Нийгэм ярилцлагаСурвалжилга, Нийтлэл

“Галт шувуун кимонотой” бүсгүй

Сакура, гүйлс моддын боловсорч гүйцсэн цэцгэн төгөлд шидэт үлгэрийн галт шувуу нисэлдэх аж. Алтлаг өд сөдөө дэлгэн гайхуулах нь эгээ л эзнийхээ үүх түүхийг хүүрнэхээр яарах шиг. Үдшийн сарны гэрэлд улирч одсон 15 жилийнхээ энхэл догол бүхнийг эргэцүүлэн зогсохдоо маргааш дуусахад бүх зүйлс алга урвуулсан мэт өөр болчих вий гэхээс эмээнэ. Тиймээс л цэцэгсийн хүрээлэнд эрх дураараа хөөцөлдөн буй галт шувуун чамин хээтэй энэ кимоногоо өмсөхөөс зүрхшээх аж. Гэвч маргааш үүнийг өмсөөд сумогийн дэвжээнд сүүлийн ёслогоогоо хийх эр нөхрийнхөө гарыг нь түших ёстой билээ. Хэвлийд нь шинэ амьдралын мод нахиалж буй нь ч тохиол биш гэдгийг тэр мэднэ. Зандан модны хурц үнэр ханхлуулсан, мөнгөн гүйлс модны навчин хэлбэрт гоёмсог үс, хар тамгат хүндэтгэлийн кимонотой сүрлэг эрийн төрхийг маргааш сүүлийн удаа харна гэхэд уйтай хэдий ч одоо л нэг гэр бүлийн эгэл амьдралаар амьдарч, бүтэн амьсгал авна гэхэд цээж дүүрэх ч шиг.

Сүмогийн их ордон олон монголчуудын хөл хөөрт дарагджээ. Эгнэн зогссон олны төгсгөлд энгэртээ цагаан цүбаки цэцэг зүүсэн Азүмарюү ирсэн гийчдэд хүндэтгэл үзүүлэн зогсох бол хажууханд нь мөнөөх цэцэгсийн хүрээлэнд нисэлдэх, галт шувуун хээтэй кимоногоо өв тэгш зэхсэн турьхан бүсгүй зогсох авай. Нараа ч мөн энэ өдөр нөхөртэйгөө хамт сүмогийн их ертөнцөөс сэтгэлийн “зодог тайлах”-аар өөрийгөө зоригжуулан зогсоо нь энэ юм.

...

“Дохёо” дээр бөмбөрч гарч ирж суулаа. Өчүүхэн модон саваа арьсан бөмбөрийг хөнгөхөн цохилох төдийд л тийм гэх аргагүй долгион ордныг эзэрхийлэн авав. Сүмочдыг муу муухай, ад зэтгэр, бэртэл гэмтлээс хамгаалахаар дуун засал хийж буй нь энэ аж. Ийн зодог тайлах ёслол эхэлнэ. Удалгүй Зүүний хүчит луу Азүмарюү С.Тодбилэг сүүлийн барилдаандаа дэвжээний зүүн талаас, нөгөө талаас хүү 12 настай Т.Оргилуун нь анхны барилдаандаа  гарч ирлээ. Дэвжээний зүүн дороос Нараа тэднийг анхааралтай ажиглах нь эр нөхрөө ахиж энэ дэвжээнд харахгүй гэх гунихрал санаашралын аль нь ч биш харин “Энэ л дэвжээнд амь амьдралаа зориулахын сацуу ийм сайхан хүүг ч мөн өсгөж өндийлгөж чадсан юм байна, энэ сайхан гэр бүлийг миний хань цогцлоож чадаж дээ” гэх бахархлын харц байв. Барилдаан эхлээд удалгүй хүү 15 жил дээд зиндаанд цолоо хадгалж чадсан Хүчит лууг дэвжээнээс түлхэн гаргав. “Миний залуу үе надаас хүчтэй, ирээдүйг хүүдээ залгамжлуулж байна” гэх аавын, “Хүчит луу”-гийн алсын санааг харсан ээж хүний, ханийн мэдрэмж зэрэг зэрэг сэтгэлийг нь уясуулан баясгах авай. Урьсан олон зочдын дунд инээмсэглэн бөхийх мөнөөх галт шувуун кимонотой бүсгүй, цаашид таны сэтгэл догдлуулан унших нийтлэлийнхээ гол дүрийг нулимсаа нууцхан арчихыг нь ордны арын суудлаас ажин суусан билээ...

Эгшигт модыг “чаг” хийлгэн цохих үед Азүмарюү сүүлийн ёслогоо хийхээр дэвжээнээ гарч ирлээ. Сүмогийн ордонд ёслолоо хийнэ гэдэг сумоч бүрт олдох эрх бишээ, энд зодог тайлах ёслолоо хийж байна гэдэг гаргасан амжилтынх нь талаар багагүйг хэлээд өгчих бишүү.

Азүмарюү “дохёири”-г хийхээр олон жилийн явцад өвдөлт, шархыг тоохоо больсон хүчит хөлөө дээш өргөн дараа нь дэвжээгээ доргион буулгав. Дараа нь нөгөө хөлөө дээш өргөнө. “Сүүлийн удаа, сүүлийн удаа” гэж бүсгүй сэтгэлдээ шивнэв. Сумогийн ордонд болж байгаа энэ бүхэн, Нараад зүүд ч шиг санагдан, зарлагчийн яриа нэг наашлан, нэг цаашлан байхад өнгөрсөн бүх амьдрал нь өдөр өдрөөр нэхэгдэн дурсагдана. Цолонд хүрч дээд зиндаанд дэвших хийгээд үсээ анх удаа чёнмагэ болгох тэр чухал ёслолд нь ч очих эрхгүй гэртээ хүлээн суусан тэр бүгээн өдрүүд. Бие биедээ үнэн сэтгэлээр хайрлан дурлаж, хүлээн зөвшөөрөгдөх хүртэл хичээсэн тэдгээр цаг хугацаа алган дээр тавьсан шиг нүднээ үзэгдэнэ.     

ЗОДОГ ТАЙЛАХ МЭДЭГДЭЛ

Есдүгээр сарын башёд Азүмарюү эрүүл хөлөө гэмтээчхээд гэртээ иржээ. Тэр өдөр анх удаа Нараад “Би ч ер нь болж байх шиг байна даа” гэж цухуйлгахад нь гэнэтийн мэдээнд сэтгэл нь хоосроод явчихав. Өчүүхэн бэртэл бүү хэл үүний цаадахад нь бууж өгч, шантарч буцаагүй бишүү. Яагаад гэнэт ийм юм ярих болов.

...

Арав гаруй жилийн өмнө Азмарюү хүнд бэртэл авч сумогийн ертөнц тэр аяар “Ирээдүйтэй залуу бөхийн карьер энд хүрээд дууслаа” хэмээн шуугиж байсан цаг. Өвдөг нь арагш нугарсан нүд хальтрам зураг спортын сонинуудын нүүр дүүрэн нийтлэгдэж байх үед Азүмарюү Нараа хоёр эмнэлэгт “Цаашид алхаж чадах уу, үгүй юу” гэх хүнд асуудалтай нүүр тулж байсан үе. Харин өнөөдөр үлдсэн эрүүл хөлөө гэмтээж, доголохдоо анх удаа энэ үгийг хэлж буй нь энэ аж. “Өнгөрсөн арван жилд би өөрийгөө хоёр хөлөөрөө барилдаад байна гэж бодтол нэг л хөлөөрөө барилдаад байсан юм байна. Бэртлийн дараа бие маань зөнгөөрөө эрүүл өвдгөө хамгаалж нөөгөөд, нөгөө хөлөндөө илүү ачаалал өгч барилдаад байж. Эрүүл өвдгөө бэртээсний дараа энд хүрээд зогсох ёстойгоо ойлголоо” гэж.

Эр нөхөр нь өөрийгөө хэдийнэ мэдэрчээ. Бэлтгэл тасалдаггүй, бэлтгэлээ худлаа хийдэггүй, “За гэвэл ёогүй” тэр хүн шийдвэрээ хэдийнэ гаргачихсныг харцнаас нь л ойлголоо. Цол дагаж бяр гэгчээр өнгөрсөн жилүүдэд 140 гаруй кг байснаа 160 кг болтол нэмж, өдөр бүрийн хүнд бэлтгэлийн ардаас биеэ зөөллөх гэж судас шөрмөсөө шүд зуун сунгах, мөстэй усанд тэвчээр заан хавангаа буулгах, биеэ таллаж нэг, бүхэлд нь нэг халуун ваннд оруулах зэргээр хүний биеийг боломжит бүх нөхцлөөр хүчирхэгжүүлэх хөдөлмөр. Гэвч нөхөр өөрөө сумогийн ертөнцийг орхихоо хүлээн зөвшөөрчихсөн ч гэр бүл нь ч бас тэр ертөнцийг тавьж явуулахад бэлэн гэдгээ хүлээн зөвшөөрөх нэг хэрэг. Нараа тэр шөнөжингөө уйлж хонов.

