ЭДИЙН ЗАСАГ

Энэ онд эдийн засгийн ерөнхий төсөөлөл эерэг байгаа ч төлбөрийн тэнцэл алдагдалтай гарахаар байна

Оны төгсгөлд Монголбанкны мөнгөний бодлогын хороо хуралдаж, ингэхдээ 2024 оны эдийн засаг, мөнгөний бодлогын хэрэгжилт, эдийн засаг, банкны секторын өнөөгийн байдлын талаар мэдээлэл авч, эдийн засгийн цаашдын төлөв, мөнгөний бодлогын саналыг танилцуулжээ.

  • Нүүрсний экспортын орлого 2024 оны 11 дүгээр сарын байдлаар 8.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 200 орчим сая ам.доллароор нэмэгдсэн.
  • Улаанбаатар хотын бонд, Голомт банкны бондууд нь гадаад валютын орох урсгалыг дэмжсэн нь нөгөө талдаа, машин, механизмын тоног төхөөрөмж, суудлын автомашин, үйлчилгээний импорт нэмэгдсэнээр гарах урсгал мөн өсөж, гадаад валютын цэвэр урсгал өмнөх оны мөн үеэс 570 орчим сая ам.доллароор буурсан байна.
  • Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 11 дүгээр сарын байдлаар 4.9 тэрбум долларт хүрч, импортын 4.9 сарын хэмжээг хангахаар байна.
  • Банкны системийн нийт актив 2024 оны 3 дугаар улиралд 26.7 хувиар өсөж, 62.4 их наяд төгрөгт хүрч нэмэгдсэн. Үүнд зээл болон ТБҮЦ-ны өсөлт голлон нөлөөлжээ. Нөгөө талаас, банкны системийн нийт пассив 55.7 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 27.4 хувиар өссөн ба үүнийг харилцах болон хадгаламжийн өсөлт голчлон бүрдүүлсэн байна.
  • 2024 оны 3 дугаар улирлын байдлаар нийт зээлд эзлэх чанаргүй зээл 5.1 хувь, анхаарал хандуулах зээлийн харьцаа 3.6 хувьд хүрсэн нь 2015 оноос хойших хамгийн бага түвшин болсныг онцолжээ.
  • Инфляц 2024 оны 11 дүгээр сард улсын хэмжээнд 8.1 хувьд хүрч өмнөх сараас 1.1 нэгж хувиар нэмэгдсэн байна. Үүний 1.3 нэгж хувийг өрхийн цахилгааны үнийн өсөлт дангаараа нөлөөлсөн байна. Инфляцын цаашдын төлвийн хувьд цахилгаан, ус суваг, дулаан зэрэг төрийн зохицуулалттай үйлчилгээний үнийн өсөлтийн шууд болон дам нөлөөнөөс гадна, төсвийн тэлэлт, эдийн засгийн идэвхжилтэй холбоотойгоор эрэлтийн шалтгаанаар инфляц эрчимжиж, ирэх онд зорилтын дээд хязгаарыг давж өсөхөөр байна.
  • 2024 оны эхний 3 улиралд эдийн засаг 5.0 хувиар өссөн бөгөөд Эдийн засгийн өсөлтийг уул уурхай, түүнийг дагасан тээврийн салбарын идэвхжил, үйлчилгээний салбарын өсөлт голлон бүрдүүлжээ. Цалин, өрхийн орлогын өсөлт, импортын тэлэлт зэрэгтэй холбоотойгоор бүтээгдэхүүний цэвэр татвар эдийн засгийн өсөлтийн 2.0 орчим хувийг бүрдүүлсэн байна.
  • Өнгөрсөн өвлийн цаг агаарын таагүй нөхцлийн улмаас хөдөө аж ахуйн салбар 25 хувиар агшиж, нийт эдийн засгийн өсөлтөд 3.5 нэгж хувийн бууруулах нөлөөг үзүүлжээ.
  • 2025 онд нүүрсний олборлолт өндөр түвшинд хадгалагдаж, Оюутолгойн үйлдвэрлэл эрчимжсэнээр уул уурхайн салбарын идэвхжил нэмэгдэх, төсвийн төлөв сулрах, хөрөнгө оруулалтууд нэмэгдэх зэрэг нь уул уурхайн бус салбарыг тэтгэж, эдийн засаг 7.5 хувиар өсөхөөр байна.
  • Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2024 оны эхний 10 сард 1.5 их наяд төгрөгийн ашигтай гарсан байна. Эдийн засгийн идэвхжил, гадаад худалдааны эргэлт, цалингийн өсөлттэй холбоотойгоор татварын орлого бүрдүүлэлт өндөр байж нийт тэнцвэржүүлсэн орлого 23.9 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 26 хувиар өсжээ.
  • Төсвийн зардлын хувьд эхний 10 сарын байдлаар 22.3 их наяд төгрөг буюу 82 хувийн гүйцэтгэлтэй байв. Харин мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлт 10 дугаар сард 25.1 хувьд хүрч буурахад төлбөрийн тэнцлийн алдагдалтай холбоотойгоор гадаад цэвэр активын хэмжээ буурсан нь голлон нөлөөлжээ.
  • Нийт зээлийн үлдэгдлийн хувьд 10 дугаар сард өмнөх оны мөн үеэс 31.4 хувиар өссөнөөс хэрэглээ, хадгаламж барьцаалсан зээл 37.0 хувиар, бизнесийн зээл 31.3 хувиар тус тус өссөн дүнтэй байна.
  • 2024 эхний 9 сарын байдлаар төлбөрийн тэнцэл 251 сая ам.долларын алдагдалтай гарсан байна. Хэдийгээр нүүрсний экспортын биет хэмжээ өндөр түвшинд хадгалагдаж байгаа хэдий ч үнэ буурах хандлагатай, импортын өсөлт өндөр байгаа зэргээс шалтгаалан төлбөрийн тэнцэл ийнхүү алдагдалтай гарах хүчин зүйл боллоо. Цаашдын төлвийг авч үзвэл, нүүрс, алт, зэс зэрэг түүхий эдүүдийн үнэ буурах, импортын өсөлт өндөр байх зэргээс шалтгаалан өмнөх төсөөллөөс муудахаар байгааг онцоллоо.

Өнгөрсөн онд Санхүүгийн зах зээлийн газраас мөнгөний бодлогын хэрэгжилт болон зах зээлд гарсан өөрчлөлтүүд багагүй байсан талаар мөн онцолсон юм.

Энэ онд ЗГ-аас хэрэгжүүлэх мега төслүүдээс гадна нийслэлээс хэрэгжүүлэх томоохон төслүүд нь эдийн засгийн өсөлтийг дэмжихээр байгаа ч уул уурхайн салбарын өсөлт нэмэгдэхийн зэрэгцээ уул уурхайн бус салбар сайжирч, эрэлтийн шалтгаантай инфляцын дарамт эрчимжих эрсдэлтэй, мөн гадаад орчны эрсдэл тодорхой бус байдал өндөр байгааг төв банкны мэргэжилтнүүд онцолсон юм.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button