Нобелийн шагналтнуудын оройн зоогт уригдсан Б.Наранбадрах: Дэлхий Монгол руу чиглэхэд бэлэн, бид өөрсдөө бойтог байна

Б.Наранбадрахын цаана "Адууны асрамжийн газар"-аас хол давсан сэтгэлгээ, олон улсад монгол үнэт зүйлийг сурталчлан таниулах боломжтой "суурь бааз" бий нь жилийн өмнө ярилцах үеэр мэдэгдэж байлаа. "Адууны асрамжийн газар" гэдэг концепц өөрөө дэлхий нийтэд амьтныг хайрлах, экологид ээлтэй амьдрах өнөө цагийн "трэнд" сэдвийн оновчтой цөм гэдгийг тэр олж харжээ.
Үүнийг баталсан мэт, Ромын пап Францис Монголд айлчлах үеэрээ Б.Наранбадрахтай уулзахаар утас цохисон байдаг. Тэр завгүй таарсан тул, Францис морь зүслээд буцсан. Тухайн үед Б.Наранбадрахын лекц, яриаг орон орны хүмүүс сонирхон хандаж байв. Энэ жил бүр олз омог сайтай явна. Тэр Нобелийн энх тайвны шагналтныг зарлах ёслолд уригдаж, Шведийн хаанаас ч заллага авчээ.
Танд танилцуулах нь илүүц биш бол, Б.Наранбадрах нь бойноос адууг аварч, "Адуун асрамжийн газар" байгуулж, үйл ажиллагааг нь өдгөө жигдлээд байгаа нэгэн юм.
Адуугаар дамжуулан малчдын аж ахуйг шинэ шатанд гаргах, давхар монгол ахуй соёлыг дэлхийд сурталчлах түүний системчилсэн төлөвлөгөө бага багаар дэлхийн анхаарлын төвд орж байна. Хэдхэн хоногийн дараа дахин лекц уншихаар гадагш явахынх нь өмнө бид ярилцлаа.

-Дараагийн урилга, заллага хааш чиглэж байна вэ?
-Австралийн Үндэсний их сургуулийн урилгаар илтгэл тавихаар хэд хоногийн дараа явах гэж байна. Арваннэгдүгээр сарын 17-нд эргэн ирнэ дээ.
-Гадаадын олон оронд анхаарлыг нь татаад байгаа энэ илтгэлийг та ер нь хэдэн удаа тавив, тоолов уу?
-Тоолбол замбараа алдахаар болсон байх. Арай олон улсын шинж чанартай болж, идэвхэжсэн нь гэвэл хоёр жилийн өмнө Бразилаас эхэлсэн. Кэт Уинслэтийн хадам дүү Отто, Марк, Лөдө нарын урилгаар, тэдний баримтат киноны нээлтэд уг илтгэлээ тавьсан. Дараа нь Бразилийн телевизээс ярилцлага авъя гээд л, ар араасаа явчихсан.
-Хүмүүсийн реакц ямар вэ?
-Манай монголчуудын реакц бол бага шүү дээ. Англи хувилбар дээр гэвэл тэд ихэнхдээ уйлна. Дэлхийд, ялангуяа Скандинавын орнуудын голчлон баримталж буй эмпати боловсролын хөтөлбөр гэдэг нь угтаа манай малчдын үр хүүхдээ мал амьтантай ойр өсгөдөг тэр хэлбэр юм шүү дээ. Ийм маягаар, илтгэл маань: Манай монголчуудын амьтан хийгээд байгальд ойр өсдөг ахуй бол дэлхийд энх тайвныг авчрах нууц жор юм гэж задраад явдаг.
-Жилийн өмнө Ромын пап Францис Монголд ирмэгцээ тантай уулзъя гэснийг сонсоход итгэмээргүй санагдаж байлаа. Одоо Шведийн хаан ч уулзах санал тавьсан гэж байна, худал хэлээд яваа ч шиг санагдах сэтгэл эрхгүй төрөх түвшний нэрс. Харин өөрөө энэ бүхнийг яаж хүлээж авдаг вэ?
