
АНУ-ын Синетик театрт оюутан цагаасаа эхэлж ажиллан, Америк жүжигчдээс онцгойрон Ромео Жульетта жүжгийн гол дүрд сонгогдон тоглож, Вашингтоны театруудын оны шилдэг жүжигчин шалгаруулах уралдаанд хүртэл нэр дэвшиж байсан Ганхуягийн Занабазарыг Монголчууд төдийлөн мэдэхгүй. Гэхдээ тэрбээр Монгол Улсынхаа нэрийг олон ч улс, хотуудад гаргаж яваа нэгэн. Театрын урлагт эргэлт буцалтгүйгээр татагдаж, мэргэжлийн театрт найман жил ажилласан тэрээр одоо өөрийн хүсэл мөрөөдөл, дараагийн зорилгынхоо төлөө Холливүүдэд ирээд байна. Тэр 2020 онд анхныхаа кинонд тоглохоор төлөвлөжээ.
Занабазар аав Ганхуягийнхаа зохион байгуулж, дэлгэдэг “Чингис хаан” үзэсгэлэнд 2009 оноос хойш бүжиглэж, цамын хувцас өмсөн, монгол бүжгээ толилуулан эх орноо сурталчлах ажилд багаасаа л гар бие оролцож байж. Түүнийг Синетик театрт ажиллаж байхад нь Вашингтон пост сонин “Хүчирхэг жүжигчин гэдгээ баталж чадлаа” хэмээн онцлон бичиж байсан удаатай.
Монголчуудын 13-р зууны үеийн олдворуудаас бүтэж, 10 гаруй жилийн турш дэлхий тойрон гарч яваа “Чингис хаан” үзэсгэлэнгийн талаар, үзэсгэлэнг зохион байгуулагч Н.Ганхуягийн ярилцлагыг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Суралцсан туршлага, туулсан амьдрал, мэргэжлээсээ олсон ололт бүрээ эх орондоо ирж хэрэгжүүлэх хүслээ сэтгэлдээ тээн яваа Г.Занабазартай бид онлайнаар холбогдон цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
АМЕРИКИЙН ХАМГИЙН ТОМ КИНО ФЕСТИВАЛИЙН НЭГТ ОРОЛЦОХООР БЭЛДЭЖ БАЙНА


-Сайн байна уу? Та гурван жилийн өмнө АНУ-ын “Синетик” театрт ажиллаж байсан. Одоо хаана ямар ажил эрхэлж байгаа вэ?
-Сайн, сайн байна уу? Тиймээ, би Вашингтон Ди Си хотод амьдарч байхдаа “Синетик” театрт найман жил гаран ажилласан. Тэр үед Жорж Масоны их сургуульд жүжигчнээр суралцаж байсан. Уг сургуулиа дүүргээд театрын урлагт тодорхой амжилт гаргаж ажилласан тул, цаашид кино урлагт хүчээ сорихоор Лос Анжелос хотод ирж ажиллаж амьдарч байна.
Лос Анжелес хотод эхний нэг жил байхдаа АНУ-ын ерөнхийлөгч асан Роналд Реганы нэрэмжит номын сан, музейд гарч байсан “Чингис хаан” явуулын үзэсгэлэн дээр өдөр бүр урлагийн тоглолтод бүжигчнээр ажиллаж байсан. Түүний дараа Лос Анжелес хотдоо үлдэж, мэргэжлээрээ сонгон шалгаруулалтад оролцон, чөлөөт уран бүтээлч маягаар янз бүрийн тоглолт, видео клип зэрэгт оролцон ажиллаж байна. Яг одоогоор "Anti-Gone” жүжигт тоглон бэлтгэл хийж байна. Мөн 2020 оны нэгдүгээр сарын сүүлээр АНУ-ын Юта мужид “Sundance Film Festival” зохион байгуулагддаг. Энэ нь Америкийн хамгийн том кино фестивалийн нэг нь юм. Уг жүжигт жүжиглэж оролцохоор бэлтгэлээ хийж байна.
-Таны бага насны талаар яриагаа үргэлжлүүлье. 2002 онд АНУ-д гэр бүлийн хамт ирсэн гэж байсан. Түүнээс өмнөх дурсамжаа хуваалцвал? Бага нас тань хэрхэн төсөөлөгддөг вэ?
