Top StoriesЭРҮҮЛ МЭНД

Б.Мөнгөнчөдөр: Менингококкийн халдвар авсан хүүхэд 24-48 цагийн дотор амиа алдах эрсдэлтэй

Mенингококкт халдвар батлагдаж, сэжигтэй тохиолдлууд илэрч байгаатай холбогдуулан “БүжинМед” эмнэлгийн хүүхдийн эмч Б.Мөнгөнчөдөртэй ярилцлаа.

-Маш хурдацтайгаар хүний биед тархаж, тархинд нөлөөлдөг аюултай өвчин-

-Менингококкт өвчний тухай яриагаа эхэлье?

-Манайхан ихэвчлэн "Цахилгаан Мененгит" гэж нэрлэдэг. Энэ өвчин нь тархины эдийг үрэвсүүлж гэмтээдэг, амьсгалын замын цочмог халдвар юм. Маш хурдан хугацаанд хүний аминд хүрэх аюултай. Хүүхэд халдвараар өвчлөөд, халуурч эхэллээ гэж бодоход 12-24 цагийн дотор хүндэрч, амиа алдах эрсдэлтэй. Хүний биед ийм хурдан хугацаанд тархаж, сөрөг нөлөөтэй байдаг болохоор "цахилгаан" гэж нэрлээд байгаа юм.

-Хэдэн насныхан илүү их халдвар авах боломжтой вэ?

-Ерөнхийдөө бүх насныхан. Гэхдээ насанд хүрсэн хүмүүс өвдсөн ч хөнгөн өвдөөд өнгөрдөг. Харин хүүхдүүдийн хувьд дархлаа сул учир асар хурдан хүндэрдэг, нас баралтын зэрэг бараг 80 хувийг хүүхдүүд эзэлдэг.

Менингококк нян амьсгалын замаар халдаж буй учир хамрын хөндий рүү орсноор тэндээ үржиж олширдог. Үүний дараа цус руу нэвчиж, цусны урсгалаар тархинд очсоноор асар богино хугацаанд тархины эдийг сонгомлоор гэмтээдэг. Энэ бол энгийн үгээр тархин дээр биеийн бусад хэсгүүд дээр гардаг идээ будаатай зүйл туурна гэсэн үг. Тархи өөрөө идээлчихэж байгаа учир асар богино хугацаанд амь насанд халтай.

-Ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Хамгийн эхлээд 39-41 хэм хүртэл маш өндөр халуурна.Ерөнхийдөө өндөр халууралтыг томуутай андуурах эрсдэл өндөр байдаг. Тиймээс нэг минутын өмнө ч гэсэн эмнэлэгт хандаж үзүүлэх хэрэгтэй. Бас их өндөр халуурдаг учир яваандаа үе мөч өвдөх шинж илэрдэг. Мөн толгой маш хүчтэй өвддөг. Тархины эд үрэвсэж, идээлж байгаа учир бага насны хүүхдийн зулай хавдаж, овойж гарч ирсэн байдаг. Цаашлаад хоол идэж чадахгүй, байн байн бөөлжиж эхэлнэ. Хурц гэрэлд нүд гялбамтгай болох нь ч бий.

Хамгийн гол ялгах шинж тэмдэг бол тууралт байдаг. Цавь болон шилбэ, тахим гээд хөлний хэсгээс эхэлж туураад дээшлэх явцтай үргэлжилнэ. Зарим тууралт дээр хуруугаар дарахад хэсэг хугацаанд алга болдог бол менингококкын халдварын тууралт цус хурсан мэт, дараад арилдаггүйгээрээ онцлог.

Мөн дагзны хөшингийн шинж тэмдэг илэрч болно. Хүзүүний булчин чангарснаас болж урагш тонгойж чадахгүй, үргэлж хойш гэдийсэн байрлалд шилждэг.

-Хэрхэн, яаж халдварлагддаг вэ?

