Гадаад мэдээ

Фтор хэрхэн шүд цоорохоос сэргийлдэг вэ

Шүд цооролттой тэмцэхийн тулд ундны усанд фтор нэмдэг. 1945 онд Мичиган мужийн Гранд Рапидс хот шүдний эрүүл мэндийг дэмжих зорилгоор ундны усанд фтор нэмсэн дэлхийн анхны хот болсон юм.

Их Британи дахь Манчестерийн их сургуулийн хэрэглээний эрүүл мэндийн мэргэжилтэн Люси О’Малли “Эпидемиологийн мэдээллээс харахад тухайн үед зарим бүс нутагт хүүхдүүдийн шүдний цооролт нь бусад нутагтай харьцуулахад бага байсан. Үүний шалтгаан нь зарим газрын ундны усанд нь байгалийн фторын хэмжээ 1 ppm (саяд нэг нэгж) байсныг илрүүлсэн юм. Энэ нь шүд цооролтыг сэргийлэхэд үр дүнтэй байсан” гэжээ. Үүнийг илрүүлсний дараа дэлхийн улс орнууд ундны усандаа фтор нэмж эхэлсэн.

Тэгэхээр фтор яагаад шүд цооролтоос сэргийлдэг вэ? Эхлээд шүдний анатомитой танилцацгаая.

Зургийг Amazing Smiles сайтаас орчуулж ашиглав

Шүдний паалан нь хидроксиапатит гэж нэрлэгддэг эрдсээс бүрддэг. Энэ нь кальци, фосфат, хидроксидын ионууд агуулсан бат бөх хатуу бодис юм. Паалан нь хүний биед байдаг хамгийн хатуу бодис юм. Том хэмжээтэй фосфатын молекулууд нь ойрхон нягт багцлагдаж, жижиг хэмжээтэй кальци болон хидроксидын ионууд завсрын өчүүхэн хэсгүүдэд нь байрладаг. Эерэг (кальци) болон сөрөг (хидроксид) цэнэгтэй хэсгүүдийн хүчтэй таталцал нь энэ бүтцийг тогтвортой, маш бат бөх болгодог байна. Энэ хамгаалалтын давхарга нь доор байрлах илүү зөөлөн, эмзэг тугалмай болон зөөлцийг гэмтэл, элэгдлээс хамгаалдаг.

Гэвч чихэрлэг амттан, ундаа зэрэгт агуулагддаг боловсруулсан сахрыг байнга хэрэглэх нь энэ хамгаалалтын гадаргыг гэмтээж болзошгүй. О’Маллей "Сахар хэрэглэх үед таны аманд байгаа бактериуд тэр сахрыг задалдаг. Бактериуд сахрыг задлан хооллосныхоо дараа хүчил ялгаруулдаг юм. Энэ хүчил нь пааланг деминералжуулдаг буюу эрдэсгүйжүүлдэг" гэж тайлбарлажээ.

Химийн түвшинд яривал бактериудын ялгаруулсан хүчил нь паалангийн бүтцээс сөрөг цэнэгтэй фосфат болон хидроксидын ионуудыг ялган авснаар бүтцийг сулруулдаг. Паалангийн гадаргууд ийнхүү нүх үүссэнээр тугалмай хэсэг рүү бактериуд орсноор шүдний дотоод эдэд халдаж, цооролтыг хурдасгадаг. "Хэрэв хүчил нөлөөлсөн хэсэг хангалттай том болвол шүдний бүтэц нурж, цоорол үүсдэг" гэж Их Британийн Бирмингхэмийн их сургуулийн нийгмийн шүдний эрүүл мэндийн профессор Моррис тайлбарласан юм.

Фтор нь хоёр гол механизмаар энэ асуудлыг сэргийлэхэд тусалдаг байна. Моррис "Фтор нь шүдний пааланг бактерийн ялгаруулдаг хүчилд илүү тэсвэртэй болгодог. Энэ нь цоорлоос урьдчилан сэргийлэхэд тусалдаг юм. Мөн фтор нь эхний шатны гэмтэл үүссэн пааланг засварлах явцад илүү бат бөх паалан бий болгох замаар цоорлоос хамгаалдаг" гэжээ.

Энэ процессыг реминерализаци буюу дахин минералжуулах гэж нэрлэдэг байна. Фторын жижиг ионууд паалангийн бүтцэд хидроксидын ионыг орлодог. Хидроксидоос фторын ион нь илүү жижиг тул фосфатын ионуудын хоорондын завсарт илүү сайн багтдаг байна. Ингэснээр илүү бат бөх, нягт талст бүтэц буюу фторопатит бий болдог аж.

Фторын ионуудын хоорондын таталцал илүү хүчтэй байдаг тул паалангаас алдагдах магадлал бага байдаг. Ингэснээр хүчил болон элэгдлээс хамгаалалах үр нөлөө нэмэгддэг аж. Шүдний эрүүл мэндэд фторын ач тус аль хэдийн батлагдсан бөгөөд 1970-аад оноос эхлэн шүдний оонд фторыг нэмэлт бодис болгон оруулж эхэлжээ. О’Маллей "Фторын хэрэглээ илүү өргөн болсон. Тэр үеэс эхлэн цоорлын түвшин эрс буурч байгааг харж байна" гэсэн юм. Ус, оо, эсвэл шүдний эмчилгээний аль ч хэлбэрээр фтор шүдэнд нөлөөлөх нь шүдний цоорол үүсэх эрсдэлийг бууруулдаг гэж Моррис хэлжээ.

Эх сурвалж: Live Science

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button