УРЛАГ

Мишима, Мүракамигийн эсрэгцэл: Бичих үйл ба махан биеийн гоо зүй

Корнеллийн их сургуульд Харьцуулсан утга зохиол судлалаар суралцаж байхдаа бичсэн Диди Чан Пакийн өгүүллийг орчуулав. Тэр энэхүү өгүүллээ 2017 онд, “Stanford Daily” сэтгүүлд нийтлүүлжээ.

Бичгийн ширээний ард суумагц хорон мэдрэмж хясах нь бий. Хорон, төвөгтэй, тогтворгүй бөгөөд гаднын хүчин зүйлээс улбаагүй, тодорхой шалтгаангүй тийм нэгэн анги мэдрэмж билээ. Намайг махан бие минь л хясжээ. Эзнээ хөдөл, харай, үсэр, гүй, бүжиглэ гэнэ. Арга буюу зүрхээ дэлсэж, хөлсөө чийхартал шөнө дүлээр гараад гүйчих юм уу гар дээр сунайж дэмийрэхээс өөр авралгүй.

Дасгалжих адын гэмээр хүслээ ийн хангаад авах нь зохиолч хүнийг гацаанаас гаргах шалгарсан арга гэлтэй. Би л гэхэд хамгийн аятай санаануудаа дугуй жийж эцээд амьсгаа дарах мөчид, бичигдсэн үгсийн маань эрчим махан биеийн минь ширхэг бүрд гагнаатай явааг мэдрэн гайхшрахдаа олсон билээ. Махан бие, хэл хоёр ажил хэргээс давсан нарийн харилцаатай юм шиг санагдана. Найрсан зохицвол ажлын бүтээмж нэмнэ гэхээс гүнзгий ямар хамаарал байж болох вэ? Биемахбодын гоо зүй, хэлний илэрхийлэл хоёр нэг юм байх боломжтой юу?

Боломжтой гэж бодох болсон маань Юкио Мишимагийн “Нар, ган хоёр” намтарчилсан эсээг уншсанаас улбаатай. Мишима бие, хэл хоёрын илэрхий эсрэгцлийг тайлбарлахаас эхэлсэн байв. Түүний бие жимсний цэцэрлэг атал моддоор нь хооллодог, бүр үндэс язгуур, мөн чанарыг нь ил гартал мөлжиж орхидог морин шоргоолж бол үг ажээ. Энэ эсрэгцэл л роман бичтэл нь өдөөгөөд зогсохгүй махан биеийнхээ хувирлыг ч анаж байхад хүргэсэн тухай Мишима “...Мах, үг хоёрыг цулд нь авч үзэх платоник санааны эрэлд гарлаа” хэмээжээ.

Цаашлаад, тэрхүү идеал биеийг мөшгиcөн арга замаа ч тайлбарлажээ. 10 жилийн турш биеэ хөгжүүлсний ард Мишима “Наранд гэрэлтэх арьсан дор товойн буй булчин” гэгчийн араас явсныгаа ер дасгалжих замаар мэдрэхүйн туршлага хуримтлуулж, оюун санаагаа бөхлөх, шөнөдөө ганцаардмал сэтгэгчийн хувиар элдвийг хийсвэрлэн суухын эсрэгцэлтэй зүйрлэжээ. Тэр ингэж бичсэн байна, “Яагаад бид дандаа үзүүрт нь чулуу бэхэлсэн, унжихаас өөр аргагүй утас шиг сэтгэдэг юм бэ?... Эр хүнийг гадаад байдлаасаа гүн гүнзгий шинж чанар эрэлхийлж болохгүй гэвэл дэндүү утгагүй. Энэ бол бидний ялгарал, хэв загвар, гадаад ба дотоод ертөнцийн зааг, амин чухал хилийн дээс шүү дээ”. Тэр гоо биеийг өөртөө бүтээснээр гадаад байдлын талаар бодох, бичих итгэл үнэмшлээ олж авчээ.

