Top StoriesНИЙГЭМ

"Хичээл дээрээ унтах цагтай болсноор хүүхдүүдийн ачаалал буурч, анхаарал төвлөрөлт сайжирсан"

Завсарлагааны 5-10 минут. Хөнгөн хооллох, тайван бие засах чөлөөгүй анги руугаа гүйдэг сургуулийн дүр зураг бидэнд хоногшсон. Гэтэл сургалтын орчинд 10-20 минут унтах нь ядаргааг багасгаж, анхаарлаа төвлөрүүлэх чадварыг сайжруулдаг хэмээн үзэж, дэлхийн улс орнууд энэ соёлд төлөвшөөд буй.

Иймд бид хичээлийн дундуур сурагчдаа унтуулдаг, гэртээ харихад нь цүнхгүй, даалгаваргүй явуулдаг гэх Цэлмэг дижитал сургуулийн талаар сурвалжлахаар зорьж очив. 

Өдрийн 11.30 цаг. Сургуулийн үдийн хоолны их завсарлагааны цагаар очиж таарав. Сургуулийн үүдээр ороод харвал, нэг хаалганы гадна жагсан зогсож буй багачууд, нэг эгнээнд зогсохыг хүсэх багш нар биднийг угтлаа. Тэд үдийн хоолондоо орохоор зэхэж буйн энэ аж. 

Удсан ч үгүй ангийн хаалгаар нэгнээ хөөн гүйлдэх хөвгүүд, ганц нэг охид багшийн хамт орж ирэв. Бидний саатсан энэ танхим бол Цэлмэг дижитал сургуулийн Б.Даваабаяр багштай 1а анги. Тус анги 22 сурагчтай. 

“Би долоо дахь жилдээ бага ангийн багшаар ажиллаж байна. Энэ хичээлийн жил нэгдүгээр анги дааж авсан. Сурагчид маань одоогоор уншиж, бодож сурч байна. Хүүхдүүдтэй ажиллана гэдэг чинь өөрөө хүүхэд болохын нэр шиг л санагддаг” хэмээн инээсээр Б.Даваабаяр багш яриагаа эхлэв.

ВИДЕО:

-Б.Даваабаяр: 1-3 дугаар ангийн хүүхдүүддээ даалгаваргүй, цүнхгүй гэрт нь харих боломжийг бүрдүүлсэн-

-Хичээлийн дундуур түр унтах цаг гаргаж өгсөн нь анхаарал татаж байна. Энэ хөтөлбөр хэзээнээс хэрэгжиж эхлэв?

-Манай сургуулийн хувьд хөтөлбөрөө шинэчлэн шатар, даам, таеквондо гэх мэт сургалт, дугуйланг энэ хичээлийн жил нэмсэн. Үүнтэй холбоотойгоор хүүхдүүдээ хичээлийнх нь дундуур 20-30 минутын хугацаанд унтаж амраад үргэлжлүүлэн хичээлдээ оролцох нөхцөлөөр хангасан. Унтах цагтай болсноор сурагчдын ачаалал буурч, хичээлдээ идэвхтэй болж байгаа нь ажиглагдсан.

-Нэмэлт хөтөлбөртэй холбоотой унтаж, амрах цагийг гаргасан гэлээ. Тухайн дугуйлан болоод хичээлд оролцох цагийн тухайд ямар зохион байгуулалттай байна?

-Бусад сургуулиудтай адил өглөө 08.00 цагт хичээл эхэлж өдөр 13.55 цагийн үед эхний хүүхдүүд тардаг. Харин нэмэлт дугуйланд хамрагддаг хүүхдүүд 14.40 цагт тардаг. Дугуйлангууд дийлэнхдээ хичээлийн цагийн дундуур зохион байгуулагддаг. 

-Сурагчид цүнхгүй, гэрийн даалгаваргүй гэртээ очдог гэсэн.

-Бид 1-3 дугаар ангийн хүүхдүүддээ даалгаваргүй, цүнхгүй гэрт нь харих боломжийг бүрдүүлсэн. Гэртээ хүнд цүнхтэй очиж, давахгүй даалгаварт дарагдах бус хөнгөн, хөгжилтэй байдлаар гэрийнхэнтэйгээ уншиж бичих байдлаар зохицуулсан. Ер хүүхдийн даалгавар хийлгэнэ гэдэг тухайн гэр бүлийн энэ тэргүүний ажил болж, хэн хэнд нь төвөг болдог нөхцөлийг арилгасан гэсэн үг.