Сумо бөхийн эхнэр байх гэдэг жилийн тэн хагаст эзгүй нөхрөө хүлээнгээ гэрт орж эм, гадаа гарч эр болохын нэр, тэмдэглэлт баяр ёслолуудад ч үр хүүхдүүдийнхээ өмнө эцэг эхийн үүргийг зэрэг биелүүлэх үүрэг, гэнэтийн хагацал зовлонг ч ганцаар туулан гарах хатуужил боловч босго өндөр, дэг жаягийн тэр ертөнцөд эр нөхрөө дагаад сэтгэлзүйгээрээ хамт “барилдаж” байдаг тул ингээд л гэнэтхэн хаалганы цаана үлдэнэ гэхэд даанч харамсалтай.

Дараа нэг өдөр нөхөр нь ахиад л ам нээв. “Би сүүлийн барилдаанаа Кюүшүд хийж, тэндээ дуусгана” гэж зоримог хэлснийг нь ажвал эргэлт буцалтгүй аж. Нараагийн дотор байсан найдварын өчүүхэн гэрэл бөхөх шиг болов. Арваннэгдүгээр сарын барилдаан болох Кюүшү бол нөхрийнх нь ахлах сургуулиа төгсөж өсвөр насаа өнгөрүүлсэн, хамаг бүхний эхлэл болсон нутаг. “Тэнд” гэж шийдсэн бол эргэж буцахгүй нь лавтай.

...

Арваннэгдүгээр сар болж Кюүшюүгийн эхний өдрүүдийн барилдаан ид үргэлжилж байх үед гэнэтхэн л гэрийн хонх дуугарч Азүмарюү ороод ирэх нь тэр. Жирийн үед өөр хотод болж байгаа барилдааны үеэр гэртээ ирэх нь байж боломгүй зүйл сэн. Гэтэл “За ингээд боллоо, одоо хэвлэлийн хурлаа зарлана” гэж хэлээд үүдэнд зогсох Нараатай зөрөн ороход хөлөө ахиад гэмтээчхээд ирснийг нь мэдсэн билээ. “Ойлголоо” гэж Нараа ч мөн шийдмэг хариуллаа.

12 дугаар сарын 27. Зодог тайлах ёслолын мэдэгдэл хийх өдөр. Сумогийн ордонд гэр бүлээрээ очиж, зодог тайлах болсноо албан ёсоор мэдүүлэв. Азүмарюү сэтгүүлчдэд сүүлийн ярилцлагаа өгөөд “Өнөөдрийг хүртэл маш их баярлалаа. Өнгөрсөн хугацаанд бүх чадлаараа хичээлээ. Гэр бүл, хань ижилдээ баярлалаа” гэж хэлээд толгой бөхийв. Өнөөдрийг хүртэл гаргасан шийдвэртээ огтхон ч эргэлзээгүй эр нөхрийнхөө нүдэнд нулимс цийлэгнэхийг бүсгүй харав. Уул шиг ханагар энэ эрийг хүүхэд шиг уйлахыг харах өдөр ирэх юм гэж санасангүй, гэвч. Зөв цагтаа, зөв газраа зогсож, элэг бүтэн байхын төлөө энэ алхамыг хийж байгааг нь ойлгож байна. Өнгөрсөнд ч тэр гэр бүлийнхээ төлөө бүх шийдвэрүүдээ гаргаж ирсэн биш гэж үү? Арван жилийн өмнөх хүнд бэртлийн дараа дээд зиндаандаа ирж, ахин хөлд орж, ахин өөрийгөө бүтээсэн нь ч бидний төлөө биш юм гэж үү?

БЭРТЭЛ ГЭГЧ СОРИЛ

“За би Макүчигийн тэдэд эрэмбэлэгдэж байгаа. Есдүгээр сард ганц амарчих юм бол Жюүрёо* буюу хоёрдугаарт орох зиндаа руу уначихна. Тэгвэл цалин төдөн хувиар буурах ч 11 дүгээр сард эргэн ирж чадвал цалинтайгаа үлдэж, амьдрал хэвийнээрээ үргэлжилнэ”.

Азүмарюүгийн хөл дээр 200 орчим кг жинтэй өрсөлдөгч нь унаж, өвдөг нь хойш нугарснаар тэсэхүйеэ бэрх өвдөлтөндөө дуу алдан орилжээ. Тэгсэн ч түрдэг тэргэн дээр түрүүлээд сүмогийн ордноос гарч явахдаа тэр ингэж бодоод амжиж.  

** 十両, じゅうりょうМэйжи эриний үед бөхчүүдийн цалингийн систем бий болоход шинээр үүсгэсэн зиндаа бөгөөд тэр үед макүшитагийн эхний 10 дотор эрэмбэлэгдсэн бөхчүүдэд сар бүр тодорхой хэмжээний цалин олгох болсон байна. Тэр нь жүүмаймэ буюу эхний 10 гэсэн нэртэй болжээ. Гэхдээ жүүмаймэгийн 2-р бөх гэвэл "жүүмаймэ нимаймэ" гэж, хэлэхэд төвөгтэй болох тул тэр үеийн цалин болох "10 рёо" буюу жүүрёо хэмээн нэрлэх болжээ. Wikipidea

Нараа Монголд найзынхаа хуримд оролцохоор ирсэн үе таарав. Ёслол дуусаж, хүлээн авалт руу явахаар зэхэж байхад нь Азмүмарюү Нагояад зодоглож байж. Удалгүй утасны дуудлага тасралгүй ар араасаа ер бусаар цувж “Тодоо яачихав аа, ёстой эвгүй уначихлаа” гэж зовнисон хүмүүсийн дуудлага, захианаас юу болж өнгөрснийг ойлгов. Хүлээн авалтаас яаруу сандруу гэртээ харьж, барилдааныг нөхөн үзээд тэр асгартал уйллаа.  

Япон руу утас цохисон ч хариу өгсөнгүй. Тэгж тэгж оройхон утас ирж, Нагояагаас Токио руу эмнэлэг шилжүүлэх болсон тухай сураг дуулдан, эр нөхөртэйгээ хэдэн үг солих боломж тохиох нь тэр.

-Ямархуу байна?

-Хэцүү юм болчихлоо, одоо яая гэх вэ дээ гэж эр нөхөр нь дуу муутайхан хариулав.

Маргааш нь хоёр хүүхдээ эмээгийндээ үлдээгээд япон руу ганцаар онгоцонд суун түүний зүг хөөрлөө. Одоо яахсан билээ. “Яахсан билээ” гээд уйлаад очих ижий аав энэ ертөнцөд байхгүйгээс хойш өөрсдөө л үүнийг даваад туулна. Бид хоёулаа л айлын том, эрхэлж туних нь бүү хэл, зөвлөж аргадах хүн даанч үгүй.

Энэ ертөнцөд бие биедээ л найдаж, түшихээс өөр хэн нэгэнгүй, ганцаардлын үүлэн дунд хөвөлзөх шиг болно. Нэг сэхээ авч эргэн тойрноо ажвал японы хурдан галт тэрэгний шугам түчигнэж, зорчигчид анир чимээгүйгээр өөр өөрсдийн ертөнц рүү шурган орсон байх авай. Эцэс төгсгөлгүй бодолд дарагдан явсаар тэр хэдийнэ иржээ, хэдхэн минутын дараа эр нөхөр дээрээ явж орно. “Нэгэнт л гэмтчихсэн, буцааж болохгүй. Би очоод уйлаад, гундаад, унаад өгвөл тэр хүн яах билээ. Тэр намайг нүдээр минь л мэдэрнэ. Яавч болохгүй”.

...

Эмнэлгийн хаалгыг зөөлөн нээвэл гал цог нь шаналалд дүүрэн нүдтэй, цонхигор том хүн урдаас ширтэв. Энгийн хүний орон дээр хэвтэж багтахгүй тул урьд өмнө харж байгаагүй тийм өргөн орон дээр түүнийг хэвтүүлжээ. Гэмтэлтэй талын хөл нь тэр чигтээ улаан хилэн болсныг харахад яавч хөнгөн бэртэл биш. 14 хоног өнгийг нь бууруулж байж хагалгаа хийнэ гэсэн болохоор шархыг нь боогоод тэр чигт нь байлгаж байв. Гурван шөрмөс тасарсан учир хүндхэн мэс засал болох бололтой. Хаалгаар орсон цагаасаа хойш Нараа нэг ч уйлж, уйлан дугарсангүй “За хө, хоёулаа ямар ч байсан ард нь гарна аа, хамт хичээнэ”.

Маргаашаас нь эхлээд Нараа нөхөр рүүгээ очих бүртээ өөрийнхөө үс, зүсийг цэвэр сайхан байлгахад онцгой анхаарч, хэрэндээ гоёж гоодох болов. Нөхрийгөө ч сайхан байлгахын зэрэгцээ орж гарсан эмч сувилагч, эргэж ирсэн багш дэвжээнийхнийг нь инээж угтан, инээмсэглэн үдэх бөлгөө. Харин эмнэлгийн хаалгаар гаруутаа л “Даанчдээ, яах билээ, яагаад бид хоёрт ийм зүйл тохиолдож байгаа юм бэ, энэ хүнийг яаж босгож ирэх вэ” гэж нурна. Гэвч босгоод ирнэ гэдэг итгэл нь хаачих билээ.