Мишима эргэцүүллээ хөврүүлсээр, бие нь хөгжих хэрээр санаа нь баяжиж байлаа. Булчин нь өвдөв ч шүд зуун дасгалжих тусам түүний махан биеийн тухай бодол баргар, хөндүүр тийш гулсав. Тэр нарны гэрлийг зүгээр ч нэг гадаад байдал, борлосон арьсны гоо үзэсгэлэнг тодотгох төдийд ашигласангүй, бүр үхэл амьдралын, оршихуйн асуудалд холболоо: “Харанхуй дахь өршөөлгүй цог, галдан шатаачихгүй атлаа арьсыг минь хачин янзаар гялалзуулагч үхлийн нар”. Үхэл түүний бүтээл бүрээ эхлүүлдэг дуализм, бие ба оюун ухааны харьцуулшгүй шинж чанаруудыг холбох зуурь зарчим нь болжээ. Мишима, “Би юу юунаас илүү дасгал хийж дууссаны дараах жижигхэн дахин төрөлтүүдээс, цор ганц үүнээс л тайтгарал мэдэрдэг билээ. Үргэлж хөдлөх, үргэлж хүчирхийлэх, үхэх, хүйтэн объектив ертөнцөөс тасралтгүй зугтах” хэмээжээ. Дасгал хийх нь улмаар дур тавих шиг, түр зуурт ухамсраа алдаад авах шиг, хэт хөөрөлд автах мэдрэмж өгдөг болсон байна. 

Түүний оюун санаа ба матерын асуудлыг философийн үүднээс нэг саванд багтаасан бие махбодын талаарх өнцөг олон талаар, гарцаагүй үзэсгэлэнтэй. Гэвч Мишимагийн амьдрал, үхлийн талаар онцлохгүй өнгөрч боломгүй, тэрээр 1970 онд Японы засгийн газрын эсрэг үндсэрхэг хөдөлгөөнийг төлөөлөн, сеппүкү (гэдсээ илдээр хүүлэх) хийж амиа егүүтгэсэн билээ. Түүний гадаад гоо үзэсгэлэн энэ л цаг үед оргилдоо хүрээд байсан бөгөөд, “Нар, ган хоёр” дахь булчингаа хөгжүүлж, түүндээ автаж ирсэн адал түүх нь ерөөс эмгэнэлт үхэлдээ бэлтгэсэн хэрэг байхыг ч үгүйсгэхгүй.

Энэ бодит байдлаас харвал Мишимад үхэл дагуулсан эротизм, оюун санаа-бие махбодын дуалист үзэл нь эерэгээр нөлөөлсөн гэхэд хэцүү болж ирдэг. Арай өөр санаа хайж яваад хэдэн долоо хоногийн өмнө би Харүки Мүракамигийн “Гүйлтийн талаар хөөрөлдөхөд миний хэлэх үг” дурсамж номыг барьж авсан юм.

Мүракамигийн бичлэгийн өнгө аяс хийгээд хувийн зан чанар нь Мишимагаас тэс өөр боловч мань хоёр бие ба текстийн харилцан хамаарлыг ижилхэн сонирхож байсан нь цочирдууллаа. Мишимагийн өнгө аяс эмгэнэлт тавилан бүхий баатрын маягтай бол Мүраками давтагдашгүй энгийн, тунчиг даруу юм. Тэр гоо зүйн сэдэвт тухайлан сэтгэл татагдаж байгаагүй, амьдралд нь тохиолдсон үйл явдлууд ч өөр хоорондоо төдийлөн нарийн уялдаа холбоогүй санагдлаа.  Жазз кафе ажиллуулна уу, “Роллинг Стөүнз” сонсоно уу, холын зайн марофоноор хичээллэнэ үү, түүний хувьд нэг л төрлийн сонирхол аж.

