Ц.Баатархүү: “Баримт шалгах төв” ШУ-ны байгууллагатай хамтарч, цахим орчинд иргэний эрхийг хамгаална

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүтэй ярилцлаа.
-“Алдарт эх”-ийн одонгийн хүсэлтээ цахимаар илгээдэг болно-
-Хамгийн сүүлд төрийн ямар үйлчилгээг цахимжуулахаар ажиллаж байна вэ?
-Нэгдүгээрт, “Алдарт эх”-ийн одон авахдаа 11 үе шатыг бүгдийг нь цаасаар цуглуулан өгдөг юм байна. Цахим хэлбэрээр материалаа илгээдэг болгох талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газартай ярилцаж байна. Хоёрдугаарт, аудитын үйлчилгээнүүдийг цахимжуулна. Хоёрдугаарт, Зөвшөөрлийн тухай хуулиар 373 зөвшөөрөл бий. Тэдгээрийн заримыг нь license.mn сайтаар, заримыг нь мэдээлэл хариуцагч байгууллага буюу яамдын сайтаар дамжуулан авдаг. Иймд e-business гэдэг цонхоор нэгдсэн байдлаар авдаг болгохоор зохион байгуулах гэж байна.
-Бүх үйлчилгээг е-mongolia руу чихсээр бөөгнөрөл үүсэх, иргэдэд төөрөгдөл үүсгэх зэрэг бэрхшээлүүд гарах эрсдэлтэй?
-Төрийн үйлчилгээний “зураг авалт”-ыг дахин хийж байгаа. Монгол Улсын Засгийн газар үйлчилгээний тоо биш чанарт анхааръя гэж зорьж байна.
Жишээ нь, бизнес эхлүүлэхэд долоон үе шатыг дамждаг. Тэгэхээр нэн түрүүнд үйлчилгээ авахад олон шат дамждаг байдлыг халж, цөөлье гэж байгаа юм. Засгийн газрын хэмжээнд ажлын хэсэг гараад ажиллаж байна.
-Монгол Улсад өнөөдрийн байдлаар хэчнээн төрийн үйлчилгээ байна. Үүнээс хэчнээн нь e-mongolia-д нэвтрээд байгаа вэ?
-Хамгийн сүүлийн мэдээллээр 1100 орчим төрийн үйлчилгээ e-mongolia-д орсон байна. Цаг хугацааны явцад энэ тоо дээш, доош хэлбэлзэж өөрчлөгддөг. ХХААХҮЯ “Ноосны урамшуулал явуулахаа болилоо” гэвэл e-mongolia-гаас хасагдах жишээтэй. Төрийн байгууллага хүсэлт гаргавал нэмээд л явдаг.
-Иргэнээс “Лавлагаагаа цаасаар авч ир” гэдэг шаардлага байсаар байна-

-“Цахим Үндэстэн” уриаг дэвшүүлээд чамгүй хугацаа өнгөрчихлөө. Цааснаас цахим руу шилжүүлэхэд голчлон ямар бэрхшээл хүндрэлүүд тулгарч байна вэ?
-Засгийн газар “Цаасгүй засаг” гэдэг санаачилгыг эхлүүлэн манлайлж байна. Яамд хоорондын бичиг солилцох ажил ч цахимжсан. Гэвч иргэнээс “Лавлагаагаа цаасаар авч ир” гэдэг шаардлага байсаар байна. Төрд байгаа мэдээллийг ямар нэг төрийн байгууллага нэхсээр байгаа хэлбэр. Үүнийг “Дижитал танилт” буюу ДАН-гийн системийг илүү боловсронгуй болгосноор шийдэгдэх юм. Та нэг төрийн байгууллагад орж үйлчилгээ авлаа гэж бодъё. Таныг “цаасан лавлагаа аваад ир” гэхийн оронд “төрд байгаа таны мэдээллийг татлаа шүү” гэдэг зөвшөөрөл хүссэн мэдэгдэл утас болон аппликейшнд ирэх юм. Зөвшөөрч байвал таны мэдээллийг татаж үзнэ. Ингэснээр цаасан харилцаа эрс буурна.