Ангид сурсан зүйлээ гэртээ хариад бататгахгүй юм байх даа хэмээн гайхаж байж магадгүй. Үүнийг бид сургууль дээрээ “ангитайгаа ажиллаж цаг” хэмээн гаргаж, ойлгоогүй болоод дутуу ойлголттой үлдсэн зүйлсэд хариулах байдлаар зохицуулсан. 

Манай ангийнхны хувьд дөнгөж уншиж, бичиж сурч байгаа учир гэртээ очоод өөртөө ачаалал авалгүйгээр хийж болох даалгаврыг гүйцэтгэдэг. 

Өдрийн 12.00 цаг. Энэ үеэр хүүхдүүд унтахдаа бэлдэн өөрсдийн шүүгээн дэх нөмрөгөө авч, сандлаа хойш хэвтүүлэн тухлан хэвтэж эхэллээ. Харин багшийн зүгээс хүүхдүүдэд хандан “Чимээгүй байгаарай, тухтай хэвтээд хөнжлөө хучаарай” гэх зөвлөмжийг өглөө. 

Гэтэл нэгдүгээр салааны дунд хэсэгт суух хоёр сурагч хоорондоо “Багш өнөөдөр яагаад ийм гоё аашлаад байна вэ” хэмээн сэм шивнэлдсэн нь унтахаар зэхэж буй хүүхдүүдэд инээд болон хувирлаа. 

Харин нөгөө салаанд суух хүү “Багшаа, манай ангийн охид бүрэн ирээгүй байна” гэсэнд багш “Тийм байна, намайг дэргэд нь байхгүй болохоор хоорондоо яриад үлдчихэж дээ” гэсээр гарч одов. Багшийг ангийн зарим хүүхдүүдийг авч ирэх хооронд тус ангийн сурагч нартай цөөн хором ярилцаж амжив. 

-Сурагч Эрхэс: Хичээл дээрээ унтах нь таалагддаг, хурдан унтах юм сан гэж боддог-

"Намайг 1а ангийн сурагч Эрхэс гэдэг. Би зургаан настай. Сургуулийн хувьд цэцэрлэгээс ялгаатай нь хичээл хийдэг юм байна. Хичээл хийх нь надад сонирхолтой, гоё санагдаж байгаа. Мөн сургууль дээр унтаж болдог нь таалагддаг, сайн амардаг учраас. Заримдаа унтах цаг хурдан болоосой гэж боддог. Өдөр нь унтдаггүй сургуулийн хүүхдүүд ядардаг байх" гэв.

"Намайг С.Оюухай гэдэг. Цэлмэг дижитал сургуулийн 1а ангийн сурагч. Сургууль цэцэрлэгээс ялгаатай нь хичээл сурдаг. Манай сургууль өдөр унтуулдаг учир гоё санагддаг" хэмээсэн юм.

Тун удалгүй сурагчдыг унтахад нь зориулж бүүвэйн дуу тоглуулж, анги нам гүм боллоо. Саяхан л түм түчигнэж байсан энэ танхимд чимээгүй ноёлохтой зэрэгцэн ангиас гарч багштай үргэлжлүүлэн ярилцлаа.

-Хичээлийн дундуур унтаад сэрэхээрээ эргээд эхний цаг шигээ сэргэлэн цовоо болсон харагддаг-

-Сурагчид унтах энэ үеэр бусад ажлаа амжуулах боломж олддог уу. Энэ цагт юу хийж өнгөрөөж байна?

-Яг одоогийн байдлаар  манай сургуулийн 1-3 дугаар ангийн 190 орчим хүүхэд өдрийн унтлагаа хийж байна. Багш нар энэ үеэр өөр ажил төлөвлөх, өөр зүйлд анхаарах боломжгүй. Яагаад гэвэл та бүхний харж байгаачлан өөр хоорондоо ойрхон унтдаг учир санамсаргүй биеэ гэмтээх магадлал өндөр. Иймд багш нар хүүхдүүдийн хажуугаас холддоггүй.

-Сурагчид унтахдаа бэлтгэх гээд их хугацаа орж, мөн унтахад сайн дадаагүй байгаа нь харагдлаа.

-Нэгдүгээр ангийнхны хувьд олон бэрхшээл тулгарч буй. Дөнгөж цэцэрлэгээ дүүргээд ангид элссэн тэдэнд хөнжлөө засах, буцаж хураахад бэрхшээлтэй зүйл гардаг. Энэ үед нь багш нь дэргэд нь байж зааж, зөвлөх шаардлага үүсдэг гэсэн үг. Гэхдээ эхэн үеэ бодвол сайжирч л байна. Хоёрдугаар ангид орчихвол бүгдэд суралцчих байх хэмээн төсөөлж буй. 

