Агаарын бохирдлын асуудлаар "хуурамч" биш "жинхэнэ" хэлэлцүүлэг, сонсгол хийгээсэй

Өчигдөр Төрийн ордонд Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах хүрээнд "Агаарын бохирдол- хүн амын эрүүл мэнд /Амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх/" сэдэвт хэлэлцүүлэг болж өндөрлөв.
Агаарын бохирдол тойрсон асуудлаар хэд хэдэн талаас нь тойрч хэлэлцсэн. Энэ үеэр Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид “Агаарын бохирдол: Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгаа” сэдвээр тавьсан илтгэлдээ “Хүрээлэн буй орчны индексийг Америкийн нэгдсэн Улсын Йелийн их сургууль болон Колумбын Их сургуулиас Дэлхийн Эдийн засгийн форумтай хамтран жилд хоёр удаа гаргадаг. Уг индекс нь орчны эрүүл ахуй болон экосистемийн амьдрах чадвар зэрэг 11 ангилал, 40 шалгуур үзүүлэлтийг ашиглаж, 100 хүртэл оноо өгч эрэмбэлдгээс манай улс ердөө 29.6 оноо авч дэлхийн 180 орноос 155-д бичигдсэн. Ази номхон далайн 25 орноос 19-т буюу бусад зэрэгцэж байгаа улс орнууд нь улс төр, эдийн засгийн гүнзгий хямралтай орнууд” гэдгийг хэлсэн юм.

Агаарын чанар, хүрээлэн буй орчны индекс, ундны усны ариун цэвэр, хүнд металл буюу хар тугалгад өртөмтгий байдал, экосистемийн амьдрах чадвар, PM2.5 тоосонцорт өртөлт зэргээрээ манай улс хамгийн хойгуур бичигдсэн байхад хэлэлцүүлгийн эхэнд шахмал түлшний талаарх тандан судалгааны дүгнэлтдээ “Сайжруулсан шахмал түлш жирэмсэн эх, хүүхдийн эрүүл мэндэд эерэг нөлөөлөл үзүүлсэн байна” хэмээн танхим дахь хүмүүсийг гайхшруулав.
2020-2022 онд дэлхий даяар ковидын жил буюу хүн бүр амны хаалт зүүж, гэртээ тодорхой хугацаагаар хөл хоригдож байх үеийн агаарын бохирдлын дүнг өдгөө 2025 онд танилцуулав.
Уг нь 2020 онд Швейцарын Хөгжлийн Агентлаг, НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан санхүүжилтээр Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлсэн төслөөс гарсан үр дүнгээр агаарын бохирдлоос үүдэлтэй 0-5 насны хүүхдийн эндэгдэл өмнөх оноосоо 3 дахин буурсан гэж танилцуулж байсан удаатай.

Сонсголын хэлэлцүүлгийн үеэр гэр хороололд амьдардаг, өөрөө шахмал түлш түлдэг нэгэн иргэн шахмал түлшний өнгө, чанар, түүнээс гарч байгаа утаа эрс өөрчлөгдсөн байхад өнөөдөр танхимд тоо, статистик ярьсаар л байна гэж шүүмжилсэн нь уг сонсголын ганц бодитой зүйл байв. Харин иргэний бухимдалд Тавантолгой түлш компанийн зүгээс “Шахмал түлшний анхны найрлага огт өөрчлөгдөөгүй” гэсэн няцаалт хийнэ лээ.

2025 утаатай эхэллээ. Өглөө, өдөр, орой бүр бид утаагаар тасралтгүй амьсгалж, хордож байхад 5 жилийн өмнөх судалгааны тайлан ярьж бодит амьдралаас хол шийдэлгүй, хэлбэрийн төдий хэлэлцүүлэг хаа хаана аа хиймээргүй байна. Жинхэнэ хэлэлцүүлэг, сонсгол хиймээр сэн.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Намын хэддүгээр их хур�##� болж байгаа юм бэ?