Сурвалжилга, Нийтлэл

ТОЙМ: Монгол “THE HU” хамтлагаараа гайхуулж , “ӨГЗӨГ” даргаасаа ичсэн жил байв

EGUUR.MN сайт 2019 онд нийгэм, соёл урлагийн салбарын хүрээнд өрнөсөн зарим онцлох үйл явдлуудыг нэрлэж байна.


“THE HU” – МОНГОЛЫН УРЛАГИЙГ ДЭЛХИЙД “ЭКСПОРТЛОВ”

МУГЖ, дуучин Б.Дашдондогийн олон жил чимээгүй хөдөлмөрлөж бий болгосон “The HU” хамтлаг дэлхийд цойлов. Гэнэт л Монгол хамтлагийн дуу АНУ-ын ITUNES-д US TOP 100 дууны 30 дугаарт, TOP 40 рок дууны нэгдүгээрт эрэмбэлэгдэж,  Леди Гага /Lady Gaga/-ийн “Always remember us this way”, Күин /Queen/ хамтлагийн “Bohemian Rhapsody” зэрэг хит дуунуудтай өрсөлдөх болов. Монголчууд ийнхүү Хүннү рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг “The HU” хамтлагтай танилцлаа.

The HU хамтлаг АНУ-ын томоохон групп E7-той гэрээ байгуулж, ганцхан жилийн дотор Европ, АНУ-аар тойрон аялал хийж, мянга мянган фенүүдтэйгээ уулзлаа. Тэд мөн энэ онд Гэрэг нэртэй цомгоо гаргаж, уг цомгоороо Биллбоардын жагсаалтыг тэргүүлж, iTunes чартын хоёрдугаарт бичигдэв. Мөн тэд АНУ-ын рок хамтлаг “Папа Роач”-ын дуучин Жэйкоби Шаддиxтай хамтран “Wolf Totem” дуугаа шинэчлэн, Элтон Жоноос магтаалын үг сонсож, Хойд Америкын хард рок урсгалын “Revolver” сэтгүүлийн нэрлэсэн шилдэг 10 клипийн нэгт “The Hreat Chinggis Khaan” дуугаараа багтав.  

Оны төгсгөлд тэднийг Монгол улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон “Чингис хаан”-аар шагнав.


ТҮҮХЭЭ ГАЗРЫН ХӨРСНӨӨС АРЧИВ – БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ, ХЭЛМЭГДЭГСДИЙН МУЗЕЙ

Гэрэл зургийг: Ц.Мягмарсүрэн

10 гаруй жил нийслэлийн төвд дүнхийсэн Байгалийн түүхийн музейгээ бид энэ жил газрын хөрснөөс арчиж хаяв. Барилгын элэгдэл 99 хувь хүрсэн, МХЕГ-аас нурах аюултай барилгуудын жагсаалтад оруулсан, ШУТИС-ийн харьяа Барилгын материалын шинжлэх судлах лабораториос ашиглах боломжгүй гэж дүгнэсэн, ОБЕГ-аас газар хөдлөлтийн гурван баллын чичиргээ даахгүй гэдгийг анхааруулсан. Ингэж хэлж эрх баригчид ил далдуур зүтгүүлсээр нэгэн түүх үгүйрлээ.

Гэвч энэ барилга ердөө 65 жилийн настай, барилгаар бол “өвгөн нас” биш. Үүний цаана хотын А зэрэглэлийн бүсэд байрлах газрын шунал байна гэж иргэд эсэргүүцэж, өдөр шөнөгүй манан зогссон ч “бид дийлдсэн”.

Мөн БНМАУ-ын 11 дэх Ерөнхий сайд П.Гэндэн 1930-1936 оны хооронд амьдарч байсан байшин буюу “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей”-н барилгыг нураалаа. П.Гэндэнгийн гэх тодотголтой Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт орших хоёр давхар дүнзэн байшинг 1930 онд Германы инженер Герингийн зураг төслөөр Германы “Востванк” тоосгон заводын Герман, Швейцарь, Унгар ажилчид барьсан тэр үеэс энэ байшингийн түүх эхэлдэг. Гэвч нийслэлчүүдэд “нураахгүй” гэж хэлснийхээ маргааш өглөө нь гэхэд барилгыг үгүй хийсэн байлаа.


