СПОРТ

DeMarcus Cousins ирж, алтан үеийнхэн зодог тайлж, Азийн лигт өрсөлдсөн 30 дахь улирал

Монголын сагсан бөмбөгийн хөгжил бор зүрхээрээ хөгжиж, өнөөдөрт хүрсэн гэхэд хилсдэхгүй. Анх зохион байгуулагдсан цагаасаа эхлээд хүрээгээ тэлж, өсөн дэвжиж, баг тамирчдын чансаа сайжирч, монголоос тоглогч авах гадаадын багийн тоо олширсоор байна. Тэр дундаа монголын шигшээ багийнхан чамгүй өндөр амжилтыг гаргаж буй. Тэд энэ жил хоёр ч гадаадын баг тамирчидтай өрсөлдөж, өөрсдөдөө дүгнэлт хийгээд амжсан. Тиймээс ойрын жилүүдэд манай шигшээ багийнхан зүүн азийн лигт өрсөлдөж, чадал чансаагаа ахиулах бүрэн боломжтой болсон.

Өөрөөр хэлбэл, гудамжны шийдэн дээрээс мөрөөдлөө олсон тамирчдын чансаа нэмэгдсээр гаднын орны тоглочидтой эн тэнцэж буй.

Энэ жилийн үндэсний дээд лигийн эргэн тойронд сонин, содон сонирхолтой үйл явдал нэлээн өрнөв. Улирлын эхэнд баг хооронд тамирчдын шилжилт хөдөлгөөн хийгдсэн. Мөн тамирчны ур чадвар хэр зэрэг үзүүлэлт өндөр байна, төдий чинээ их үнээр багтаа нэгтгэдэг жишиг тогтож байгаа нь харагдлаа. Энэ нь дотооддоо хийж буй өндөр үзүүлэлт үр дүн сайтай хөрөнгө оруулалт юм.

Мөн лигийн 30 жилийн ой тохиож, үүний хажуугаар ААШТ-д шигшээгийнхэн өрсөлдөж, сагсан бөмбөгийн чансаа ахиж, алтан үеийнхэн зодог тайлж, шинэхэн гавьяат төрөв. "Ард түмний MVP" NBA-ын од ДеМаркус Казинст үнэлэгдэж, гадаадыг зорьсон залуу тамирчид ур чадвараараа гайхагдав. Энэ онд сагсан бөмбөгийн хөгжилд нөлөөлөхүйц том үйл явдлууд болсон нь гадаадаас хөрөнгө оруулалт авч, сагсан бөмбөгийн ордон нэрээ худалдсан юм.

Ийнхүү сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн өрнүүн их үйл явдлуудыг нэгтгэн хүргэж байна.

Энэ улирал эрэгтэй арав, эмэгтэй зургаан багаар эхэлсэн. Юун түрүүнд эмэгтэй баг тоглогчдын дээд лиг дэх өрсөлдөөнийг хүргэе.

Омни Хүлэгүүд энэ жил аваргаа баталж, чадалгүй өндөрлүүлсэн. Харин өнгөрсөн жилийн финалд шалгарсан Улаанбаатар Амазонс даагаа нэхсээр аваргын цомыг өргөв. Энэ жил Улаанбаатар Амазонс багт О.Хулан тоглоогүй. Гэсэн хэдий ч тэд илүү чамбай болж, багийн тамирчин бүр жигд сайжирсан байсан нь илт. Тэд 15 тоглолтоос нэг л удаа ялагдал хүлээж, улирлын турш 14 ялалт байгуулснаас харвал багийн ажиллагаа төдийгүй, тамирчин бүр өөрийн тоглолтын арга барилаа илүү хөгжүүлсэн нь илт.


Өнгөрсөн улирлын аварга Омни хүлэгүүд энэ удаа 11 удаагийн ялалт байгуулж, дөрвөн удаагийн ялагдал хүлээснээрээ амжилтын хүснэгтийн хоёрдугаарт эрэмбэлэгдэж буй.


Харин жагсаалтын гуравдугаарт бичигдэж буй Аравтынхан АНУ-ын шигшээд багтаж, WNBA-д драфтлагдаж байсан Lindsey Pulliam-ыг Плэй-оффын өрсөлдөөнд хүч нэмэхээр багтаа нэгтгэсэн нь содон байлаа.


