ЭнтертайнментЯрилцлага

“Чингис хаан” үзэсгэлэнг 10 жилийн турш, дэлхий тойрон гаргаж яваа Н.Ганхуягтай ярилцлаа

2006 онд санаачлан, 2009 онд ажил хэрэг болгон дэлхий тойрон Эзэн богд Чингис хаан болон алтан ургийнхны алдар сууг сурталчлан таниулахаар эх орноосоо гарсан уран бүтээлч Н.Ганхуягтай (Gankhuyag Natsag) ярилцлаа. Тэрбээр Чингис хаан үзэсгэлэнг анх Монголын зургаан музейн ховор, сонин үзмэрүүдээр баяжуулан гаргаж байсан бол гурван жилийн дараачаас гадны улс орнуудад буй XIII зуун, Чингис хааны үеийн олдвор, үзмэрүүдийг цуглуулан өдгөө хүртэл үзэсгэлэнгээ гаргасаар явна.

Дараагийн үзэсгэлэн 2019 оны энэ сарын 24-нд АНУ-ын Миссури мужийн Кансас хот дахь Union Stadion-д 10 дахь жилээ нээгдэх гэж буй тул бид түүний зохион байгуулж буй үзэсгэлэн болоод өөрийн бүтээлийнх нь талаар цөөн хором ярилцлаа.

ЗӨВХӨН МОНГОЛООС ОЛДСОН ҮЗМЭРҮҮДЭЭР БУС ОХУ, АНУ, ДУНДАД АЗИАС ҮЗМЭРҮҮДЭЭ БАЯЖУУЛДАГ

-Та нэгэн үес “Чингис хаан” явуулын үзэсгэлэнг Монгол улсын үнэт, ховор үзмэрүүдийг татан авч зохион байгуулж байсан. Уг үзэсгэлэнг хэрхэн эхлүүлж байсан түүхээсээ хуваалцахгүй юу?

-АНУ-ын иргэн Дон Лессем гэж Монголд их элэгтэй, ирж очдог хүн бий. Монголын түүх соёлыг судалж, Чингис хааны талаар томоохон үзэсгэлэн гаргаж, дэлхийг тойрч явахсан гэж мөрөөддөг байж. Би тэр хүнтэй 2006 онд Вашингтон ДиСи дэх Смитсоны институтэд анх уулзалдаж санаа бодлоо ярилцсан. Миний зүгээс Монгол талаасаа чадах бүхнээрээ дэмжиж туслая гээд бид гурван жил бэлтгэл хийж, бичиг баримт хөөцөлдсөөр 2009 оноос эхлэн уг үзэсгэлэн маань хэрэгжиж эхэлсэн.

Бэлтгэл ажилд үзэсгэлэн гаргах гэрээ хэлэлцээр хийх урьдчилан тохирох ярилцлага, музейд дээр очиж, үзмэрүүд сонгох, үзэсгэлэнгээ хэрхэн хүмүүст хүргэх тал дээр бэлтгэл ажлууд их хийдэг тул сайн бодож, боловсруулах гээд цаг хугацаа их ордог. Шинэ орчин үеийн АНУ-ын жишгээр дэлхийн хамгийн том музейдэд гаргах үзэсгэлэнгийн чанар чансаа ямар байдаг, яг л тэр хэмжээнд бэлтгэхээс эхлээд их ажил болсонлдоо. Ингээд 2009 онд Техас мужийн Хьюстон хотод энэ үзэсгэлэнгийнхээ анхны нээлтийг хийлээ. Тэр үед Монголын зургаан музейгээс 200 гаруй үзмэр, ОХУ-ын Эрмитажаас, АНУ-ын Сан Францискогийн музейгээс гээд олон сайхан үзмэртэй үзэсгэлэн анх нээгдэж байсан.  

-Монголоос авсан үзмэрүүдийг ямар гэрээ хэлэлцээрээр та бүхэн авч байв?

-Зургаан музейгээс үзмэр авахад тухайн үеийн БСШУСЯ-тай гэрээ хийж, тус яамаар дамжуулан наашаа гаргаж байсан. Үзмэр дүрмийн дагуу гурван жилийн дотор буцах ёстой. Буцаж жаахан амрааж, хадгалж байгаад эргүүлэн авах боломжтой байдаг. Ингээд эхний гурван жил Монголын үзмэрээр гарч байгаад буцсан. Үүний дараа “National Geographic”-тай хамтраад эргүүлэн авч дахин үзэсгэлэн гаргана гэж байсан ч тухайн үед улс төрийн байдал өөрчлөгдөж, сонгууль болж, нааш нь буцааж гаргахгүй асуудал үүссэн. Ингээд орхигдож байсан.

