УЛС ТӨРУлс төрийн мэдээ

“Худал мэдээлэл тараах" заалтаар ҮХЦ маргаан үүсгэсэн тул ЭХ-ийн 13.14 зүйлээр шүүгдэх хэргүүд түр түдгэлзжээ

Одоогоос бараг жилийн өмнө /2024.04.12/ Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл заалтаар сэтгүүлчдийг яллагдагчаар татаж буйг эсэргүүцэж, ҮХЦ-д шаардлага хүргүүлсэн. Мөн нэр бүхий иргэн тус заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 16, 17 дахь заалтыг зөрчсөн эсэх асуудлаар хандсан.

Улмаар Үндсэн хуулийн цэц энэхүү заалтаар 2024 оны аравдугаар сарын 20-ны үеэр маргаан үүсгэсэн билээ.

Иймд тус зүйл заалтаар шүүгдэх хэргүүд түр түдгэлзээд байгаа аж.

Монгол Улсын Эрүүгийн хуулиар маргаан үүсгэсэн тохиолдолд тухайн хуулийн үйлчлэл маргааныг эцэслэн шийдвэрлэгдтэл түр зогсоно гэж заасан байдаг.

Энэ дагуу Үндсэн хуулийн Цэцийн эцсийн шийдвэр гартал Эрүүгийн хуулийн 13.14-өөр шүүгдэх хэргүүд түр түдгэлзээд байгаа юм байна. Харин ҮХЦ маргааны хэлэлцээд Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлт гаргавал дараах заалт үйлчилнэ.

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд,

  • 4.Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлт гарснаар тухайн хууль, зарлиг, Улсын Их Хурлын бусад шийдвэр, Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ болон тэдгээрийн холбогдох зүйл, заалтын үйлчилгээ нь Цэцийн эцсийн шийдвэр гарах хүртэл түдгэлзэнэ. Түдгэлзүүлж эхлэх хугацааг Цэц дүгнэлтдээ тусгайлан заана.


Худал мэдээлэл тараах” гэсэн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж хуульчилсан.

Энэхүү заалтыг УИХ-аас 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлтээр оруулж баталсан билээ. Уг хуулийн төслийг боловсруулж байх үед Х.Мандахбаяр Ерөнхийлөгчтэй Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/ Ажлын хэсэгт байлцаж, уг заалтыг эрүүгийн хуульд оруулахыг дэмжсэн байдаг. Хэлэлцүүлгийн шатанд “Энэ хэргийн улмаас төрийн байгууллага, улс төрийн албан тушаалтан гомдол гаргах эрхгүй” гэж тайлбарлаж байв.

Хуулийг өргөн барихдаа тухайн үед Б.Энхбаяр гишүүн өөрийн амаар ингэж тайлбарлаж байсан юм. Гэвч бодит байдал дээр голчлон улс төрийн албан тушаалтнуудын гомдлоор сэтгүүлчид олноороо Эрүүгийн хэрэгт татагдаж шалгагдсан билээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Коммунист улс болжээ

Холбоотой мэдээ

Back to top button