УЛС ТӨР

УИХ-ын гишүүдээс Л.Оюун-Эрдэнэд дайсан үгс

Өнөөдөр /2021.01.27/ УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг томилох тогтоолын төслийг хэлэлцэв. УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа АН-ын бүлэг хүсэлт гаргаснаар уг асуудлаар нэг цагийн завсарлага авав. Өөрөөр хэлбэл нэг цагийн дараа Л.Оюун-Эрдэнийг томилох асуудлыг чуулганаар эргэн хэлэлцэхээр боллоо.

Энэ үеэр МАН-ын ч, АН-ын ч ихэнх гишүүд Л.Оюун-Эрдэнэд илт тал зассан байртай үг хэлж, амжилт хүсэж байв. УИХ-ын гишүүн Ц.Туваан “Манай эзэн Чингис хааны нутгаас төрсөн хүү Ерөнхий сайдад нэр дэвшиж байна” гэсэн бол МАН-ын ихэнх эмэгтэй гишүүд түүнээс асуулт асуухын оронд магтаж, сайшаасаар дуусав.

Энэ дунд АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Л.Оюун-Эрдэнэ Монголын ард түмнийг доромжиллоо” гэснээс бусдаар өөр эрс эсэргүүцсэн байр суурь гарсангүй.

УИХ-ын гишүүдийн дайсан захиа, даалгавар үгсээс түүвэрлэе.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

Өмнөх Засгийн газар хуурах, бас дахин хуурах гэдэг бодлого барьж ажилласан. Ингээд нэг шалтаг олоод зугтсан. Та дахин хуурах бодлого барих уу. Ковидын эсрэг ажиллах төлөвлөгөө чинь юу байх вэ. 2050 Алсын хараа гэдэг сайхан зүйл ярих ч өнөөдөр энэ талаар бодох сөхөөтэй монгол хүн алга. Маргаашийн тэтгэвэр, тэтгэмж, цалин тавигдах болов уу гэж иргэд надаас асууж байна шүү. Мөн гадаадад гацсан иргэдийн асуудлаар танаас цаг авч уулзаж нөхцөл байдлыг тайлбарламаар байна. Хүний эрхийн том зөрчил болж байгаа шүү.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

Мэдээж өнөөдөр Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдад томилогдох байх. Таныг Монголын түүхэнд хэр зэрэг сайд байх вэ гэдэг асуудал яригдана. Нэг нь У.Хүрэлсүхээс танд үлдэж буй өв, хоёрт өөрийн хүсэл зориг. Хүрэлсүхээс танд ямар өв үлдэж байгаа вэ. Ард түмний дэмжлэгийг авсан хэр нь ганцхан салбарт жижигхэн асуудал гарангуут ажлаа өгөөд явчих шиг боллоо, У.Хүрэлсүх. Ер нь ажил хийлгүй амьдарч болдог Монгол Улс таны гарт ирж байна шүү.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

ХҮН-ын даргын хувьд мэдээж сөрөг хүчний байр сууриар хандах ёстой байх. Өмнөх Ерөнхий сайдын өвийг сайн хадгалж аваарай гэж хэлмээр байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар банкны эздийн түрэмгийллийг хязгаарласан. Энэ зоригтой алхмыг үргэлжлүүлээрэй. Хонгилыг нураах ажлыг үргэлжлүүлээрэй. Энэ ажлуудыг нэр төртэйгөөр авч яваарай. Бизнесийг улс төрөөс тусад нь авч явах нь У.Хүрэлсүхээс танд ирсэн өв шүү. Мөн Алсын хараа 2050 хөтөлбөрийг ажил хэрэг болгоход институц хэрэгтэй байгаа шүү.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

Цар тахалтай, Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн, жагсаал цуглаан болсон хүнд үед Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдож байна. Энэ залуу хүнийг улс төржилтөд ихэнх цагаа зарцуулчих вий, улс төржүүлж, харлуулах вий гэж болгоомжилж байна. Энэ үед эдийн засагт л илүү цаг гаргаарай гэж хүсэж байна.. Цар тахалд хүндэрсэн аж ахуйн нэгжүүдийн 94.4 хувь нь орлого буурсан, үүний 46 хувь нь 50 хувь буурсан гэж мэдээлсэн байна. Үүний ард 1.2 сая мянган иргэн ажиллаж байна шүү.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

Залуу хүний аагаар төрийг удирддаггүй юм шүү. Сэтгэл, туршлага, дутагдлыг чинь нөхдөг баг хэрэгтэй. Өөрийг чинь магтдаг хүнээр хүрээлүүлчихвэл магтсаар байгаад улс төрийн насыг чинь багасгана. Шинэ үе худал үгэнд хууртахаа больсон. Бидэнд өгсөн итгэлийг зүтгэлээр хариулах ёстой.

АН-ын бүлгийн авсан нэг цагийн завсарлага дуусахаар Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад томилъё гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-27 17:25

Нөгөө Ж.Мөнхбат өрөөнд /хэрвээ царайлаг бол/ авгайгаа өгч дулаацуулах уу

Холбоотой мэдээ

Back to top button