НМХГ: “KFC Зайсан” салбарын ажилтан цусан суулга өвчин үүсгэдэг нянгийн халдвартай байсан

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр KFC сүлжээ хоолны газарт хийгдсэн хяналт шалгалтын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тодруулбал, ХӨСҮТ-өөс хоолны хордлогын улмаас эмчлүүлж буй иргэдээс цусан суулга өвчин үүсгэдэг шигел гэх нян илэрсэн талаар мэдээлсэн бол НМХГ-аас KFC сүлжээ хоолны газрын хоолны дээжээс авсан шинжилгээний хариуг танилцуулж байгаа нь энэ юм.
Мэдээллийн эхэнд НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш "2019 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр ХУД-ийн 11 дүгээр хороонд байрлах Зайсан KFC салбарт хийсэн хяналт шалгалтын дүнг танилцуулж байна. Манай мэргэжилтнүүд зургаан өдөр тасралтгүй маш ачаалалтай ажиллалаа. Тандалт шалгалтын хугацаанд хоолны 39 бүтээгдэхүүнээс дээж авч шинжилсэн. Мөн эрүүл ахуй, орчин гээд нийт 94 сорьцоос дээж авч шинжилж ажиллалаа.
Тухайн салбар 28 ажилтантай. Шалгалтын явцад ажилчдын зарим эрүүл мэндийн шинжилгээ дутагдалтай, дотоод хяналт тавьдаггүй, мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвшөөрөөгүй ариутгал халдваргүйтлийн бодис хэрэглэсэн байна.Уг хордлогын улмаас өнгөрсөн хугацаанд нийт 242 хүнд эмнэлзүйн шинж илэрч, 42 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа" гэж онцоллоо.
НМХГ-аас мэдээлж буйгаар хоёрдугаар сарын 9-12-ний өдрийн хоолны дээжээс шинжилгээ авжээ. Ингэхэд ундны уснаас халуунд тэсвэртэй савханцар зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс илүү илэрсэн байна. Гарсан зөрчлийг үндэслээд Зайсан салбарын үйл ажиллагааг зогсоосон байгаа бөгөөд үргэлжлүүлэн 11 салбарын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхээр төлөвлөж байгаа аж.

-УНДНЫ УСНААС ГЭДЭСНИЙ ЭМГЭГ ТӨРҮҮЛЭГЧ БОЛОН САВХАНЦАР ИЛЭРСЭН-
Мөн энэ үеэр НМХГ-ын Эрүүл ахуй халдвар хамгааллын улсын байцаагч Б.Очмаа "Зайсан орчим ус ариутгах татуургын хэсгийн сүлжээтэй. KFC Зайсан салбарын хувьд хажуугийн барилгынхаа гүний худгаас ус авдаг. Ус ямар шалтгаанаас үүдэн бохирдсныг тогтоохоор мэргэжлийн хүмүүс ажиллаж байна.
Гал тогоонд ажиллаж байсан хоёр ажилтан эхлээд шигел нянгийн халдвартай байсан бол цаашлаад хэд хэдэн ажилтан уг нянгийн халдварыг авсан байна. Нян тээж байсан ажилтнууд хэзээ халдвар авсныг тогтоохоор мэргэжлийнхэн ажиллаж байгаа.Усны хувьд 2018 онд шинжилгээнд хамруулахад нянгийн бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнд байсан" гэж тодотгосон юм.
Түүнчлэн НМХГ-ын Төв лабораторийн эрхлэгч М.Бадамцэцэг "Хоёрдугаар сарын 12-ны өдрийн 23:00 цагаас эхлэн нийт 133 дээжийг манай лабораторид авчирч шинжилсэн. 133 сорьцын есөд нь эерэг үзүүлэлт гарсан. Ундны уснаас гэдэсний эмгэг төрүүлэгч болон савханцар илэрсэн.
Тахианы ясгүй махнаас серато гэх бодис илэрсэн. Гэхдээ зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их биш. Түүхий бүтээгдэхүүнд нянгийн бохирдол байдаг. Халуун боловсруулалт хийсний дараа нян нь устах ёстой. Мөн гурван арчдасаас нян илэрсэн".
НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш "KFC Зайсан салбарын ажилтан цусан суулга өвчин үүсгэдэг нянгийн халдвартайгаа мэдэхгүй явж байгаад хоол хүнсээр дамжин үйлчлүүлэгчдэд халдварласан байна. Түүнчлэн ус, ундаанаас нянгийн бохирдлууд илэрсэн.Хоёр ажилтнаас нянгийн халдвар илэрсэн нь Таван богд хүнс компанийн дотоодын хяналт сул байгааг харуулж байна" гэсэн мэдээллийг өглөө.
Г.ИТГЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.