Дэлхийн улс орнууд морин уралдаанд ямар зохицуулалт тавьдаг вэ

Хаврын морин уралдааныг зохион байгуулахыг орон нутагт нээлттэй үлдээх шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар лхагва гарагт /2025.01.29/ гаргасан нь их хэмжээний шүүмжлэл дагуулаад байгаа. Тэгвэл морин уралдааныг дэлхийн бусад орнууд хэрхэн зохицуулдаг гэдгийг харцгаая.
Морин уралдааны тухай хууль болон унаачдын насны хязгаарлалт нь улс орнуудад өөр байдаг аж. Дэлхийн олон улсад мэргэжлийн морин уралдааны биед үзүүлдэг ачаалал, эрсдэлээс шалтгаалан бага насны хүүхдийг уралдахыг зөвшөөрдөггүй байна.
АНУ
АНУ-д мэргэжлийн морин уралдааны унаач болохын тулд лиценз авах ёстой. Муж мужуудад лиценз авахад шаардлагатай доод нас байдаг юм. Ихэнх мужуудад лиценз олгох доод нас нь 16. Зарим мужид 18 нас хүрсэн байх эсвэл өөр мужаас лиценз авсан байхыг шаарддаг. Унаач аливаа мэргэжлийн сургууль эсвэл сургалтад хамрагдах шаардлагагүй.

АНУ дахь ихэнх уралдаан зохион байгуулагчид Олон улсын уралдааны комиссаруудын холбооноос (ARCI) гаргасан унаачийн доод жингийн тухай дүрмийг баримталдаг байна. Энэ дүрмийн дагуу бол унаачийн зөвшөөрөгдөх хамгийн доод жин нь 116 паунд буюу 52.6 кг юм.
Франц
Францад ч гэсэн мэргэжлийн унаач болохын тулд лиценз авах ёстой. Лиценз олгох доод нас нь 16. Унаачийн лиценз авах дээд нас гэж байдаггүй ч лиценз авах анхны хүсэлтээ 35 нас хүрэхээсээ өмнө гаргах ёстой байдаг юм. Унаач хамгийн багадаа 51 кг жинтэй байх ёстой. Жинг тодорхойлохдоо унаачид хамгаалалтын хантааз, эмээл гэх мэт зүйлтэйгээ жин дээр зогсдог. Харин хамгаалалтын дуулгыг өмсөлгүй жинг тодорхойлдог байна.
Их Британи
Их Британид унаачийн хэд хэдэн лиценз байдаг. Мэргэжлийн морин уралдаанд уралдах үнэмлэх авахын тулд 26-гаас дээш настай, 75 удаа саадтай уралдаан эсвэл 95 удаа саадгүй уралдаанд уралдсан байх ёстой. Тус улсад мэргэжлийн лицензээс гадна суралцагч/болзолт лиценз, сонирхогчийн A болон B лиценз эж байдаг аж. Суралцагч/болзолт лиценз авахын тулд өргөдөл гаргагч нь тусгай зөвшөөрөлтэй багшийн дор бүтэн цагийн ажилтан байх ёстой.
Саудын Араб

Саудын Арабд мэргэжлийн унаачийн лиценз авахын тулд 16 нас хүрсэн байх шаардлагатай. Тус улсад морин уралдаанаас гадна тэмээн уралдаан зохион байгуулдаг. Тэмээн уралдаан нь Саудын Арабын соёлын нэг хэсэг юм. Мэргэжлийн тэмээн уралдааны унаачаар дадлагажиж буй хүн 16 нас хүрсэн байх шаардлагатай. Мөн 24 нас хүртлээ сургагч багшийн хяналт дор байх ёстой аж.
Эх сурвалж: British Horseracing Authority, Australian Jockeys’ Association, The Jockey Club of Saudi Arabia
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.