НийгмийнУЛС ТӨРЯрилцлага

Б.Энхбаяр: Улс төрийн албан тушаалтан “Гүтгэх” заалтаар сэтгүүлчдэд гомдол гаргахыг хориглоно

Монгол Улс 2015 оноос хойш хэвлэлийн эрх чөлөөний индексээр 25 нэгж ухраад буй. Нэг нам олонхоор засаг, төр барьж буй энэ үед Үндсэн хуульд заасан хэвлэн нийтлэх эрх чөлөөг ковидын үеийн хууль, журмын зохицуулалтууд, Сонгуулийн тухай хууль, Эрүүгийн хуулин дахь “яллах” заалтуудаар хязгаарлаж, хэвлэлийг айдаст автуулах технологиуд тасралтгүй хэрэгжиж буй. Ардчилсан орны хамгийн чухал үзүүлэлтэд хэвлэлийн эрх чөлөөний индекс багтдаг ч манай улсад бие даасан редакцууд Эрүүгийн хууль дахь “эрүүчлэх” заалтаас ихээхэн болгоомжлох болсон.

Түүнчлэн редакцууд нийтийн эрх ашгийг хөндөх замаар төрийн байгууллага, улс төрийн албан тушаалтнуудтай холбоотой хууль зөрчсөн байж болзошгүй үйлдлийг мэдээлснийхээ төлөө хууль, шүүхийн байгууллагад дуудагдаж, сэтгүүлчдийн бичин нийтлэх, хардах эрхээ эдлэхэд ихээхэн хүндрэл учрах болсон билээ. Тиймээс Б.Энхбаяр нарын УИХ-ын гишүүд Эрүүгийн хуулийн 13.14 дахь заалтыг өөрчлөн найруулах замаар төрийн байгууллага, улс төрийн албан тушаалтны гомдлыг эл заалтад хамруулан шалгахгүй байх хуулийн төсөл өргөн барьж буйг энэ удаагийн ярилцлагаар зориуд онцлон, агуулга, гол нюансыг нь танилцуулж байна.

ХҮНИЙ ҮНДСЭН САЛШГҮЙ ДӨРВӨН ЭРХИЙН НЭГ НЬ ИТГЭЛ ҮНЭМШИЛТЭЙ БАЙХ. ҮҮНИЙГ ЯМАР Ч ХУУЛИАР ХЯЗГААРЛАЖ БОЛОХГҮЙ

-Та Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтыг өөрчлөх асуудлыг  бараг жил орчмын өмнө хөндөж байв. Үүнээс хойш уг заалтыг илүү чангалах асуудал сөхөгдөж, нэлээд маргаан дагуулж буй. Яг ийм эгзэгтэй үед төрийн байгууллага, улс төрийн албан тушаалтны гомдлыг эл заалтад хамааруулахгүй байх агуулга бүхий хуулийн төслийг та өргөн барьж байна. Заалтыг өөрчлөх нэн шаардлага нь хүний эрхийн суурь үзлүүдтэй хэрхэн холбогдож байгаа вэ?  

-Эрүүгийн хуулийн эл заалт хэрэгжиж эхлэхэд би анх удаа нүүр хуудсаараа дамжуулан, лайв /шууд дамжуулалт/ хийж, төрийн байгууллага, улс төрийн албан тушаалтны гомдлыг хамруулах нь буруу гэсэн байр сууриа илэрхийлж байсан. Ардчиллын нэг том үнэт зүйл нь чөлөөтэй, мэдээлэлтэй, эрх чөлөөтэй иргэд. Товчхондоо хүчтэй иргэдтэй, хүчтэй иргэний нийгэмтэй улс өөрөө асар хүчирхэг байдаг. Төр улсын хүчтэй байх гол үндэс нь иргэний нийгэм. Иргэний нийгэм гэхээр манайд эзэнгүй ойлголт гэж хардаг. Үгүй л дээ. Хүчтэй бие хүмүүс, хүчтэй иргэдтэй байхыг л хэлээд байгаа юм. Хүн хүчтэй байхын гол утга утга учир нь булчин шөрмөс биш, ерөөсөө л оюун санааны эрх чөлөө. “Би”-гээ мэдэрсэн, үүнийгээ илэрхийлэх чадвартай тийм иргэд. Үүнийг бий болгож, хүнийг хүн болгож байдаг ухамсар нь эцэстээ оюуны санааны л эрх чөлөө юм. Оюун санааны эрх чөлөө нь итгэл үнэмшилтэй, бодож сэтгэдэг байхтай салшгүй холбоотой. Өөрийн гэсэн үзэл бодолтой байх ийм эрхийг хүний салшгүй эрх гэж үздэг. Манай Үндсэн хуульд ч тэр, олон улсын суурь ойлголтуудад ч тэр хүнийг үндсэн дөрвөн салшгүй эрхтэй гэж үздэг.