-Тиймээ, 2002 онд би аав ээж дүүгийн хамт АНУ-д ирсэн. Түүнээс өмнө манайх Улаанбаатар хотод байсан. Би нэгдүгээр ангидаа Пелхановын нэрэмжит Орос сургуульд суралцаж байсан. Сургуульд ороогүй байхдаа зун ихэвчлэн Сэлэнгэ аймагт очиж, эмээ дээрээ байдаг байлаа. Учир нь миний ээж Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн нүдний их эмчээр ажиллаж байсан юм. Сэлэнгэд Сайханы хөтөл дээр гарч, Номтын амралтад очин амарч, хот хөдөө хоёрын хооронд машин, галт тэргээр явах дуртай хүү байлаа.
Хүүхэд нас хамгийн сайхан нас. Ялангуяа эмээтэйгээ байхад маш сайхан байдаг байсан. Эмээгээсээ амьдралын их л сонин сайхныг дуулж, сурч өссөн санагдана. Тэгээд ч тэр үү, би одоо ч өндөр настан хүнд туслах, тэдэнтэй сэтгэл санааг нь хуваалцан хууч хөөрөх, боломж цаг гарвал асран тэтгэх их дуртай.
-Бага насандаа эх орноо орхиж АНУ-д ирэхэд танд хэцүү байсан уу?
-Би долоон настай Америкт анх ирж байсан. Мэдээж Монголд олон ах дүүс, ангийн андууд, найз нөхөд, гол нь эмээгээ орхиод ирсэн болохоор тухайн үед их санадаг байсан.
Америкт ирсэн хойно эхний амаргүй даваа бол хэл байсан. Нэгдүгээр ангиа Монголдоо Орос хэл үзээд ирсэн байтал шууд л Англи хэлээр хичээл үзээд эхлэхээр эхний үед ойлгохгүй, багш нарынхаа өөдөөс хараад суучихна. Багш нар маань намайг хэлийг нь ойлгохгүй байна гэж бодохгүй, хичээлийг нь хийхгүй, үгийг нь тоохгүй байна гэж бодох жишээтэй. Үл ойлголцож байсан маань хамгийн амаргүй даваа байсан санагдана.

-Аав тань Монголоо сурталчлахаар “Чингис хаан” нэртэй 13-р зууны үеийн олдворууд бүхий үзэсгэлэнгээ дэлхий даяар гаргаж явдаг. Танд энэ ажил нь хэрхэн нөлөөлсөн бэ?
-Миний аав 2009 оноос эхлэн “Чингис Хаан” үзэсгэлэнг хойд Америкийн хамгийн том музейдэд өөрийн түнш Дон Лессемийн хамт гаргаж эхэлсэн. Би тэр үеэс л шууд энэ үзэсгэлэнтэй холбогдож эхэлсэн. Учир нь энэ үзэсгэлэнг Монголын соёл урлагийг сурталчлах зорилгоор байнга амьд тоглолт хийж байхаар төлөвлөн зохион байгуулсан байсан. Би тэр үед аавыг дагаж Монголын соёл урлагийг сурталчлан, цамын хүүдийн баг өмсөж их бүжиглэдэг байлаа. Мөн тэр үед Вашингтон Ди Си хот дахь Монгол сургуульд суралцан, тус сургуулийн бүжгийн ангид суралцаж байсан маань намайг уг үзэсгэлэнд бүжиглэх боломж олгосон.
Би уг үзэсгэлэнтэй хэд хэдэн удаа тоглолтоор явж байсан. Техас, Сан Хосе , Саут Карлониа зэрэг хот, мужуудад зохиогдсон үзэсгэлэнд бүтэн үзэсгэлэнгийн хугацаанд оролцож байсан удаатай.

ӨӨРИЙН ГЭСЭН МӨРӨӨ КИНО УРЛАГТ ГАРГАХ ХҮСЭЛ ЭРМЭЛЗЭЛДЭЭ ХӨТЛӨГДӨН ХОЛЛИВҮҮДЭД БАЙНА
-Тайзны урлагт дурлаж эхэлсэн үе тань хэзээ вэ? Хэрхэн бүжиг, жүжгийн урлагтай холбогдов?