ОЛОН УЛСАД ГАЙХАГДСАН ТҮҮХЭН ОЛДВОРУУДАА ТАНИЛЦУУЛАВ

НЭГ. САРЬДГИЙН ХИЙДИЙН ОЛДВОРУУД

ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, академич С.Чулуунаар ахлуулсан эрдэмтэн судлаачдын Үндэсний шинжилгээний баг 2013-2018 оны хооронд зургаан жилийн турш Өндөр гэгээн Занабазарын байгуулсан Сарьдагийн хийдэд хээрийн малтлага судалгаа явуулж байж энэ онд бүтнээр нь гаргаж авав.

Сарьдагийн хийдийн гол цогчин дуганы хоймор хэсгээс язгуурын таван бурхан 3000 орчим, мөн шавраар урласан том хэмжээний бурхан 10, үлэмж хэмжээтэй бурхдын хэсэг, шавар сац, сүншгийн эд зүйл зэрэг олдворыг илрүүлсэн. Үлэмж том хэмжээтэй бурхан нь ойролцоогоор 7-8 метр өндөртэй байсан болов уу, түүний хөлийн улны хэсэг, гарын сарвууны хэсгүүд эвдэрч, гэмтсэн ч бид эвлүүлж байна.  Үүнээс үзэхээр том л бүтээл байсан болж таарч байгаа. Занабазарын үндсэн хийц бүтээл бүхий зүйлээс гадна гадны олон сонин олдворууд олсон.

Орост 1636 онд үйлдвэрлэсэн буу хоёр, таван нүдэн хээтэй 13 дугаар зууны үеийн сумны зэв, Европт хэрэглэж байсан нарны цаг, Энэтхэгт оршиж байсан Моголын эзэнт улсын худалдааны зоос, балба зоос, Мин улсын язгууртны шаазан эдлэл, Юань улсын үеийн ваар сав зэрэг олдвор олдсон. Хамгийн сонирхолтой нь Монголд өөр археологийн дурсгалуудаас олдож байгаагүй зостой тэвш зэрэг эртний гэхээр барилгын материалууд нэлээд гарлаа. Монголчуудын  өөрсдийн хийж урласан хээ угалз, загвар хийц бүхий багана, тооно, хаалга, сүмийн гол нуруу, дээврийн тоосго, углуургууд,  хадаас гээд сонин юм энд их байгаа. Өөрсдийнх нь  хийсэн  хадаас л гэхэд 34, 35 төрөл байна. Энэ нь монголчууд өөрсдөө шавраа зуураад, хээ угалз бүхий барилгын хийц  үйлдвэрлэж байсныг харуулна.

ХОЁР. ДЭЭДСИЙН ХОЁР БУЛШ

АНУ-ын Археологийн хүрээлэнгийн “Archaeology” сэтгүүлээс гаргасан 2019 оны онцлох 10 олдворын жагсаалтад Архангай аймгийн нутгаас олдсон Сүннү гүрний үеийн дээдсийн хоёр булшнаас гарсан олдворууд багтжээ.

МЭӨ III зуунаас МЭ I зуун хүртэл Евразийн зүүн хэсгийн тал нутагт ноёрхож байсан нүүдэлчин ард түмэн болох сүннүчүүд Хятадын Хань гүрэн рүү (МЭӨ 206-220) байнга халддаг байв. Эл халдлагаас хамгаалахын тулд Хань гүрнийхэн бэхлэлт босгосон нь эцэстээ Цагаан хэрмийн нэг хэсэг болжээ.

“Улаанбаатар” их сургууль, Хятадын Хэнань мужийн Соёлын өв, археологийн хүрээлэнгийн хамтарсан багийнхны малтсан хоёр булшинд тансаг хэрэглэлүүд байсан аж. Том хэмжээтэй булшнаас мөнгөн бөгж, алтадсан мөнгөн луу зэрэг хэрэглэлтэй модон хайрцаг гарсан бол жижиг булшинд морин тэргэн дээр оршуулсан хүний шарил, адууны 15 толгой, морины 19 мөнгөн чимэглэл байжээ. Түүнчлэн булшнуудаас хаш чулуугаар чимэглэсэн илдний хэсэг гарсан байна.


МОНГОЛ ХҮН ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ХАМГИЙН НЭР ХҮНДТЭЙ ШАГНАЛ “ГОЛДМАН” ХҮРТЭВ

Дэлхийн зургаан тивээс байгаль хамгаалах чиглэлээр идэвхтэй үр дүнтэй ажилласан зөвхөн нэг нэг л иргэн шалгаруулдаг Голдманы 2019 оны шагналыг  “Ирвэс хамгаалах сан”-гийн гүйцэтгэх захирал А.Баяржаргал хүртсэн. Дэлхийн хэвлэлүүд түүнийг “Нэгэн монгол бүсгүй цоохор ирвэсүүдийн амьдардаг онцгой бүс нутгийг уул уурхайн компаниудаас хамгаалж, тэдний үйл ажиллагааг зогсоож чаджээ” хэмээн онцолж байна. Тэрбээр Тост Тосон бумбын нуруу орчим олгогдсон 37 уул уурхайн лицензийг олон жил тэмцсэний эцэст хүчингүй болгож цоохор ирвэсийг амар тайван амьдрах нөхцөлийг бий болгосон юм.