Тэр өдөр. Хагалгаа эхэллээ. Хэдэн цагийн ч хүнд хагалгаа болсныг бүү мэд. Чимээ аниргүйд гав ганцаар л нөхрөө хүлээн сууна. “Даанч яавдаа. Яагаад муу зүйл тохиолдов. Энэ хүртэл сумогийн ёс жаягийг нэгийг нь ч зөрчилгүй, эмзэг ариун байдлыг нь сэвтээхгүй гэж даруу төлөв, аль л юмны хойно нуугдаж, хойш нэг алхаж амьдарч ирсэн юмсан. Эхнэр хүний хувьд ч чимээгүйхэн түшээд л, чимэг нь болж, олны нүд хэл амаар “сэвтчихвий” гэж хааж нуусаар өдийг хүргэсэн юмсан. Гэсэнчиг л гэмтчихдэг юм байна шүү дээ. Ёс журмаар нь яваад ч муу юм үзэхдээ тулвал адилхан үзэх л юм байна...

Тэгвэл би өнөөдрөөс өөрийнхөөрөө амьдарна. Муу юм ирээд наалдчих вий гэж бөөцийлөн хайрлаж байсан тэр сүсэг бишрэлээсээ би л хувьдаа ангижирна. Өөрөө, өөрсдөө л хүчтэй байя. Амьдарвал амьдарсан шиг амьдаръя, асвал ассан шиг л асъя. Тодоо Нараа хоёр үүнээс хойш өөрсдийнхөө амьдралыг олноос нууж хаах биш ил байя, тод байя, бүү санаа зов, юунд ч битгий авт!” гэж тэр өөртөө амлав.

Хагалгаа амжилттай болж, удалгүй Азүмарюү байнгын хэвтээ байснаа босож суухтайгаа боллоо. Суусан хүн чинь тэргэнцэртэй болж, тэргэнцэр дээрээсээ бослоо. Босохдоо суга таягтай алхдаг болов. Суга таягныхаа нэгийг нь удалгүй хэрэглээнээс гаргаж, нөгөө талдаа энхрий турьхан биетэй жаахан эхнэрээ түшиг болгон алхана. Энгийн үед энэ бүсгүйг нэг гар дээрээ ч өлхөн өргөчихдөг хүчтэн атал өнөөдөр тэр түүнгүйгээр алхаж ч чадахгүй байх нь хоржоонтой. Өвдөлт шаналал дуусахгүй ч “Хөөх миний хайр ямар мундаг юм бэ, одоо эндээс тэр хүртэл алхаад үзье” гэж амралт өгөх янзгүй хөөрөн баясах эхнэрээ хараад эндээс тэр хүртэл хэдэн ч удаа алхсан юм бүү мэд. Тэр хоёр коридорт нааш цааш алхаж өнжинө. Дараа нэг өдөр Нарааг ирэхэд нь харин  “Өнөөдрөөс эхлээд таяггүй, хоёр хөлөөрөө алхана гэнэ ээ” гэж итгэж ядсаар угтав. Анх танилцсан өдөр санамсаргүй хойноос нь мөргөчхөөд уучлалт гуйхаар дээш харвал эгээ л хана хэрэм шиг ханхайж байсан тэр залуугийнхаа хоёр гарыг нь чанга атган зогсох Нараа. Хүү, охин хоёроо хөлд оруулж байсан шиг гараас нь атгаад зөөлөн зөөлнөөр өөр рүүгээ алхуулна. Нэг, хоёр, нэг хоёр. “Хөөх би чамайг хөлд оруулчихлаа”

Дэд хэсэг. Хөлтэйгөө үлдсэн ч барилдах гэдэг нэг хэрэг.

Есдүгээр сарын барилдаан эхлүүт л нөхөр нь гэгэлзээд эхлэхийг анзаарав. Хойлогны мах, хонины махаар босгоод ирнэ гэсэн итгэл алдраагүй хэвээр. Бэртэлтэй хөлөндөө боолттой, шархыг нь 40 гаруй төмөр хавчаараар үдчихсэн байх. Өдөр бүр сэргээн засах эмчилгээнд явж, дасгал хийх авч гэмтэлтэй хөлний булчин шолбойж, сулбайжээ. Гэсэн ч Азүмарюү 11 дүгээр сарын барилдаанд гарна гэдэгтээ итгэлтэй байлаа. Дэвжээнийхээ багшид хүсэлтээ уламжилбал татгалзсан хариу дорхноо ирэв. “Хэрэв одоо л буцаж орохгүй бол барилдааны сэтгэлзүй улам муудна. Сайхан урласан биеэс гадна, сайн бэлтгэгдсэн сэтгэлзүй хамт барилдах бишүү. Хад чулуу шиг хатуу биесээр өдөрт хэдэн зуун удаа учрах тулаан, хүчтэй мөргөлдөөнийг сөрөх сэтгэлзүйгээс улам алсраад байж чадахгүй” гэж тэр багшдаа тайлбарлажээ. Үнэн мөн. Гэвч үүний цаана мөнөөх л хүний амьдрал, цалингүй болвол... гэх айдас байгааг нуух юусан.

Нөгөө талаас Азүмарюүг бэртэл авсны дараа спортын сэтгүүлчид ч, холбооныхон ч энэ бөх ахин барилдахгүй гэдэгт бүрэн дүүрэн итгэчихсэн байлаа. Гэмтэл авах үеийн нүд хальтрам агшны зургийг “Баруунаар ч барилддаг, зүүнээрээ ч тонгорч чаддаг авьяастай хүүгийн карьер харамсалтайгаар дууслаа” гэх агуулгаар нийтлэгдэж байсан хойно. Гэтэл нөгөө бөх нь ганц башё өнжөөд буцаад ирчихнэ гэж хэн санах билээ. “Ядаж жил амраа, тэгэхгүй бол энэ хүн чинь ахиад гэмтчихвэл явж ч чадахгүй болчих бишүү” гэсэн байр суурь холбооноос илэрхийлэв. Багш шахалтанд орохдоо Азүмарюүгийн мэс заслын эмч рүү холбогдвол “Болно” гэж итгэлтэй хариулав. Эмчийн үгийг багш хэрхэн давах билээ.

...

Намар сэрүү орж, арваннэгдүгээр сарын башё ч мөн ид үргэлжлэх авай. Дохё дээрээ гарч, ахин барилдах нь зүүд шахуу болсон байсан ч Азүмарюү гурван даваа гурван унаатай барилдааныг хөтөлнө. Нараа гэртээ сүүгээр өргөл өргөж, арцаа уугиулан залбирна. Зургаа л давчихвал зиндаандаа үлдэж, амьдрал хэвэндээ үлдэнэ гэж байхад сумогийн холбооноос “Энэ хүнийг амраа” гэх сануулга ахин ирэв. Энэ үед нь бямба, ням гарагууд таарсан тул амраадаг байлаа ч эмчийн магадлангаар л амрах эрх нь үүсдэг тул эмч нарыг даваа гарагт орж ирэхийг нь хүлээх л болно. Бичиг гарч ирэхийг хүлээх зуур Азүмарюү бямба, нямын барилдаанд ахин нэг давж, үлдсэн долоон өдрийн барилдаанд хоёр давах нь гарцаагүй тул зиндаадаа үлдэх нь баараггүй боллоо.

...

Арванхоёрдугаар сар. Шинэ жил дөхөж байхад Монгол бөхчүүд улирч буй жилийнхээ амжилт оноог дүгнэхээр уламжлал ёсоор цуглан суух болов. Хамт олноосоо олон сар холдож, эмнэлэг гэрийн хооронд жим гартал, цуцтал алхсан нөхрөө хүн хөл тасардаггүй Роппонги гудманд хүргэж өгөөд гэрийн зүг жолоон эргүүлээ. Шинэ жил нь дуусах үест утас цохих тул чимээ хүлээнгээ Нараа өнгөрснөө бодолхийлэн хэвтэнэ. Сумоч нар нийтийн тээврээр явах, өөрөө машин барих нь дүрмэнд хориотойн учир сумогийн эхнэрүүд ихэвчлэн том том машин хөлөглөн, нөхрөө ажилд нь хүргэж өгөх, тосох ажлыг хариуцах нь элбэг. Япон таксинууд өртөг өндөртэйгөөрөө алдартай тул мөнгөө хэмнэх гэж ийн утас чагнан байх аж.

Шөнийн 1 цагийн үед рестораных нь гадаа дуудлагын дагуу ирлээ. Утас хангинав.

-Хайраа чамайг ороод ир гэж байна

-Юу гэж байгаа юм бэ, би хар шөнөөр гэрийнхээ хувцастай, нүүр царай ийм, навсайсан хүн олон бөхчүүд дээр ёстой явж орохгүй. Ичиж байна.

-Чамайг л оруулж ир гэлээ.

...