Эрмитажийн захирал,Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат нарын хамт

Нэг ёсондоо 2012 оноос хойш нэг хэсэг завсарласан. Үзмэрүүдийг Монголоос нааш авчрахгүй болсон тул Дон Лессем АНУ-ын болон Дундад Азийн хувийн цуглуулагчдаас үзмэрээ дахин бүрдүүлээд 2013 оноос үзэсгэлэнгээ ахиад тавьж эхэлсэн. Нийт 10 жилийн турш тасралтгүй дэлхийн алдартай 20 гаруй музейдээр үзэсгэлэн гаргаж явлаа. Тухайлбал, Сингапур, Канад гэх мэт, ихэвчлэн АНУ-д үзэсгэлэнгээ гаргадаг байсан. Монголд Үндэсний түүхийн музейдээ ч нэг удаа гаргаж байсан шүү.

-Монголоос ямар ямар үзмэрүүдийг АНУ-руу гарган үзүүлж байсан юм болоо? Мөн сүүлд үзмэрүүд буцахад цуглуулагчдын үзмэрээр үзэсгэлэнгээ баяжуулсан тухай хэлсэн. Тэнд Монголд байхгүй шинэ үзмэрүүд юу юу байв?

-Монголын үндэсний түүхийн музей, Чойжин ламын сүм музей, Дорноговь аймгийн музей, Богд хааны ордон музей, Үндэсний төв номын сангуудаас үзмэрүүд авч ирж байсан. Үндэсний төв номын сангаас гэхэд л алт, мөнгөн дээр бичсэн судруудыг, Археологийн хүрээлэнгээс XIII дугаар зууны үеийн занданшуулсан шарил, Цэргийн музейгээс мөн тус зуунтай холбогдолтой үзмэрүүдийг авч ирж байсан. Мөн Францаас олдсон гэдэг арьсан хуяг дуулгыг ч авч ирж гаргаж байлаа. Ингэхээр маш сонирхолтой гоё үзэсгэлэн болж байсан. Эрмитажаас л гэхэд алтан, мөнгөн пайзыг /гэрэгэ/, мөн Чингис хааны үеийн алтан аяга, эрдэнэс гээд олон сонирхолтой үзмэр нэг дор цугласан.

Ингээд Монголын үзмэрүүд буцсаны дараа яг тэр хэмжээний эсвэл түүнээс дээрдүүлж үзэсгэлэнгээ гаргах болно шүү дээ. Мэдээж эзэн Чингис хааны амьдарч байсан нутаг орон том байсан тул Монголоос гадна их ч сонирхолтой олдворууд байсан юм билээ. Үүнд голцуу тухайн үеийн сэлэм, жад зэвсгийн зүйлс гадаадынхнаас цуглуулан гаргасан. Мөн байлдан дагуулалтын үед болж байсан соёлын солилцоо, Торгоны замаар дамжиж орж ирсэн Монголтой холбоотой шаазан ваар, гоёл чимэглэл хаш чулуун чимэг гэх мэт сонирхолтой үзмэрүүд бий. XIII зууны хаадын үе тухайлбал, Хубилай хааны Япон дахь флоттой холбоотой дайралтын үед үлдэж хоцорсон, далайн ёроолоос олдсон ваар саван эдлэл бас нэлээд цуглуулагдсан. Ингэснээр Монголоос авч ирж байснаас дутахааргүй сайн үзмэрүүд бүрдүүлсэн. АНУ-аас 2-3 музей ч тухайн зуунтай холбоотой үзмэрүүдээрээ оролцсон. Одоо нийт 300 гаруй үзмэртэй, сүүлийн долоон жил музейдтэй хамтраад гаргаж байна.  

10 ГАРУЙ ЖИЛ 20 МУЗЕЙД 4-6 САРЫН ХУГАЦААТАЙ ГАРГАХАД НИЙТ 4 САЯ ОРЧИМ ХҮН ҮЗСЭН БАЙНА

-Нэгэнт Монголчуудад өөрсдөд байхгүй шинэ үзмэрүүд тавигдсан тул манай улсаас очиж судлагдахуунаа болгон авсан тохиолдол бий юу?