-Хүний салшгүй дөрвөн эрх гэхээр хувь хүнд илүү “наалдацтай” агуулга болж таарна?

-Тийм. Хүнийг хүн болохынх нь хувьд хэзээ ч хязгаарлаж болдоггүй дөрвөн салшгүй эрх бий гэж үздэг. Үүнд: Амьд явах, бодож сэтгэх буюу итгэл үнэмшилтэй байх, эрүү шүүлтээс ангид байх, шашин шүтэх. Ийм дөрвөн салшгүй эрхийг онц байдал, дайн байлдаан, гамшиг ослын үед ч төр огт хязгаарлаж болохгүй гэж үздэг. “Дайн болж буй учраас таныг алъя”, “Гамшиг болсон учраас та шашин шүтэж болохгүй” гэж хувь хүнд шууд хязгаарлалт хийсэн хууль батлахыг хориглодог гэсэн үг. Энэ дөрвөөс салгачихвал хүн гэдэг хэв шинжээ алдчихна гэж үздэг.

-Хязгаарлагдаж буй эрхүүд бас байгаа. Жишээ нь, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлаж буйг ардчилсан оронд ойлгож хүлээж авахад бэрх?

-Үндэсний аюулгүй байдал, бусдын эрх, эрх чөлөөнд хүндэтгэх зорилго дор хуулиар тодорхой үндэслэл зааж, хязгаарлаж болдог эрхүүд байдаг. Үүнд: Үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө багтдаг. Хязгаарлах үндэслэлийг нь НҮБ-ын Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад манай улс нэгдэн орсон. Энэ пакт ёсоор, нэгдүгээрт: Бусдын эрх, нэр төрийг хүндэтгэх, хоёрдугаарт: Үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, нийгмийн ёс суртахууныг хамгаалах зорилгоор ардчилсан орнуудад ч тэр хязгаарлах эрхтэй гэж үзээд байгаа юм. Улс орнууд ийм зорилгоор тодорхой хязгаарлалтыг тавьдаг.

-Манай улсын тухайд Эрүүгийн хуульдаа энэ хязгаарлалтыг оруулах замаар тунг нь хэтрүүлчихсэн?

-Манай улс Эрүүгийн хууль, Иргэний хууль зэргээр хязгаарлаж өгсөн. Бусдын нэр төрд халдах, гүтгэлэг тараах, нийгмийн сэтгэл зүйг гэмтээх мэдээллийг санаатай, санамсаргүй байдлаар түгээхийг хориглодог. Мөн Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх зорилгоор зохион байгуулалттай мэдээлэл цацаж, төрийн эрхийг авахыг санаархах зэрэгт хязгаарлалт тавихыг хуулиар зөвшөөрсөн. Үүнийг Эрүүгийн хуулиндаа хуучнаар “Гүтгэх”, одоогийн хүчин төгөлдөр хуулиар “Худал мэдээлэл тараах” ангилалд оруулж хязгаарласан. Энэ хүрээнд өнгөрсөн онд УИХ-аас оруулсан зарим өөрчлөлтүүд нь буруу болсон гэж үзэж буй учраас М.Оюунчимэг, Б.Жаргалмаа нарын хамтаар эл хуулийн төслийг УИХ-д өргөн барьж байгаа юм.

НЭГДҮГЭЭРТ: “ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААХ” ЗҮЙЛЧЛЭЛИЙГ “ГҮТГЭХ” БОЛГОЖ ГАРЧГИЙГ НЬ ӨӨРЧИЛСНӨӨР...

-Төслийг нь харсан, маш авсаархан мөртлөө агуулга нь өндөр санагдлаа. Та санаачлагч гишүүнийхээ хувьд төслөө задлаад тайлбарлах уу?