МУИС-ийн охидыг гол цөмөө болгосон Аодэ М Винкс энэ улирал эхэлснээс хойш хүссэн хүлээлтдээ хүрч чадахгүй байгаа ч зарим тоглолтод агуулгаараа энэ тэнцүү байлаа. Ялангуяа тэдний самбарын хослол Э.Нарангоо, Ж.Мөнхсувд нар лигийн ихэр цамхгуудыг хааж, хүчтэй өрсөлдөөн үзүүлж байгаа нь дараа дараагийн улиралд илүү шуугиан тарих магадлалыг харуулсан. Тэд энэ улирал зургаан удаа ялалт байгуулж, амжилтын хүснэгтийн дөрөвдүгээрт бичигдлээ.


Хүснэгтийн тав, зургаадугаарт бичигдсэн АО Скорпионс болон залуу бүрэлдэхүүтэй Старс клубүүд ирэх улирал тоглох эрхээ авч чадсан. Тэд хөгжлийн лигийн тэргүүн багуудтай тоглож, ялалт байгуулснаар эрх жил лигийн талбайд дахин хүч үзнэ. Харьцангуй залуу тамирчидтай тэд 2025-2026 онд илүү хүчтэй иргэн ирэх байх гэдэгт итгэлтэй байна.


Плэй-Офф эхлэхийн өмнө улирлын шилдгүүдийг тодруулдаг. Энэ удаагийн лигийн эмэгтэй шилдгүүдээр тодорсон тамирчдыг танилцуулж байна.

  • Үнэ цэнтэй тоглогч: Б.Ариунцэцэг (Улаанбаатар Амазонс)
  • Шилдэг шинэ тоглогч: Б. Гэрэлмаа (АОДЭ М Винкс)
  • Шилдэг зургаа дахь тоглогч: М.Сэргэлэн (Аравт)
  • Амжилт нь ахисан тоглогч: Т.Үлэмж (Омни Хүлэгүүд)
  • Шилдэг хамгаалан тоглогч: Б.Өнөрзаяа (Аравт)
  • Шилдэг легионер тоглогч: Грэйс Берг (Улаанбаатар Амазонс)
  • Шилдэг дасгалжуулагч: Фран Гарсиа (Улаанбаатар Амазонс)

Харин эрэгтэй баг тамирчдын дунд аваргын цомын төлөөх тэмцээнүүд үргэлжилж буй.

Энэ улирлын амжилтын хүснэгтийг Хасын Хүлэгүүд тэргүүлж, плэй-оффт Дархан Юнайтед багтай өрсөлдөж, цувралыг 3:1 гэсэн харьцаатайгаар өндөрлүүлсэн.


Бүх тамирчид жигд амжилттай гэдгээрээ олонд танигдсан өнгөрсөн улирлын аман хүзүү Бишрэлт Металл удаах байранд жагсаж буй. Тэд Завхан Бродерс багтай тоглож цувралыг 4:0 харьцаатайгаар дуусгасан.


Энэ улирал нэрээ өөрчилж орж ирсэн Эс Жи Эйпэс багийнхан чамгүй сайн тоглолтыг харуулсаар хамгийн сүүлд Эрдэнэт Майнерстай учраа таарсан. Эйпэсийнхэн 4:1 гэсэн тэргүүлэлтэйгээр хагас шигшээд шалгарсан.


Өнгөрсөн улирал Танан нэрээ сольсон Би Си Эйч Найтс багийнхан эцсийн мөч хүртэл сайн тоглолтуудыг хүргэсэн. Хагас шигшээд орох эрхийн төлөөх тоглолтуудыг ДеМаркус Казинсыг багтаа нэгтгэсэн Сэлэнгэ Бодонстой хийсэн. Тэдний тоглолт үзэгчдийн хүсэн хүлээсэн тоглолтуудын нэг болж, ордон дүүрэн хүнтэй гал халуун өрсөлдөөн үргэлжилсэн. Багийн ахлагч О.Эрдэнэцогт улирлын турш өөрийн чадвараа харуулж, сагсан бөмбөгт хайртай үзэгчид түүнийг "Гадаадын импорт тоглогч шиг байна" гэцгээж байв. НБА-ын од ДеМаркус Казинсын эсрэг хийсэн Би Си Эйч Найтс багийн тоглолтууд үзэгчдийн халуун амьсгаан дунд гайхалтай өрнөсөн. Энэ улирлын хамгийн шилдэг тоглолтуудын нэг байсан юм.


