Улс төрийн мэдээ

Нэг дороос| Ерөнхийлөгчийн хоригийг УИХ дэмжиж, 2025 оны төсвийг буцаалаа

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар 2025 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. Үдээс өмнө УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх асуудлыг хэлэлцэж, "Авах нь зүйтэй" гэсэн байр суурьт хүрсэн юм.

Улмаар хоригийг УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, хүлээж авах санал дэмжигдсэн юм. Тэгэхээр чуулганы хуралдаанаар уг хоригийг хэлэлцэхдээ "Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй" гэсэн байнгын хорооны саналын томьёоллоор санал хурааж шийдлээ.

Улмаар хуралдаанд оролцсон 89 гишүүний 70 нь байнгын хорооны саналыг дэмжиж, 78.7 хувийн саналаар 2025 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээн авлаа.

Хоригийн хэлэлцэх явцыг НЭГ ДОРООС агуулгаар https://eguur.mn/ тоймлон хүргэж байна.

Чуулганы хуралдааныг ШУУД ҮЗЭХ:


НЭМЭЛТ: 16:53 цаг

-Г.Занданшатар: Ерөнхийлөгчийн тавьсан шаардлага хангагдахгүй бол дахин хориг тавих эрх бий-

Зургийг Б.Эрдэнэбаяр

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: 

-Ерөнхийлөгчийн хүлээн авах талд байр суурьтай байгаа. Харин төсөв батлах явцад нэг сонин үйл явдал гарсан. “Тойргоос сонгогдсон гишүүд 5 тэрбум төгрөгийн авлига авах гэж байна” гэх асуудал гарч даамжраад манай зарим гишүүд 5 тэрбумын хулгайч нартай байлдаж хэвлэлүүдэд ярилцлага өгч эхэлсэн. Би тойргоос сонгогдсон гишүүн 5 тэрбум төгрөгийн хулгай хаана явагдсаныг ерөөсөө мэдсэнгүй. Уг нь би ажлын хэсэг дээр байсан. Байнгын хороон дээр байсан. Хаагуур тэр 5 тэрбумын хулгай яваад бид нэр холбогдчихов. Нэр төрөө цэвэрлэж авмаар байна. Тойргоос сонгогдсон гишүүний хувьд хариуцлагатайгаар хэлэхэд би ийм мөнгө аваагүй. Энэ талаар сонсоогүй. Ийм мөнгө нэхсэн гишүүн байвал Б.Жавхлан сайд хэлээд өгөөч. Мөн УИХ хоригийг хүлээж аваад 1.9 их наядаар алдагдлыг бууруулж чадахгүй бол дахин хориг тавих боломж байгаа юу. Тийм хууль эрх зүйн орчин бий юу. Засгийн газар төсвөө задалж оруулж ирэх юм уу. УИХ дээр ажлын хэсэг байгуулж явах юм уу.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Товчихондоо гишүүдэд 5 тэрбумыг тараасан гэх зүйл болоогүй. Тойргийн гишүүд ялангуяа Засгийн газарт шаардлага тавиад, биднээс мөнгө нэхсэн зүйл огт болоогүй.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар:

-Эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж алдагдалгүй төсөв батлах шаардлагатай гэж Монгол Улсын ерөнхийлөгч үзсэн. Ерөнхийлөгчийн тавьсан шаардлага хангагдахгүй бол Монгол Улсын ерөнхийлөгч дахин хориг тавихыг үгүйсгэхгүй. Хууль эрх зүйн хувьд энэ бололцоотой.