-Яг дөрвөн өгүүлбэр л хөндөх юм. Хоёр гол агуулгатай. Нэгдүгээрт, Хуучнаар ГҮТГЭХ /Зөрчлийн хууль дахь зохицуулалтыг ийм нэршлээр ярив. Сурв/, одоогийн хүчин төгөлдөр хэрэгжиж буй Эрүүгийн хуулийн “ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААХ” зүйл ангийн гарчгийг нь ГҮТГЭХ гэдгээр буцааж өөрчлөх.

-За, одоо яагаад ингэж өөрчлөх үндэслэлээ нэгдүгээр агуулга дээр тайлбарлаад явъя?

-Гүтгэх гэдэг нь гүжирдэх үйлдлийг хэлээд байгаа юм. Монгол агуулгаараа “Гүжирдэх” гэдэг нь зориуд санаатайгаар төлөвлөх утгатай. Өөрөөр хэлбэл, хүний санаа сэдэл, субъектив байдлаар толгойд үүсэж буй бодол. Энэ нь хэвлэн нийтлэхээс өмнө гардаг процесс. Бодит байдлаас зөрнө гэдгийг мэдсээр байж, санаатайгаар тарааж буй гүжирдлэгийг гүтгэлэг гэж хэлээд байгаа юм. Яг энэ агуулгаар нь “Гүтгэх” гэдэг томьёоллоор томьёолох ёстой гэж үзэж байгаа. Өнгөрсөн жил “Худал мэдээлэл тараах” гээд өөрчилчихсөн чинь, субъектив санаа сэдлийг ялгах шаардлагагүй болгочихсон. Ялгах шаардлагагүй болгочихоор бодит байдлаас зөрсөн л бол санаатай байна уу, санамсаргүй байна уу, болгоомжтой байна уу гэдгийг үл харгалзаад, шууд Эрүүгийн хариуцлага хүлээдэг болчихсон. Энэ нь эрх зүйн байдлыг нь улам дордуулсан зохицуулалт болчихсон.

-Санаатай, санамсаргүй байдлыг үл харгалзан, Эрүүгийн хуулиар “Худал мэдээлэл тараасан” зүйл ангиар шийтгэгдсэн нь эрх зүйн байдлаараа ингэж доройтсон, гажуудал болсон гэдгийг та яг бодит кэйсээр тайлбарлаад өгнө үү?

-“Архангайн засаг дарга 15 удаа томилолтод явжээ” гэж бичсэн сэтгүүлч шийтгүүлсэн жишээ байна. Яагаад шийтгүүлсэн гэхээр, засаг дарга нь 13 удаа томилолтод явсан байсан. Тэр сэтгүүлч байнга тухайн албан тушаалтныг онгоцны буудал дээр ч юм уу тосоод, томилолт бүрийг нь тоолоод зогсох боломжгүй. Нөгөө талаас сэтгүүлч бичихдээ тоо алдах зэргээр техникийн алдаа ч гаргаж болно. Зориуд санаатайгаар тоо нэмж, хасаж бичээгүй. Гэвч энэ тохиолдолд 15 гэдэг тооноос бусад бүх тоо худлаа болчихож байгаа юм. Нэгэнт тоог нь зөрүүлсэн учраас шууд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр заалтыг зөрчсөнд тооцогдоно. Энд санаатай, санамсаргүй, болгоомжгүйн алдаа байсан эсэх огт падгүй. Тийм учраас л энэ заалт болохгүй байгаа юм.

Эрүүгийн хуулийн гол зорилго нь гэм буруутай, санаа зорилготой үйлдэлд л хариуцлага ногдуулах ёстой. Үүнийг нь хуулийн байгууллага тогтоох үүрэгтэй. Нөгөө талаас хохирсон этгээд бас нотлох шаардлагатай. Тийм учраас “Гүтгэх” гэдэг агуулгаар нь гарчгийг нь өөрчлөөд явуулъя гэж байгаа юм.

ХОЁРДУГААРТ:  ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, УЛС ТӨРИЙН АЛБАН ТУШААЛТНУУДЫГ Э.Х-ИЙН 13.14-ӨӨР ГОМДОЛ ГАРГАХЫГ НЬ ХОРИГЛОЖ, ИРГЭНИЙ ШҮҮХ РҮҮ ШИЛЖҮҮЛНЭ

-“Гүтгэх” гарчгийн тухайд ийм байна. Хоёр дахь гол агуулга нь төрийн байгууллага, улс төрийн албан тушаалтан энэ заалтаар гомдол гарах боломжгүй гэсэн хамгийн чухал элемент нь байгаа?