-Ромын Папын тухайд гэхэд л над руу анх залгахад нь би өөрөө итгээгүй шүү дээ. “Битгий утсаар тоглоод бай” гэж хариулсан. Харин сүүлд Нобелийн энх тайвны шагналтныг зарлах ёслолд уригдаж очлоо. Одоо бол иймэрхүү урилгад дасаад эхэлж байна. Ноднин би чамтай ярилцсаныхаа дараахан Франц руу явж, Жэйн Гүүдоллтой уулзсан. Тэр хүн надад дэлхийг нээж өгсөн. Байгаль дэлхийг хамгаалах гэдэг энэ салбарт хоёр ноён оргил байна. Нэг нь Жэйн Гүүдолл, нөгөө нь Сир Дэвид Аттэнброу. Жэйн Гүүдолл энэ жил 90 настай. Төрсөн өдрөө тэмдэглэж жилжин дэлхийг тойрон явж байна. Түүнтэй уулзаад миний нүд үнэхээр нээгдсэн. Чиний асуултад хариулахуйц сэтгэл зүйг өнгөрсөн жилийн турш, тэр уулзалтаас хойш бэлдсэн байна. “100 насалсан ч ажил гүйцэхгүй нь” гэх шиг, таяг тулаагүй, ухаан сэргэлэн тэр хүнээс сурах юм их байлаа. Улмаар Сир Дэвид Аттэнброутэй намайг танилцуулсан. “Монгол хүний ахуй соёл ийм, хүүхдээ таван нас хүртэл нь хурга ишигтэй тоглуулж өсгөдөг, амьсгалж буй бүрийн ард амь бий гэдгийг мэдрүүлдэг” гээд ярихаар л “Би яаж чамд туслах вэ?” гэж байгаа юм. Одоо бол дасаад, ажилдаа, зорилгодоо илүү төвлөрөөд байна. Сая Шведийн төв радиод ярилцлага өгч суухад, “Манай радиод анх удаа монгол хүн ирж байна” гэж хэлсэн. Эдгээр нь миний үүсгэсэн биш, монгол соёлоо танилцуулж явахад өөрөө үүсэн бүрэлдэж байгаа зам юм.
-Нобелийн шагналтныг зарлах оройн зоогт уригдаж очсон тэр сонин сайхнаас хуваалцах уу?
-Нобелийн энх тайвны шагналтныг өглөө нь зарлаж, орой нь хэлэлцүүлэг явуулдаг юм байна. Нөлөө бүхий хүмүүс тэнд ирдэг. “Шагнал нүдээ олов уу. Ирээдүйд энх тайвны төлөө юу хийх вэ” гэх маягаар хэлэлцдэг. Шагналтныг зарлах ёслол 11.00 цагт болов. Гэтэл асуулт асуух эрхийг нэг хүнд өгье гэлээ. Хамгийн холоос ирсэнд нь гэж намайг сонголоо. Тэгэхэд нь би “Надад асуулт алга, харин санал байна” гэж хэлсэн.
-Ямар санал гаргав аа?
-“Өнөөдөр энх тайвныг тогтооно гэдэг дипломат үйл ажиллагаа мөн. Харин ирээдүйд яах вэ гэдгээ тодорхой болгомоор байна. Энэ бол цэрэг арми бэхжүүлэхийн нэр биш. Улс орнууд зэвсэгт хүчний төсвөө нэмсээр л байна. Гэтэл яагаад хүүхдийн хүмүүжлийн асуудлыг дэлхий дахинд нэг дуугаар, трэнд болгож болохгүй гэж. Peace (энх тайван) гэдэг үгийг та бүхэн дор дороо бодоод үзээрэй. Ихэнх хүн АНУ, ОХУ-ын, эсвэл НҮБ-ын шийдэх асуудал гэж үздэг. Гэтэл яг өнөөдөр та хандлагаа хэрхэн өөрчилж, хүүхдээ яаж хүмүүжүүлэх вэ гэдэг л асуудал шүү дээ” гэж хэлсэн. Ерөнхийдөө хүүхдийг багаас нь энх тайванч, өр нинжин сэтгэлээр, байгальд ойр өсгөх нь үүний шийдэл юм гэдэг үүднээс товч ярьсан.
-Сонссон хүмүүсийн хариулт?