МАНАЙ ЗАЛУУС “FORBES”-ИЙН НЭРЛЭСЭН ШИЛДЭГ 30 ЗАЛУУГИЙН ЭГНЭЭНД БАГТАВ

Forbes жил бүр уламжлал болгон нийгмийн салбар бүрд амжилттай ажиллаж буй 30 хүртэлх насны 30 залуугийн жагсаалтыг зарладаг. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 01-ний өдөр Forbes сэтгүүл 2019 оны Азийн орнуудад технологи, шинжлэх ухаан, нийгмийн энтрепренер, медиа, санхүү, урлаг, үйлдвэрлэл зэрэг төрөл бүрийн салбарт үеийнхнээ манлайлж буй 30 залуугийн нэрийг зарласан юм. Тэдний дунд Монгол улсаас гурван залуу багтсан тухай бид өмнө мэдээлж байв. Энэхүү жагсаалтад Ази-Номхон далайн 23 орны 2000 гаруй залуус нэр дэвшсэнээс ийнхүү эцсийн байдлаар шилдэг 30 залуу сонгогдсон байдаг.

Үүнд, “Клин энержи Ази” компанийн Гүйцэтгэх захирал Э.Орчлон 2017 онд “Ньюком” групп болон Японы “SoftВank”-ны хөрөнгө оруулалтын тусламжтайгаар 128 сая доллар босгож, Өмнөговь аймгийн Цогтцэций сумд 50 мВт-ын “Цэций” станцыг ашиглалтад оруулсан ажлаараа,

"RVJ Capital Investment"-ийн дэд Ерөнхийлөгч Р.Эрдэнэтулга ноолуурын үйлдвэр байгуулах, Улаанбаатарын шинэ нисэх онгоцны буудлын ойролцоох зочид буудлын барилгын ажил зэрэг томоохон хөрөнгө оруулалтын төслүүд дээр ажиллаж буйгаараа,

Мөн “FARO Foundation Mongolia” ТББ-ын үүсгэн байгуулагч А.Бямбажаргал, Хятадын Цинхуа Их Сургуулийг төгсөж ирээд Фэйсбүүк компанитай хамтран олон нийтийн дижитал бичиг үсгийн боловсролыг дээшлүүлэх, мэдлэг олгох, сурталчилж буй ажлаараа тус тус үнэлэгджээ. 


МОНГОЛЧУУД ЯРИАНААС БИЧВЭР ҮҮСГЭХ СИСТЕМ ТАНИЛЦУУЛАВ

Болорсофт компани өнгөрсөн жилээс Монгол хэлний дуу яриа боловсруулах системийг хөгжүүлсээр энэ онд “ЧИМЭГЭ” хэмээх Монгол ЯРИА ТАНИХ СИСТЕМ буюу ЯРИАНААС БИЧВЭР ҮҮСГЭХ системийн анхны туршилтын хувилбараа танилцууллаа.

Энэхүү систем нь Монгол хэлний хувьд олон нийтэд турших боломжтойгоор танилцуулж буй анхны хувилбар нь байв. Одоогоор  энгийн монгол бичвэрийг 86%, англи бичвэрийг 95% зөв таньж байгаа. Хэт ярианы хэлний юм уу гадаад үгсийг сайн танихгүй байх талтай бөгөөд тун удахгүй монгол яриа таних чадварыг 95% хүргэнэ. Энэ нь бид олон улсын жишгээр компьютертойгоо Монгол хэлээрээ чөлөөтэй ярилцаж, харилцах боломжийг нээж буй анхны алхам боллоо.

Уг шинэ технологийн талаар “Болорсофт” программ хангамж хөгжүүлэгч компанийн Гүйцэтгэх захирал Ч.Мөнхнарантай ярилцсаныг ЭНД ДАРЖ уншина уу.