-Эрүүгийн хуулийн “Гүтгэх” /өөрийн засах хувилбараар ярив, Сурв/ гэдэг зүйл ангиар төрийн байгууллага гомдол гаргахгүй. Хувь хүн, иргэн, ААН гомдол гаргаж болно. “Манай байгууллагын нэр хүндэд халдлаа. Хуулийн дагуу хариуцлага ноогдуулахыг сануулж байна” гээд прокурор, мэргэжлийн хяналт, АТГ хүртэл мэдэгдэл гаргадаг. Гэвч яг үнэндээ байгууллагын нэр хүнд гэдэг ойлголт байдаггүй. Харин “Ажил хэргийн нэр хүнд” гэсэн ойлголт бий. Ихэвчлэн бизнесийн байгууллага дээр яригдах бөгөөд ажил хэргийн нэр хүнд маш үнэтэй байдаг. Төрийн байгууллагууд ингэж гомдол гаргах ёсгүй.

Улс төрчдийн тухайд, улс төрд нөлөө бүхий этгээдүүд өөрийнх нь албаны эрх үүргээ хэрэгжүүлсэнтэй нь холбогдуулж, иргэдээс гаргасан хардсан сэрдсэн үйлдэлд “Гүтгэлээ” гэдэг гомдол гаргахгүй гэдэг тайлбар оруулах юм. Гол зорилго нь энэ. Улс төрчид энэ заалтад гомдоод “Бид адилхан л хүн. Яахаараа биднийг гүтгэж, доромжилж болно гэдгийг хуулиар хүлээн зөвшөөрөх гээд байгаа юм бэ” гэдэг асуудлыг сөхөх нь тодорхой.

-Харин тийм. Хэвлэлийн салбарын хүний шугамаас биш улс төрчдийн эрх ашгийн үүднээс асууя. Яагаад улс төрчдийг гүтгэж доромжилж болно. Иргэн, ААН-үүдийг  гүтгэж болохгүй гэж?

-Үүнийг их ул суурьтай тайлбарлахын тулд 2-3 янзын ойлголтыг задалж хэлэх шаардлагатай. Хууль зүйн ойлголтын хувьд манай Үндсэн хуульд “...нэр төр, нэр хүнд” гэсэн хоёр ялгаатай агуулга бий. Нэр төр гэдэг нь “Эрхэмсэг оршихуй” гэж тайлбарлагддаг. Хүнийг хүн болохынх нь хувьд төрөхөөс нь заяагдсан үнэт зүйл. Хүн болох хувьтай нь холбогддог гэсэн үг. Тэр хүн баян, ядуу, өвчтэй, зовлонтой байхаас үл хамаарч нэр төр оршино. Хүнд байдаг салшгүй үнэт зүйл. Гэмт хэрэгтэнд ч хүнийх нь хувьд байдаг тийм л ойлголт.

-Тэгвэл нэр хүнд нь нэр төрөөсөө яаж ялгагдах ойлголт юм?

-Хөдөлмөр, авьяас чадвар, зүтгэл, ёс суртахууны эрхэм чанаруудаараа хүн өөрөө бий болгосон капиталыг нэр хүнд гээд байгаа юм. Огт албан тушаалгүй мөртлөө маш их нэр хүндтэй олон сайхан хүмүүс бий. Хөрөнгө чинээгүй ч бурхан шашны зам мөр хөөж нэр хүндтэй болсон хүмүүс байхад жүжигчид авьяасаараа брендинг бий болгочихсон байх жишээтэй. Энэ бол нэр хүнд. Нэр төр шиг хүнд төрөхөөс заяагаагүй, бүтээгдэж бий болсон үнэт зүйл. Нэр хүнд буурч, бас нэмэгдэж болно. Үнэлэгдэж байна гэсэн үг. Тэгвэл нэр төр үнэлэгдэхгүй. Үүн дээр би яг юу хэлэх гээд байна вэ гэвэл, одоогийн Эрүүгийн хуулиар гомдол гаргах зүйл нь юу вэ гэдгийг энэ хоёр ойлголтоор зааглаж өгөх явдал. Бүр тодруулбал, нэр төрд нь халдаж байгаа бол бүгд гомдол гаргах эрхтэй байх ёстой. Яагаад гэвэл, бүгдэд адилхан заяагдсан зүйлээ бүгд адил тэгш хамгаалах эрхтэй.