-Оройн хэлэлцүүлэгт нь өглөө байлцсан хүмүүсээс Шведийн Төв намын дарга ирж уулзсан. Өглөө нь яараад би дээлгүй оччихсон байсан. Орой дээл өмсөж иртэл “Чи өглөөний залуу мөн үү, хоёул энэ талаар ярилцъя” гэж дуудлаа. Тэд НҮБ-ын тунхгийн дараагаас боловсролын системд энэ эмпати хөтөлбөрийг оруулж ирж. Сард нэг удаа сурагчид байгальд гарч, фермд очдог гэж байна. Ингээд “Чиний ууж байгаа сүү яаж бий болдог вэ. Энэ явж байгаа үнээг чи яагаад хайрлах ёстой вэ” гэдэг байдлаар сургадаг юм байна. Надад бодогдсон. Хавар, зун бидний багад хөдөө явчихдаг байсан. Эмпати боловсролыг тэгж авдаг байсан байна. Одоо хотод энэ соёл муур, нохойгоор л хязгаарлагддаг болчихжээ. Тэгэхээр сургуулиуд хотын ойр малчидтай гэрээлээд л, сар бүр сурагчидтайгаа очиж хороо хотыг нь цэвэрлэж, ямааг нь сааж өгдөг байж болно шүү дээ. Малчин өөрөө бас орлоготой болно.
-Таны лекцийн агуулгыг монголчууд нь эхлээд ойлгох хэрэгтэй юм шиг. Гаднынхан тэгтлээ их сонирхохдоо Монголыг чухам мал аж ахуйгаа орчин үеийн боловсролын хөтөлбөр, хотын хүүхдүүдтэйгээ уяад хөгжүүлчихсэн улс орон л гэж төсөөлдөг болов уу даа. Гэтэл бидэнд энэ чиглэлд хийсэн юм алга. Алга гэдэг үнэнийг мэдрэнгээ гадаадад үүнийг ярьж явах ямар санагддаг вэ?
-Энэ миний төлөвлөгөө. Монголчууд эхлээд хүлээж авахгүй байсан. Харин гадаадад ярихаар сонсоод, сонирхоод байна шүү гэнгүүт сая сортосхийн анхаарч байгаа юм. “Гадаадад гайхаж сүйд боллоо шүү” гэж байж л хүмүүсийн сонсож, хүлээж авах нь өөрчлөгддөг. Нөгөө талаас малчид маш их холбогдож байгаа шүү. Гэртээ, малчны хотдоо жуулчин хүлээж авах үйлчилгээг дэмжиж, сургаж өгөөч гээд. Ганц хүн гэж өөрийгөө гололгүй яваад байгаа маань миний цацсан үрээр 10 жилийн дараа гэхэд улс нь ч болов анхаарч, анзаарч эхлэх болов уу гэсэн итгэл найдвар. Боловсролын системдээ ч суулгаад эхлэх болов уу гэж найддагаас эхтэй. Би талбай дээр хашгирч биш үлгэрлээд үзүүлчихье гэж боддог хүн. Тэгээд л бидний онцлог ялгарал гээч зүйл үнэндээ дэлхийд яаж хүчирхгээр тусна гэдгийг, тусаж байгааг харуулчихъя гэж бодсон.
-Б.Бат-Эрдэнэ сайдын үед “Нэг жуулчин, нэг хонь” гэдэг хөтөлбөр хэрэгжсэн, энэ таны санааг хэрэгжүүлэх эхлэл байв?
-“Монгол адууны диваажин” санаачилгын маань нэг чухал хэсэг бол “Нэг морь, нэг эзэн”. Моринд хайртай 200 сая хүн дэлхийд бий гэж үзвэл тэднийг Монгол руу татах л гол төлөвлөгөө юм. Тэр хүмүүс Монголд морьтой болж болно. Шведэд морьт сургууль болон морин эмчилгээ гэдэг хөтөлбөр хэрэгждэг юм байна. Тусгай хэрэгцээт хүүхдүүд морин эмчилгээ хийлгэдэг, хүсвэл өөрийнхөө морийг авчирч, сургуульдаа явж болдог жишээтэй. Тэдэнд “Монгол адууны диваажин”-г ярихаар “Монголын морь хашаанд байдаггүй, гоё юм байна” гэж хүлээж авна лээ. Тэдний морь бол цахилгаан гүйдэл бүхий торон хашаанд хашаатай байх юм билээ. Швед иргэн нь байгаа газарт мөнгө хаяад, өөрсдийн хөтөлбөрт сургуулиа байгуулчихдаг орон юм байна. Тийм учраас Монголд энэ морин сургуулиа байгуулъя гэдэг санаачилгыг ч дэвшүүлж байна лээ.

