электросеть институт урьдчилсан судалгааг хийж, 2015 онд уг төслийг хэрэгжүүлэх төслийн нэгж байгуулагдаж байсан түүхтэй.

Мөн энэ оны дөрөвдүгээр сарын 02-нд гарын үсэг зурсан “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлах дотоодын процедурыг дууссан тухай талууд харилцан мэдэгдсэнээр, энэхүү хэлэлцээр арваннэгдүгээр сарын 5-ны өдрөөс хүчин төгөлдөр болж байна. Засгийн газар хоорондын энэ хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан гүүрийн барилгын ажлыг гүйцэтгэх Монгол, Хятадын аж ахуйн нэгжийн хооронд барилгын ажлын ерөнхий гэрээг байгуулах эрх зүйн үндэс тавигдаж байгаа юм.


НЭМЭЛТ: 11.00 цаг

-Л.Оюун-Эрдэнэ: Бид хөрөнгө оруулагчдад ээлтэй, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрхэмлэнэ-

БНХАУ-ын Олон Улсын 7 дахь удаагийн экспогийн нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийг хүргэж байна.

Тэрбээр, “Эрхэм хүндэт Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян, Эрхэм зочид, төлөөлөгчид, хөрөнгө оруулагчид аа, Хатагтай, ноёд оо,

Юуны өмнө Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс олон улсын худалдаа, хамтын ажиллагааны нэр хүндтэй платформ болсон “Хятадын олон улсын импортын Экспо арга хэмжээг амжилттай зохион байгуулж буй БНХАУ-ын Засгийн газар,Шанхай хотын удирдлагад гүн талархал илэрхийлье.

Энэхүү Экспод Монгол Улс тасралтгүй оролцож ирсэн уламжлалтай бөгөөд “Шинэ эрин үед ирээдүйгээ хамтдаа хуваалцъя” уриан дор болж буй 7 дахь удаагийн арга хэмжээнд Монгол Улс анх удаа Ерөнхий сайдын түвшинд парламентад суудал бүхий улс төрийн бүх намын удирдлага, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн хамт өргөн бүрэлдэхүүнтэй, хувийн хэвшлийн хамгийн олон төлөөлөлтэй оролцож байгаагаараа онцлогтой юм.

Энэ онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгаа бөгөөд хоёр улсын худалдааны эргэлт 2023 оны байдлаар 17.6 тэрбум ам.долларт хүрснийг онцлон тэмдэглэж байна.

Эрхэм зочид, төлөөлөгчид өө,

Ази, Европын стратегийн уулзвар дээр оршдог Монгол Улсын хувьд энэхүү Экспод идэвхтэй оролцох нь хөрш орон БНХАУ төдийгүй бусад улстай эдийн засгийн харилцаа холбоогоо гүнзгийрүүлэх өргөн боломжийг нээсээр ирсэн билээ. 

Монгол Улсын Засгийн газар асар хурдтай хувьсан өөрчлөгдөж буй энэ үед гурван гол шилжилтийг хийж, шинэ эдийн засгийн бүтцийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Нэгдүгээрт, AI хиймэл оюун ухаанд түшиглэсэн цахим, ухаалаг технологийг хөгжлийн хурдасгуур болгон ашиглах, Хоёрдугаарт, Ногоон хөгжлийн шилжилтийг хэрэгжүүлэх, Гуравдугаарт, Хүний нөөцийн шилжилтэд анхаарч, ирээдүйн хөгжлөө төлөвлөж байна.

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд Монгол Улс бүх улс орон, хөрөнгө оруулагчидтай харилцан ашигтай хамтран ажиллахад бэлэн байгаа гэдгээ илэрхийлж байна. 

Монгол Улс хөрөнгө оруулагчдыг дэмжсэн эрх зүйн орчин, хамтарсан засаглал бүхий улс төрийн бодлогын тогтвортой байдлыг бүрдүүлсэн бөгөөд уул уурхай, хөдөө аж ахуй, шинэ эрчим хүч, дэд бүтэц, дэвшилтэт технологи, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл зэрэг тэргүүлэх салбарт идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байна. 

Монгол Улс дэлхийд дөрөвдэх том зэсийн гүний уурхайг Рио Тинто компанитай хамтран ашиглалтад оруулсан бөгөөд энэ нь цахилгаан машины үйлдвэрлэл, ногоон хөгжилд оруулж буй манай улсын томоохон хувь нэмэр юм. 