Тэгэхээр “Албан тушаалтнуудын нэр төрд халдсан тохиолдолд гомдол гаргахгүй” гээд биччихвэл Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болчихно. Аа, ажил хэргийн нэр хүндэд нь, албан тушаалтны хувьд нь халдсан бол гүтгэх гэдэг заалтаар гомдол гаргахгүй шүү гэдэг л тайлбар юм. Гол нюанс нь л энэ.

-Та тайлбар зүүнэ, тайлбарлана оруулна гэж хоёр ч удаа дурдлаа. Хуульд нэр төр, нэр хүнд гэдэг агуулгаар зааглаад, тайлбар өлгөчихөөр яг бодит байдал дээр таны энэ төсөөллөөр хэрэгжих үү?

-Ойлголтуудыг илүү зааглахын тулд нэг тодорхой кэйс яръя. Нэг сайд байлаа гэж бодъё. Түүнийг албан тушаалын давуу байдлаа ашиглан, хөнгөлөлттэй зээл авсан, хувийн эрх ашгаа гүйцэлдүүлсэн гэх иргэдийн хардлага, үндэслэл дээр “Гүтгэлээ” гэж гомдол гаргахгүй бай гэж байгаа юм. Энэ бол түүний цаг хугацааны явцад бий болсон үнэлэгдэж болох нэр хүндтэй холбоотой ойлголт. Харин хүнийх нь хувьд, “Энэ нөхөр хүн алсан, хүүхэд хүчиндсэн” гэж гүтгэлэг тараавал уг заалтаар гомдол гаргах хэрэгтэй. Энэ нь хувь хүний заяасан нэр төрд халдаж байж мэдэх асуудал учраас. Үүн дээр нэр төр, нэр хүнд гэсэн хоёр ойлголтын зааг ялгаа гарч ирж байгаа гэсэн үг.

-Яг махчлаад тайлбарлавал?

-Албан тушаалтныхаа хувьд хүнд ална,хүн хүчиндэнэ гэж байдаггүй. Хүнийхээ хувьд үйлдэх үйлдлүүд юм. Тийм учраас хүн болох хувьд нь заяасан нэр төрд нь халдаж байна гэж үзээд гомдол гаргах эрхээ эдэлнэ гэсэн үг. Аа, албан тушаалаа ашиглаад хахууль авсан гэвэл ажил хэргийн нэр хүндэд нь халдаж байгаа хэлбэр. Үүн дээр гомдол гаргахгүй байя гэдэг тайлбар оруулна л гэсэн санаа. Хуулийн хэрэглээн дээрээ ингэж зааг ялгааг нь тогтоож, хэрэглэх ёстой.

-АЛБАН ТУШААЛТНУУД ЦАГДААГИЙН ҮҮДЭНД ХЭВЛЭЛИЙНХНИЙГ ДУУДАЖ, АЙЛГАН СҮРДҮҮЛДГИЙГ ХУУЛИАР ХОРИГЛОХ ЁСТОЙ-

-Тэгэхээр ажил хэргийн нэр хүндэд халдсан байж болзошгүй гомдлууд Иргэний шүүх рүү явна нгэсэн үг үү?

-“Ажил хэргийн нэр хүндэд хандсан байж болох эл хэргийг цагдаад бол шалгуулахгүй. Хүнийхээ хувьд, бусад иргэдтэй яг тэнцүү гараанаас хандаж, Иргэний шүүхээр явах замаар ажил  хэргийн нэр хүндээ сэргээж ав”  гэж байгаа юм.  Хөсөр хаяад, огт гомдол гаргах цэггүй болгочихож байгаа юм биш. Нөгөө иргэнтэйгээ яг адилхан эрх эдлээд, шүүх дээр очиж мэтгэлцээд эрхээ хамгаал гэсэн санаа. Хашиж буй албан тушаалаа хэрэглэх замаар төрийн хүчийг ашиглахгүй бай л гэж байгаа юм. Цагдаагийн үүдэнд хэвлэлийнхнийг дуудаж авчирчхаад, эх сурвалжаа хэлэхийг шаардаж, айлган залхаах арга хэрэглэн, албан тушаалаараа сүрдүүлэг үзүүлж болохгүй гэж байгаа юм. Төрийн хүчийг бүү ашигла гэсэн агуулга. Нөгөө талд хувь хүний тань хувьд, гэр бүлийн үнэт зүйл  рүү орох зэрэг асуудал үүсвэл нэр төрөө сэргээлгэхээр хандах эрхтэй. Зөрчлийн хуулиар хориглосон зөндөө зүйл бий.