-Ердөө жилийн өмнө таныг бойноос адуу авардаг залуу төдийд сонсож явснаа өөрчлөхөд хүрч, сайтар бодож төлөвлөсөн “Монгол адууны диваажин” хөтөлбөрийнх нь санаа, загварчлалд анхаарал хандуулж байлаа. Үүнд хамгийн дөхөж очсон нь Засгийн газар солонгос жуулчинд хонь бэлэглэсэн явдал. Харин олон нийт ойлгохгүй байна лээ. Ойлгоход хэдэн жил шаардлагатай гэж үзэж байна вэ?
-Таван жил. Морь, хонь хоёр нэг ялгаатай. Монгол хүний сэтгэхүйд морь хамгийн дээд байр суурь эзэлдэг. Морио идэш болгох юм уу, эдийн засгийн эргэлтэд оруулах юм уу гэдгийг л зөв тайлбарлаад өгчихөд малчид “Би оръё” гэдэг шүү дээ. Манай бодлогыг дэмжигчид чи бид хоёрыг ноднин уулзаж ярилцсанаас хойш нэлээд өргөжсөн. Аппликейшн дэх үнэлгээний системийг одоо бэлдэж байна. Тухайлбал, мод тарьдаг малчнаа арай илүү үнэлж болно шүү дээ. Ингэвэл "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнөө, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ажиллаж буй имижээ ч хамтатгачихна. Ердөө AirBNB гээд л бодчихъё. Түүн шиг “Монгол адуу” гэдэг ч юм уу, нэг апп байна. Малчин тэр апп-д нэгдэнэ. Гаднаас жуулчин авдаг, модоо тарьдаг, бэлчээрийн менежмент хийдэг зэрэг чиглэлээр тухайн малчныг үнэлнэ. Цаашлаад Хөдөлмөрийн баатар, Алтан гадас одон хүртэх үнэлгээг ч үүнтэйгээ уяж, тодорхой болгож болно. Бэлчээр ашиглалт талдаа сайн бол 10 оноо, мянган мод тарьжээ гэвэл дахиад 10 оноо. Ирсэн жуулчин үнэхээр сайхан байна гээд коммент өглөө, 5 оноо. Энэ мэтээр явж байгаад суурь оноо нь хүрвэл малчин Хөдөлмөрийн баатар, Алтан гадасаа авна. Цэвэр өрсөлдөөн үүснэ. Тэр хэрээр малчин жагсаалтын дээгүүр харагдана л гэсэн үг. Жуулчин ирээд аль малчныд очих вэ, эсвэл хэнээс айраг авах вэ гээд апп-руугаа ороход өндөр оноотой сайн малчин дээгүүр харагдах нь байна шүү дээ.
-Хэрэв Засгийн газар энэ санааг бүхэлд нь авч, хэрэгжүүлээд эхэллээ гэхэд автор дурдагдах тухай та юу гэж үзэх вэ?
-Автор хэн байх нь надад хамаагүй л дээ. Би ашиг харсан бол шал өөр систем үүсгээд, өөрөө бүгдийг хийчих байсан. Адуу бойнд яргалуулж үхдэг асуудлыг цэгцлэх гэдэг язгуурын санаа өөрөө ашиг харснаас эхтэй биш. Энэ санаа явсаар байгаад дундаж орлоготой малчин хүний амьдралыг дээшлүүлэх асуудал болоод томорчихсон. Засгийн газар өөрөө автораар явбал зүгээр. Өөрөөр хэлбэл Монгол Улсын асуудал болохоос минийх биш шүү дээ.
-Намын бодлого мэт харагдах тусмаа л улстөржилт бөгөөд эсэргүүцэл ихсэх юм биш үү?
-Миний харж буйгаар улстөрчид нэг алдаа гаргаж байна. Тэр нь сонгуулийн үеэр л хэвлэл мэдээлэл, пиар агентлагтай хамтарч ажилладаг. Харин тухайн нэг бодлого, хөтөлбөрийг тайлбарлах, ойлгуулах чиглэлдээ огт мөнгө зардаггүй. “Монгол адууны диваажин” бодлого болж хэрэгжлээ гэхэд эхний нэг жил зөвхөн сурталчлах, таниулах, ойлгуулах ажил хийгдэх ёстой. Хүмүүс ойлгосны дараа хөдлөх хэрэгтэй биз дээ.