-Айхтар судалгаа шинжилгээ хийсэн нь үгүй. Гэхдээ яг Чингис хааны үе, XIII зууны үед хэрэглэж байсан эд зүйлс Монголоос ч тэр, гадаадаас ч тэр их ховор байдаг юм билээ. Яг үнэндээ Монголоос олдож буй олдворууд илүү сонирхолтой, тэгээд ч гадныханд эзэн Чингис хаантай холбоотой үзэсгэлэн учир Монголоос ирсэн байвал илүү их сэтгэлд нь хүрдэг. Тухайлбал, сая Археологийн хүрээлэн үзмэрээ XIII зууны үеийн цэргийн занданшуулсан шарил зэргээр шинээр баяжуулсан. Үүнийг нааш авчрах боломж бий эсэхийг Чулуун гуайтай санал солилцож байгаа. Гадныхнаас их хэмжээний зоос, мөнгө олдож гарч ирдэг юм билээ. Мөн пайзууд янз бүрээр хийгдсэн нь их. Манай үзэсгэлэн дээр байгаа. Сонирхогч, цуглуулагчид өөрсдөө уг пайз дээр ямар тайлбар, юу бичигдсэн байгаа гэдгийг судалж, тодорхой болгочихсон байдаг.

-Эсрэгээрээ та Чингис хааны түүх, түүнтэй холбоотой үзмэрүүдийг дэлхий дахинд сурталчилж яваагийн хувьд гадаадын эрдэмтэн судлаачид манай үзмэрүүдийг сонирхож, судлагдахуунаа болгосон тохиолдол бий юу?

-Би үзэсгэлэнгээ байршуулаад өгчихвөл тэр бүр байгаад байдаггүй. Ер нь онлайнд бичсэн комментуудыг харахаар манай үзэсгэлэнг үзсэн харсан санал сэтгэгдлээ бичсэн нь их бий. Тухайлбал, зэр зэвсгийн судалгааны талаар, байрлуулсан үзмэрүүдийн талаар энэ нь зөв буруу гэх шүүмжлэл, тэр нь их сонирхолтой байсан гэх зэргээр үзэсгэлэнгийн талаар санал бодлоо вэбсайтаар ороод бичсэн нь бий. Музей өөрөө сурталчилгаагаа хариуцаад явдаг тул тэдэнтэй шууд холбогддог.

Харин үзэсгэлэнгийн олдворууд дээр тулгуурлаад АНУ-ын Смитсоны институт болон Америкын Монгол судлаачид хамтраад “Чингис хаан” гэсэн каталог ном гаргасан. Тэр нь энэ үзэсгэлэн дээр байгаа үзмэрүүдээс гадна өөрсдийнх нь хийсэн Чингис хаантай холбоотой судалгаануудыг нэгтгэж хийсэн байв. Энэ ном нь Их дээд сургуулиудын судалгаа, шинжилгээний уралдаанд оролцож тэргүүн байр эзэлж байсан гэдэг. Энэ мэтээр үзэсгэлэнгийн ач холбогдол их. 10 гаруй жил гарахдаа 20 гаруй музейд, нэг гарахдаа 4-6 сарын хугацаатай гарсан байдаг. Одоогоор дөрвөн сая орчим хүн үзсэн гэх тооцоо бий. Мэдээж энэ үзэсгэлэнг үзсэн маш олон хүн Монголыг сонирхож, Монголыг зорьж очих тоо нэмэгдсэн. Нөгөө талаас Монгол судлаачдын тоо нэмэгдсэн. Анх 10 жилийн өмнө үзэсгэлэн гаргаж байхад мэдээ мэдээлэл жаахан хомс байсан бол одоо нэлээд их мэдээлэлтэй байдаг болж. Манай үзэсгэлэнгийн хувьд Чингис хааныг эерэг зөв сайхнаар сурталчилж ирсэн.

