Нийгмийн даатгалын санд Капитал, Чингис хаан банкнаас авах 160 тэрбум төгрөгийн авлага бий

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн оны эхний хурлаар, Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэлд оруулах үр дагавартай шийдвэр гаргасан буруутай этгээдийг тогтоолгохоор прокурорт гаргасан гомдлын талаар хэлэлцлээ. ГБНХХ-ын сайд уг асуудлаар гомдол гаргасан бөгөөд өр төлбөрт хөрөнгө хүлээн авах тухай Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын дагуу барьцаа хөрөнгийг өр төлбөрт тооцон авах ажлыг эхлүүлжээ. Тухайлбал,
- Нийгмийн даатгалын санд Капитал банк, Чингис хаан банкнаас авах 160 тэрбум төгрөгийн өр авлага
- Капитал банканд 104.2 тэрбум төгрөгийн авлагаас мөнгөн хөрөнгөөр 13 тэрбум, хөрөнгөөр 25 тэрбум төгрөгийг барагдуулсан
- Чингис хаан банкнаас 103.57 тэрбум төгрөгийн авлагатай байснаас 8.64 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлж, ажилгүйдлийн даатгал, тэтгэмжийн даатгалын сан руу хуваарилагдаж буй
- Өнөөдрийн байдлаар Чингис хаан банк 94.95 тэрбум төгрөгийн авлагатай байна.
Цаашид нийгмийн даатгалын сангийн алдагдсан хөрөнгөө эргүүлж авах, дахин эрсдэлд оруулахгүй байх тал дээр Нийгмийн даатгалын санд хяналт тавьж, мэргэжлийн удирдлагаар хангаж, эрсдэлээс хамгаалах Мэргэжлийн хороо, Олон нийтийн хяналтын зөвлөлийн 2025 оны ажлын төлөвлөгөө, Нэрийн дансыг нээх, бүртгэх, хөтлөх, даатгуулагчийн шимтгэл тооцох журамтай холбоотой харилцааг зохицуулах журмыг хэлэлцэн баталлаа.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.