Тухайлахад, улаан гэрлээр зам хөндлөн гараад явчихлаа. Сайдынхаа хувиар зам хөндлөн гараагүй, хувь иргэн л зөрчил гархаж байгаа юм. Гудманд нус шүлсээ хаяхаас өгсүүлээд. Хүнийхээ хувьд нусаа хаячихаж байгаа байхгүй юу. Сайдын нус гэж байхгүй, хүний нус л гэж байна. Нийгмийн дэг журам, хуулийг зөрччихсөн байгаа үзэгдэл.

-Та энэ ойлголтуудын заагаа их л сайн тайлбарлахгүй бол хэлэлцэх эсэх босгон дээр нь улстөрчид шууд унагачих эрсдэлтэй. Олон гишүүд үүнд сөрөг реакц үзүүлнэ гэж би хувьдаа харж байна?  

-Төрийн өндөр албан тушаалтнууд илүү эрх ямба эдэлнэ гэдэг ойлголтоосоо л салах хэрэгтэй. Олны итгэлийг хүлээсэн, сонгогдсон гэдэг утгаараа илүү шаардлага тэдэнд тавигддаг. Үүнийгээ дагаад олон нийтийн хардлага, сэрдлэгт илүү тэвчээртэй байх хэрэгтэй гэж үздэг. Өөрөөр хэлбэл, бусад иргэдээс илүү хариуцлага, ачаа үүрэх үүрэг хүлээсэн субъект болчихдог. Тухайн хүний үйлдэл, үйл ажиллагааны ард хувь хүний нэр хүнд, гэр бүлийн асуудал биш нийт иргэд, улсын эрх ашиг цуг явдаг. Тийм учраас ахуй амьдралын хувьд хамгийн их нээлттэй байх, нөгөө талаас олон нийтийн хардлагад хүлээцтэй хандах ёстой гэж үздэг. Хамгийн ихээр шүү.

-Бүдүүлгээр хэлэхэд жаахан юм үзсэн юм шиг байж, бага “шалчигна” гэсэн  санаа юу?

-“Би бусад иргэдтэй яг адилхан, яагаад намайг хязгаарлаад байгаа юм” гэдэг ойлголт яг дээр ярьсан үндэслэлээр хязгаарлагдаж өгдөг. Илүү хүлээцтэй бай. Хоёрын хооронд юман дээр битгий “жон жон” гээд бай гэсэн санаа. Суудал дээрээ бат бэх, нуруутай, түвшин бай. Битгий цахилгаан шатны элдэв бичлэгт ороод бай гэсэн үг /инээв, Сурв/. Хариуцлагатай, нээлттэй, хүлээцтэй бай гэдэг шаардлага албан тушаалтнууд дээр тавигддаг. Энэ зарчмаараа гомдлоо иргэний журмаар тавь гэсэн утга.

-Хууль батлагдаад хэрэгжлээ гэж бодъё. Гэтэл нөгөө талд бидний, хэвлэлийнхний хэтийдсэн үйлдлээс болж, тооцоогүй хүний эрхийн зөрчлүүд үүсэж болох эрсдэлийг та хэрхэн харж байна. Бид энэ заалтыг давуу байдлаа болгож ашиглаад, хэтийдсэн үйлдлүүд хийгээд эхэлбэл яах вэ?