Үзэсгэлэнгийн дэглэлт их сайхан болдог. Үзмэрээ хүнд үзүүлэхдээ дайн байлдаан болж буй хэсэгт гэхэд дарийн үнэр, галдан шатсан хярвас үнэртэж, морин туурайн төвөргөөн сонсогдож байх жишээтэй. Гэрэлтүүлгээ янз бүрээр оновчтой хийж, нэг ёсондоо хүмүүст мэдрэмж бүрээр нь хүргэх тал дээр илүү анхаарч, дэлхийн хамгийн сүүлийн үеийн стандартаар л шийдэж өгч байгаа юм. Тэр утгаараа ч мэргэжилтнүүдээс сайн гэсэн үнэлгээ авдаг. Үзэсгэлэн гаргасан музейнүүд ихэвчлэн “Манай хамгийн сайн үзэсгэлэн” боллоо гэдэг дүгнэлт өгдөг. Гол нь үзмэрээс гадна хажуугаар нь амьд урлагийн тоглолттой. Бидний хувьд сурталчилгаа хийхдээ өөрсдөө жүжиглэж, тоглолт хийнэ. Тухайлбал, Чингис хаан болж баатрын хувцас өмсөөд, баг зүүж, морь малтай танхимд явах гэх мэтээр сурталчилгаагаа ч хийнэ.

Энэ жилийн тухайд бид Чингис хаан үзэсгэлэнгээ гаргасны 10 дахь жилийн ой тохиож буй тул Албама мужийн Мобайл хот, Монтана мужийн Бозмен хот, одоо Миссури мужийн Кансас хотод нийт гурван удаа гаргаж байна. Өмнө нь хоёр удаа гарчхаад байгаа. Албама мужийн Мобайл хотод гаргаж байхад гэхэд Чингис хааны тухай видео клип хийтэл тэр нь АНУ-ын видео рекламны төрлийн уралдаанд түрүүлэн цом авч байсан. Яг энэ үзэсгэлэнгээс дамжуулаад, түүнээс салбарлаж хийсэн зүйлсээс амжилт их гарч байгаа. Би өөрөө л гэхэд Чингис болоод үзэсгэлэнгээ их сурталчилж явна. Филадельфияд гарч байхад Чингис хааны цэргүүд дайрч, эзэлж байна гэх агуулгаар АНУ-ын бэйсболын тэмцээн дээр, 40 мянган хүний өмнө бэйсболын бөмбөг шидэх жишээтэй. Энэ бол сурталчилгааны л нэг хэсэг.

Франклинтай хамт

-Өнгөрсөн 10 жилийн хугацаанд үзэсгэлэнгээ гаргаад явж байхад Чингис хааны тухай нийтийн ойлголт ямар байгаад ямар болж өөрчлөгдөж байх шиг байна? Танд анзаарагдав уу?  

-Чингис хааны талаар сүүлийн үед эерэг сайнаар хүлээж авдаг болж. Монгол улс ч ардчилал эрх чөлөөтэй болж Чингис хааныхаа талаар зөв сурталчилгаа явуулж, бид ч үзэсгэлэнгээ гаргаад явж байна. Хүмүүсийн ерөнхий ойлголт бол гайгүй. Учир нь сайн мэдээллүүд бүхий ном хэвлэл болон нээлттэй цахим орчин бий болж. Боловсролтой хүмүүс ч наанатай цаанатай ойлгож, уншиж, судалсан байдаг.

Харин зарим дарлагдаж, эзлэгдэж байсан газруудын ном хэвлэл дээр эзлэн түрэмгийлэгч байсан гэх талаас нь бичсэн нь их бий. Тийм ойлголт ч хүмүүст байдаг. Харилцан адилгүй. Тухайлбал, Вашингтон пост гэхэд “Мянганы хүн”-ээр тодорхойлсон бол үзэсгэлэн гаргаж буй музейд үзэсгэлэндээ өөрсдийнхөөрөө тодотгол нэр өгдөг. “Нийгмийг шинэчлэгч”, “Хаадын хаад” гэх мэт өөрсдөө сайхан нэр оноон өгдөг. Тэр утгаараа ч үзэсгэлэнгийн сурталчилгаа хийхдээ үзмэрүүдээс гадна Чингис хааныг зөв магтан дуулдаг. Орж ирсэн хүмүүс “Чингис хааны талаар зөв талаас нь их юм мэдэж авлаа” гээд гарах нь бий.