-Өөрөө хийх байсан бол хийчихнэ гэдэг ч үнэн шиг билээ. Таны ярилцлагыг ноднин “Дубайд ламборгини унаж давхидаг нэгэн” гэж гарчиглаж байв. Хувь хүний аж амьдрал энэ завгүй үйл явдал дунд тогтвортой байна уу?
-Дубай дахь компаниас хоёр идэхгүй, хоосон хонохгүй орлогожиж, илүү гарснаар нь гадагшаа дотогшоо явах зардлаа гаргаж байна. Сүүлийн хоёр жилд гаднын их сургуулиуд өөрсдөө зардлыг маань төлж, урьж байгаа нь бүр амар юм. Морь хүн хоёрын харилцааг судалъя гэвэл Монгол л гарч ирж байна шүү дээ. Хүн бүр өөрийн гэсэн морьтой байх тэр боломж ч бас зөвхөн Монголд. Сая Шведийг тойроод явахад, “Одоо очъё л доо. Танай улс бидэнд чартерын нислэг гаргаад өгвөл харин зүгээр” гэж байна лээ. Жуулчин татахын тулд өдөр бүр нисдэг, чартер нислэг гаргадаг юм байна. “Монгол адууны диваажин” гэдэг нөгөө аппаар дамжуулж, нислэг захиалдаг байж ч болох. Худалдаа нь ч, үйлчилгээ нь ч, нислэг нь ч, малчин айл нь ч байж байдаг апп болж хөгжинө. Харин нэн тэргүүнд шинэчлэх ёстой зүйл бол Монгол шуудан байна. Хэн нэг жуулчин Монголд ирээд пургон хөлслөхгүйгээр, Монгол шууданд суугаад л малчин айлынхаа гадна оччихдог байх хэрэгтэй. Тэнд даатгал нь, стандарт нь, жолоочийн нэр ус, хаяг сэлт нь бий. Ер нь малчдыг ингэж орлогожих тогтолцоо руу хурдан л оруулахгүй бол одоо жаал жуул хоршоо болоод авчихсан, яаж зээлээ төлөх вэ гээд сууж байна. “Юм үйлдвэрлэ гэх юм, зах зээл нь алга шүү дээ” гэсэн хүмүүс түүгээр нэг байна.
-Аялал жуулчлал хөгжүүлэхэд модон жорлон хамгийн чухал гэлцдэгийг та хэрхэн хардаг вэ?
-Малчдыг апп руу оруулахдаа дөрвөн шатлалтай сертификатжуулбал зүгээр гэж төлөвлөөд байгаа. Нэг шаардлага нь ноль байж болно. Малчин энэ апп-д нэгдэж, шууд зах зээлтэй холбогдъё гэвэл өөрөө боловсон нольтой байх ёстой. Харин душтэй байж ч болно, байхгүй ч байж болно. Душтэй бол нэг одны үнэлгээ нэмэгдэнэ л биз. Малчин мөнгө олъё гэвэл өөрөө чадавхаж, боловсор. Ингээд ажил хийж чадвал малчныг улс нь шууд зах зээлтэй холбож өгнө гэдэг систем юм шүү дээ.
-Улаанбаатарын утаа, түгжрэлээс илүү малчдын асуудал илүү тулгамдсаар байгаа л даа. Сонгууль дамнасан “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр дахиад баахан өр зээлтэй, амьдралын хэв маяг нь шинэчлэгдээгүй малчид үлдчихлээ.
-“Шинэ хоршоо”-ны зээлээр нөгөө хуучин шигээ л машин сэлт, ойр зуурын юм авсан гэнэ. “Одоо зээлээ яаж төлөх гэж байна” гэхээр “Сураагүй юм биш мах, ноолуураараа төлнө дөө” гэж хариулах юм билээ. Энэ зах зээл эрүүл бус явааг илэрхийлж байна. Өөрийн үндсэн үйл ажиллагаанаас олсон орлогоор зээлээ төлж байвал эрүүл шүү дээ. Хийх, өөрчлөх ажил байна л гэсэн үг.