-Энэ заалт дан ганц хэвлэлд хамаарахгүй. Би үүнийг хэтийдсэн эрсдэл үүсгэнэ гэж харахгүй байгаа. Редакцууд бол буух эзэн буцах хаягтай, хамгийн тодорхой байдлаар ажилладаг нэгжүүд. Нүүрээ ил гаргаж байгаад үзэлцдэг салбар бол хэвлэл мэдээлэл. Гол гажуудал нь, сошиал орчинд нэрээ нуусан хаягаас ажил хэргийн нэр хүндэд нь халдаад байгаа асуудлыг хэрхэн хуулиар зохицуулах вэ гэдэг нь өөрөө мухардалд орсон. Энэ одоо ч байгаа, өмнө нь ч байсан. Хууль гарлаа ч байж л байна. Хуульдаа байгаа юм биш. Илрүүлэлтдээ л байгаа юм. Тиймээс эл заалтаар бид иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх суурь эрх, эрх чөлөөг илүү сайн хамгаалж, дархалж өгнө гэж харж байгаа. Энэ талаарх улс төрчдийн санал сэдлийг байхгүй болгох л зорилготой юм. Улс төрчдийн хэвлэлийнхнийг залхаан цээрлүүлэх, эх сурвалжийг нь хэлүүлж авах гэсэн санаархлыг таслах гээд л байна гэсэн үг.

БУСАД: Б.БААСАНЦОГТ НАР ДЭЭРХ ОПЕРАЦ, Ц.НЯМДОРЖИЙН СЭТГҮҮЛЧДИЙГ ТАГНАСАН ГЭХ ХЭРЭГ, С.БАТБОЛДЫН АСУУДЛААРХ БАЙР СУУРЬ

-Сэтгүүлч, хэвлэн нийтлэх эрх чөлөө ярьсных, танаас асууя. Хуулийн байгууллага, хэвлэлийн мэдээллийн салбарын зэрэгцэн, зохистой орших харилцааг та хэрхэн хардаг вэ. Тодорхой жишээ авахад, Б.Баасанцогт, А.Гансүх нарыг тойрсон энэ операц дээр хэвлэл мэдээллийн байгууллага гүйцэтгэх ажиллагааны дамжуулагчаар оролцоод байгаа нь хэр зохистой хэлбэр вэ?

-УИХ-ын дарга сая хаврын чуулганыг нээхдээ “...гүйцэтгэх ажиллагааны, мөрдөн шалгаж буй хэргийн үйл баримт, бичлэг, хавтас хэргийн материал зэргийг бие биеэсээ урьтан дэлгэж, олон нийт, нийгмээр яллуулах байдал хэрээс хэтэрч байгааг зөвтгөхгүй” гэх агуулгыг онцолсон. Үндсэн хуулийн 16.14-т “Хэн ч халдашгүй чөлөөт байх эрхтэй. Хэнийг ч хуульд заасан үндэслэл журмаас гадуур нэгжих, баривчлах, эрүүдэн шүүх, эрх чөлөөнд нь халдахыг хориглоно” гэж заасан. Зөвхөн хуульд заасан үндэслэлээр л хүний эрх чөлөөнд халд гэж байгаа. Хууль заагаагүй  үндэслэлээр тодорхой субъектууд хэвлэлтэйгээр хамтраад хүний эрхэнд халдаад байвал гэмт хэрэг болчихож байгаа юм. Би хувь хүнийхээ хувьд ч гайхаад байгаа юм. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос саяхан тогтоол гаргаж, Гүйцэтгэх ажлын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах явцад хүний үндсэн эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих, хариуцлага тооцох чиглэлээр хэрхэн ажиллаж байгаад үнэлгээ хийж, санал дүгнэлт гаргах, холбогдох эрх зүйн зохицуулалтыг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Би Хүний эрхийн дэд хорооны даргын хувьд ахлаад явах юм. Энэ бол тусдаа яригдах нэлээд том сэдэв.

-Нөгөө талд УИХ-ын гишүүд ч тэр мөрдөн шалгаж дуусаагүй, хууль, шүүхийн байгууллага дээр хянагдаж буй хэргүүдийн талаар олон нийтэд ихээр ярьж, зорилтот акци хийж явааг та хэрхэн харж байна. Залуу гишүүдэд нам, засгаас нь чиглэл өгсөн гэж ойлгогдсон.

-Би энэ талаар байр сууриа илэрхийлсэн. Ерөнхийлөгч нь ч тэр, Засгийн газар нь ч тэр, бүгд шүүхээр шийдвэрлэгдэж байгаа хавтаст хэргийн материал яриад байгаа нь асар буруу. Ахмад улс төрчид шууд хавтас хэрэг сөхөөд ярьчихдаг буруу жишиг тогтоосон. Улс төрийн нам хуулийн дор л ажиллах ёстой. Хуулийн дээр Үндсэн хууль байгаа.