ДЭЛХИЙН АЛДАРТАЙ МУЗЕЙДЭД МОНГОЛЫН 20 ГАРУЙ МЭРГЭЖИЛТНИЙГ АВЧ ИРЖ, ТУРШЛАГА СУДЛУУЛЖ БАЙСАН

-Нийт 13 жилийн турш энэ үзэсгэлэнд амьдралаа зориулж явсан юм байна шүү дээ. Гэхдээ үзэсгэлэнгийн хажуугаар өөрийн уран бүтээлийг орхигдуулахгүй хийгээд явж байгаа байх. Дон Лессемтэй тааралдаж уг үзэсгэлэнг эхлүүлэхээр болсон гэсэн. Гэвч их хааны талаар ийм үзэсгэлэн зохион байгуулъя гэдэг зориг гаргаж, хөдөлж байсан үеэ дурсахгүй юу?

-Би өөрөө Монголын соёл урлагийг гадаадад сурталчилна гэж Европын орнуудаар хэдэн жил явсан. Ингэж яваад 2002 онд АНУ-д ирсэн. Уг нь би баг бүтээж, бурхан урладаг шашны урлагийн талын хүн шүү дээ. Гадаадад байхад ганц бахархах зүйл маань яг үнэнийг хэлэхэд эзэн Чингис хаан юм гэдгийг ойлгосон. Анх гадаад улсуудад явж байхад “Аль Монгол вэ, Өвөрмонгол уу, Армонгол уу, Чингисийн Монгол уу” гэж асуухаас л эхэлнэ. Чингис хааны нэр алдар гэдэг бол өөрөө монголын бахархал болчихсон юм билээ. Би өөрөө уран бүтээлч хүн учраас гол бахархал эзэн Чингис хааныхаа талаар үзэсгэлэн гаргая гэдэг санал гараад ирэхээр өөрийн эрхгүй шууд зөвшөөрч, хамтарч ажиллахаар болсон. Үзэсгэлэн гаргахаас эхлээд өдийг хүртэл таны хэлсэнчлэн 13 жилийн хөдөлмөрөө зарцуулж. Би өөрөөсөө хөрөнгө мөнгө босгоогүй,  хөрөнгийг Америк түнш маань гаргасан тул санхүү эдийн засгийн асуудлыг тэр хүн л хариуцдаг. Нэг сая гаруй ам.доллар гаргаад л эхлүүлж байсан. Тиймээс би ашиг орлогоос нь авъя, өгье гэх юмгүй. Би Монгол талынхаа соёл урлагийн талын үйл ажиллагаа, Монголтой холбогдох ажлуудыг л хариуцан хамтран ажилладаг. Би зүрх сэтгэлээ өгөөд энэ ажлаа хийгээд явах дуртай. Эзэн Чингис хааны тухай үзэсгэлэн дэлхий дахинд гарч явахад Монгол хүн байлцаад, Монгол хүн зохион байгуулаад, Монгол талынх нь юмыг ингээд хийгээд явахгүй бол өөр гадны нэг хүн Чингис хаан гээд явбал учир дутагдалтай санагддаг. Тиймээс би энд заавал байх ёстой. Нөгөө талаар, байснаараа би өөрөө их азтай, үүгээрээ ч бахархаж явдаг.

-Монголын зургаан музейгээс та хэлэлцээр хийж үзмэрүүдийг гадагшаа гаргаж байсан гэсэн. Тийм томоохон өв соёл болсон үзмэрүүдийг гаргахад мэдээж нарийн хэлэлцээрүүд хийдэг байх. Тиймээс ч энэ үнэлж болохгүй үзмэрүүдийг авч явснаараа эргээд Монгол улсдаа орлого оруулж байсан болов уу?