Мэдээжийн хэрэг Мүракамигийн өгүүлэмжид нэгэнлэг зүйл бий нь “Маш их ажилладаг, биеэ ч чамгүй ачаалладаг нь миний цор ганц давуу тал. Би уралдааны гэхээсээ уналганы морь” гэж хэлснээс харагдана. Магадгүй тууштай байх нь түүний үнэ өгдөг ганц зүйл, бичихдээ ч, гүйхдээ ч баримталдаг зарчим юм.

Мүраками Мишимагийн адил хэлийг мөн л хоруу маягийн чанартай, өөрийнх нь хэлснээр “токсик” эд гэж үзжээ. Мишима морин шоргоолжтой зүйрлэсэн бол Мүраками мах нь амтлаг ч өөрөө үхлийн хор ялгаруулдаг фүгү загастай адилтгасан байна.  Түүний хувьд роман бичих нь “...бүх хүн төрөлхтний гүнд оршдог хорыг ялган гадагшлуулах” мэт ихээхэн эрсдэлтэй ажил аж. Энэ аюултай эдэд гар хүрнэ гэж шийдсэн бол багагүй эрч хүч, тэсвэр тэвчээр шаардлагатай гэнэ. Яаж тэр вэ? “Чи тэр эрч хүчийг олох л болно” гээд Мүраками, “Харин махан биеэсээ л хайна даа, өөр хаана байв гэж” хэмээжээ. Гүйнэ гэдэг биеэ чийрэг хэвээр хадгалахын нэр, мөн зохиолч хүний хувьд өөрийн дотор буй нөгөөх хорыг (зарим тохиолдолд үхлийн аюултай) саармагжуулж байх дархлааны систем маягийн зүйл ажээ.

Гүйгээд байвал таатай нөлөө бий гэснээс гадна Мүраками бичих бол ер гүйхийн адил биемахбодын тэвчээр шаардсан ажил хэмээн мэдэгдсэн байна. “Надад роман бичих хар ажил шиг л санагддаг. Бичих оюуны хөдөлмөр мөн, харин цогц роман бичиж дуусна гэдэг ч хар ажилд илүү дүйнэ дээ. Төмөр өргөх, хурдан гүйх, өндөр үсрэхтэй хамаагүй шүү”.

Эцсийн дүндээ Мүраками биеэ тухайлан хөгжүүлж төвдөөгүй, зохиол бүтээлд нь ч энэ онцгой нөлөө үзүүлээгүй. Мүраками бие махбодыг тодорхой гоо зүйн юм уу оюун санааны өнцгөөс авч үзээгүй, уран зохиолын ажлаа тогтвортой үргэлжлүүлэх хүчин зүйл, тэвчээр зүтгэл төдий. Энэ бол амьдралыг ёо гэлгүй хүлцэн хүлээж авах тухай асуудал байхад Мишима цуутай үхлээр төгсжээ.

Эсрэгцсэн энэ хоёр санааг нэгтгэе гэхэд тухайн зохиолчоосоо л хамаарч аль нэг нь тохирох болов уу. Би шахуу хугацаанд хэд хэдэн эсээ бичихээр суухдаа, нэлээд саруул хийгээд бүтээлчээр сэтгэх шаардлагатай үедээ Мүракамиг сонгоно. Гэвч дотоод хүслийг маань чухам юу амилуулан өдөөж байгааг эрэлхийлэх өдрөө Мишима, түүний амаргүй, эрчилсэн тэмүүлэл дунд хөл тавихаар оролдоно байх аа.

Мэдээж заавал аль нэгийг нь сонгох албагүй. Биемахбод болон бичих үйл хоёр чамгүй уялдаатай, бүр гүнзгий хамааралтай гэдгийг л мань хоёр зохиолчоос олж харах нь зөв болов уу. Босмоор, бүжиглэмээр зүггүй хүсэл төрөх нь уран зохиолын тухай бясалгахын нэр ч юм бил үү.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 21, 2025 22:52

Хараахан гоо зүй ч гээгүй л байна л даа. On writing and body. Биеийг шүтэх нь: Мишима ба Мураками, Бичих хийгээд биеийн тухайд.

Холбоотой мэдээ

Back to top button