Нүүр царайгаа нууж хаах нь холгүй, ичиж улайсан хүн үүдээр шагайвал “Өө манай бэр ороод ирлээ” гэж аварга, арслангууд хоймроос шуугилдав. Үүднээс эхлээд бүгд мэндчилэн, гар барьж, зарим нь бүр чанга тэвэрч, үнсэж орхив. Юу болоод байгааг ойлгосонгүй. “Дээшээгээ, дээшээгээ” гэсээр нэг мэдэхнээ аварга арслангуудын дэргэд ирчихэв. “Бэрдээ шинэ оргилуун дарс задлан барья. Маш их баярлалаа. Бид нар адилхан сумочид, энэ ертөнцийн зовлон жаргалыг бүгдийг мэдэж, ойлгож байгаа. Өнгөрсөнд болсон энэ хэцүү зүйлийг Тодоо ганцаараа давж гарах хэцүү, ард нь чи байсныг бид мэднэ. Тодоогоороо бахархаж байна, хамгийн гол нь түүнийг буцаж авчирсан бэрдээ бас талархаж байна”

Энэ үгийг нь сонсоод гэнэт сэхээ авсан шиг юу туулснаа сая нэг ухаарав. Нулимс нь юу юугүй бөмбөрөөд эхэлсэнд эхлээд гайхсанаа удалгүй ойлгох шиг болов. Толгойг нь илээд “Хэцүү цаг үеийг туулж байна даа” гэж өрөвдөн хайрлах хүнгүй болохоор буцах тухай бодох ч эрхгүй, хар эрчээрээ урагш зүтгэсээр ард нь гарчихаж. Нөхрийнхөө унаж байгааг нь анх харахдаа нэг уйлснаас хойш өнөөдрийг хүртэл ахиж нэг ч нулимс унагаагүйгээ ч сая саналаа. Эгээ л аавдаа, ахдаа эрхэлж байх шиг дотроо онгойтол уйллаа. 

Тэр өдөр залуу бөхчүүд Азүмарюүг унасны дараа шоконд орсноос барилдааны сэтгэлзүй нь навс унасан аж. Дэвжээ рүү “Өө зүгээр гарчихъя гарчихъя” гэсэн сэтгэлзүйгээр л гарч байсан гэлцэх. Барилдаандаа төвлөрч чадахгүй, дэвжээний хажууд хэвтэх дүр зураг нь төсөөлөгдөхөд нүд нь харанхуйлж, дэвжээнээс үсрээд л гараад байсан гэж ярьжээ. Аргагүй бөхчүүдийн зүрхэнд шар ус хуруулсан, сүмогийн түүхэнд үзэгдэж харагдаагүй хүнд бэртэл байж дээ.

ХУРИМ

Дэвжээний багшдаа олон сар нуусан үнэнээ хэлэхээр хулган байсан Азүмарюү нэг л өдөр тойрч зугтахын оронд тулж суугаад бүх үнэнээ дэлгэн бөхийв. “Би гэр бүлтэй” гэж. “За гэр бүлтэй юм байж. Одоо дээд зиндааны бөх болчихсон юм чинь хуримыг чинь хийх үү дээ” гэж багш нь ам нээснээс хойш удалгүй тэр хүнд бэртэл авсан юм. Гэвч дэвжээндээ эргэн ирснээс нь хойш энэ яриа ахин сөхөгдсөнгүй 10 жил өнгөрлөө. Нээрэн ч одоо хурим хийгээд яах билээ, 35 нас хүрчихлээ, хурим хийвч хэн хэн нь хажуудаа суулгах ижий аав байхгүй, харуулах хүн ч үгүй, орчлонд хоёр биенээ л түшиж явах учиртай санж.

Хурим гэдэг үгийг сэтгэлдээ цээрлэчихсэн ч шиг, хэн хэндээ ам нээж чадахгүй тийм нэг хөндүүр мэдрэмж ч тэдний зүрхний мухарт бий. Хурим хийнэ гэж дэгэж дэрвэж явсан өдрүүд ч тэдэнд бий. Гэвч хуримын өдөр нь хагацлын өдрөөр солигдсон болохоор энэ үг тэдэнд уйтай.

Нараа гурав дахь хүүхдээ тээж байхад нь хадам аав нь монголд элэгний хорт хавдрын онош сонсжээ. Тэдэнд үлдсэн ганц аавыгаа японд аваад ирвэл эмчилчих ч юм шиг найдвар хаачих билээ. Азүмарюү аавыгаа монголоос авч ирэхээр дэвжээний багшаас чөлөө хүссэн боловч гурав хоногоос хэтрүүлэхгүй байх хатуухан сануулгатай богино чөлөө өгөв. Авч ирлээ гэхэд буцаад л бэлтгэл, барилдаандаа орно. Эцэг эх нь үхэл амьдралын зааг дээр байхад ч эмнэлэг домлогоор гараас нь хөтлөөд явах эрх үгүй тийм хатуу ертөнц бол сумогийнх. “Дүрэм бол дүрэм. Тойргийн барилдаанд гарах ёстой. Тиймээс аавыгаа Токиод үлдээгээд өөр хот руу явах л болно”.

...

Тулгар биетэй Нараа аавыгаа хөтлөн эмнэлгээр явсаар элэгний хорт хавдар 12 см, сүүлийн шатандаа орсон гэх онош дуулцгаалаа. Эмч нар бүгд л “Энэ хүнийг бушуухан эх орон руу нь буцаах хэрэгтэй байна даа” гэхээс өөрийг хэлсэнгүй. Аав амьдралынхаа сүүлийн өдрүүдийг үзэж байгаа нь энэ аж. Аавд үнэнг нь хэлсэнгүй. Бид аавдаа амжилтынхаа зах зухыг үзүүллээ, хоёр сайхан үрийнхээ зулайг үнэрлүүллээ, сайхан бүхнийг үзүүлж, сайн болгоныг барьж, дэмтэй шимтэй гэвэл л зооглуулахаас өөрөөр яаж баярлуулж болох билээ. Энэ хаврыг үзэхгүй гэж хэлсэн эмчийн үг бодогдоход сэтгэл хөндүүрлэнэ. Тэгвэл аавдаа хуримаа хийж үзүүлье. Том хүү нь ураг барилдаж, өрхөө татахыг сонсоод аав нээрэн ч хөл хөөрцөг боллоо. Нараа ч аав ээждээ үзүүлж чадаагүй хуримаа аавдаа үзүүлнэ гэж бушуухан бэлтгэл ажилдаа орж, японоос монгол руу, монголоос япон руу хуримын бэлтгэл хийхээр өдөржин утас цохих болов. Арваннэгдүгээр сарын башё дуусуут монголд хурим болохоор тохируулан бэлдчхээд, Нараа аавыгаа, хүүхдүүдээ дагуулаад монгол руу түрүүлж ухасхийлээ. Азүмарюү харин башёгоо дуусуут нисэж ирээд хуримандаа ороход л болно. Бүх зүйл жин тан, аавын бие ч дориун, хүүгийнхээ хуримыг үзэхээр дээл бүсээ базаана.

Харамсалтай нь. Хэдхэн өдөр хожимдсон юм. Аав хуримаа үзэж чадсангүй. Хурим болох байсан өдрөө тэд аавыгаа хөдөөлүүлэхээр алхаж явлаа. Тийм болохоор л өнгөрсөн арван жил тэд энэ үгийг амнаасаа унагаж чадалгүй, сэтгэлийнхээ мухрын мухарт боож баглаад нуучихсан байсан билээ. Үр хүүхдүүд өсөж өндийхийн хэрээр харин одоо тэд “Үзүүлэх хүн байхгүй биш харин үр хүүхдүүддээ үзүүлэх ёстой юм байна. Ээж ааваараа бахархаж, сайхан гэр бүл зохиох дараагийн замыг нь засах ёстой” гэж зоригтой шийдэн, 35 насандаа ураг барилдан хайраа бататгасан аж.

Нэг ч хар толбогүй цасан цагаан “Ширануки”-г зэхсэн сүйт бүсгүй ёслолын танхимд орж ирлээ. Цэвэр ариун байх хийгээд, өнгөрсний хар барааныг арилгаж шинэ амьдрал руу алхан орох сүсэг, өөрийн ариун байдлаар гэр бүлээ ч мөн босгон бүтээх эхлэл болох аж. Дээш өргөссөн цагаан малгай нь нарийн хийцтэй авч гоёл чимэглэл нэгээхэн ч үгүй байх нь гоё сайхан байхаас илүү даруу төлөв, зөөлөн намбатай байхыг илэрхийлмүй. Бусдаас онцгойрон дөвийх бус малгай шигээ эрхэм, энгийн, анхаарал үл татам хийгээд бат бөх байх нь японы уламжлал заншлын гоо үзэсгэлэнгийн хэмжүүр байх авай. Өд шиг хөнгөн мэт авч даахад бэрх ёс заншлыг нь тэргүүндээ залаад, япон дэгээр ёслоцгоосон авч хэнээс ч үл эмээж, хэнээс ч үл нуугдаж, өөрийнхөөрөө бүхнийг шийдэж, тод, бүр илүү тод гялалзах монгол бүсгүйн хувцастайгаа хуримаа өндөрлүүлсэн билээ.