Улирлын эхэнд Эс Жи Эйпэс багтай 400 сая төгрөгийн гэрээ хийж А.Базаргүрийг багтаа нэгтгэсэн Сэлэнгэ Бодонсууд амжилтын хүснэгтийн тавдугаарт эрэмбэлэгджээ. Гэсэн хэдий ч тэд плэй-оффт ДеМаркус Казинсыг авчирснаар хагас шигшээд шалгарч, аваргын цомын төлөө зүтгэж буй.


Энэ улиралд Налайх Бизон баг хөгжлийн лиг рүү унасан харамсалтай үйл явдал болсон. Улирлын дундуур Т.Санчир тоглосон хэдий ч бэртлээсээ болоод дахин лигт тоглоогүй. Энэ нь тэдний амжилтад нөлөөлөх нэлээн том хүчин зүйл болсон.


Олны анхаарлын төвд байсан улирлын Үнэ цэнтэй тоглогчийн өрсөлдөөнд “Хасын Хүлэгүүд” багийн тоглогч А.Азбаяр тэргүүлэв. Эл шагналыг “BCH Knights” багийн тоглогч О.Эрдэнэцогт гардах болов уу гэсэн хүлээлт сагсан бөмбөг сонирхогчдын дунд байсан ч, эл таамаг эвдэгдсэн нь энэ байлаа. Мөн А.Азбаяр улирлын Үнэ цэнтэй тоглогчоос гадна шилдэг хамгаалан тоглогчийн шагналыг гардсан юм.

  • Амжилт нь ахисан тоглогчоор “Эрдэнэт Майнерс”-ийн Г.Болор-Эрдэнэ,
  • Шилдэг шинэ тоглогчоор “Инүт ТЛЖ” багийн М.Чинхутаг,
  • Шилдэг легионероор “Бишрэлт Метал”-ын Байрон Уэсли,
  • Шилдэг сэлгээний тоглогчоор “Эс Жи Эйпс” багийн Н.Ганбаатар,
  • Шилдэг дасгалжуулагчаар “Хасын Хүлэгүүд”-ийн Зелжко Васеливич нар тодорлоо.

Плэй-Оффын хоёр дахь шат буюу хагас шигшээ шатанд Хасын Хүлэгүүд vs Сэлэнгэ Бодонс багууд учраа таарсан. Мөн Эс Жи Эйпэс болон Бишрэлт Металл багууд өрсөлдөхөөр шалгараад байна.

Цувралын эхний тоглолт өчигдөр Хасын Хүлэгүүд болон Сэлэнгэ Бодонсын дунд өрнөж, эхний ялалтыг Хасын Хүлэгүүд авлаа.

-ДеМаркус Казинс ба О.Эрдэнэцогт-

Энэ зураглалыг харахаар үзэгчдийн сэтгэлд нэг юм хурж, нүд чийгтэх нь дамжиггүй. Дээр дурдсанчлан плэй-оффын хамгийн их үзэгчтэй байсан тоглотуудыг үзүүлсэн тамирчид ийн нэгнээ хүндэлж буй агшин камерын дуранд буусан юм.

Хоёр багийн сүүлийн тоглолтын дараа ДеМаркус Казинс О.Эрдэнэцогтыг тэвэрч, хүндлэл үзүүлж буй нь үзэгч олны сэтгэлийг ихэд хөдөлгөв. Цагтаа Леброн Жэймс, Кобе Брайнттай нэг талбайд хүч үзэж байсан тэр О.Эрдэнэцогтод хүндлэл үзүүлэв. Энэ нь "Газарчингийн ганц дайчин" гэж оюутан ахуй цагаасаа нэрлэгдсэн О.Эрдэнэцогтын сагсан бөмбөгт амьдралаа зориулсан хүч хөдөлмөрийн үр шим байв.

-Гуам, Японы эсрэг Монголын шигшээ-

Дээд лигийн завсарлагаанаар баг тамирчид Гуамыг зорьж, Япончууд монголын талбайд тоглосон үйл явдал өрнөсөн. Манай шигшээ багийнхан ААШТ-д оролцох эсэхээ шийдэх тун чухал хоёр тоглолтод оролцсон юм.

Шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Фрагкиас Василойс 18 тамирчныг анх цугларалтад дуудсан.