-Өвчлөх болон зөвхөн халдварыг нь тээж явах гэсэн хоёр тусдаа ойлголт байдаг. Иймээс дээр дурьдсан шинж тэмдгүүд илэрсэн буюу өвчилсөн хүмүүсээс шууд халдварыг авч болно. Цаашлаад зөвхөн халдварыг тээж байгаа “эрүүл” хүмүүсээс авах эрсдэл ч бий. Насанд хүрсэн хүмүүс өвдөхгүй боловч хамар, залгиур хэсэгтээ халдварыг тээж явдаг. Ингээд ханиах, найтаах мөн хүүхэддээ амаараа хоол өгөх гэх мэт үйлдлээр халдварыг дамжуулах эрсдэл бий болно.

-Тэгэхээр насанд хүрэгчид халдвар тээгч болсноо мэдэлгүйгээр, хүүхдүүддээ халдаадаг гэж ойлгож болох уу?

-Болно оо. Менингококк нян амьсгалын замаар халдаж буй учир хамрын хөндий рүү орсноор тэндээ үржиж олширдог. Үүний дараа цус руу нэвчиж, цусны урсгалаар тархинд очсоноор асар богино хугацаанд тархины эдийг сонгомлоор гэмтээдэг. Энэ бол энгийн үгээр тархин дээр биеийн бусад хэсгүүд дээр гардаг идээ будаатай зүйл туурна гэсэн үг. Тархи өөрөө идээлчихэж байгаа учир асар богино хугацаанд амь насанд аюул учрах боломжтой.

Гэхдээ халдварыг амьсгалын замаар авснаас хойш тархины эд гэмтэх хүртэл ямар ч хугацаа зарцуулж магадгүй. Ийм учир дархлаа сайтай насанд хүрсэн хүмүүс хамрын хөндий, залгиур хэсэгтээ менингококкын халдварыг тээж явах магадлал байдаг гэсэн үг.

-Халдвараас сэргийлэх хамгийн сайн арга бол стрессдэхгүй байх, дархлаагаа тултал дэмжих-

-Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Хамгийн чухал нь "Вакцин". Энэ вакциныг товлолт вакцин шиг байнга хийдэггүй. улаан бурхны вакцин шиг хүүхэд бүрт толгой дараалан хийдэггүй. Эргэн тойрныхон эсвэл аав ээжийнх нь хоолойн арчдасаас менингококкын халдвар илэрсэн тохиолдолд ХӨСҮТ-д очиж сайн дурын дархлаажуулалтад хамрагдах боломжтой байдаг. Гэвч одоогоор ХӨСҮТ-д вакцин маань байхгүй гэсэн.

Харин гэрийн нөхцөлд лемоны уусмал, тамедины уусмал, жамц давсны уусмал зэргээр өглөө оройд хоолойгоо зайлах хэрэгтэй. Мөн нойр сайн авч, зөв хооллож эрүүлээр дархлаагаа дэмжих хэрэгтэй. Хамгийн гол нь даарахгүй байх, Ингэснээр менингококкын халдварыг дарангуйлах боломжтой.

-Вакцины тухайд ямар нэгэн хориглох заалт байдаг уу?

-Хориглох заалт байдаг. Угтаа бол хоёроос доош насны хүүхдэд хийхгүй. Мөн өөр халдварын вакцин хийлгээд нэг сар болоогүй байгаа нөхцөлд, эсвэл тухайн өвчний халдварыг аль хэдийнэ авч, халууны шатандаа явж байгаа бол хийхийг хориглодог.

-Тэгэхээр вакцинд хамрагдах боломжгүй 0-2 насныхан ямар арга хэмжээ авах вэ?

-Хоёроос доош насны бяцхан хүүхдүүд халдвар тээгч биш учир, ерөөс түүний ойр тойрны хүмүүс нь өөрсөддөө анхаарна гэсэн үг. Хоолойгоо зайлахаас гадна хүүхдээ олон нийтийн газраар их авч явахгүй байх,  гараа сайтар угаах гэх мэт. Шим тэжээлтэй хүнсний бүтээгдэхүүнээр хооллох, дааруулахгүй байх хэрэгтэй.

Бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд хоолойны арчдасын шинжилгээ өгөхөд хэрэгтэй. Өөрсдөө өвдөөгүй ч, тээж явах магадлал бий. Шинжилгээний хариу сөрөг гарвал амны хаалт зүүж, гараа ариутгах хэрэгтэй. Ерөнхийдөө менингококкийн нян өвөл, хавар элбэг байдаг. Зун, намрын улирлуудад бараг гарч ирдэггүй. Тэгэхээр нянгийн идэвхжил өндөр хэдэн сарын хугацаанд халдвар хамгаалалтын дэглэмээ сайтар хангах хэрэгтэй.

-Халдварыг тусаад эдгэрсэн хүнд ямар нэг үлдэц бий болдог уу?

-Тууралтын тухайд жижиг байсан бол арилчихдаг ч, том байсан бол сорви болж үлдэх магадлал бий. Мөн тархины эд нь хэр зэрэг гэмтсэнээс шалтгаалж ямар нэг эмгэгтэй хоцрох магадлалтай. Хэрэв хүүхэд тархины эсүүд нь гэмтсэн, нэлээд хүнд байдлаас сэхсэн бол саажилттай, татаж унадаг өвчтэй болж үлдэхийг үгүйсгэхгүй.

-Дархлаагаа дэмжих гэдгийг нэмэлт витамин уух гэж хүмүүс ойлгоод байдаг. Яг хэрхэн дархлаагаа дэмжих ёстой байдаг вэ?

-Ерөөсөө л найман цагийн бүтэн нойр. Даарахгүй, дулаан явах. Амин дэмээр баялаг буюу хүнсний ногоотой хоол хүнс хэрэглэх. Хоолыг зөв цагтаа идэж, шингээх. Хамгийн чухал нь сэтгэл санаагаа тайван байлгаж, стрессдэхгүй байх хэрэгтэй. Тэгээд байнгын бүлээнд юм ууж, хэвших хэрэгтэй. Ердөө л ийм хялбар. Түүнээс биш ямар нэгэн эм, бэлдмэл хэрэглээд байх шаардлагагүй.

-Танд нэмэлтээр хэлэх зүйл байна уу, эцэг эхчүүдэд хэлэх зөвөлгөө?

-Халууралтыг байдаг л зүйл гэсэн өнцгөөс харах нь хамгийн том алдаа. Ер хүүхдийг халуурсан тохиолдолд эмнэлэгт л үзүүлж байвал хамгийн найдвартай байдаг.

Хэдэн жилийн өмнө Хан-Уул дүүргийн эмнэлэгт гурван жил ажиллахад менингококкт халдварын гурван тохиолдол гарч байсан. Нэг айлын хоёр хүүхэд тусаж байсан. Есөн сартай нэг нь харамсалтайгаар нас барсан бол, нөгөө хүүхдээ эцэг эх нь өөрсдөө оношилж чадсан учир эрт эмчилгээнд хамруулж, амь насыг нь аварч байсан. Иймээс эцэг, эхчүүд өөрсдөө мэдлэг, мэдээлэлтэй байх хамгийн чухал юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 1, 2025 15:49

Тэгвэл ийм оноштой байсан 1 сар эмнэлэгт хэвтсэн хүүхдийн онош буруу гэсэн үг үү ? 24-48 цаг биш бол биш гэсэн үг үү?

Зочин
Зочин
2 сар 2, 2025 16:03

ooooo tenegee emchilgee hurdan ihleed abuul yu gej vheh ymbe onshiloh hugzaagaa hurdan abahgvi bol Za baiz yagaad baigaa ym boloo gej bodood mongol zan gargaad ogloo boltol hariidaa gebel hurdan amind hvrdeg gejiin

Back to top button