-Таны гадаад орчин дахь нөлөө нэлээд тэлчих шиг боллоо. Францын томоохон агентлагаас баримтат кино хүртэл хийсэн байна. Тэр кино баг танаас яг юуг онцлох гэж ажилласан мэт санагдсан бэ?
-Морь авардаг залуу гэдэг нэртэй боловчиг энэ арай нэг энтэрпренёр маягийн хүн байна. Ийм хүн дэлхийд нөлөө үзүүлж болж байна гэсэн дарааллаар хийсэн санагдсан. Удахгүй 52 минутын хувилбар нь цацагдах юм билээ.
-Одоо таны мэдрэмжээр энэ хүрээ цааш хэр томрох бол?
-Сая баримтат кино гарсны дараа ХБНГУ-ын Морь унаачдын холбооноос холбогдсон. Монголд очиж бид морьтой болмоор байна, зөвлөмж өгөөч гэсэн. Энэ нөгөө л дэлхий дахины моринд хайртай хүмүүсийг татах төлөвлөгөө биелэх боломжтойг илэрхийлж байгаа хэрэг. Харин Монгол дахь ажил л удаад байна. И-мейл маш их ирж байна. Юу гэж хариу бичих вэ гэж нэг талаас бодох шиг болдог. Хөтөлбөрийн нэр тодорхой, цахим систем нь үүсчихсэн байвал халуун дээрээ байгаа улс худалдан авалт хийгээд эхэлчих ч юм бил үү... Бид өөрсдөө жаахан бойтог байна л даа.
-Таны ярихыг сонсоод л Монгол руу давхиад ирэхэд төсөөлөл зөрнө. Тэгж ирсэн хүмүүс бий л биз дээ?
-Байгаа.
-“Яс юман дээрээ та нар болоогүй, учраа олоогүй байна ш дээ” гэж сэтгэгдэл хэлсэн нь бий юу?
-Надтай холбогдож ирсэн хүмүүсийг би яг өөрөө дааж авсан. ХБНГУ-ын Бундестагийн 10 гишүүн өнгөрсөн жил ирсэн л дээ. “Чиний лекцэндээ ярьсан зүйлийг хүүхдэдээ сургамаар байна” гээд. Тэгээд би яг өөрөө үйлчлэх, зохион байгуулах шаардлагатай болсон. Тэдний нэг нь одоо бичиж байна. Нольд суудаг мөчөө аймаар их санаж байна гэнэ ээ. Хүүхэд нь айлын хонь эргүүлж гүйхийг нольд суунгаа майхангийн үүдээр хардаг байж л дээ. Би суултууртай ноль хийгээд, дээгүүр нь майхан барьчихсан юм. Нөхдүүд Монголд очоод угаас таван одтой зочид буудал хүсдэггүй. Харин мэдээж гол зүйл нь нөгөө ноль гэдэг үнэн. Цаашлаад малчдыг сургалтад хамруулж, сертификат өгдөг болчихвол бүр амар, хяналттай. Хүссэн нь апп-д бүртгүүлээд л жуулчин аваад эхэлбэл маш их алдаа гарна шүү дээ. Тэгэхээр нэг өглөө бүх малчин айл жуулчин хүлээн авдаг болчихгүй л дээ. Заавал боловсруулж, чадавхжуулах ёстой.

-Адууны асрамжийн газарт одоо хэчнээн адуу байна вэ?
-114 байгаа. Ноднин ная гаруй байсан. Зүсэлж авсан нь цөөхөн. Энүүхэн хооронд 40 км шүү дээ. Гэтэл зүсэлсэн морио эргэж тойрох, тэжээл тавьж өгөх мэтийн шалгуур дээр л хүмүүс унаад байна.
-Зүсэлж авчхаад очихгүй байна уу?
-Янз янз. Зүслэхээс өмнө ойр ойр эргэж тойрч чадахгүй гэдгээ хэлээд больдог хүмүүс ч байна. Морь зүсэлчхээд таг алга болчихвол би “Хоёр сар харъя, ирэхгүй бол өөр хүнд зүслүүллээ шүү” гэж хэлдэг. Хүүхдүүд бол очих гээд байдаг. Аав ээж нар нь цаг гаргадаггүй юм байна. Уг нь энэ үнэ төлбөргүй үйлчилгээ шүү дээ.