Улмаар бэлтгэлийн дараа

  • О.Энхбаатар,
  • Ч.Тэмүүлэн,
  • Б.Барсболд,
  • Б.Билгүүн,
  • О.Эрдэнэцогт,
  • Э.Саруул-Эрдэнэ,
  • Э.Энхбаясгалан,
  • Г.Болор-Эрдэнэ,
  • А.Азбаяр,
  • Г.Дөлгөөн,
  • О.Энхбаатар, нартай багаа бүрдүүлсэн аж.

Монголын шигшээ баг 74-63 гэсэн харьцаатайгаар Гуамыг хожиж, дараагийн шатанд шалгарах боломжоо хадгалж үлдсэн. Ингэснээрээ тэд эх орондоо Японы шигшээ багтай өрсөлдөх даалгарвартай болсон. Гэхдээ тоглолтод 79:89 харьцаагаар Японы шигшээ ялалт байгуулснаар Азийн лигт энэ удаа манайх өнжсөн юм.

Гэхдээ монголын баг тамирчдын хувийн үзүүлэлт урьд урьдынхаасаа өндөр, илүү байв

  • Э.Маргад 14 оноо, 7 самбар,
  • А.Азбаяр 13 оноо, 5 самбар,
  • А.Энхбаясгалан 11 оноо, 7 самбар,
  • Б.Билгүүн 10 оноо,
  • Г.Болор-Эрдэнэ 8 оноо, 8 оновчтой дамжуулалтаар тус тус багаа тэргүүлэв.

Хэдий тэд ААШТ-д шалгараагүй ч Азидаа дархлах үе ойрхон ирсэн байгааг Хөх Чононууд өөрсдөөрөө баталсан. Шигшээ багт шинээр дуудсан тоглогчид эд хав, ур чадвараа гайхуулж, Азийн лигт хөл нийлүүлэх цаг болсныг илтгэсэн.

Шигшээ багийн тамирчдаас онцлох хоёр тоглогч бий

АНУ-ын Охайо мужийн Дэйтон хотын Centerville Elks Athletics ахлах сургуулийн багийн тоглогч 203 см өндөр, 19 настай Г. Дөлгөөн. Тэрбээр Япон Улсын ахлах сургуулийн сагсан бөмбөгийн багт тоглож байжээ. Түүний хувьд мөрөөдөлдөө хүрэхийн тулд АНУ-д өнгөрсөн жил очсон байна. Түүний аав нь улсын арслан, кураш бөхийн дэлхийн аварга  Доржпаламын Ганхуяг юм. Аав нь үндэсний бөх, чөлөөт бөх, сагсан бөмбөгийн спортоор хичээллэж байсан нэгэн. Аав нь хүнд бэлтгэлүүдийнхээ талаар бага байхаас л ярьдаг байсан нь тэвчээртэй, уйгагүй байхад дэм болжээ. Тийм дээ ч тэр бэлтгэл бүрийг шантралгүй сайн хийж, өөрийгөө харуулж гараанд гарч тоглож чадсан.


Дараагийн Т.Санчир гэгдэх Э.Маргад нь Вашингтон ДС-д байх Виржина мужийн их сургуульд суралцдаг. Түүнийг Монголын үзэгчид болон спортынхон яг л дараагийн Т.Санчир гэлцдэг. Ямар ч айдасгүй, бүгдийг өөрийнхөөрөө хийж, чамбай тоглолтыг харуулдаг. Энэ удаагийн Гуам болон Японтой учраа таарсан тоглолтод багаа тэргүүлж, хувийн амжилтаа ч бататгаж, гайхалтай тоглолтыг үзүүлж чадсан.

-Азид цахиур хагалахад ойрхон-

FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооны зүгээс өнгөрсөн хоёрдугаар сарын 25-ны өдөр шигшээ багуудын дэлхийн чансааг шинэчлэн гаргасан. Эрэгтэйчүүдийн шигшээ багийн чансаанд нийт 160 улс бүртгэлтэй байгаагаас Монголын шигшээ баг долоон байр ахиж, 86.2 оноотой 102 дугаар байрт бичигдэж эхэлжээ. Харин Азидаа 22 дугаарт жагсч байна.

Шинэчилсэн чансаагаар хамгийн олон байр ахисан шигшээ баг нь Монгол. Өөр ямар ч улсын шигшээ баг долоон байр ахиж чадсангүй.