-“Цаас авч ир” гэж нэхэхгүйн сайн хэрэг л дээ. Гэхдээ хөдөө орон нутагт интернетийн асуудал, хэрэглээний соёл, гар утасны шийдэл зэргээс хамаараад хэрэгжих боломж хэр байх вэ?
-Хөдөө орон нутгийн цахим технологийн дэд бүтцийн ялгаатай байдлыг арилгахаар л ажиллаж байгаа. Үүний нэг нь сумдын интернетийн хурдыг арав дахин нэмэгдүүлье гэдэг асуудал.
Төрийн захиргааны байгууллага, боловсрол, эрүүл мэнд, цэцэрлэг гэхчлэн байгууллагууд Улаанбаатар дахь бүх үйлчилгээг хугацааны хоцрогдолгүй авах, өгөх боломж бүрдэж байгаа юм.
Мөн 5G сүлжээг 2025 онд нэвтрүүлсэнээр их багтаамжийн төрийн үйлчилгээ болон видео сургалт, хичээлээ хоцрогдолгүй авна.
-Хараахан цахимжуулж амжаагүй ямар үйлчилгээнүүд үлдэв. “Да Хүрээ” автомашин худалдааны төвд тээврийн хэрэгслийн гэрчилгээний шилжилт болон энэ чиглэлийг үйлчилгээг авах гэсэн иргэд оочер дарааллаас болж хэрэлдэж зодолдох, нэгнийхээ хөлд дарагдах эрсдэлтэй дүр зурагтай харагдсан. Цахимжуулах боломжтой юу?
-Мэдээлэл хариуцагч байгууллагууд “Энэ үйлчилгээг дижитал болгоё” гэдэг санал санаачилгаа ирүүлэх хамтын ажиллагаанууд явагдаж байна.
Дижитал нэгт гэдэг ойлголтыг бид зарим талаараа бас дутуу хэрэглээд байгаа. Зарим үйлчилгээнүүд дижитал болчихсон хэрнээ цаасаар явагдаад байна. Зөвшөөрлийн тухай хуулийн 20-22 хоногийг хүлээлгүй тухайн байгууллагад очоод үйлчилгээгээ авах байдлаар оочер дараалал үүсэх тохиолдол бий. Үүний нэг нь таны хэлээд буй жишээ.
-Техник технологи буюу бааз суурь нь бэлэн болчихсон уу?
-Дижитал шилжилт яагаад амжилттай болохгүй байна вэ гэвэл, ард нь хүмүүс ажиллаад байгаатай холбоотой. Бид бүх үйлчилгээг цахимжуулах техник, технологийг шийдвэрлэчихсэн. Дэлгүүрийн лангуу гэж үзвэл түүн дээр нь мэдээлэл хариуцагч байгууллагууд өөрийнхөө үйлчилгээг өрөхөд болох юм. Энгийн жишээ хэлье. Зарим эмнэлгүүд e-mongolia-д цагийн хуваарь тавиулдаг. Гэвч мэдээлэл хариуцагч байгууллага эргээд больё гэдэг. Учир нь тухайн эмнэлгийн ор, үйлчилгээний ачаалал өвлийн цагаар ихэсчихдэг эргээд хаалгая гэдэг санал хэлдэг.
Тэгэхээр e-mongolia-д орсоноор бүгд шийдэгдэнэ гэсэн үг биш. Мэдээлэл хариуцагч байгууллагын үйл ажиллагааны зураглалыг сайжруулах шаардлагатай. Тэгж байж иргэд цөөн шат дамжлагаар чанартай үйлчилгээ авдаг болно.
-Баримт шалгах төв байгуулна-

-Та мэдээлэл хийх үеэрээ “Худал мэдээлэлтэй тэмцэх төв” байгуулна гэдгээ зарласан. Хоёр жилийн өмнө цахим орчин худал мэдээлэлтэй тэмцэх тухай маргаан багагүй өндөр авч байлаа.
-“Баримт шалгах төв”. Цахим орчинд худал мэдээлэл маш хүчтэйгээр газар авдаг. Тиймээс сошиал дахь иргэний эрхийг хамгаалах гээд байгаа юм. Эрхийг нь хамгаалахдаа “Төр хол бай”, илүү шинжлэх ухааны байгууллагуудыг татан оролцуулъя.