НЭМЭЛТ: 16:10 цаг

-Б.Жавхлан: Эрүүл мэнд, Боловсрол, Нийгмийн халамж руу орохгүйгээр төсөв танах боломжгүй-

Зургийг Б.Эрдэнэбаяр

Энэ үеэр УИХ-ын гишүүн Р.Батболд:

-2025 оны төсөв шинээр байгуулагдсан парламент, хамтарсан Засгийн газрын анхны төсөв байгаа. Төсөв өргөн баригдахаас эхлээд хэлж байсан. “Та нар их том төсөв орж ирлээ” гэж яриад байсан. Үүнийг тоогоогүй. Бид ард иргэдийн илч төлөөлөл болж байгаагийн хувьд ёс зүйтэй, зарчимтай баймаар байна. Ерөнхийлөгчийн хориг ороод ирэхээр хоёрхон хүн төсөв оруулж ирээд баталчихсан юм шиг яриад эхлэх шиг боллоо. Баталсан хүмүүс жаахан ёс зүйтэй баймаар байна. Бас Засгийн газарт нэг санал байна. Төсвийн зардлыг 7 их наядыг төрийн албан хаагчдын цалин хөлс эзлээд байх юм. Энэ зардал улам нэмэгдээд байх юм. Энэ тал дээр хэмнэлт хийж, бодлого барьж ажиллахгүй юм уу?

Сангийн сайд Б.Жавхлан:

-Урсгал зардлыг 70 хувийг эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамжийн салбарт очдог. Нийт албан хаагчийн 60-70 хувь нь энэ гурван салбарт байдаг гэсэн үг. Тэгэхээр бид алдагдалгүй төсөв батлахын тулд дор хаяж 2.2-3 их наяд төгрөгийн зардал, орлогын асуудал яригдана. Тэгэхээр мэдээж дээрх гурван салбарын урсгал зардалд хүрэхгүйгээр ийм хэмжээний үйл ажиллагааны таналт хийх ямар ч боломж байхгүй. Тэгэхээр орж л таарна. Одоо бол хэмнэлт гэдэг ойлголт байхгүй. Төлөвлөсөн үйл ажиллагаануудаа татна гэсэн үг. Тиймээс төрийн алба хаагчдын цалин хөлснөөс тодорхой хэмжээгээр танах шаардлага гарна.  Яг одоогоор тодорхой тооцоолол хийхэд эрт байна.  

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

Нийт улсын төсвийг 32 жилийн хугацаанд 1992 оны үндсэн хуулиас хойш нийтдээ есөн удаа ерөнхийлөгч хориг тавьсан. Зургаа удаагийн төсөв дээр нь бүтэн хориг тавьчихсан. 2005 онд гишүүдийн тойрогт тавьж байсан мөнгөтэй холбоотойгоор нэг л хоригийг хүлээж авч байсан. Үүнээс өөр бусад асуудал дээр хүлээж авч байсан тохиолдол байхгүй. Энэ удаа хорих чигтэй байна. Үүний цаана бид хэлэлцэх дэгийг ойлгомжтой болгох хэрэгтэй. Төсвийг төлөвлөх зохиох асуудал ЗГ-ын онцгой бүрэн эрхийн хүрээнд байна. Энэ нөхцөл байдлуудыг уялдуулсан ч гэсэн дэгтэй холбоотой асуудлыг шуурхай зохицуулалт хийх хэрэгтэй. Цаана нь орон нутгууд төсвөө батлах гээд хүлээж байгаа. Үүн дээр бид хууль эрхзүйн гарц гаргалгааг нь сайтар гаргаж өгөх хэрэгтэй гэж харж байна. Цаашдаа 76 сангийн сайд магадгүй 126 сангийн сайд битгий амилаасай гэж бодож байна. Мөн эрүүл мэнд, боловсрол, шүүх хуулийн байгууллагаас төсөв хасна гэдгээ болих хэрэгтэй.


НЭМЭЛТ: 15:30 цагт

-Б.Энхбаяр: Ерөнхийлөгч УИХ, Засгийн газрыг Үндсэн хууль зөрчихөөс аварлаа-

Зургийг Б.Эрдэнэбаяр

Сангийн сайд Б.Жавхлан:

Төсвийн урсгал зардал нэмэгдсэн нь хууль тогтоомжийн дагуух нэмэгдэл, үнийн өсөлт зэргээс шалтгаалсан байгаа. Засгийн газар макро эдийн засгаа тэлэх зорилгоор томоохон зорилтууд тавьсан. Хоригийг хүлээж авснаар энэ тэлэлтүүд рүү явах гэж хэт яарахгүйгээр эдийн засгаа тогтвортой барих шаардлагыг Ерөнхийлөгч тавилаа гэж харж байгаа. Алдагдалгүй төсөв нэг баталчихвал цаашдаа энэ шугмаа бариад явах шаардлагад бид нийцнэ гэсэн үг.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Ерөнхийлөгчийн тавьсан хоригт улс төрийн болоод хууль зүйн дүгнэлт өгөх ёстой. Төсөв хууль ёсны хувьд батлагдсан уу гэдэг нь асуулт хэвээр байна. Бид 2024.11.15-наас долоо хоногий өмнө батлагдсан. Нухацтай хэлэлцэх бололцоо байсан. Тэгэхээр төрийн тэргүүн Үндсэн хууль зөрчих энэ эрсдлээс аварлаа. ЕТГ-ын зүгээс хоригийг хүлээж авахгүй цаашдын арга хэмжээгээ ч авна гэж мэдэгдсэн. Тэгэхээр УИХ үүн дээр маш ажил хэрэгч хандаж, алдаагаа засах ёстой гэж харж байна.

УИХ-ын нарийн бичгийн дарга Ц.Баасандорж:

УИХ-ын 2024.11.08-ны чуулганы эхлэлээс төгсгөл хүртэлх хуралдаан олон нийтэд нээлттэй байгаа. Үндсэн хууль зөрчөөгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Харин таны хөндсөн хоригийг тусгай дэгээр хэлэлцэх эсэх асуудлыг Дэгийн тухай хуульд нийцүүлэн, хэдэн хэлэлцүүлгээр хийх эсэхээ УИХ дээр ярилцах ёстой. УИХ-ын ёс зүйн дэд хороо дэг тогтоож явах боломжтой. Өөрөөр хэлбэл, дэгийн тухай хуульд 2 эсвэл 4 хэлэлцүүлгээр хоригийг хэлэлцэх асуудлаар тодорхой нарийвчилсан заалт байхгүй.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Танаас би 14 хоногийн өмнө чуулганаар төсөв батлах үеийн гишүүдийн ирц, санал өгсөн байдал, тэмдэглэлийг өгөхийг хүссэн. УИХ-ын гишүүн төрийн нууцаас буад төрийн аливаа бичиг баримттай танилцах бүрэн эрхтэй. Та энэ эрхийг маань эдлүүлэхгүй байна. Хэзээ өгөх боломжтой бэ?

УИХ-ын нарийн бичгийн дарга Ц.Баасандорж:

Холбогдох хуулийн зохицуулалтаараа 12 хоног орчмын дараа дэлгэрэнгүй тэмдэглэлийг үзүүлэх боломжтой болох юм билээ. Тэр процессоороо яваа, гишүүн ээ.


НЭМЭЛТ: 15:25 цаг

-О.Цогтгэрэл: Сангийн сайд өөрөө тэлсэн төсөв оруулж ирчхээд хориг тавихаар "зөв" гэж яриад байдаг нь ямар учиртай юм-

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Сангийн сайдын байр суурь дээр гишүүд янз бүрийн бодолтой л байгаа байх. Төсвийг наймдугаар сард хэт их тэлнэ гэдэг үүд хаалгыг нээчхээд есдүгээр сард асар их тэлсэн төсөв оруулж ирээд олон нийтийн хэлэлцүүлэг болж, Ерөнхийлөгч хориг тавихаар маш зөв зүйтэй зүйл боллоо гэж ярьж байгаа байр суурь чинь яг ямар учиртай юм бэ.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Бодлогын форматын хувьд эдийн засгийн өсөлтөө дэмжсэн томоохон зорилтуудад хүрэх хөрөнгө оруулалтын болон бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай төсөв. Ойрын хугацаанд гарах гадаад нөхцөл байдал биднээс шалтгаалахгүй зүйл байваас зорилтдоо хүрэх хурд, дараагийн эрсдэл бий болж болзошгүй байна гэдэг дээр акцент өгч хоригийг хүлээн авч байгаа. Тиймээс энэ агуулгад тохируулж бид бодлогын формат руу шилжих цаг хугацаа ирж байна. Алдагдалгүй төсөв баталж, нэг удаа өөрчлөлт хийсэн тохиолдолд цаашид энийгээ бариад явахаас өөр арга байхгүй болно.