-30 жил, 30 шилдэг тоглогчтой "Бүх Одод"-

Жил бүрийн Бүх Одод-ын тоглолт хүлээлттэй байдаг ч энэ жилийнх бүх хүний сэтгэлд хадгалагдан үлдсэн нь тодорхой.

Дээд лигт тоглож байсан шилдэг 30 тоглогчдыг Бүх Одод-ын тоглотын үеэр урьж, зарласан. Энэ үеэр үзэгчид суудлаасаа босч, хүндэтгэл үзүүлж байсан нь тэдгээр тамирчид Монголын сагсан бөмбөгт ямар их зүйлсийг хийж бүтээж үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн харагдах мэт. 

Гарьдын бахархал болсон гайхалтай 5 дахин нэг удаа 12 жилийн дараа хамтдаа нэг талбай дээр байсан нь Бүх Одод-ын чимэг байв. Тэднийг монголын бүх цаг үеийн түүхэнд байрлал бүртээ л яригдах тоглогчид гэдэгтэй маргах хүн цөөн.

Цаг хугацаа улирч, хэдийгээр шинэ залуу тамирчид талбайг эзэгнэж, лигийн үе бүрэн солигдсон. Гэхдээ идэр залуу насандаа сагсан бөмбөгт хэмжээлшгүй их хувь нэмэр оруулсан 1980-аад оны шилдэг тоглогч нар, төлөөллийг бид дээд лигийн талбайд дахин харсан нь сүүлийн өнгөрсөн 30 жилийн түүхэнд томоос том хадгалагдаж үлдэх хором байв.

-Алтан үеийнхэн зодог тайлав-

Алдар Танан Гарьдаар амжилтын гараагаа эхэлсэн өнөөдрийн BCH Кnights. Тус багийн хос багана болох Б.Мөнхболд, О.Ууганбаяр нар энэ жил зодог тайлахаа мэдэгдсэн.

Мөн Эрдэнэт Майнерс багийн ахлагч Н.Золжаргал энэ улирал дуусгаад зодог тайлна хэмээсэн юм. Түүний хувьд 18 настай МУИС-ийн оюутан “Хасын Хүлэгүүд” багаас анхны дээд лигтээ тоглосноос хойш 20 жил өнгөрсөн аж. Дунд нь хэдэн жил АНУ-д сурч, ажиллаж амьдраад 2020 онд эргэж ирээд “Эрдэнэт Майнерс” уу, "Хасын Хүлэгүүд" үү гэсэн сонголттой нүүр тулж замналынхаа сүүлийн таван жилийг "Эрдэнэт Майнерс"-тай холбосон юм. Ийнхүү алтан үеийн төлөөллүүд энэ улирал сүүлийн талбайдаа гарав.

Үүний хажуугаар Шинэхэн гавьяат Б.Билгүүн, Шигшээ багаас зодог тайлахаа мэдэгдлээ

2025 оны азийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн тоглолтод Б.Билгүүн 10 оноо авч, багаа тэргүүлж байв. Б.Билгүүний хувьд 10 гаруй жилийн хугацаанд шигшээ багтаа хүчин зүтгэж хоёр аравныг залган шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, 2013 онд оюутны юниверсал наадамд Японы шигшээг, 2014 онд Азийн том төлөөлөл Иорданыг хожсон бүрэлдэхүүний гол тоглогч нарын нэг байсан төдийгүй 2025 оны Азийн аваргын урьдчилсан шатны тоглолтуудад түүхэн амжилт үзүүлэхэд мөн л багийн гол тоглогч нарын нэг байсаар ийнхүү зодог тайлахаа мэдээлэв.

-Гадаадын орнууд шиг сагсан бөмбөгийн ордон нэрээ худалдав-

Энэ явдлыг дурдахгүй байхын аргагүй. Хэдийгээр олны шүүмжийг ихэд амссан ч хэтдээ монголын сагсан бөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй хэрэг юм.

Уранган Групп, М Банк хамтран монголд анх удаа Нэршил ашиглах эрх олгох гэрээг байгуулсан юм. Таван жилийн хугацаатай, таван тэрбум төгрөгийн үнэ бүхий энэхүү гэрээ нь компанийн үйл ажиллагааг дэмжиж, шинэ спортын байгууламж бүхий дараагийн төслийг санхүүжүүлэхэд чиглэж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button