Трамп БНХАУ-д шинэ татвар тогтоосноор Зүүн Өмнөд Азид түр зуурын хүчтэй өсөлт авчирна

Доналд Трамп амласнаараа АНУ-аас Хятадын импортод шинэ гаалийн татвар ногдуулбал БНХАУ-ын үйлдвэрлэл Зүүн Өмнөд Азийн орнууд руу шилжихэд хүргэнэ. Энэ нь анхандаа тус бүс нутагт ашигтай байх юм. Хэрэв шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трамп Тайланд, Вьетнам зэрэг орнуудаар дамжин ирж буй Хятадын бараанд ч бас чиглэсэн арга хэмжээ авбал өргөн хүрээтэй үр дагавар үүсэж магадгүй гэж шинжээчид үзэж байна.
Трамп кампанит ажлынхаа үеэр дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох БНХАУ-аас ирж буй бараа бүтээгдэхүүнд 60 хувийн гаалийн татвар ногдуулах амлалт өгсөн. Энэ нь Хятадын компаниудыг Зүүн Өмнөд Азийн орнуудад үйлдвэрээ байгуулж, тэндээсээ АНУ-ын ашигтай зах зээл рүү гаалийн татваргүйгээр бараагаа гаргахад хүргэж магадгүй юм.
Энэхүү үйлдвэрээ өөр улсад байршуулах үйл явц нь Трамп анх ерөнхийлөгчийн алба хашсан үе буюу 2017-2021 оноос эхтэй. Тэр үед АНУ БНХАУ-ын импортод 7.5-25 хувийн гаалийн татвар оноож байсан билээ. Байден Трампын тавьсан татварыг ерөнхийлөгчийн албан тушаал хүлээн авахдаа үргэлжлүүлэн хэрэгжүүлж, шинэ бараанд нэмэлт татвар тавьсан юм.
АНУ-аас БНХАУ-д тавьж буй татварын үйл явцаас Вьетнам их хэмжээний ашиг хүртсэн. Үүнээс гадна тус улс хямд ажиллах хүч, хурдан сайжирч буй дэд бүтцээрээ аль хэдийнээ Азийн бусад хөрөнгө оруулагчдыг татаж байгаа. Энэ жилийн эхний долоон сард БНХАУ-аас Вьетнам руу хийж буй шууд хөрөнгө оруулалт шинэ төслүүдийн хувьд 29.7 хувийг эзэлж, тэргүүлжээ.
Мөн Тайланд 2030 он гэхэд автомашины үйлдвэрлэлийнхээ 30 хувийг цахилгаан автомашин (EV) болгох зорилго тавьсан байгаа. Тэгвэл тус улсын зах зээл нь дэлхийн тэргүүлэгч цахилгаан автомашины брэндүүдтэй БНХАУ-ын хөрөнгө оруулагчдыг угтан авч байна.
“Institute of Contemporary Observation”-ийн үүсгэн байгуулагч Лю Кайминг хэлэхдээ Трамп нэгдүгээр сард албан тушаалдаа орсны дараа доогоор гаалийн татваргүй байгаа хүүхдийн бүтээгдэхүүн болон өдөр тутмын хэрэгцээний барааны тал хувь нь татвартай болох магадлалтай гэж хэлжээ.

Лю Кайминг “Энэ нь БНХАУ-ын олон компаниудыг үйлдвэрлэлийн хүчин чадал, үйл ажиллагаагаа Зүүн Өмнөд Азийн орнуудад, ялангуяа Малайз, Сингапур, Тайланд, Вьетнам, Индонезид шилжүүлэхэд хүргэнэ” хэмээсэн юм. Түүний хүрээлэн нь дэлхийн брэндүүдтэй хамтран олон зуун үйлдвэрийн нийлүүлэлтийн сүлжээний нөхцөл байдлыг хянадаг байна.
“Бүс ба Зам” санаачилгын Азийн Номхон далайн бүсийг хариуцсан захирал Датонг Чонг И өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт /2024.11.15/ Гуанжоу хотод болсон арга хэмжээний үеэр "Илүү олон компани Зүүн Өмнөд Азид хөрөнгө оруулж, үндсэндээ Хятадын капиталыг тэнд нутагшуулж байна" гэжээ.
