Нэг дороос: Хоёр орны төрийн тэргүүн нар бизнес форумд оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.Айлчлалын хүрээнд Варшав хотноо болсон Польш-Монголын бизнес форумд хоёр улсын төрийн тэргүүн оролцлоо.
Монгол Улс “итгэлтэй, найдвартай, удаан хугацааны түнш” байх зарчим баримталж байгааг Ерөнхийлөгч хэлээд, харилцан ашигтай хамтран ажиллахыг уриалав. Бизнес форумд хоёр талаас хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, худалдаа үйлчилгээ, уул уурхай, ашигт малмал, барилга, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, тээвэр ложистик зэрэг 20 орчим салбарын 180 гаруй аж ахуйн нэгж оролцлоо.

2024 оны байдлаар хоёр орны худалдааны эргэлт 105 сая ам.доллар байна.Манай улс нэг сая гаруй ам.долларын экспорт хийж, 104 орчим сая ам.долларын бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг.
Польш нь манай улс руу хийдэг экспортын хэмжээгээрээ Европын Холбооны Улсад тэргүүлдэг орны нэг юм.
- 1990 оноос өмнө Польшийн зээл, тусламжаар:
- Дарханы царууц тоосго, шохойн үйлдвэр /1966 он/
- Улаанбаатарын хөнгөн бетоны үйлдвэр /1966 он/
- Хархорины дулааны цахилгаан станц /1970 он/
- Улаанбаатарын мод боловсруулах комбинат /1971 он/
- Улаанбаатарын спиртийн үйлдвэр /1974 он/
- Хархорины спиртийн үйлдвэр /1974 он/
- Улаанбаатарын халиман цавууны цех /1975 он/
- Чойбалсангийн царууц тоосгоны үйлдвэр /1985 он/
- Улаанбаатарын нэхээсгүй эдлэлийн үйлдвэр /1989 он/-ийг барьжээ.

Бизнес форумын үеэр “Монгол Улсын Хөрөнгө оруулалт, худалдааны газар, БНПУ-ын Хөрөнгө оруулалт, худалдааны агентлаг хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т талууд гарын үсэг зурлаа.
Форумыг Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Польшийн Хөрөнгө оруулалт, худалдааны агентлаг хамтран зохион байгууллаа.
09:14 ЦАГ
Монгол Улсын Ерөнхийлөгчид Польшийн Сенатын дарга бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Ерөнхийлөгчид тус улсын Сенатын дарга Малгожата Кидава-Блоньска бараалхлаа.

Талууд хоёр орны харилцааг өргөжүүлэхэд хууль тогтоох байгууллага, парламент хоорондын хамтын ажиллагааг чухал үүрэгтэй гэдэгт санал нэгдлээ.
Мөн хүний эрх, эрх чөлөө, тэгш эрхийг хангах, ялангуяа эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, олон улсын түвшинд хамтарч ажиллах эрмэлзлээ нотоллоо.
07:41
Ерөнхийлөгч “Нэр нь үл мэдэгдэх цэргийн дурсгалын хөшөө”-нд цэцэг өргөв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Ерөнхийлөгч болон дагалдан яваа төлөөлөгчид “Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Мөн Ерөнхийлөгч цогцолборын Хүндэт зочны дэвтэрт “Польшийн ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцсэн эрэлхэг цэрэг дайчдын мөнхийн гэгээн дурсгалд гүн хүндэтгэл илэрхийлье. Өнө эртний түүхэн уламжлалт харилцаатай Монгол, Польшийн ард түмний найрамдал нөхөрлөл, найрсаг дотно харилцаа өнө мөнхөд мандан бадрах болтугай” хэмээн бичиж үлдээлээ.
Варшав хотын Маршал Юзеф Пилсүдскийн талбайд байрлах энэ хөшөөг Польшийн эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө амь үрэгдсэн үе үеийн цэрэг, дайчдын дурсгалд зориулан босгосон байна.
Хөшөөнд “Энд эх орныхоо төлөө амиа өргөсөн польш цэрэг нойрсож байна” гэсэн үгийг сийлжээ.