-АНУ-ын Вашингтон ДС хотод бага, дунд, ахлах сургуулиа амжилттай дүүргэсэн. Монгол хүүхдүүдийнхээ нэгэн адил Монгол хэл, Монгол ахуй соёлдоо суралцах зорилгоор Вашингтон ДС орчмын Монгол сургуульд суралцан, тэр үед бүжгийн багшаар ажиллаж байсан Пүрэвсүрэн багшаар Монгол бүжиг заалгаж бүжигчин болох гараагаа эхэлсэн.
Монгол сургуулийн бүжгийн ангид Пүрэвсүрэн багшийн удирдлагад суралцаж байхдаа үнэхээр бүжигт дуртай болсон. Бид Монгол сургуулиа төлөөлөөд олон том арга хэмжээнд Монголоо сурталчлан оролцдог байсан.Тэр үеэс тайзны урлаг, тайзан дээр гарах амтыг авсан гэхэд болно. Харин жинхэнэ Америкийн мэргэжлийн тайз дэлгэцэд бол Синетик театртай холбогдсон үеэс эхлэн гарч ирсэн.
Улмаар Йорктауны ахлах сургуульд байхдаа театрын анги авч суралцан, Виржиниагийн сургуулиудын сурагчдын дундаас уран бүтээлээрээ шалгаран “Алтан Түлхүүр” хийгээд олон арван шагналын эзэн болж байлаа. Авьяас билгээрээ АНУ-ын Засгийн газрын тэтгэлэгт сургалтад сонгогдон шалгарч, театр урлагийн чиглэлээр суралцсан. Мөн бие бялдаржуулах урлаг, Таквэндогоор хичээллэж, жүжиглэх урлагийн хичээл авч, цаг заваа урлагт зориулан хөдөлмөрлөсний үр дүнд алхах сургуулийн 10-р ангид байхдаа Вашингтон ДС орчмын мэргэжлийн театруудын нэг “Синетик” театрт уригдан сургууль, бэлтгэл хийж улмаар жинхлэн, үндсэн жүжигчнээр, хичээлийнхээ хажуугаар ажиллаж эхэлсэн.
2013 оноос Жорж Масоны Их Сургуулийн театрын ангид суралцаж, улмаар Жорж Масоны их сургуульд мэргэжлийн жүжигчнээр суралцан оюутан байхдаа олон жүжгийн дүр бүтээсэн. Суралцаж байхдаа Синетик театрт ажиллаж байсан маань надад маш их туршлага суулгасан гэж боддог.
-Монгол бүжгээ эхэлж сурсан гэсэн. АНУ-д суралцахаас гадна Монголдоо ирж суралцаж байв уу?
-Тийм. Биднийг Монголд амрахаар ирэхэд аав намайг Улсын ардын дуу бүжгийн эрдмийн чуулга дээр дагуулж очоод л МУ-ын гавьяат жүжигчин бүжиг дэглээч Даваахүү ах дээр аваачаад бүжиг заалгадаг байсан. Даваахүү ах Чингис хаан (Хүннү) бүжиг дэглэж, зааж өгч байсан нь маш сайхан санагдаж, тэр бүжгийг олон жил Чингис Хаан үзэсгэлэн дээр бүжиглэж ирсэн.
Би ер нь Лондоны Royal баллет үзэх их дуртай, сурах авах юм ихтэй. Харин хувь уран бүтээлчийн хувьд Чарли Чаплен, Чаки Чан нар таалагддаг. Тэдний тоглох, жүжиглэх ур чадвар мөн сурах зүйл ихтэй. Орчин үеийнхнээс ч дагаж бишрэхээр олон сайхан жүжигчид байна аа.
3D ДЭЛГЭЦ БҮХИЙ НҮДНИЙ ДЭЛГЭЦТЭЙ ШИЛ ЗҮҮЖ, ТҮҮНДЭЭ ТУХАЙН ХИЙСВЭР ОРЧНЫГ ХАРАН ХӨДӨЛГӨӨНӨӨ ТОХИРУУЛАН БҮЖИГЛЭНЭ
АНУ-ын Юта мужид болох “Sundance Film Festival”-д үзүүлэх жүжгийн үеэр
-Таны бүжиглэх авьяас бас Монгол хүний суурь чанар тань давуу тал болдог гэж сонссон. Орчин үеийн театр жүжигчнээс юу шаарддаг болсон гэж та хардаг вэ?
