Трампын эхлүүлсэн худалдааны дайны нөлөө манайд хэрхэн мэдрэгдэх вэ

АНУ-ын төрийн тэргүүнээр Трампын эрх мэдэл эргэн ирснээр дэлхий дахинаа гадаад бодлогодоо анхаарах, худалдааны дайнд санаа зовохоос аргагүй нөхцөл үүсэв. Өнгөрсөн бямба гарагт Трамп Мексик, Канадын бараанд 25 хувийн татвар, Хятад улсын гаалийн татварыг 10 хувиар нэмэх шийдвэр гаргасан билээ.
Хятадад тавигдаж буй гаалийн татварыг 10 хувь нэмэгдүүлсээр тус улсад үйлдвэртэй бусад улс орнуудын хувьд болоод Хятадаас импортлогч орнуудад томоохон дарамт үүсэхээр байна. Өмнө нь 2019 онд АНУ-аас Хятадын 250 тэрбум ам.долларын өртөгтэй бараанд нь 25 хувийн татвар ногдуулж байсан билээ.
Худалдааны дайны шуурга манай улсад хэрхэн нөлөөлөх вэ,
Манай улсын коксжих нүүрсний хамгийн том хэрэглэгч нь өөрөө Хятад улс. Хэрвээ Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбар зогсонги байдалд орж байгаа энэ цаг үед гангийн эрэлт, нийлүүлэлт ч буурна гэсэн үг. Хэдийгээр Монголын нүүрс Хятадын голлох импортын хэрэглээний нэг гэж харж байгаа ч өрсөлдөгчийн хямд, боломжит нүүрснээс татгалзахгүй гэдэг нь илт. Өнгөрсөн жил Монгол Улс өмнөд хөршийнхөө гангийн үйлдвэрлэлд зориулсан коксжих нүүрсний импортын 60 хувийг бүрдүүлсэн. Тэгэхээр энэ онд нүүрсний экспортыг 83 сая тоннд хүргэнэ гэсэн манай улсын эерэг төсөөлөл нь Хятадын цаашдын гангийн хэрэглээнээс ихээхэн хамаарахуйц, эмзэг байна гэсэн үг. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарах таамаглал нь нүүрс, төмрийн хүдэр зэрэг манай экспортын гол түүхий эдийн үнэ үргэлжлэн буурах нөлөөг үзүүлсээр байх юм.
Хятадын бүх бараанд гаалийн татварыг 10 хувиар ногдуулснаар цаашид хятадын үйлдвэрлэлийн зардал өснө гэж тооцоолох нь зөв биз ээ. Ингэснээр тус улсын экспортын барааны үнэ ч өснө. Улмаар манай улс шиг импорт нь экспортоосоо давж байгаа тохиолдолд бүх салбарын импортын барааны үнийн өсөлт бий болно. Ялангуяа үл хөдлөхийн салбарт түүхий эд, орц материалын зардал өсвөл үүнийг дагасан инфляцын өсөлт ч бий болно.
Нөгөөтэйгүүр манай экспортын үлэмж хувийг нүүрс дангаараа эзэлдэг нь өөрөө ирэх оны төсөвт хүндрэл үүсгэж магадгүй дүр зураг үүсэж буй юм. Оны эхэнд нүүрсний үнэ 120 ам.доллар хүрч байсан бол өнөөдөр буурсаар 70-80 ам.долларт дөхөж байгаа нь манай улс илүү их нүүрс экспортлох шаардлага бий болж, ингэхдээ хэрвээ цаашид нүүрсний үнэ өсөхгүй бол төсвийн орлого тасалдах, эдийн засгийн өсөлт ч буурч магадгүй юм. Мөн манай экспортын зах зээлийн голыг нугалдаг зэсийн экспортын орлого өссөн ч нүүрсний үнийн бууралтыг нөхөх боломж үүсэх үү гэдэг эргэлзээтэй.
АНУ-ын эдийн засгийн өсөлтийг дагаад цаашид ам.долларын төгрөгтэй харьцах ханшид ч мөн өөрчлөлт гарах дүр зураг бий. Хэдийгээр энэ цаг үед ам.долларын ханш түр өсөх үзэгдэл гэж Монголбанкнаас тайлбарлаж байгаа ч цаашид үргэлжилсэн хэвээр байх төлөвтэй байна.
Трамп Америкаас үзүүлэх гадны зээл тусламжуудыг ихээр танаж, дийлэнхийг нь хэрэгжүүлэхийг бүрэн цуцласан. Ингэснээр тус улсын хөрөнгө оруулагчид зөвхөн оновчтой зах зээл рүү хөрөнгө оруулалт хийх гэсэн сонголттой тулж, АНУ-ын засгийн газраас хэрэгжүүлдэг зээл тусламжуудыг түдгэлзүүлсэн нь одоогоор манай улсад ч мөн нөлөөлөх нөхцөл үүсэж болзошгүй билээ.
Хөрөнгө оруулалт хэрвээ буурч, танагдвал ам.долларын урсгал татарснаар энэ нь мөн ханшийн өсөлтөд нөлөөлөх юм. Оны өмнхөн төсөөллүүд өөрөөр хөвөрч байсан ч Трампын цаашид гаргах худалдааны хориг,татварын дайнаас хамаарч улс орнуудын эдийн засагт ч мөн томоохон нөлөөлөл үүсэх нь нэгэнт тодорхой байна.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Элбэгээг өг зөнөгөө