Цогцолборын багануудад харийн түрэмгийлэгчдийн эсрэг польш цэргүүдийн амиа алдаж байсан түүхт газруудын жагсаалт байдаг. Энд байх “Легница 9. IV. 1241” гэсэн тоо нь 1241 оны хавар Бат хааны цэргүүд Легницийн талд Польш, Европын хамтарсан цэргийн хүчийг бут цохисны илэрхийлэл юм.
Цогцолборын гол хэсэгт мөнхийн гал асаж, цэргийн тусгай хорооны цэргүүд хүндэт харуулд зогсдог. Томоохон ой, тэмдэглэлт үйл явдлын үеэр энд цэргийн ёслолын жагсаал болж, төр, засгийн удирдлага нь хүндэтгэл үзүүлдэг.

Мөн гадаадын төрийн тэргүүн болон шинээр томилогдсон Элчин сайд нар цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.
07:32 ЦАГ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, А.Дуда нар Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосноо тунхаглан зарлалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Хоёр орны Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өглөө.

Хэлэлцээ үр дүнтэй, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач ач холбогдолтой болсон гэдгийг төрийн тэргүүн нар тэмдэглэв.
Төрийн айлчлалаар харилцааны түвшнийг шат ахиулж, “Иж бүрэн түншлэл”-д хүргэсэн нь харилцааны түүхийн нэгэн шинэ хуудсыг нээсэн онцгой үйл явдал гэдгийг онцоллоо.
Хэлэлцээний үеэр өнгөрсөн 75 жилийн ололт амжилтаа дүгнэж, ирэх жилүүдийн харилцаа, хамтын ажиллагааны замын зураглалаа тодорхой болголоо.
Цаашид худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, уул уурхай, геологи, дэд бүтэц, тээвэр ложистик, боловсрол, шинжлэх ухаан, археологи, эрүүл мэнд, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр болов.
Польшийн тал “Шинэ Хархорум” хот, хүнд үйлдвэрлэл, нийтийн тээвэр, цэвэрлэх байгууламж зэрэг томоохон бүтээн байгуулалтад хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.

Ялангуяа хүнс, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт польшийн тал дэвшилтэт техник, технологи, инновац нэвтрүүлж, мэргэжилтнүүд бэлтгэн, туршлагаа хуваалцана. Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Польшийн “Ногоон хот” хөтөлбөртэй уялдуулахаар тогтлоо.
“Монгол бол жинхэнэ ардчилсан, бас ирээдүйтэй орон” гэж Ерөнхийлөгч Анджей Дуда онцлон тэмдэглэв.
Албан ёсны хэлэлцээ, харилцан тохиролцсон зүйлс харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа төрийн тэргүүн нар илэрхийллээ.
06:28
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, А.Дуда нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч А.Дуда нар албан ёсны хэлэлцээ хийлээ.

Хэлэлцээний үеэр Монгол, Польшийн харилцаа хоёр талын хүч чармайлтын дүнд эдийн засаг, нийгмийн олон салбарт идэвхтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун буйгаа төрийн тэргүүн нар илэрхийллээ.

Мөн энэ айлчлалаар хоёр орны уламжлалт найрсаг харилцааг шат ахиулж “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэж байгаа нь харилцааны түүхийн нэгэн шинэ хуудсыг нээсэн, онцгой үйл явдал гэдэгт санал нэгдлээ.
Хоёр улс 1950 онд дипломат харилцаа тогтоосноос хойш нийгэм, эдийн засгийн олон салбарт хамтран ажиллаж ирсэн. Энэ туршлагадаа тулгуурлан илүү өргөн хүрээнд, тухайлбал худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хөгжлийн томоохон бүтээн байгуулалт, зам тээвэр, боловсрол, шинжлэх ухаан, геологи, уул уурхай, соёл, урлаг, байгаль орчин зэрэг салбарт харилцан ашигтай хамтран ажиллахаар тохиролцлоо.
Төрийн тэргүүн нар дэлхий дахинаа тулгараад буй уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол, хүнсний аюулгүй байдал зэрэг сорилтыг даван туулж, шийдвэрлэх, түүнд хувь нэмрээ оруулах, хоёр улсын дэвшүүлсэн санаачилга, зорилтуудыг уялдуулж хэрэгжүүлэх талаар ярилцлаа.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.