-Үзэсгэлнгийн эхний гурван жил гэрээ хэлэлцээр хийгдсэн. Зураг төсөл гаргах, үзэсгэлэнд бэлдэж уран бүтээлчидтэйгээ хамт Чингисийн баримал барихаас эхлээд ажил их байсан. Шинэ үзмэрүүдийн реклам, сурталчилгааны ажлуудад ч бэлдсэн. Тухайн үед үзмэрүүдээ авахын тулд Соёлын яамнаас зөвшөөрөл авах ёстой байсан. Соёлын яамтай олон ч удаа харилцаж, тухай үед сайд нар ч солигдож байсан тул тэр бүрт гэрээгээ ахин хийх, музейнүүд үзмэрүүдээ түрээсэлж буй тул ашиг орлогоо ч авах гэрээтэй. Түүнийг соёлын яам зохицуулаад, эндээс орлогыг нь Соёлын яам руу шилжүүлж, түүнийг нь Соёлын яам музейд рүү хуваарилж өгөх байдлаар ажиллаж байв. Миний хувьд хамгийн гол бахархдаг бас нэг зүйл бол Монголоос оролцсон зургаан музей, түүнээс гадна музейн удирдах ажилтнууд, мэргэжилтнүүд гэх мэт 2-3 хүн үзмэрээ авч ирж хүлээлгэж өгдөг. Үзэсгэлэн дуусахад хүлээж аваад буцдаг гэдэг утгаараа мэргэжилтнүүдийг Америкын өндөр стандарттай музейд авч ирэн сургах, туршлага судлах, танилцахад их нэмэр болж байсан. Эхний гурван жилд бид 20 гаруй ажилтныг авч ирж байсан. Музейн ажилчид ч АНУ-ын хамгийн том музейд ирээд л архиваас нь эхлээд бүх л томоохон хэсгүүд рүү нэвтэрч, өөрсдийн сонирхсон бүхнээ судлах боломжтой байсан. Үнэндээ манай музейн чанар чансаа, архивын байр шаардлага хангадаггүй. Тэгэхэд энд үзмэрийг яаж байлгадаг, яаж хамгаалдаг зэргийг нүдээр үзэж, сурч, мэдэж явсан гэж боддог. Хэрвээ өдгөө ч Монгол улс үзмэрүүдээ дэлхий дахинд сурталчилж, томоохон музейнүүдтэй хамтран ажилладаг хэвээр байсан бол манай мэргэжилтнүүдэд ч том давуу тал үүсэх л байсан болов уу. Үүнийг дараа дараачдаа анхаармаар санагдсан.

-Сонгууль, засаг төрийн эргэлтээс үзмэрүүдийг ахин авах боломжгүй болсон гэсэн. Магадгүй та бүхний ажлыг буруугаар ойлгосон хандлага байв уу?

-Магадгүй улстөржилтөөс болоод ч тэрүү, учир байдлыг нь мэдэхгүйгээр буруутгах хандлага байдаг юм билээ. Дон Лессем уг явуулын музейг бий болгохын тулд нэг сая гаруй ам.доллар гаргасан. Үүнийгээ мэдээж нөхөж олж авахыг бодно. Үзэсгэлэн гаргана гэдэг амаргүй. Энэ үзэсгэлэн нийтдээ 40 тоннын 4 контейнер ачаа болдог. Энэ бүхнийг үзэсгэлэн гараагүй үед хадгалах, зөөх, даатгал, монголоос ирж буй хүмүүсийн зардал чирэгдэл гэх мэтийг тооцвол эдийн засгийн хувьд маш өндөр зардалтай үзэсгэлэн. Үзэсгэлэн гарч эхэлснээс хойш 3-4 жилийн дараа гэхэд л зардлаа нөхөж амжаагүй яваа тухай Дон Лессем ярьж байсан, одоо мэдээж нөхсөн байх. Эд мэдээж бизнес хүмүүс учир тодорхой хэмжээнд ашиг орлого олоход чиглэсэн л байдаг байх. Дон Лессемийн хувьд 20 гаруй удаа монголд зочилж байсан их элэгтэй хүн. Цаашид ч энэ үзэсгэлэнг үргэлжлүүлэн авч явах бодолтой байдаг. Миний хувьд ч цаашид Монголоос үзмэрүүдээ ахин нааш татаж, дэлхийн бусад иргэдэд ч томоохон музейгээр дамжуулан үзүүлэхсэн гэх их хүсэл бий. Яг үнэнийг хэлэхэд эхний гурван жилд үзэсгэлэнгүүдэд тавигдаад Монгол руу буцсан тэдгээр үзмэрүүд архивтаа үнэ цэнэ багатай л байж байдаг болов уу. Түүний оронд явуулаад байсан бол... Долоон жил алдчихлаа даа л гэж бодогддог.

РОНАЛД РЕГАНЫ МУЗЕЙН ДА ВИНЧИ, ПОМПЭЙ ГЭХ МЭТ ҮЗЭСГЭЛЭНГҮҮД ДЭЭР ХАМТАРЧ АЖИЛЛАСАН

-Таны тухай ярилцъя. Та АНУ-д үзэсгэлэн зохион байгуулахаас өөр юу хийж амьдарч байна вэ? Урлагийнхаа ажлыг хийж байгаа юу?