-Орчин үеийн үзэгчид маш онцлог, шинэлэг юм үзэж харахыг их хүсдэг болсон. Зөвхөн биеийн хүч, эвсэл хөдөлгөөн, бүжиглэх, жүжиглэх ур чадвараас гадна техник технологийн шинэчлэл, хувцас хэрэглэл, гэрэлтүүлэг, тайзны тоног төхөөрөмж, хөгжим дуу авиа гээд маш олон юмнаас хамаарч бүтээл гардаг болсон. Нэг үгээр багаар ажиллах. Тэгж байж бид үзэгчдийг татсан сонирхолтой зүйл хийж чадна. Энэ тал дээр Америк яах аргагүй тэргүүлдэг. Монгол хүний хувьд энд тэр бүгдийг харж, сурч мэдэхийн тулд тэдэнтэй хамтран ажиллаж байгаа. Монгол чадамж буюу юмыг өөрийн болгон авч ашиглах, сурч мэдэх, сурсан мэдсэнээ ажил хэрэг болгохыг хичээдэг. Олон тал дээр суралцаж байна. Хийж бүтээх сэтгэл их байна.

-2018 онд тавигдсан “Питер пэн” жүжгийн хэсгээс үзсэн. Тайзны уур амьсгал, хэрэгсэл бүгд техникийн дэвшлүүдийг ашиглаж, үйл явдалд нүсэр хөдөлгөөнүүд биш этгээд гойд бүжгэн хөдөлгөөнүүдтэй мэт санагдсан. Ер нь энэ мэт дэлхийн театрын хөгжлөөс Монгол улс юу юуг авч суралцаасай, хөгжөөсэй гэж та хүсдэг вэ?
-Тийм дээр дурдсанчлан энд театрт шинэ өөрчлөлт их хийгдэж байна. Жишээ нь яг одоо би нэг жүжигт ажиллаж байна. Энэ жүжиг гэхэд компьютер график ашиглан дэлгэц дээрх хүүхэлдэйн гол баатрын дүрүүдийг наана тайзан дээр жүжиглэн гаргана. Тодруулбал, бид бие дээрээ дохиолол бүхий хувцас өмсөөд тэр дохиолол компьютертой холбогдон, дэлгэц дээрх хүүхэлдэйн дүрийг үзэгчдэд миний бүжиглэсэн байдлаар хөдөлгөөнтэй харуулах жишээтэй. Би өөрөө 3D дэлгэц бүхий нүдний дэлгэцтэй шил зүүж түүндээ тухайн хийсвэр орчныг харан хөдөлгөөнөө тохируулан бүжиглэнэ. Энэ тоглолтыг театрын шинэ урсгал болгох буюу хүүхэд залуучуудыг театрт татах зорилготой. Одоо үед хүүхэд багачууд, залуучууд бүх зүйлийг интернэт компьютер дээр үзэх сонирхолтой байгаатай холбоотой. Тэр орчинг нь театрт бүрдүүлж өгч байгаагаараа онцлог, шинэлэг тоглолт болно.

Бидний энэ жүжиг Лос Анжелесын кино театрынхны сонирхлыг татаж, бид энэ жүжгээ 2020 онд Юта мужид зохиогддог Америкийн хамгийн том кино наадмын үеэр үзэгчдэд толилуулахаар бэлтгэлээ хийж байна.
Энэ мэт шинэлэг зүйлээс суралцаж сурч мэдсэнээ Монголчууддаа зааж сургах, Монголын театр урлагийнханд сонордуулах, санаа авхуулах, хэрэгжүүлэх үе шаттай зүйлүүд хийх юм сан гэсэн бодол төрдөг.
АНУ-Д 17 ЖИЛ БОЛСОН, ГЭХДЭЭ ЭХ ХЭЛЭЭ ХЭЗЭЭ Ч МАРТАЖ БОЛОХГҮЙ
-Жүжигчний хувьд бас хувь хүний хувьд баримталдаг зарчмаа тодорхойлбол?
Гадаадад ажиллаж амьдарна гэдэг топ зүйл. Топ гэдэг маань маш их үүрэг хариуцлага, Монгол хүний нэр хүндийг өргөх, Монголоороо бахархах.