Тэднийг ээж аав нар нь тэнгэрээс харж бахархсан нь гарцаагүй.

НУУСАН ГЭР БҮЛ

Доод зиндааны бөх гэдэг гэр бүлээ тэжээх нь бүү хэл өөрийгөө ч авч явах чадваргүй гэж үзэх тул сумогийн ертөнцөд хориотой. Гэр бүл зохиох болоогүй тул бүгд дэвжээндээ байрлан амьдарч, бүх хүч сэтгэлээ бэлтгэл сургуулилтад төвлөрүүлнэ. Гэвч Азүмарюү хэдийнэ хэлж үл болом нууцыг тээсэн байсан нь бие давхар эхнэр, нялх охинтойгоо түрээсийн байранд гал голомтоо бадраасан явдал байв.

2011 оны гуравдугаар сарын 18-ны 14 цаг 46 минут. Япон улсад 9,0 магнитудын хүчтэй буюу урьд хожид байгаагүйгээр газар хөдөлж, далайн дор хөрсний нуралт үүссэнээс цүнамигийн өндөр зэрэглэлт аюулын дохио татав. Удалгүй 20-30 метрийн өндөртэй цүнами хот руу түрж, 10 км гаруй бүс нутгийг хамарснаас олон мянган хүн амь насаа алдсан билээ. Улс орны гашуудлын нулимс хатаж амжаагүй байтал Фүкүшимагийн нэгдүгээр атомын станц осолдсон аймшигт мэдээ шил даран дуулдаж, хорт бодис алдсан байх вий гэж улс орон даяар түгшүүрт автсан өдрүүд үргэлжилнэ.

Энэ үед Нараа дунд хүүгээ тээгээд удаагүй байв. Хүн бүр эх орон руугаа буцахаар нислэг хүлээж байсан энэ үед сумочдыг эх орноо орхин гарахыг хориглов. Гадаад бөхчүүд ч мөн японыг орхих хориотой. Эх орныхоо хамгийн хэцүү үед ард түмнийхээ сэтгэл санааг өргөж, итгэл найдвар нь болох үүрэг сумочдынх. Хэвлийд бойжиж буй хүүгээ бодож тэд төвхнөж эхэлж байсан түрээсийн байраа, танилцаж мэдэлцэж эхэлж байсан сайн муу бүхнээ орхиод хоёр тийш салах боллоо.

“Салъя гэж салсангүй, салаа замын эрхээр саллаа даа, хайрт чи минь”.

...

Газар хөдлөлтөөс сар гаруйн дараа, дөрөвдүгээр сард Нараа эр нөхрөө японд үлдээгээд нутаг буцаж буй нь энэ юм.  Монголд очсоноос хойш хоёр талд бие биенээ санагалзаж, Нараа ядаж л үр хүүхдүүдтэйгээ байгаа учир дөмөгхөн товхиноод авав. Азүмарюү харин тэгж чадсангүй. Хэдхэн хоног ч атугай эх орон, эхнэр хүүхдүүд дээрээ очоод буцахыг хүсэх авч холбооноос зөвшөөрөхгүйн зовлон. Тэднийг явснаас хойш гурван сарын дараа бэтгэрч гүйцсэн нь илт. Долдугаар сарын башёг дуусгачхаад “Та хэдгүйгээр амьдарч чадахгүй юм байна аа, нойр ч хүрэхээ болилоо, би ер нь сумогоо болиод та хэд дээрээ очоод сайхан амьдарцгаавал яадаг юм бэ” гэж.  Энгийн үед ч ядарч унамаар өдөр бүрийн хүнд бэлтгэлийг урьд хожид байгаагүй хатуу дэг журам дор хийх, атомын станцаас үүдсэн хорт хийн айдас түгшүүр, түүнийг дагасан хорио цээрүүд, холбооны шахалт дарамтууд, хамгийн гол нь хайртай хүмүүс нь хол. Азүмарюү бүх хүчээ шавхан хүнд бэлтгэлүүдийн ард гарах авч нойр огт авч чадахаа байжээ, унтаж амрахгүй болохоор хүч гарахгүй, хүч гарахгүй хүн амжилт гаргахгүй, амжилт гаргахгүй бол өөртөө итгэх итгэлээ гээх нь жам ёсных. Ингэж тэгж аргацааж явсаар ашгүй наймдугаар сард Монголд хэдхэн хоног үдлээд буцах боломж гарав.

Нараа энэ богинохон хугацаанд нөхрийнхөө сэтгэл санааг тогтворжуулах ёстойгоо бүрэн дүүрэн ойлгож, мэдэрч байв. Ирсэн даруйд нь л уужим талаа зорьж, хорвоо дэлхий ямархан уудам болохыг нь эргэн сануулжээ. Цээжээ дүүртэл, самсаагаа шархиртал салхиар нь тэжээгдэв. Эзгүй талд эзэнгүй салхины нэг хэсэг нь болох шиг эрх чөлөөтэй дураараа омголон болохыг нь мэдрүүлнэ. “Хайрт минь ээ, юмыг дуусгах амархан бишүү, хэзээ ч дуусгачихаж болно. Гэтэл эхлүүлэх гэдэг хэцүү. Ахлах сургуулиасаа өдийг хүртэл юуны тулд барилдсан билээ. Жаахан л хичээчихвэл дээд зиндаанд орох боломж чамд байгаа. Бид гурав дээр ирж амьдарна гэхэд чинь үнэхээр талархаж байна. Гэвч хийж байгаа зүйлийнхээ эцсийг үзээгүй хүн хожим “Жаахан л тэсчихгүй яав даа” гэж харуусах нь гарцаагүй.  Хайр нь сайхан үрээ төрүүлээд байж байя, чи жаахан л хичээчих”.

...

Азүмарюүгийн утас хангинаж, аавынхаа залгамж халаа болсон нуган үр нь мэндэлсэн баярт мэдээ ирэв. Утасны цаанаас дөнгөж төрсөн нялх үрээ харчхаад “Хүүтэй боллоо” гэж орчлонг цуурайттал орилмоор боловч хэнд ч хэлж чадахгүйн гачланг яах билээ. Нараа Эх нялхасын үндэсний төвд энх мэнд амаржжээ. Үүнээс хойш долоон сар өнгөрөв. Японд ч байдал намжиж, тогтворжих төлөвтэй. Гэвч Азүмарюү өдгөө ч доод зиндаанд байх тул гэр бүлийн виз гарахгүй. Эхнэр хүүхдүүдээ дэргэдээ авч чадахгүй хэвээр. Доод зиндааны бөх гэр бүлтэй байж болохгүй тул гэр бүлийн виз ч мэдүүлэх эрх үгүй ээ.

Санаж бэтгэрсэн улс арга барахдаа аялалын виз ч мэдүүлж үзэв. “Хамт амьдрана гэдэг ийм хэцүү юм гэж үү”. Аав нь хүүхдүүдтэйгээ, хүүхдүүд нь аавтайгаа, эхнэр нь нөхөртэйгөө, нөхөр нь эхнэртэйгээ л хамт байхыг хүссэн. Атал болохгүй, бүтэхгүй, хориотой, цээртэйн гачлан.

...

Хэсэг хугацааны дараа аялалын виз гурван сараар гарч, ашгүй тэд халуун ам бүлээр нэгэн дээвэр дор цуглацгааж авав. Аав нь анх удаа хүүгийнхээ нялх үнэрийг үнэрлэж, ханхар цээжиндээ тэвэрч үзлээ. Тэр гурвыгаа ирнэ гэж хотын төвдөө тохитой байр олж түрээслээд, бэлтгэлийн завсраар ирж очиж ногоо цагаа, хөнжил гудас зөөсөөр товхинуулаад авав. Ирэх өдрийнх нь өмнө шалаа мөлхөж нэг, тонгойж нэг, тонголзож нэг угаасаар гял цял болгоод сая нэг санаа амрав. Санаа амрав уу гэтэл бас үгүй ээ.

Эхнэр хүүхдүүд нь дэргэд нь ирчхээд байхад ч Азүмарюүгийн сэтгэл тогтохгүй, яарсаар байгааг Нараа анзаарав. Дөрвүүлээ болоод хариуцлага улам ихсэж гэдгийг эр нөхөр нь ухамсарлаж байгааг ч гадарлаж байлаа. Өдөр өдрөөр хоргодож байгаа гурван сарын аялалын виз дуусахаас өмнө дээд зиндаанд орж чадахгүй бол ахиад л амьдын хагацал үзэж, ганьхарч гансарсан өдрүүдийг туулна гэхээс тэсэхүйеэ бэрх. Гэвч дээд зиндаанд орох гэдэг тийм хялбархан даваа юу гэвэл бас үгүй ээ.