-Тиймээ. Би угаас зураач, барималч, бие даасан уран бүтээлч хүн. Монголдоо байхад ч уран бүтээлээ хийж, Ханбогд гэж чуулгатай болж, түүнийгээ 20 гаруй жилийн турш гадаад дотоодод тоглолтоор зорчуулж, Монголоо л сурталчлах урлагийн ажил хийдэг. Залуу байхын л монголоо сурталчилна гэж гараад одоо тэр л эрчээрээ явна. “Чингис хааны” үзэсгэлэн бол миний тал ажил, харин нөгөө талд нь би өөрийн хувийн уран бүтээлээ хийж явна. Цамын баг, бурхан бүтээх ажлаа эндээ ч үргэлжлүүлж явна. Монголд очихдоо ч заримдаа бурхан бүтээх тохиол бий.

Нэгэнтээ Чингис хаан үзэсгэлэнгээ зохион байгуулахдаа олон музейтэй харилцаж, их ч туршлага хуримтлууллаа. Би өөрөө энх тайван, сайн сайхны тусын тулд явах хүсэлтэй. Угаас бурхны шашин гэдэг хүн төрөлхтний сайн сайхны тулд зөв сайхан явах шашин юм. Би шашны урлагаар явж, бурхан бүтээж, цамын баг хийж явдгийн хувьд шашны урлагийг өөрийн хэмжээнд судалж, Далай лам болон бусад гэгээрсэн сайхан улсын номонд суудаг. Аль болох зөв сайхан амьдарч, хойч үедээ зөвийг хийж үлдээхсэн гэх хүсэл, үзэл бий. Хүний зүрх сэтгэл амгалан тайван бол энэ хорвоо ертөнц өөрөө амгалан тайван байх юм гэдэг утгыг өөрийн уран бүтээлээрээ хэрхэн харуулж болох вэ гэж бодон яваа. Нөгөөтэйгүүр, Чингис хаан үзэсгэлэнтэйгээ холбоод тодорхой хэмжээний томоохон үзэсгэлэн зохион байгуулаад явъя гэж бэлтгэл ажилдаа ороод байна. Далай багшид өөрийн энэ санал бодлыг ч илэрхийлж хэлсэнлдээ. Өнгөрсөн жил гэхэд Жанрайсаг бурхны авшигийг нь авсан байх жишээтэй. Далай багш гэдэг хувь хүн шүү дээ. Өрөө ч хэлдэг, “Би долоон тэрбум хүний л адил нэг бодгаль” гэж. Дэлгэрэнгүй нуршилгүй, ерөнхийд нь хэлбэл, хүн болж төрнө гэдэг маш том хувь тавьлан, хүн болж төрснийх зөв сайханд суралцаж, хийж, гэгээрэл рүү яаж тэмүүлж, хүрч болох вэ, гэгээрвэл яах вэ, тэр сүнсэн бие гэдэг хаа хүрэх бол гэх мэтээр уран бүтээлийн агуулга сэдэв маань шашинтай холбоотой нэлээд гүнзгий рүү нэвтрэн ордог. Энэ бүхнийг л урлагаар хүмүүст хэрхэн хялбаршуулж хүргэх вэ гэдэгт би төвлөрч байна. Хамгийн гол зүйл бол бид зүрх сэтгэл, оюун ухаандаа л амар амгаланг бий болгох аж. Хийж буй ажлууд минь энэ оны эцсээр дуусах байх. Тэгвэл энэ бүхнийгээ илтгэл болгож, НҮБ-т хандах гэх мэтээр өндөр ач холбогдол өгч явах бодол бий.

-Та эх орондоо ирэн очин байдаг юм билээ, сүүлд хэзээ ирсэн бэ? Дахиад хэзээ ирэх төлөвлөгөөтэй байна?

-Энэ жил энд гурван удаагийн үзэсгэлэн гарсан тул өнгөрсөн зун л очиж амжсангүй. Хоёрдугаарт, музейдтэй хамтарч ажиллаад удсан тул тэдний зүгээс миний бүтээлүүдэд таатай хандаж, хамтарч ажиллах санал тавьдаг. Тухайлбал, Калифорнийн хамгийн том музейн нэгт тооцогдох АНУ-ын ерөнхийлөгч асан Роналд Реганы музейд “Чингис хаан” үзэсгэлэн гарсны дараа, тус музейгээс надтай хамтарч ажиллах санал тавьсан. Би шашны бүтээлүүд хийхээс гадна зураг зурна. Тэр утгаараа тэнд гарч буй бусад үзэсгэлэнгүүд дээр намайг хамтарч ажиллаач гэсэн. Тухайлбал, тэнд гарсан Да Винчи, Помпэй гэх мэт үзэсгэлэнгүүд дээр хамтарч ажиллаж байна. Тиймээс жаахан цаг зав муутай л байгаа.