Миний хувьд урлагийн гэр бүлд төрж өссөн, эгч дүүс бүгд урлагийнхан. Aав маань Монгол урлагийг сурталчлан таниулахад амьдарлаа зориулан яваа. Монгол уламжлалт гэрийн урлаг, Монгол ахуй зэргийг гадаадад сурч боловсорч, өсөж өндийж байгаа хүүхэд залуучуудад өвлүүлэн өгөх бидний хувьд бас нэг давхар үүрэг хариуцлага гэж боддог.
Тийм ч учраас би Монголчуудынхаа урлаг соёлын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хүүхэд багачуудад сурч мэдсэнээ сургах гэж хичээж ажилладаг.
Лос Анжелес хотод гэхэд хүүхдийн шинэ жил, наадам зэрэг баяр ёслолын үеэр арга хэмжээг нь хөтлөн зохион байгуулдаг. Хүүхэд багачуудад уран зургийн болон бүжгийн хичээл тогтмол хичээллүүлж байгаа.
Өөрийн мэргэжлийн карьер, ажлынхаа хажуугаар энэ бүхнийг амжуулна гэдэг их цаг хугацаа хүч хөдөлмөр шаарддаг ч би үүнийг манай гэр бүлийнхний, урлагийнхан бидний хийх ёстой бас нэгэн чухал зүйл гэж хүлээн авч ажилладаг.
Twelth Night жүжгийн үеэр
-Одоо таны цаашид зорьж буй зорилго юу вэ?
-Лос Анжелес хотод ирсэн зорилго маань тодорхой. Би Америкийн мэргэжлийн театрт найман жил ажиллаж тэргүүлэх зэрэглэлийн жүжигчин болж чадсан. Түүн шигээ одоо кино урлагт хүчээ сорих зорилгоор энд ирээд байгаа.
Мэдээж кино урлаг маш том зах зээл, маш том өрсөлдөөний талбар. Энд хэн, яаж, хэрхэн өөрийгөө олны танил болгох вэ гэж өдөр шөнөгүй махран ажилладаг газар. Би ч бас өөрийн замаар өөрийн бодол хөдөлмөрөөр өөрийн гэсэн мөрөө кино урлагт гаргах хүсэл эрмэлзэл дүүрэн байна. Тиймээс ч энэ хотод Холливүүдэд ирээд удаагүй байгаа.
Энэ хугацаанд нэлээд хэдэн клип, видео зураглал, жүжигт оролцсон. Мөн загварын чиглэлээр нэлээд олон зураг авалтад оролцлоо. Одоо шинэ жүжигт тоглоно, ирэх жил анхныхаа кинонд тоглох зэргээр өөрийн карьераа бүрдүүлж явна.

-2002 оноос хойш гэхээр 17 жил АНУ-д ажиллаж амьдарч байгаа юм байна? Эх хэлээ мартах вий гэсэн болгоомжлол байдаг уу?
-Би Монголоор маш сайн ойлгоно. Харин 7 настайгаасаа Америкт Англи хэлээр ярьж өссөн болохоор, ярихдаа мэдээж жаахан аялгатай үгийн баялаг муутайхан байдаг. Гэхдээ Монгол хэлээ хэзээ ч мартахгүй, мартаж болохгүй.
-Эх орондоо хэзээ ирж тоглолтоо толилуулах бол?
-Бид гэр бүлээрээ ирэх зун наадмын үеэр Монголдоо очно. Тэр үеэр бид аавынхаа уламжлал болгон явуулж ирсэн олон улсын урлаг соёлын баярыг хийх бодолтой байгаа. Тэр үеэр Америкийн Виржиниа мужийн язгуур урлагийн хамтлагийг урьж, урлаг солилцооны маягаар цуг тоглолт хийх бодолтой байгаа. Бид Улаанбаатар хотод болон баруун аймгуудад айлчлах төлөвлөгөөтэй. Мөн зарим найз нар, залуу жүжигчид ч бас цуг очиж, хамтарсан тоглолт хийх болов уу. Тэр үеэр та бүхэндээ уран бүтээлийнхээ дээжээс сонирхуулах боломж олдох байхаа.
-Ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Togloson clip, surtalchilga ni youtube deer baidag bol tavichihgui. Hed jujigledgiig ni harmaar baihad.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худ�##�дахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямр�##�ын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр сан�##� болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагд�##�д орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW 780,000.00