-Өдөр унтах дадлыг хэвшүүлснээр ямар ялгаа харагдаж байна?

-Хичээлийн эхний нэг хоёр цагт хүүхдүүд сэргэг, цовоо байдаг. Мөн тухайн цагуудад хичээлд оролцох байдал нь сайн. Харин гурав, дөрөвдүгээр цагаас эхлэн хүүхдүүдээс юу ажиглагддаг вэ гэвэл, жаахан залхуурсан, хичээлд төвлөрөхгүй, өөр зүйлд анхаарах байдал ажиглагддаг. Харин хичээлийн дундуур унтаад сэрэхээрээ эргээд эхний цаг шигээ сэргэлэн цовоо болсон харагддаг. 

Зарим тохиолдолд өдрийн цагаар унтаж дадаагүй хүүхдүүд энэ цагаар амарч чадалгүй өнгөрөх тохиолдол гардаг. Тухайн хүүхдүүдийг амарсан хүүхдүүдтэй харьцуулаад харахад хичээлийн сүүлийн цагуудад анхаарал суларсан, ядарсан, мэдээлэл хүлээн авах чадвар нь муу байгаа нь анзаарагддаг.

Мэдээж улсын сургуулийн цагийн хуваарьтай харьцуулахад хавь илүү цагаар хичээллэдэг. Ийм учир энэ хөтөлбөр манайд яах аргагүй хэрэгцээтэй санагддаг. 

-Ярилцсанд баярлалаа.

Хичээлийн цагийн дундуур түр амрах, унтах хөтөлбөр нь сурагчдын эрүүл мэнд, сэтгэл зүй, суралцах чадварыг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг байна.  Дэлхийн олон улс оронд энэ хөтөлбөрийг хөгжүүлж, хэрэгжүүлдэг аж. 

Тодруулбал, Япон, Хятад, Герман зэрэг орнуудад хичээлийн завсар түр амралт (нapping) авахыг дэмждэг. Ингэхдээ сурагчид хичээлийн дундуур түр хугацаанд унтахдаа 10-20 минутыг зарцуулбал ашиг тустай. Харин тус цагаас хэтэрвэл эсрэгээрээ залхуурах, бие сульдах эрсдэлтэй болохыг тодотгожээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ыг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
huuhdee uguhgui !
huuhdee uguhgui !
11 сар 19, 2024 10:26

mash chanargui surgalttai gazar bna.gertee daalgavar hiij hicheelee batatgaj bj hun yum surdag.harin edniih tegdeggui hund yum surgahiin orond untuulj ntr davraaj bna

Зочин
Зочин
11 сар 20, 2024 12:55

Tarhitau bol setgeed oilgd unsh m#laa

Зочин
Зочин
11 сар 19, 2024 10:46

Ккк, яаран бүү дүгнэлт хий

Зочин
Зочин
11 сар 19, 2024 12:39

Тухгүй юм. Ямар онгоцны бууд�##� дээр дараагийн онгоцоо хүлээж байгаа биш.

Зочин
Зочин
11 сар 20, 2024 12:56
Reply to  Зочин

Bolomj bololtsoo gj mdhu

Зочин
Зочин
11 сар 19, 2024 12:40

10-20 минут унтах сэрэх процес нь удаан үргэлжилдэг хүнд 2-?н хооронд хэцүү дээ.

Зочин
Зочин
11 сар 20, 2024 05:36

Маш тухгүй санд�##� дээр унтана гэж юу вэ

Зочин
Зочин
11 сар 20, 2024 07:58

Наад сургуулиа Цэцэрлэг гэж нэрлэвэл таарна. Хоол унд дээр нь бас унтах хэвтэх, з�##�хуу багш нарт таатай.

Зочин
Зочин
11 сар 20, 2024 10:34

маш зөв шүү хүүхэд ухаан амраарай оюуны ухаан тархи сэрэх амарч байх зөв шүү бодлого тархи сэтгэх сэрэх сайн бодлого бол зөв

Зочин
Зочин
11 сар 21, 2024 10:53

Болж байна. Ингээд ч болтугай б�##�чир хүүхдүүд х�##�ьт амраад бие тархи нь сэргэнэ ш дээ

Tselmeg
Tselmeg
11 сар 21, 2024 11:35

Manai surguuly iim baigaasaa

Зочин
Зочин
11 сар 22, 2024 06:13

Үнэхээр зөв шийдэл байна.Ядаргаа багатай хүүхдүүд болох байх

Холбоотой мэдээ

Back to top button