-Бидэнтэй цаг гарган ярилцсанд танд их баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе.

-Монгол улс өөрөө гайхалтай. Чингис хаан, Өндөргэгээн Занабазар, Данзанравжаа, Хүннү гүрэн гээд олдож буй олдвор, үлдэж хоцорсон өв соёл ихтэй. Манайхан уул уурхай ярьж, газраа малтан хэл ам болж байхаар урлаг соёл гэдэг том бизнесийг олж хараасай. Заавал гадныханд найдахгүй, одоо байгаа залуус минь үзэж, харж, мэдэж, судлаад үүнийгээ авч яваасай. Зөвхөн нэг үзэсгэлэнг гадаадад гаргаад, дэлхийг тойруулаад аваад явах боломж байна. Урагшаа, хойшоо гаргаад алдчихна, хуулбарлуулчихна гэж хардаж айхдаа хамаг юмаа хав дараад суудаг шиг анзаарагддаг. Гэтэл дэлхийн стандарт музейд яг л тэр хуулбар, аюулгүй байдлын тал дээр маш өндөр хэмжээний хамгаалалт тавьж, өндөр шалгууртайгаар үзэсгэлэн гаргадаг. Авч ирчхээд хуулаад эсвэл алга болгодог тийм хариуцлагагүй байдал дэлхийн музейдэд байдаггүй. Тиймээс юмаа судалж, мэдээд, өөрсдөдөө маш итгэлтэй, зөв ажиллаж, хамтарч, боломжоо ашиглаасай гэж хүсдэг. Хийнэ гэж зүтгэж байгаа улсаа ч хардаж, сэрдэж явдаг шиг санагддаг. Иймд эх орноо сурталчлах томоохон боломжуудыг ашиглахад анхаарлаа хандуулаасай гэж энэ ярилцлагаараа дамжуулан захья.

Эцэст нь, Чингис хаан үзэсгэлэнгээ гаргахад анхнаас нь тусалж дэмжсэн хувь хүн байгууллага, хамт олон, Элчин сайдын яамд, одоог хүртэл гаргаад сурталчлаад явж байхад АНУ-д болон дэлхийн аль ч өнцөг булан бүрт Монголчууд маань үргэлж тусалж дэмжиж, хүрэлцэн ирж, бахархан баярлаж явдаг. Бидний ажил үйлсийг дэмжиж сурталчилж явдаг нийт Монголчууд та бүхэндээ баярлалаа. Эзэн богд Чигис хааны маань сүр сүлд Монгол түмнийг минь үеийн үед үүрд мөнх өршөөн соёрхож Монгол улс маань үргэлж мөнх мандан бадарч явах болтугай.

Б.ГЭРЭЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
brenda greg
brenda greg
2019-10-24 21:55

Би энд туршлагаа хува�##�цахдаа маш их баяртай байна. Намайг Бренда гэдэг. Би аз жарг�##�тай гэрлэж байсан. Нөхөр маань намайг хуурч байна гэж хэлтэл тэр хоёулаа нүцгэн хосууд болсон, тэр итгэж чадахгүй, бас миний үгэнд итгэхгүй байгаа тул бид с�##�ах өргөдөл гаргаж, хожим бид с�##�ж, с�##�ахаа больсон. Удаан хугацааны турш би хөдлөхийг хичээсэн боловч түүнгүйгээр үлдэж чадахгүй байсан тул би нөхрөө эргэж ирэхийг эрэлхийлж эхэлсэн бөгөөд дараа нь Дризойя руу очсон. Би таар�##�дсан агуу хүн, тэр хайрын шившлэг хийж, нөхөрөө 24 цагийн дотор эргэж ирэв. үүнтэй холбогдуулан би Доктор ИЗОЯА-тай холбоо барих, [email protected] хаягаар холбогдохоор ирсэн. Тэр үнэхээр хүчирхэг бөгөөд дараахь чиглэлээр мэргэшсэн ...
(1) Бүх төрлийн хайрыг илбэ. (2) с�##�ахаа болих. (3) үржил шимгүй болох.

Холбоотой мэдээ

Back to top button