Энэ хугацаанд нөхөр нь гэртээ хонох, эхнэр нь ч дэвжээн дээр нь очих эрхгүй. Эрхгүй бүү хэл энэ залуухан ирээдүйтэй бөхийн ард гурвын гурван хүний нүд бүлтийтэл хүлээж суудаг, үгүй ер оршин байхыг нь ч мэдэхгүй. Гадуур ч хамаагүй хамт явж үзэгдэж харагдаж болохгүйн зовлон. Арай ядан гэр бүлээрээ гадуур хоол идвэл 9 цаг өнгөрөө л бол “За хайр нь одоо дэвжээ рүүгээ явахгүй бол горьгүй, одоо хаалгаа барилаа” гэсээр явж одно. Орой болоход Нараа хоёр хүүхдээ дагуулаад ганцаараа гэрийн зүг алхана. Хааяа “Чи хоноод яваач дээ” гэж уйлах, гуйхын завсарт зөвшөөрүүлж чадлаа ч өглөө зургаан цаг гэхэд л хаалга гаднаас хаах чимээнээр нойрноосоо сэрэх билээ. Доод зиндааны бөх тэнээд, гадуур хоноглоод, ёс дүрмээ сахихгүй байх нь яаж ч сайн байх билээ. 

Ингэж явсаар 11 дүгээр сарын башё эхлэхээс хэдхэн хоногийн өмнө визний хугацаа дуусах болов. Азүмарюү кимоногоо зэхэж, Нараа хүүгээ тэргэнд нь суулгаад гурвуул Цагаачлалын товчоог зүглэцгээв. Хаанаас нь ч харсан сумо хүн эхнэр хүүхдээ дагуулаад албан ажилтан дээр явж очоод шууд л “Гурван сарын виз дуусах гээд байна. Би гэр бүлийнхэнтэйгээ хамт баймаар байна” гэж шийдмэг дуугарав. Цагаачлалын товчооны ажилтан нэг том харснаа “Яана аа, тэгмээр л байна л даа, гэхдээ та аль зиндаанд байгаа билээ, ийм зиндаанд байгаа хүнд виз сунгадаггүй юмаа” гэж ёсыг барин намдуу хариулав. “Би одоо Макүшитагийн Жои* зэрэглэл дээр байгаа. Хэрэв 11 дүгээр сарын барилдаанд дөрөв л давчих юм бол дээд зиндаанд орж цолтой болно, дараагийн сард би заавал гарна, энэ удаа л сунгаад өгчих, гуйж байна” гэж ахин зоримогоор шамдууллаа.

...

Азүмарюүг дээд зиндаанд орсныг тэмдэглэх цолны мялаалга, найрын зар Монголоор ч тэр, Японоор ч нэг тарав. Монголоос ахан дүүс, аав нь ирж мялаах найранд нь хамт явцгаана. Харин Нараа эр нөхрөө гэрээсээ үдэн ард нь хоцорлоо. Би энэ хүнтэй зовлон жаргалаа түшилцэж өдийг хүрсэн байтал анх удаа үсээ чёнмагэ болгож, анх удаа хүндэтгэлийн кимоногоо өмсөх тэр торгон мөчид нь хамт байх эрхгүй байх нь юуны учир вэ. Хүүхдүүдээ цэцэг шиг гоёод, өөрөө ч сайхан болоод хань ижлийнхээ хажууд бахархан зогсох сон гэж бодоход дотор нь хоосорчих шиг.

“Гэвч сумогийн ертөнц хатуу. Усыг нь уусан юм бол дэг ёсыг нь дагах л болно. Гэр бүлтэй гэдгээ нуусан бол хариуцлагыг нь ч бид өөрсдөө үүрэх нь зүйн хэрэг бишүү”.

Тэр орой нь харин цолны мялаалгаас хөл нь газар хүрэхгүй, баярлаж, бахархаж ирсэн аав нь бэрийнхээ чихэнд “Аав нь охиндоо үнэхээр их баярлалаа. Хүүгээрээ бахархаж, охиндоо баярласан өдөр байлаа” хэмээсэнд яагаад ч юм шиг сэтгэл нь уужирч онгойх шиг болов.

Өнгөрсөн арваннэгдүгээр дүгээр сарын Кюүшюүгийн барилдаанд Азүмарюү үнэхээр л зургаан даваа нэг унаатайгаар шууд дээд зиндаанд дэвшжээ. Арванхоёрдугаар сард гэртээ ирсэн даруйд ахин Цагаачлалын албан дээр очиж нэр төртэйгөөр гэр бүлийн визээ даруулж авсан нь хожим мартагдахгүй дурсамж. Амжилт гаргахын цаана Азүмарюүд хариуцлага, хамтдаа байя гэсэн хүсэл шатаж байсан нь энэ буюу. Анх л хамт амьдарч болох эсэхтээ эргэлзэн байхад “Би энэ амьдралыг авч явна, амлалтандаа хүрнэ” гэсэн. Үнэхээр л тэр амлалтандаа хүрлээ.

ЧИНИЙ ГЭСЭН БҮХНИЙГ ХАЙРЛАНА

Нараа Японд ирж нэг жил ажиллаад нутаг буцахаар шийдсэн байв. Гэвч Тодоо сэтгэлтэй болсноо үе үе илчлэх болж, найз нөхдийнх гэж бодож эхлүүлсэн харилцаа нь санаанаас нь өөрөөр эргэсэнд зовних болов. Энэ амьдралдаа эр хүн оруулах эрхгүй гэж өөртөө өндөр босго тавьсан болохоор сэтгэл түгжээтэй хэвээр. Зургаан сар гадуур, зургаан сар Токиод байдаг энэ ирээдүйтэй залуу бөхийн ид өсөх үед би ч юусан билээ. Токиод ирэхэд нь үе үе уулзаж, сумо хүнтэй яг адилхан завилж суугаад яг адилхан идэхдээ инээлдэж, хүний нутагт эх орон, ээж ааваа санасан сэтгэлээ дэвтээж, жаргал зовлонгоо хуваалцдаг найз минь гэж бодож явсан. Эелдэг даруу, эрхэмсэг, энхрийн ялдам байдал надад үгүй атал “Би чамд сайн болчихлоо” гэх нь юун. Хамт амьдардаг охид зарим нь “Чи хүний сайхан хүүд байгаа байдлаа үнэнээр нь хэлэхгүй хуураад байна”, “Чи хүнийг хуурч тоглоод хаях гэж байгаа хэрэг үү” гэж хэлэхэд нь үнэндээ “Би амьдрал зохионо гэж бодоогүй хүндээ яагаад бүх амьдралаа тоочих ёстой юм бэ” гэж шазуур зууна. “Гэхдээ өөр хүнээс сонсож байхаар надаас л сонсог” .  

...

Товлосон цагтаа явж очвол Тодоо инээмсэглэн угтав. Тодоод үнэнийг хэлэхээр шийдсэнээс хойш башё дуусах, Токиод ирэхийг нь хүлээсээр багагүй хугацаа өнгөрчээ. Тойрч зугтаад байсан хүн нь гэнэт л уулзахаар дуудсанд баярлаж гайхах зэрэгцсэн нь лавтай.

“Ээжийгээ алдснаас хойш би хүнтэй сууж хувийн амьдрал хөөхийн оронд ард үлдсэн амьдралаа тэгшлэх ёстой гэж шийдсэн. Нөхөр сүүдэр гэдэг зүйл надад байж болохгүй, уучлаарай. Чиний амьдрал энд шинээр эхэлж байна, харин би энэ амьдралыг нуруун дээрээ үүрч яваа хүн. Тиймээс би чамайг чөлөөлж байна. Үүнээс хойш хоёул удах тусам, ойр дотно болвол бүр ч хэцүү болох учир зайгаа аваад, энд зогсооё. Чамд дасах гээд байна, чамайг ярихыг үгүйлдэг болох гээд байна” гэж нэг амьсгаагаар урсгаж орхив. Энэ үед Нараагийн зүрхийг юу тэгтлээ өвтгөж байсныг хэн мэдэх билээ. Нараа Тодоодоо энэ амьдралд туулсан бүхнээ нэгд нэгэнгүй өгүүлэв.

...

Түлхээд байхад наашлаад байгаа энэ хүнийг би яах вэ? Бодох тусам бодлынхоо гүн рүү улам уруудах шиг болно. Тэр өдөр галт тэрэгний буудлаас салахад уруу царайлчихсан зогсож байсан тэр хүн. Ахиж залгах болов уу?

Дуртай үедээ дохиод л хоёр, гурван цагаар элдвийг ярилцдаг байсан түүний орон зай хоосорчихож. Хүн л юм хойно дасчихсан байснаа хүлээн зөвшөөрч болох болов уу, би. Анх караокед харж, араас нь мөргөчхөөд уучлалт гуйхаар өндийвөл хана хэрэм шиг ханхайсан залуу зогсож байсан тэр мөч, хамтад нь дуулуулах гэж үеийн нөхөд нь шахахад сандарч тэвдэхдээ солгойрч буруу дуулсан тэр том залуу. Одоо дотно дулаан санагдана. Гэлээ гэхдээ хэдхэн хоног тэсчихвэл л болно, энэ л зөв шийдвэр гэж өөртөө хэдэн зуун удаа давтан давтсаныг бүү мэд.

...