-Энэ бүгдийг та гүйлгээ ухаантай, сэргэлэн нүдээр олж харсан байдаг юм уу эсвэл жинхэнэ эрмэлзэлд эртнээс хөтлөгдөж ирсэн үү?
-Энэ бол эволюцын хувьсгал шиг зүйл. Эхлээд би ач санах сэтгэлээр бойноос нэг адуу аварсан л монгол хүн. Харин зогсож чадаагүй. Алгуур адууны хулгай, малчдын алдагдал, системийн хямрал бүрийг харж эхэлсэн. Малчид зовлонгоо ярьж эхэлсэн. Өглөөнөөс орой хүртэл тасралтгүй утас дуугардаг байсан. Би маш сайн сонсогч. Судалгаа сэлтийг өөрөө явж цуглуулан, анализ хийж үзсэн. Тэгээд гаднын найзууд маань, “Танай гол үзэх юм ахуйдаа байхад яагаад малчид дээрээ жуулчин авч болдоггүй юм” гэж хэлсээр байлаа. Тэгэхээр би мэдээлэл сайн цуглуулж, анализ хийсэн л хүн.
-Бүхний эхлэл цэг нь адуу юм бол адуу нь өөрөө танд юу байв?
-Морь харахаар огшдог тэр энгийн дундаж монгол хүүгийн л нэг би байсан.
-Өөрийгөө үүнд бэлдэж ирсэн гэж боддог уу?
-Яах вэ, хүмүүс бол тэгдэг юм. “Чи азтай, учир нь амьдралынхаа хэрэгцээг болгоод байна. Санаа нь байв ч маргаашийн хоолоо бодоод хөдөлж чаддаггүй хүн олон” гэж. Харин хүнд нэгэнт зорилго үүсэж, түүний араас зүтгээд эхэлсэн нөхцөлд мөнгөтэй байна уу, ажилтай байна уу хамаагүй юм билээ. Өмнө нь бараг л хувь тавилангаар эдгээр бүгдийг хийж явна, хийсэн ажлын буян эргээд ирж байна гэж бодож явсан үе бий. Одоо бол тийм биш. Жэйни Гүүдол гэж хүнтэй уулзсан тэр уулзалт миний нүдийг нээсэн.
-Гэхдээ олдмол зорилго юм шиг сонсогдоод байна л даа. Багаасаа хүсэж мөрөөдөөгүй ч гэх үү, бүтчихвэл өөр юм руу орчих ч юм шиг...
-Тэгнэ. Ний нуугүй хэлэхэд дараагийн алхмаа төсөөлсөн байгаа. Багадаа таван жил... Тэгээд дараа нь миний зорилго ондоо. Байгаль орчин, энх тайван гэдэг малгай дотроо.
-Тэр малгай зорилго ер яагаад юм бэ?
-Монголчуудад тавьдаг лекцийнхээ төгсгөлд би мөрөөдлөө ярьдаг юм. “Очихыг хамгийн их хүсдэг орондоо ирлээ гэж төсөөлөөрэй. Гэтэл хамгийн түрүүнд тааралдсан хүн “Чи хаанах вэ?” гэж асуув. Тэгвэл нь “Би Монгол хүн” гэж хариуллаа. Нөгөө хүн “Энэ дэлхийд амьтныг алагчилдаггүй, энх тайванч улс Монголоос өөр байхгүй. Монгол бол дэлхийн сувд шүү” хэмээн таныг хүндэлж байна гээд төсөөл”. Ингэж хэлээд нүдийг нь нээлгэдэг. Энэ л миний мөрөөдөл юм. Үүнд харин адууг “ашиглаж” байна.
-Энэ бүхний хаана нь та өөрөө байх вэ. Жишээ нь санаачлагч гэж нэрээ ч дурдуулахыг хүсэхгүй гэх юм билээ шүү дээ?
-Би хаана гэвэл өөрөө өөртөө, гэр дотроо л байгаа юм. 18 нас хүрсний дараахан надад өөрийн удам судар, түүний өмнө хүлээсэн том үүргийг олж мэдэх тохиол таарсан юм. Энэ бол гэр бүлийн нууц сэдэв л дээ. Хожим цаг нь болохоор би бага сага ярина гэж боддог л доо. Би өмнөх эцэг өвгөдийнхөө байгуулсан гавьяаг давуулахгүй юм гэхэд давтах үүрэг хүлээсэн л хүн. Хүүхдүүддээ ч энэ талаар ярьж, дуулгаж эхэлсэн яваа.
