Гадаад мэдээ

Ши Жиньпин Жо Байдентай сүүлийн удаа хэлэлцэхдээ Трамптай хамтарч ажиллана гэдгээ амлав

Ази номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форумын дээд хэмжээний уулзалт Перу улсын нийслэл Лимад зохион байгуулагдсан. Тэгвэл БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар Лимад бямба гарагт /2024.11.17/ уулзсан юм. Энэ нь тэдний сүүлийн долоон сард анхны удаа хийж буй хэлэлцээгээс гадна Байден АНУ-ын ерөнхийлөгчийн хувьд Ши Жиньпинтэй уулзсан сүүлийн тохиолдол байв.

Хоёр улсын удирдагч нар цахим гэмт хэрэг, худалдаа, Тайвань, Өмнөд Хятадын тэнгис, ОХУ зэрэг сэдвээр хэлэлцжээ. Мөн Ши Жиньпин Доналд Трампын удирдах АНУ-ын шинэ засаг захиргаатай хамтран ажиллана гэдгээ амласан байна.

Ши Жиньпин Трампын сонгуульд ялснаас хойш Байдентай анхны удаа уулзахдаа "Хятад-Америкийн харилцааг тогтвортой, эрүүл, ирээдүйтэй байлгах БНХАУ-ын зорилго өөрчлөгдөөгүй" гэж хэлээд, хоёр улсын харилцаанд алдаа оноо байсан гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Тэрбээр "БНХАУ нь АНУ-ын шинэ засаг захиргаатай харилцаа холбоогоо хадгалах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, зөрчлөө удирдах тал дээр хамтран ажиллахад бэлэн байна" хэмээсэн юм.

Байден Ши Жиньпинд хандан, тэдэнд санал зөрөх үе олон байсан ч яриа хэлэлцээ нь "илэн далангүй" байсан гэдгийг онцолжээ.Трамп Цагаан ордонд эргэн суухад хоёр сарын хугацаа үлдсэн байгаа. Тэгвэл энэхүү шилжилтийн хугацааны үед мөргөлдөөн гарах эрсдэл ихэссэн гэж АНУ-ын албан тушаалтнууд үзэж байна. Байден Ши Жиньпинд хандан ажлаа өгснөөс нь хойш ч удирдагч хоорондын яриа хэлэлцээг үргэлжлүүлэх нь чухал гэдгийг онцолсон хэмээн Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан хэлжээ.

Зургийн эх сурвалж: Reuters

Шинэ ерөнхийлөгчөөр сонгогдсон Трамп БНХАУ-ын бараа бүтээгдэхүүний импортод 60 хувийн гаалийн татвар тогтоох санал дэвшүүлсэн. үүнийг "Америкийг нэгдүгээрт" гэсэн худалдааны арга хэмжээний хүрээнд хийхээ амласан. Бээжин эдгээр алхмуудыг эсэргүүцэж байгаа. Үүнээс гадна Трамп Хятадын талаар хатуу байр суурьтай хэд хэдэн хүнийг өндөр албан тушаалд томилохоор төлөвлөсөн. Үүнд АНУ-ын сенатор Марко Рубиогоор төрийн нарийн бичгийн дарга, төлөөлөгч Майк Уолтзыг үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр томилох багтана.

Байден БНХАУ-тай зөрчилдөөнөө бууруулахыг зорьж байгаа ч гол асуудлууд дээр ахиц дэвшил төдийлөн ажиглагдсангүй. Гэсэн хэдий ч Байден, Ши Жиньпин нар цөмийн зэвсэг хэрэглэх шийдвэрийг хиймэл оюун ухаан бус, хүн гаргах ёстой гэдэг дээр санал нэгдсэн гэж Цагаан ордон мэдэгдэв. Энэ нь хоёр улс энэ асуудлыг анх удаа хөндөж байгаа явдал юм.

Хоёр улсын ерөнхийлөгчид мөн БНХАУ-ын холбоотон Хойд Солонгосын талаар ярилцжээ. Умард Солонгос ОХУ-тай харилцаагаа гүнзгийрүүлж, Украины дайнд цэргүүдээ байршуулж байгаа нь Вашингтон, Бээжин, Европын удирдлагуудын санааг зовоож буй.

Салливан "Ерөнхийлөгч Байден БНХАУ-ын Украин дахь дайны талаарх олон нийтийн байр суурь нь дайныг өргөжүүлэх, мөргөлдөөнийг улам хүндрүүлэх ёсгүй байгааг нь онцолсон. Мөн БНАСАУ цэргүүдээ илгээхийн эсрэг байр суурьтай байгааг нь онцолсон. Мөн БНХАУ нь нөлөө, чадамжтай учир үүнийг ашиглан мөргөлдөөн улам даамжрах, эсвэл Умард Солонгосоос нэмэлтээр цэрэг оролцохоос урьдчилан сэргийлэх тал дээр хүчин чармайлт гаргах ёстой гэдгийг дурдсан" гэжээ

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button