Яг гурав хоногийн дараа Тодоогоос мэйл иржээ. Удахгүй Токиод очих тул уулзах цаг асуусан байв. Яах гэж байгаа бол гэхээс айж, гайхахын зэрэгцээ сэтгэлийнх нь мухарт өөрөөсөө ч нууж, хаасан найдлагын оч нь үе үе манасхийх нь гайхалтай.

Тодоо Нараагийн урдаас харж суугаад удаанаар “Би гурав хоног бодоод шийдвэрээ гаргаад ирлээ. Би чамд “Хайртай, хайртай” гэчхээд чиний хайртай болгоныг чинь хайрлаж чадахгүй бол “Би чамд хайртай” гэсэн нь худлаа юм бишүү. Хайрлах болохоор минийх болооч. Хэн юу гэх нь хамаагүй. Би энэ амьдралыг авч явна, амлалтаа биелүүлнэ” гэж зоримог шулуун дуугарав.

ЯПОНЫГ ЗОРЬСОН НЬ

“Босоорой босоорой” гэх дуунаар нойрмог хүн машинаас дуртай дургүй буувал эгээ л тэнгэрийн орон гэлтэй, эгц урд нь Фүжи уулын цасан оройд наран гялбалзан гялтаганаж, орчныхоо өнгийг өөртөө уусган тэврэх шиг чимээгүй дүнхийх аж. Энэ их талын дунд ганц агуа хайрхан. Тийм төгс, тийм сүрдэм мэдрэмжийг анх удаа авав. Нараагийн нүднээс нулимс өөрийн эрхгүй бөмбөрөхөд нь хамт явсан танил нөхдөөсөө зовнихдоо буруу харан арчмар болов. Сар гаруйн өмнө японд ажиллахаар ирчхээд Токиогийн төвийн зай завсар муутайхан шамбааралдсан барилгууд, хөндлөн гулд урсан өнгөрөх хүмүүсийн урсгал, хүнд хиймэл гэрлүүд, өндөр барилгуудын шилэн фасаданд үе үе тусаж харагдах нарны шууд тусгалд тэр хэдийнэ давчдаад эхэлчихсэн байж. Уул ус харж, захгүй талд хөл нүцгэн гүйж өссөн хүүхэд болохоор аргагүй аав ээж, эх орноо санасан нь энэ. Тэр дороо хоёр гараа хавсраад “Хайрхан минь миний хүслийг биелүүлж, намайг зоригтой хүчтэй байлгаж өгөөрэй, намайг хөлөө олоход минь туслаарай” гэж охин залбирав.

Тэр өдөржин Нараа хамт ажиллагсадтайгаа Фүжигийн энгэрт орших "Фүжи-Q Хайленд"-д буцаад хүүхэд ч болчихсон шиг хөөрөн тоглоцгоов. Нээрэн хэзээ ингэж өөрийгөө залуухан охин, айлын охин хүүхэд шиг мэдэрч үзлээ.

Өдрийн гурван цагийн үед тэд амсхийх болов. Токиогоос Фүжи хүртэл шөнөжин машинд сэгсрүүлж, өглөөжин тоглосон, өчнөөн хоног ажилласан алжаалаа тайлах юм хум болцгоож халуун рашаанд хуваагдан орцгоолоо. Одоо хоёр цаг унтаад Фүжигээс буцаад Токио руу хөдөлнө. Амралтын газрын тохитой сандлууд дээр тэд толгой тавиад нам унтацгаав. Ахиад л “Босоорой, босоорой” гэх дуунаар чадан ядан өндийцгөөвөл хоёр бүү хэл, дөрвөн ч цаг унтацгаачихсан бололтой. Гадаа харуй нөмрөн авсан бололтой, дотор гэрлүүд асаж оройн аниргүйд автжээ. Энд тэнд хүмүүс ямар нэгэн ноцтой зүйл ярилцах шиг шивэр авир хийлцэх нь ямар нэгэн зүйл буруугаар эргэсний дохио. Бушуухан гутлаа углаад хаалга руу гүйн харвал. Өглөө алтан өнгөөр гялалзаж байсан эргэн тойрон цагаан өнгөөр хучигджээ. Нараа ийм өндөр, хунгар цасыг анх удаа харж байгаа нь энэ юм. Цас аюултай хэмжээнд орсон учир бүх автомашин, автобус, метро, галт тэрэгний хөдөлгөөн хоригдож, тэндэхийн хүмүүс эгээ л “Цасан тосгон”-ы оршин суугчид шиг эндээ тасран үлджээ. Нараад яг л цасан өнгөт үлгэрийн ертөнцөд ирчихсэн мэт санагдав. Зүүд биш байгаадаа.

Фүжи рүү ирэхийн өмнө бэтгэртлээ санасан ээж нь гэнэт л толгойг нь илээд сэрээсэн нь угтаа зүүд байсан билээ. “Ээжээ та хаана байсан юм бэ, таныг зөндөө хайсан шүү дээ” гэвэл “Ээж нь дүү дээр нь очиж санааг нь амраагаад ирлээ, одоо чам дээр ирж байна. Ээж нь харж байгаа шүү, миний охин мундаг байгаа, ахиад жаахан л хичээчих юм бол болно оо миний охин” гэж яг тулж суугаад хэлсэн нь дэндүү бодит. Босож суугаад ээжийнхээ хэлсэн үгийг цаг минуттай нь дэвтэртээ тэмдэглэн үлдээлээ.

Энэ удаа харин зүүд биш аж. Токио руу буцах ч дүүрсэн хэрэг болж, тэр оройдоо цасан ертөнцдөө ханатал тоглож өнжлөө. Тогтохгүй байсан сэтгэл тэгэхэд тогтож, дотор нь багтаж ядан байсан хүнд дараатай мэдрэмжүүд сулран унах шиг тийм гэгээн мэдрэмжид хөтлүүлэв. Фүжи хайрхан гуйлтыг нь тэр дор нь биелүүлчих шиг, өнгөрсөн таван жилд алга урвуулах шиг өөрчлөгдсөн бүх зүйлс энд ахиад алгаа урвуулах мэт болчихно гэж хэрхэн санах билээ.  

АЛГА УРВУУЛАХ МЭТ ТАВАН ЖИЛ

Тэр жилийн цагаан сар. Нараа 17 настай охин. Гэнэт л Дундговь явж, аавтайгаа сар шинэ гаргамаар байгаагаа ээждээ хэлэв. Аав ээж хоёр нь түр тусдаа амьдарч байсан үе болохоор охиныхоо шийдвэрт аав нь хөл нь газар хүрэхгүй баярлах нь гарцаагүй. Битүүний орой аавынхаа гэрийг цэвэрлэж, халуун хоол хийж, хувцас хунарыг нь угаалцав. Шинийн нэгэнд харин аавынхаа садан төрлүүдээр айлчилж, золгосоор орой болжээ. Дундговийнхоо нам гүм гудманд Нараа аавдаа хөтлүүлэн алхсан дүр зураг юутай уясам. Хол зайтай, хүч муутай шар гэрлүүдийн тусгалд аав охин хоёр амьдралын элдэв хачныг ам хуурайгүй хөөрөлдөнө. Шөнийн гэрэлд сүүдэр нь нэг наашилж, нэг цаашлах нь сонихон. 

-Миний охин хоноод явахгүй юм уу?

-Маргааш өглөө нагац ахынх руу явах болохоор...

...

Маргааш нь хажуугийн сум руу очиж шинэлчхээд буцах уртын замд “Би аавдаа гоё шинэ дээл авч өгнө, нүнжигтэй хөөрөг авч өгмөөр байна” гэж амьдралын зах зухаас дөнгөж амтлан яваа 17 наст бодно. Аав нь гундуухан харагдсан ч юм уу, амьтан хүнийг хараад атаархсан ч юмуу, аавыгаа үүнээс хойш сайхан амьдруулж, сайхан харагдуулах хүсэл нь тэгэхэд буцалж байсан гэлтэй. Харьж ирэх үед хэдийнэ харуй бүрий болжээ. Аавын гэрийг зүглэн очвол амрахаар хэвтсэн бололтой, харанхуй. “Заза маргааш ирье” гэж нагацынхаа гэрийн зүг толгой эргүүлсэн охин өглөө гэхэд өрхийг нь бүтээсэн аавынх нь гэр угтана чинээ төсөөлөхч үгүй яваа нь энэ ээ.

“Аав өөрөө эмч мэргэжилтэй, элдэв хууч өвчингүй, бие нь өвддөггүй хүн байснаа гэнэт л зүрх нь хаагдаж бурхан болчихсон нь тэр үедээ хүнд цохилт болж, хэдэн сараар эвлэрч чадахгүй уйлж, унжиж байсан санагдана. Удалгүй амьдралын урсгалд орсоор дасаж, дөжирч, бууж өгөв.

...

22 нас. Их сургуулиа төгсдөг жил ээж дүү бид хоёрыг дуудаж цайны ширээний ард нухацтай харцаар урин суулгав. “За миний хоёр охин суугаад сайн сонсоорой”. Дүү бид хоёр ээжийнхээ хоёр талд суугаад юу хэлэхийг нь сонирхон сонжино. Гэтэл.