-Өвөг дээдсийн мэдээлэл гэж их чухал сэдэв шүү. Хожим нууцлахаа болих үед нь дэлгэрэнгүй ярилцах боломж ирнэ гэж найдаж байна. Гэхдээ энэ өөрөө өөртөө хүлээсэн үүргийн өмнө эрэгтэй хүн ганцаардана, юугаар өөрийгөө дүүргэж явмаар юм бэ?
-Тэгтлээ хоосордог юм алга. Харин монгол дахь адуучдын хамгийн онгироо нь би. Хүрээд ирэхэд унаганууд ч намайг үнэрлээд зогсдог. Ирсэн мөчид 40 гаруй агт нэг дор зогсоод, ээлж дараалан намайг үнэрлэнэ гэдэг сэтгэцийн эмчилгээ шүү дээ. Сэтгэл жаахан сонин болоод ирвэл тэдэн рүүгээ л давхичихна. “Манай аав архи уух болохоороо л халтар морио унадаг байсан. Халтар морь нь заавал эсэн мэнд гэрт нь хүргэж өгдөг”, “Ухаан алдаад сэрэхэд морь нүүрийг нь долоож, шуурганд цаснаас гаргачихсан байсан” гэх мэтийн үлгэр домог шиг яриа олон. Энэ бүгд бодит, монгол хүнд морь нь тийм ойр. Харин үүнийг хотын хүүхдүүд яагаад мэдрэх тавилангүй гэж. Адуу нь байна, газар нь байна. Адууны хулгай л саад болж байна. Бусдаар зохион байгуулалтын төдий ажил гэж хардаг. Хүмүүс ганцаардлаа гэдэг. Надад тийм юм төрдөггүй. Төрдөггүй шалтгаан нь адуутайнх. Ерөөс монголчуудын морин соёл гэвэл: Уях сойх уралдуулах, Дайны морийг бэлдэх, Мориор хүүхэд хүмүүжүүлэх гурав байсан шүү дээ.
Нэг жилийн өмнөх бидний ярилцлага:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Imgeed soliorood mongoloo muulaad eheldeg shuu neg oroin hoolond ochson bish ...
Яасан онцгүй харцтай з�##�уу вэ
АМЖИЛТ ХҮСЬЕ. ЯАХЫН АРГАГҮЙ БИШИРМЭЭР МОНГОЛЫНХОО ТӨЛӨӨ ХИЙЖ БАЙГАА ЗАЛУУДАА БАЯР ХҮРГЬЕ.
ХУДЛАА ШААЖ ТӨСӨВӨӨС ХЭДЭН ЦААС ТАВИУЛАХГҮЙ ХИЙ.
Адуугаа хайрладаггүй Монгол хүн ч гэж юу байхав дээ! Олон нийт дэмжээсэй! Амжилт хүсье!
Ийм з�##�уус Монголд олон байв�##� манай улс дороо босно доо!!! Баяр хүргээд эрүүл энх, эрч хүч, амжилт бүтээл дүүрэн байхыг хүсэн ерөө!
Ганц нэг хүний хэлсэн муу үгэнд т�##�арх, цагаан хэл ам түүнээс чинь харин хэцүү.
Мундаг бна амжил сөрөг сэтдэл үлдээж байгаа хүмүүст хэлхэд таанараас ийм эх орноо гэсэн сэтгэл гарахгүй яагахд гэв юмыг дагаа муу буруу хардаг болхоор
Сонирхолтой эр байна шүү...дэлхийн лд юм бишүү монгол мэдэхгүй болохоос
Mundag uhaantai ajilch zaluu amjilt husiye
Монголд худ�##�чуудын овоолго бий болсоноос
Хойш итгэхээ больсон цоо эрүүл гэхэд бэрх
Энэ өөрөө морь бх
Арайл өөрөөр сэтгэдэг, одоогийн з�##�уусаас тасарсан байна. Амжилт
Жаргаж дэлгэрч явагээ.Монгол адуунууд маань урд хөршрүү хүнсэнд яваад байгааг болиулах юмсан.
Amjilt husie.