МОНГОЛ УЛСАД АНХ УДАА СУРГУУЛИЙН АВТОБУСААР ХҮҮХДҮҮДЭЭ ЗӨӨЖ ЭХЛЭВ

Улаанбаатар хотод 1.6 сая хүн амьдарч байгаагаас 1.2 сая нь ямар нэгэн байдлаар замын хөдөлгөөнд оролцож, 500 гаруй мянган машин замын хөтөлгөөнд оролцдог.  Нөгөөтэйгүүр авто замын түгжрэлд сурагчдыг зөөх авто машинууд нэлээд ачаалал өгдөг. Тиймээс НЗДТГ-аас авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор “Сургуулийн автобус”-ыг туршилтаар явуулж эхэлсэн. Харанхуй гудмаар, халтиргаатай замаар, нохой шувуутай, согтуу хүмүүстэй замаар алхаж сургууль руугаа ирж очдог хүүхдүүдэд энэ хөтөлбөр хүрч эхэлсэн нь хүүхдийн эрхийг бага ч болов хангаж буй хэлбэр мөн. Гэвч хүүхэд бүрд хүрч чадахгүй байгаа нь нууц биш юм.

Эхний ээлжинд Ерөнхий боловсролын 27 сургуулийн 3000 гаруй 2-5 дугаар ангийн сурагчдыг хоёр ээлжээр гэр, сургууль гэсэн маршрутаар зөөхөөр болсон. Хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс автобусанд нийгмийн ажилтан харгалзан явж байна.


УТАА БАГАССАН Ч ҮХЭЛ ДАГУУЛАВ

Засгийн газар нийслэлийн утааг бууруулахаар шахмал түлш шинээр үйлдвэрлэн, нийслэлд түүхий нүүрс түлэхийг хориглож асар их эрсдэлтэй шийдвэр гаргав. Эрсдэлтэй гэх учир нь олон нийтээс ирэх шүүмжлэл, их хэмжээгээр хэрэглэхэд гарах осол аюулыг тэд бүрэн тооцож чадсангүй. Үүний улмаас энэ намар шахмал түлшний угаарт хордож амиа алдсан зургаан тохиолдол бүртгэгдэж, эмнэлэгт эмчлүүлээд гарсан хүмүүсийн тоо алдагдсан.

Нэгэнт зүтгээд эхлүүлчихсэн ажил дээр Засгийн газар, “Таван толгой түлш” ХК ухрах боломж байсангүй, сургалт сурталчилгааны ажлыг эрчимжүүлсээр энэ 12 дугаар сар гэхэд угаарын хийн хордлогод орсон хүний тоо цөөрсөөр, үгүйрэв.

Харин шахмал түлш түлж эхэлсэн эхний жилийн өвөл утаа 50 хувиар буурсан гэх статистик бий. Гэхдээ утаа буурсан ч Улаанбаатар хотын агаарын чанарын үзүүлэлт тун эргэлзээтэй, хүхэрлэг хийн хэмжээ ихдэж, өөр нэгэн аюул биднийг нөмрөн авсан уу гэх асуулт иргэдийн дунд үүсээд байна.


НАЛАЙХЫН ЗАМ 65  ЖИЛИЙН ДАРАА ШИНЭЧЛЭГДЭЖ, АНХНЫ ХУРДНЫ ЗАМАА НЭЭЛЭЭ

2019 онд хэд хэдэн бүтээн байгуулалт хийгдсэний хамгийн том нь Налайхын замыг 65 жилийн дараа шинэчлэн зассан явдал байв. Мөн 40 жилийн дараа 100 айл орчмын замыг засварлаж, Замын цагдаагийн гүүрэн гарцыг нээлээ. Мөн Монгол улс анх удаа хурдны замаа нээсэн нь шинэ нисэх тийш явах Хөшигийн хөндийн хурдны зам байлаа. Гурван жилийн хугацаанд 140.3 сая ам.долларын өртөгтэйгөөр бий болсон энэ зам Монголчуудад шинэ соёл байсан тул дөнгөж нээгдээд байхад нь хэд хэдэн осол, зөрчлүүд илэрсэн юм.


ХАР ТАМХИ – ЦАГААН ТАХАЛ МОНГОЛЫГ БҮРХЛЭЭ

“Мотив” хамтлагийн дуучин Жижгээ буюу Г.Эрдэнэбаярыг хар тамхи хэрэглэсэн байхад нь арванхоёрдугаар сарын 16-нд саатуулав. Жүжигчин Г.Энхтүвшин буюу “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киногоороо олонд танигдсан залуухан эрхэм аравдугаар сарын 21-нд хар тамхи хэрэглэж байгаад саатуулагдав. Мөн Есдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүү өөрийн автомашиндаа хар тамхи хэрэглэж байгаад баривчлагдав.