10 орныг багтаасан Зүүн Өмнөд Азийн Үндэстнүүдийн Холбоо (ASEAN)-д БНХАУ өнгөрсөн жил 25.12 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийсэн. Энэ нь 2022 оны үзүүлэлтээс 34.7 хувиар өссөн явдал гэж бизнесийн зөвлөх компани “Dezan Shira & Associates” мэдээлсэн юм.
Гэхдээ БНХАУ ийнхүү гаднын орнуудад үйлдвэрүүдээ нүүлгэж байгаа ч Трамп гуравдагч орнуудаар дамжуулан гаалийн татварыг тойрох явдлыг эсэргүүцэх төлөвтэй байна.
Тэрбээр өмнө нь ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ 2019, 2020 онд Вьетнамд шахалт үзүүлж байсан ч ямар нэгэн дорвитой арга хэмжээ аваагүй юм. Харин энэ жилийн сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Трамп Мексикт 25 хувийн гаалийн татвар ногдуулахаа сүрдүүлсэн байдаг. Мексик бол нь БНХАУ гаалийн татвараас зайлсхийхдээ ашигладаг зангилаа болсон улс юм.
АНУ БНХАУ-тай хийсэн худалдаанаас авдаг алдагдлыг бууруулах Трампын хүчин чармайлт нь бусад оронд хамаарах магадлалтай гэж Moody’s Analytics-ийн эдийн засагч Харри Мёрфи Круз хэлжээ. Түүний үзэж буйгаар бол БНХАУ үйлдвэрлэлээ нүүн шилжүүлснээс ашиг хүртсэн улс орнуудад Трамп арга хэмжээ авах магадлалтай аж.
Хонконгт үйл ажиллагаа явуулдаг “Coface” экспортын даатгалын ахлах менежер Дэвид Нг БНХАУ-д төвтэй бараа тээврийн компаниуд ирэх дөрвөн жилийн турш хориг арга хэмжээнээс бултах олон хувилбарт төлөвлөгөө боловсруулж байгаа гэж хэлжээ.
БНХАУ-д төвтэй “Housanyou Information Technology” компанийн гүйцэтгэх захирал Жан Жун “Гаалийн татвар нэмэгдвэл худалдааны хэмжээ буурна. Ийм зүйл тохиолдвол мэдээж бидний санаа зовно” гэжээ. Түүний компани нь экспортлогчдыг далайн тээврийн компаниудтай холбож өгдөг үйлчилгээ үзүүлдэг юм.
Хонконг дахь “Bollyman Express” нэртэй олон улсын шуудангийн үйлчилгээний компанийн стратегийг хөгжүүлэгч Гэри Ям Трампын шинээр бүрэлдэх засгийн газар БНХАУ-тай хийх худалдааны хэлэлцээрт хатуу байр суурьтай байх болно гэж мэдэгдэв. Тодруулбал Трамп Роберт Лайтхайзерыг АНУ-ын худалдааны төлөөлөгчөөр сонгохоо мэдэгдсэн. Лайтхайзер бол Трамп өмнө нь ерөнхийлөгчөөр ажиллаж байхад нь БНХАУ, АНУ-ын худалдааны дайныг хэрэгжүүлсэн хүн. Түүнээс гадна БНХАУ-ыг шүүмжилж ирсэн Марко Рубио, Майк Уолз гэх мэт хүмүүсийг тэр засгийн газрын чухал байршлуудад томилох төлөвтэй байгаа.
Экспортлогч, тээвэрлэгчид БНХАУ-д ногдож магадгүй гаалийн татвар болон бусад улсаар дамжих ачаа бараанд татвар тавихад бэлтгэлтэй байх ёстойг Гэри онцолжээ. Тэр “Хэрхэн дасан зохицохоос хамаарна.Зарим нь бизнесээ зогсоох байдалд хүрч магадгүй” гэсэн юм. Трампын өмнө нь татвар онооход БНХАУ-ын эдийн засаг харьцангуй сайн нөхцөл байдалтай байсан учир давгүй өнгөрсөн байдаг. Гэвч одоо нөхцөл байдал эрс өөр болсон учир Трампын шинээр тавина гэж буй гаалийн татварууд БНХАУ-ын эдийн засагт илүү аюул учруулна. Энэ талаар нийтлэлийг доорх линкээр орж уншаарай.
Эх сурвалж: SCMP
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.