Монгол Улс “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг урт, дунд хугацааны хөгжлийн бодлогоо БНХАУ-ын “Бүс ба Зам” болон “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”-тай харилцан уялдуулж, “Чайна Энержи”, CNPC буюу Хятадын үндэсний газрын тос, байгалийн хийн корпораци зэрэг үндэсний компаниудтай нүүрс болон эрчим хүчний хосолсон шийдэл, усан цахилгаан станц, төмөр замын төслүүдэд идэвхтэй хамтран ажиллаж байна.

Монгол Улсын эдийн засаг цар тахлаас хойш 5-7 хувиар тогтмол өсч, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн жил бүр 1000 ам.доллароор нэмэгдэж байгаа нь бидний хамтын ажиллагааны бодит үр дүн гэж үзэж байна. 

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч, Ерөнхий сайдууд, хүндэт зочид, хөрөнгө оруулагчид аа,

Монгол Улс бол эртний түүхтэй, мөнх хөх тэнгэр, цэлгэр ногоон талаараа олон улсад алдартай орон билээ. 

Манай өвөг дээдсийн сургаальд Монголын За бол Андгай хэмээх сайхан үг байдаг. Бид хэлцэл бол хэлцэл, гэрээ бол гэрээ хэмээсэн зарчимд тулгуурлан хөрөнгө оруулагчдад ээлтэй эрх зүйн орчин, цахим нээлттэй засаглал, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрхэмлэсээр ирсэн. 

Бид Та бүхэнтэй харилцан суралцах, харилцан ашигтай түншлэн ажиллахад бэлэн байгаагаа дахин илэрхийлье. 

Монгол Улс жил бүрийн долоодугаар сард Үндэсний их баяр наадмаа тэмдэглэдэг бөгөөд энэхүү баярын өмнө Эдийн засгийн форумыг зохион байгуулдаг уламжлалтай. Та бүхнийг Монгол үндэстний өвөрмөц зан заншил, түүх, нүүдэлчин ахуйтай танилцаж, бизнес, хөрөнгө оруулалтын шинэ боломжийг нээдэг Монголын эдийн засгийн форумд хүрэлцэн ирэхийг урьж байна. 

Улс орон бүхэн үзэл бодол, засаглалын зөрүүтэй байдлыг ойлгож, хил хязгаар, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, хамтдаа зэрэгцэн хөгжих нь даян дэлхийн энх амгалан, хөрөнгө оруулалтын таатай орчин, хүн төрөлхтний аз жаргалтай амьдралын үндэс билээ. 

Эртний худалдааны түүхтэй Шанхайн Экспод оролцогч улс орнууд, аж ахуйн нэгжүүдэд шинэ боломж, шинэ амжилт, шинэ түншлэлийг хүсэн ерөөе” хэмээлээ.


ЭХЛЭЛ: 10.00 цаг

-БНХАУ-ын Шанхай хотноо VII дахь удаагийн олон улсын импортын экспо эхэллээ-

Видео дамжуулалтыг удахгүй хүргэнэ.

Eguur news агентлаг БНХАУ-ын Шанхай хотоос шууд дамжуулж байна. Хятадын 7 дахь удаагийн ОУ-ын импортын экспо (CIIE) өнөөдөр /2024.11.05/ Шанхай хотноо эхэлж, 10-ныг хүртэл үргэлжилнэ.

Хятад улс тус экспог 2018 оноос хойш тасралтгүй буюу Ковидын жилүүдэд ч уламжлал болгон зохиож байгаа. Энэ жил дэлхийн 128 орноос 3,400 гаруй оролцогч оролцож байгаа юм байна.

Монгол улсаас Эрдэнэс тавантолгойн компаниуд болон ньюком групп, макс групп, капитал маркет зэрэг 10 гаруй ААН үзэсгэлэнгийн талбайд ажиллаж байна.

Экспогоор ухаалаг тоног төхөөрөмж, шинэ дэвшилтэт технологи, автомашин, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, ХАА-н бүтээгдэхүүн, эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, тээвэр логистикийн техник, технологиудыг дэлгэнэ.

Өнгөрсөн жил тус экспогоор хийгдсэн худалдан авалт болон хэлцлийн дүн 78.4 тэрбум ам.долларт хүрснээр түүхэн дээд амжилт тогтоожээ. 

2023 он байдлаар манай хоёр орны худалдааны хэмжээ 17 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ тоог 20 тэрбум ам.долларт хүргэхээр хоёр тал зорьж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button