“Ээж нь ходоодны хорт хавдартай болсон байна. Сүүлийн шат. Одоо яая гэх вэ, өнөөдөр л гурвуулаа уйлъя, маргаашнаас уйлахгүй, тэмцэнэ. Ийм зүйлийг туулахаас өөр аргагүй болжээ” гэж палхийтэл хэлээд тавьчихав. Хэдхэн секунтын өмнө л Нараа “Амьдрал жигдэрч байна” гэж бодож байсан ч ахиад л амьдралын хөлгүй эргүүлэгт ороод явчихна тэрээ.

Үнэхээр л тэр өдрөө ээж нь охидтойгоо оройжин уйлж. Харин маргааш өглөө нь юу ч болоогүй шиг эртлэн босож ажилдаа яваад, өөд болох хүртлээ ажлаа хийсээр дууссан юм. “Өөд болчихно чинээ санаагүй”. Тэр яриа болсноос хойш удалгүй хавдар авах хагалгааны тов гарч, “Үнэхээр хүнд шатандаа байсан шүү. Гэхдээ ямар ч байсан хавдрыг нь авчихсан” гэсэн мэс заслын эмчийн үгэнд хэтэрхий найдлага тавьсан байж. Босгоод ирнэ гэж эцсийн амьсгалаа татах хүртэл нь найдсан. Одоо бодоход эмч бидний сэтгэлийг бодож шүү дээ.

Хагалгааны дараа хоёр сар гаруй ээжийгээ гэрээр асарч тойглож байсан ч улам тамиргүйтэж, үе үе цус үзэгдэх болсонд зовниж эхлэв. “Ээж минь дөчин тавхан настай шүү дээ” гэж бодох ч аав бас л дөчин таван насандаа охин дүү бид хоёрыг орхиж. Хамгийн сүүлийн өдөр ээжийг муудахад нь “Амь тариа” хайж Улаанбаатарын хамаг л эмийн санг самнан, машин барьж ухаан жолоогүй давхиж байснаа санана. “Одоо наадахаа хаяад зүгээр хүрээд ир, та хаана яваад байгаа юм бэ” гэсэн дүүгийн дуудлага ирэхэд л ээжийгээ алдаж байна гэдгээ сэтгэлдээ анх удаа хүлээн зөвшөөрсөн тэр өдөр. Хайгаад байгаа амь тариа гэгчээ юу гэдгийг нь ч бүрэн ойлгож мэдэхгүй, энийг л олчихвол ээж минь босоод ирнэ гэсэн итгэл тээчихсэн жаахан хүүхэд л байж шүү дээ.

Гэрийн хаалгаар яаруу сандруу гүйн орвол ээжийн хажууд дүү охин суужээ. Өөр ах дүү хамаатан садан хэн ч байсангүй. Ээжийн найз дулаахан харцтай эмч бүсгүй бидэнд хань болно. “Ээж нь ингээд амь тавьж байна аа. Гэхдээ миний охидууд, ээж нь та хоёрыг сонсож байгаа, хэлмээр байгаа юм байвал хэлээрэй” гэж хэлснийг сонсоод л “Ээжээ” гээд цурхиртал уйлсан. “Ээжээ, ээжээ” гэж хэд хэлсэн ч юм бүү мэд. Гэнэт ээж миний гараас чанга атгаад, базав. Дэндүү чанга. Дүүгийнхийг биш минийхийг шүү дээ. “Ээж нээрэн намайг сонсож байгаа юм байна, надад итгэж байгаа юм байна, намайг энэ амьдралыг цаашид  хариуцаад аваад яваарай гэж итгэл хүлээлгэж байгаа юм байна” гэж мэдэрсэн. Ээжийн хэлдгээр тэр өдөр л уйлаад маргаашаас нь ахиад уйлаагүй. Амьдралын төлөө улангассан бух шиг зүтгэсэн. Тэгж л 22 настай, хатуужилтай би бий болсон юм.

Аав, ээж хоёр хоёулаа надад итгэлээ үлдээждээ. “Чи аавынхаа итгэл шүү. Чи ээжийнхээ түшиг, дүүгийнхээ хамгаалагч нь шүү” гэж эрхлүүлэх бүрдээ хэлдэг байсан аавын үг, ээжийн сүүлийн мөчид атгасан гар. Аавгүй болсон 17 нас, ээжийгээ алдсан 22 нас. Гар хүрэх нь бүү хэл том дугаар зандруулж ч үзэлгүй өссөн эрх танхи охин энэ таван жилд юу үзэж, юуг туулаад хэн болох нь энэ вэ.

НАРАН ТАЛ

Газар нь тэнгэртэйгээ залгаа наран талд аавын уртын дууны айзам хүнгэнэ. Алсад уул ус жирэлзээд л, байгалийн өнгөнд нүд гялбалзах нь юутай сайхан бэ. Нэг сумаас нөгөө сум руу довтолгох шинэ загварын мотоциклын банкан дээр Нараа сууж, хойноос аав нь нөмөрлөнө. Аавынх нь нуруунаас дүү охин нь тэвэрсэн байх бол дүү охиныг унагахгүй гэж ээж нь чанга гэгч тэвэрчээ. Говь-Угтаал, Гурвансайханаас ханисан нийлж, хоёр хүүхдийн ижий аав болсон залуухан гэр бүл наран талдаа давхиж яваа нь энэ ээ. Цагаандэлгэрт өрх татаж нэг нь эмчээр, нөгөө нь банкны санхүүчээр ажиллаж байсан цаг юмсанж. Эмч залуу морь уях дуртай ч эрэгтэй хүүхэдгүй болохоор уясан морийг нь унах хүүхэдгүй. Айлын эрэгтэй хүүхэд гуйя гэхэд өөрсдийн уясан морио унуулна гэх тул бэрх. Аавынхаа хүслийг биелүүлэх гэж ирсэн шиг Нараа дөрвөн настайгаасаа л морь унах эрх өвөртлөв. Аав охин хоёр моринд дуртай гэж юу хэлэх вэ, морио уяад оторлохоор явахад нь хормойдсоор дагаж явж санаа амрана. Анхны хүүхэд нь юм болохоор ээж нь гангар шаазан шиг хагарчих вий гэсэндээ, морь унуулах дургүй. Гэсэн ч тэд уяхдаа л уяж, унахдаа л унана. Аймаг суманд айрагдаж хүртэл ирж аавынхаа магнайг тэнийлгэж байсан тэр улаа бутарсан хацартай жаахан охин. Дэндүү өөрийнхөөрөө, омголон, элдэвтэй бяцхан охин. Залуу хос баян талдаа хурга ишигтэй хөөцөлдөн тоглох охиноо харж, гэрэлт ирээдүйг нь төсөөлөн мишээцгээв.

ТӨГСӨВ

2024.12.25

Япон улс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 28, 2024 09:40

,юун ч урт юмбдээ

Tuuguu Ray
Tuuguu Ray
12 сар 28, 2024 14:06
Reply to  Зочин

unshxaa bolikuyu doo xo, teneg comment bchij bhiin…

Tuuguu Ray
Tuuguu Ray
12 сар 28, 2024 14:05

Mundag ymaa Gerelee egch min ???? Nom shg l saihan unshij duuslaa, uilchih geel nudend nulims tsiilegnuulen unshlaadaa. Amjlt husie egchdee ☺️

Зочин
Зочин
12 сар 28, 2024 14:16

....

Last edited 20 Өдөр Өмнө by Б. Гэрэлмаа
Зочин
Зочин
12 сар 28, 2024 23:40
Reply to  Зочин

....

Last edited 20 Өдөр Өмнө by Б. Гэрэлмаа
Зочин
Зочин
12 сар 28, 2024 15:48

Ёстой гоё бичжээ. Ойрд ийм гоё бичвэр уншаагүй шимтэн уншлаа. Баярл�##�аа

Зочин
Зочин
12 сар 28, 2024 16:29

Тодоогийн ээж миний эгчийн багын найз.Тодоог танихгүй ч гэсэн барилдааныг нь бахархан үздэг гэр бүлд нь аз жарг�##� хүсье

Зочин
Зочин
12 сар 28, 2024 19:01

Энэ Ундармаагийн Эзэгтэйн туслах нэвтрүүлгээр гарч байсан гэр бүл мөн шиг байхын

Зочин
Зочин
12 сар 28, 2024 19:18

Сайхан нийтлэл болжээ. Яг л тууж роман уншиж бгаа юм шиг уншлаа.

Буриад
Буриад
12 сар 28, 2024 21:44

Ямар гоё бичээ вэ. Ёстой бахарх�##�тай түүх уншлаа.

Зочин
Зочин
12 сар 28, 2024 23:38

Дэндүү урт нийтлэл бна. Хэн ч уншихгүй за �##�ануудаа

Зочин
Зочин
12 сар 29, 2024 16:47

Сайхаан сайхан, үнэхээр дотортой, хүүрнэжээ.

Зочин
Зочин
12 сар 29, 2024 21:33

Сайхан бичжээ.Бодит амьдр�##�ын түүхэн зохиол.

b_erd
b_erd
1 сар 2, 2025 09:48

Эрүүл энхийг хүсье

Холбоотой мэдээ

Back to top button