Түүнчлэн, Нигер улсын 31 настай иргэн Тайланд улсаас Монгол Улсад шуудан илгээмжээр 300 сая гаруй төгрөгийн хар тамхи оруулж ирээд баривчлагдав.  Нигер улсын иргэн Шон гэгч нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг “Upline” сургалтын төвд англи хэлний цагийн багшаар ажилладаг, клубт DJ хийдэг байж.

Энэ мэтээр өнгөрсөн онуудад хар тамхи буюу цагаан тахал Монгол улсыг бүрхэн авав. Гэвч хар тамхины тухай хууль Монголд тун зөөлөн хэрэгждэг, хар тамхичдын толгойг илсэн эцэг хуультай юм.


ГЯЛГАР УУТНААС ТАТГАЛЗАЖ ЧАДСАНГҮЙ

Монголчуудыг 2018 он гарсан даруйд гялгар уутны нэг удаагийн хэрэглээнээс татгалзахыг уриалж, гуравдугаар сарын 01-ний өдрөөс ямар ч бэлтгэл хийлгүй шууд л хуулиа хэрэгжүүлж эхлэв. Бэлтгэл муутай хууль гууль болох нь тодорхой. 

Гялгар уут нь 100-500 жил хөрсөнд задардаггүй, хөрс үржүүлж, байгаль орчин бохирдуулахаас гадна хорт хавдар үүсгэх, генийн өөрчлөлтөд оруулах зэрэг эрүүл мэнд болон байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө их байдаг. Гэвч бид нийлэг уутнаас татгалзаж чадсангүй, өнөөдрийг хүрлээ. Ирэх онд хууль жинхэнээсээ хэрэгжинэ байх гэж найдна.


ЭРҮҮДЭН ШҮҮСЭН ХЭРГЭЭР АЛБАН ТУШААЛТНУУДЫГ БАРИВЧЛАВ

hurts хурц

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр хорих ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, зодож байгаа бичлэгийг МҮОНРТ-ээр дамжуулан олон нийтэд ил болгов. Уг бичлэгийг улс төрийн ашиг сонирхлоор ил болгосон уу, хувь хүний эрхийн төлөө ил болгосон уу гэх маргаан өнөөдрийг хүртэл иргэдийн дунд өрнөсөөр буй.

Энэ бичлэг Монголоос хальж Олон улсын байгууллагуудад хүртэл хүрэв. Үүнтэй холбогдуулан Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурц тэргүүтэй есөн хүнийг хуулийн байгууллагаас саатуулж, Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зургаан өдөр үргэлжилж, Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг Нийслэлийн прокурорт нь буцааж шийдвэрлэлээ.


МОНГОЛД ҮҮРЛЭСЭН ХЯТАД АЖИЛЧДЫГ ИЛРҮҮЛЭВ

Энэ оны 10 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Тагнуулын ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн газар болон Гадаадын иргэн, харьяатын газар хамтарсан шалгалт явуулав. Тус шалгалтаар 783 гадаадын иргэний пасспорт, бичиг баримтад шалгалт хийсэн бөгөөд 637 нь жуулчин ангиллын, 146 нь бизнес ангиллын 30 хүртэл хоногийн визтэй ирсэн БНХАУ-ын иргэд ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогдсон юм. Эдгээр хятад иргэд 1,000-аад компьютер, 10,000-аад гар утасны сим ашиглаж байсан бөгөөд мөнгө угаах ажил хийж байсан байж болзошгүй гэж удирдан зохион байгуулсан хэд хэдэн хүнийг саатуулан шалгаж байна. Харин бусад Хятад иргэдийг тус улсын Элчин сайдын яамтай хамтран албадан буцаав.


Д.ОДБАЯР – ЭХ ОРНЫХОО НЭРИЙГ “ЦУУРАЙТУУЛАВ”

Монгол улсын ҮХЦ-ийн дарга асан Д.Одбаяр онгоцны үйлчлэгч бүсгүйн өгзөгт хүрсэн гэх хэргээр БНСУ-д шуугиан дэгдээв. Монголын хуулийн зөв, бурууг шүүж суудаг эрхэм харийн оронд “жижгэрч”, дэлхий нийтээр энэ мэдээг орчуулан, түгээв.

БНСУ уг хэрэгт бодлогын хэмжээнд ажилласан гэх, Д.Одбаяр өөрийгөө буруугүйг нотолно, хэрэв нотлогдохгүй бол өөр рүүгээ өндөг шидүүлэхэд бэлэн гэж мэдэгдэв. Түүнийг албан тушаалаас нь буулгасан ч хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button