НЭМЭЛТ: 15:15 цаг

-Д.Амарбаясгалан: Засгийн газрыг өргөн барьсан төслөөр нь дэмжих ёстой гэсэн улс төрийн намууд асуудлыг засалгүй өнөөдөрт хүргэсэн-

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар танилцууллаа. Үүний дараа байнгын хороод санал дүгнэлтээ танилцууллаа. Улмаар хэлэлцэх асуудлыг эхлүүлж гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: 

-Ер нь энэ төсвийн төслөө боловсруулж өргөн барих, хэлэлцүүлэхтэй холбоотой асуудал дээр Сангийн сайд байр сууриа илэрхийлэх нь зөв байх. Өнгөрсөн наймдугаар сард Төсвийн тодотгол гэж орж ирээд гишүүдийг баахан бухимдуулсан. Өчнөөн талцаж гишүүд олон талаас хэлэлцэж, олонхоороо асуудлыг шийдвэрлээд явсан. Есдүгээр сарын 01-нд дараачийн төсөв өргөн баригдсан. Өнгөрсөн хугацаанд УИХ-д ажлын хэсэг гарсан. Мэргэжлийн байнгын хороод дээр асуудлыг хэлэлцсэн. Гишүүдийн саналыг бүтээлчээр хүлээж аваад, зарим төрлийн өөрчлөлт, нийгэмд үүсээж буй шүүмжлэлүүдийг засах боломж хангалттай байсан боловч Засгийн газрыг өргөн барьсан төслөөр нь дэмжих ёстой гэсэн улс төрийн намуудын бүлгүүдийн байр суурь гарсан учир энэ асуудал өнөөдөр хүртэл явчихсан.

Энд бас нэг ноцтой асуудал явж байгаа. УИХ-ын авч хэрэгжүүлэх арга хэмжээтэй холбоотой гарсан тогтоолыг Төсвийн байнгын хороо санаачилж оруулахдаа 2025 оны нэгдүгээр улиралд багтааж, төсвийн тодотголд хөндөнө гэдэг төсөл оруулсан. Тэр дээр нэр бүхий гишүүд, асуудал хариуцсан сайд ондоо багтаж тодотгол хийе гэдэг санал гаргаж хугацааг өөрчилсөн.

Тэгсэн хэр нь өнөөдөр УИХ-ын баталсан тогтоолыг өөрсдөө Үндсэн хууль зөрчсөн мэтээр ярьж байгаа зохимжгүй зүйл энд гарч ирж байна. Тиймээс өргөн баригдаж байгаа асуудал, хэлэлцэж байгаа асуудалдаа эзэн болох гэдэг асуудалд тодорхой байр суурьтай байх ёстой.

Төсөв хэлэлцэхтэй холбоотой асуудлаар УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагаар ахлуулсан 25 орчим гишүүн орсон маш том ажлын хэсэг байгуулагдсан. Энд ажлын хэсэг бодитой дүн шинжилгээнүүд хийж, ажлаа эхлүүлсэн гэдгийг хэлье.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
11 сар 22, 2024 16:56

Элч яасан бичиг үсгийн чадваргүй юм бэ?илч энэ чинь г�##�ын илч биений илч эмэгтэй хүний мөөм үтрээний илч гэдгээр илэрхийлэгдмой ичмээр юмаа таанууд

балдан
балдан
11 сар 22, 2024 18:31

Амарбаясг�##�аан, чи нэг намын хавирганд на�##�дсан, намын �##�бан туша�##�аа ашиглан ЖДҮ авч хувийн эрх ашгаа хангадаг жижигхэн х�##�тар бацаан биш болсон шүү. Энийгээ чи ойлгох ёстой. Одоо чи улс, түмний төлөө үйлдэл хийх, дуугарах үүрэг хүлээсэн �##�бан туша�##�д хүссэн хүсээгүй оччихоод байгаагаа маш сайн ойлгоорой доо. Бас мэдэхгүй, чадахгүй юм байж дандаа "хүний эрх" гэж шаахаа болих хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button