IV сард инфляц 12 хувьд хүрэхээр байна

Өчигдөр төв банкны зүгээс энэ оны инфляцын богино хугацааны төсөөллийг танилцуулав. Он гарснаас хойш импортын барааны үнийн өсөлт голчлон нөлөөлсөн бөгөөд хүнсний бус импортын бараа буюу хувцас, бөс бараа, гэр ахуйн бараа, автомашины тээврийн импорт жин даржээ. Оны эхний хоёр сарын байдлаар улсын хэмжээнд инфляц 9.6 хувь буюу нэгдүгээр сараас 0.6 нэгж хувиар өссөн байна.
Цаашид дотоодын мах, махан бүтээгдэхүүн, гурилан бүтээгдэхүүний үнэ өсөх дүр зурагтай байгаа бөгөөд үүнийг дагаж инфляц ч мөн өсөх өөр байна. Дотоодын эрэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан, импортын барааны үнээс гадна дотоодын бараа бүтээгдэхүүний үнэ мөн өсөж байгаа нь энэ сарын байдлаар инфляц хэдийнэ хоёр оронтой тоо руу орсон буюу 10.1-11.5 орчим хувьтай гарахаар харагдаж буй.
Хэрэглээний сагсны 410 нэр төрлийн бүтээгдэхүүн дотроос 8-аас дээш хувиар өссөн бүтээгдэхүүний тоо нэмэгдсэн нь сагсан дахь нийт бүтээгдэхүүний 49 хувийг бүрдүүлжээ.
Харин энэ онд манай улсын эдийн засаг 7.4 хувиар өсөхөөр байгаа төлвийг мөн танилцуулсан бөгөөд уул уурхайн түүхий эдийн олборлолт, борлуулалт хэр түвшинд хадгалагдахаас шалтгаалан инфляцын өсөлт, бодлогын хүүгийн өөрчлөлт болон эдийн засаг цаашид тогтворжих эсэх нь хамаарах юм. Дунд хугацаанд манай улсын томоохон төслийн бүтээн байгуулалтууд 2026 оны турш үргэлжилж, эдийн засгийн өсөлтийг дэмжих бол 2027 оноос гадаад эрэлт саарах, хөрөнгө оруулалт багасах, худалдааны нөхцөл муудаж магадгүй нь өсөлтийн төлвийг сааруулахаар байна.
2026 оны хоёрдугаар хагас хүртэл инфляцын өсөлт үргэлжилж түүнээс хойш зорилтын интервалд тогтворжино гэсэн төсөөллийг Монголбанк мэдээлэлдээ дурдсан.
Энэ онд нүүрсний олборлолт өндөр түвшинд хадгалагдаж, зэсийн баяжмалын үйлдвэрлэл нэмэгдвэл уул уурхайн салбарын өсөлт эрчимжих, мөн нүүрсний үнэ оны хоёрдугаар улиралаас нэмэгдэнэ гэсэн хүлээлт бий.
Өнгөрсөн онд хөдөө аж ахуйн салбарын агшилт өндөр буюу зудын хүндрэлээс үүдэн төсвийн төлөв 28.7 хувиар сулрах нөхцөл үүссэн. Нийт гадаад өрийн 17 тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг, 7.9 тэрбум ам.доллар нь Засгийн газрын өр байна.
Засгийн газрын нийт өр 2024 онд 33.4 их наяд төгрөг болж, өмнөх оноос 2.7 их наяд төгрөгөөр тус тус өсжээ.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дампуурчээ хөөрхий