-Тодорхой хэлбэл?
Мэдээ мэдээлэл дутуугаас болоод хохирох явдал их байдаг. “Ханиад томууны вакцин хийлгэх шаардлагагүй. Дархлаанд нөлөөлнө” гэдэг мэдээлэл газар авсан. Хүмүүс ч итгээд хийлгэхгүй, эсэргүүцэх тохиолдол маш их. Тиймээс мэргэжлийн хүмүүсээр тайлбарлуулна. Худал мэдээлэл гэдгийг нь судалгаа, нотолгоотой ярина. Ажлын хэсэг гараад ажиллаж эхэлсэн.
-Энэ төв байгуулагдлаа гэхэд бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн хувьд “Төр данхайлаа” гэж шүүмжлэх асуудал гарах уу?
-Ажлын хэсэг хэлбэрээр эхэлсэн ч, цаашдаа ямархуу бүтэц зохион байгуулалтаар ажиллах вэ гэдгээ шийдвэрлэнэ.
-Батлан хамгаалахын салбарт дрон нэвтрүүлэх нь зөв-

-Танай яам БНСУ-тай дроны үйлдвэр дээр хамтрахаар болсон. Үүний дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк улсад хийсэн айлчлалын үеэр Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт мөн дроны үйлдвэр барих асуудал хөндсөн. Хоёр үйлдвэртэй болно гэж ойлгож болох уу?
-Цэрэг армийн бодлого дэлхий даяар өөрчлөгдөж байна. Бидний мэддэг жагсдаг цэргүүд байгаа ч, нисгэдэг дрон, түүнийг удирддаг ур чадварууд зайлшгүй нэмэгдэж байгаа. Энэ утгаараа батлан хамгаалахын салбарт дрон нэвтрүүлэх талаар ярьж, ажиллах нь зөв. Харин бидний ярьж буй дроны үйлдвэр бол цахим худалдаа, хүргэлтийг эргэлтэд оруулахын төлөө юм. Аль болох хувийн оролцоог бага байлгая. Хувийн хэвшил хүргэлтээ аль болох дроноор хийх хүсэлтэй бөгөөд биднийг "Эрх зүйн зохицуулалт хийж өгөөч ээ” гэж байгаа.
-Сүүлийн үед Telegram сувгаар залилцуулах асуудал нэмэгдэж байна. Мөн Хbet -ийн улмаас олон залуус амьдралаараа тоглож, хөл алдаж байна. Үүн дээр танай яам ямар зохицуулалт хийхээр ажиллаж байна вэ?
-Нэлээн ярвигтай асуудал юм билээ. Нэг талаар Telegram хэрэглэх нь хувь хүний эрх. Гэвч харилцаа холбооны салбарт үндэстэн дамнасан цахим платформыг ашиглах бодлоготой болох ёстой юм билээ. Яваандаа татварын асуудал хөндөгдөх байх. Нэг зам дээр осол аваар гараад байвал дандаа жолоочийн буруу байдаггүй. Аваарт өртүүлээд буй замыг очиж үзэх хэрэгтэй. Тэгэхээр telegram болон бусад сувгуудад залилан гараад байвал төр зайлшгүй анхаарч үзэх шаардлагатай.
Тиймээс Харилцаа холбооны зохицуулах хороонд үүрэг өгсөн. Үүн дээр бодлого гаргаж ирж хэлэлцүүлье гэж байгаа юм. Урьдчилан сэргийлэх чиглэлд цагдаагийн байгууллага маш их анхаарч ажилладаг юм билээ. Гэвч залилан байсаар байна.
Иймд хамтарсан ажлын хэсэг гаргаад ажиллаж байна.
-Хуульчлах тал дээр илүү анхаарах уу?
-Технологийн хөгжил төр засгийн шийдвэрээс илүү хурдан явж байна. Өдөр бүр л цоо шинэ технологи гарч байгаа тул хууль дээр илүү нухацтай хандая гэдэг байр суурьтай.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа-
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
КОММУНИСТ
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
Дарангуйл�##� тогтжээ. Ардчилсан нэртэй Коммунист намын �######�өнд на�##�дчихсан шумуул