-Ц.Нямдорж сайд нэр бүхий сэтгүүлчдийг тагнасан гэх асуудал шалгагдаж байгаад шалгах чиглэл өгсөн гэх Цагдаагийн дарга нь нас барсны улмаас хэрэг бүрхэгшсэн талаар та өмнө нь ярьж байсан. Энэ хэрэг яг яагаад чимээгүй болчихсон юм бэ?

-Мэдэхгүй. Одоо хэрхсэнийг нь мэдэхгүй байна. Ц.Нямдорж сайд болсныг бодоход хэрэгсэхгүй болгосон байх. Өөрт нь үүсгэсэн хэргээ хэрэгсэхгүй болгосон биз. Яагаад гүйцэтгэх ажлын шугамаар хийсэн баримт сэлтийг гүйцэтгэх ажилтай танилцах эрхгүй сайдад байж байдаг юм. Уг нь бол байж болохгүй асуудал. Сайд боллоо л бол тусгай албадад үүрэг өгөөд, хүссэн хүмүүсээ чагнуулдаг байж болох юм уу. Энэ бол бүр хэрээс хэтэрсэн асуудал. Дээр байгуулагдсан ажлын хэсэг энэ чиглэлд нэлээд анхаарч ажиллана. Хувь хүний нууцад шууд халддаг байдал дээр холбогдох хуулиудыг нь чангалж, нарийвчлах ёстой маш олон асуудал байгаа. Зүгээр нэг хэрэг яриад өнгөрөхгүй, хууль эрх зүйн хувьд зохицуулж, засах хэрэгтэй. Бүр хэрэг үүсэхээс өмнө нотлох баримтууд цугларна. Шүүх дээр бүр нотлогдож, боогдоод очно. Тэгэхээр хэрэг боохоос өгсүүлээд хүний эрхийг дээдэлсэн, хууль эрх зүйн хувьд хяналттай, хуулийн хүрээнд явагдаж байж, нотлох баримтын хууль ёсны шаардлагыг хангана. Тэгэхээр хууль эрх зүйн  орчноо цогцоор нь сайжруулахаас өөр гарцгүй. Ингэж чадахгүй бол хувь хүний нууцад халдсан кино зохиолууд цаашид олон нийтэд задарсаар л байх болно.

-Одоогийн цацагдаж буй бичлэгүүд сайд нарын гараар дамжаад, танай нам руу орж, эргээд хэвлэлээр дамжин олон нийтэд цацагдаж буй нь ил тодорхой харагдаж байгаа. Та дэд сайд байсан хүн, ер нь сайд нарт хэргийн материал, гүйцэтгэх ажиллагааны явцыг татаж аваад үзэх боломж  хэр байдаг юм?

-Хуулиар хориотой. Би тэгж материал татаж авч үзэж байгаагүй. Зөвхөн хэрэг хянаж буй прокурор л үзэх боломжтой. Тийм учраас л би сануулаад байгаа юм. “Та нар чинь гэмт хэрэг хийж байгаагаа өөрсдөө нотлоод, баримтжуулаад, яриад яваад байх юм” гэж.

-Одоо ер нь сүүлийн асуултууд. Та С.Батболдтой улстөрийн ямар хамааралтай ажиллаж байлаа?

-Би С.Батболдыг МАН-ын даргаар ажиллаж байхад зургаан сар зөвлөхөөр нь ажиллаж байсан.

-Одоогийн хууль, шүүхийн шатанд яваа асуудлуудыг нь хэрхэн харж байна?

-Монголын хууль дээр бол эрүү үүсгэгдээгүй. Иргэний шүүх дээр маргаан яваа. Хэрвээ энэ Эрүүгийн гэмт хэрэг бол Иргэний шүүхээр явахгүй. Үүнийг нь би ойлгохгүй байгаа. Гадны орнуудад  яваа гэх асуудлуудын материалыг би үзэж танилцаагүй учраас мэдээлэлгүй байна. Монголын хууль хяналтын байгууллага гэж бий. Монгол Улсын төрийн зүтгэлтнийг гадны улсын шүүхээр ялладаг ямар ч хууль байхгүй. Маршал Д.Гэндэн, А.Амар нарыг хойно аваачиж буудаж алсныг эс тооцвол. Бид өөрийнхөө улсын иргэнийг дотооддоо л шүүх ёстой. С.Батболдын буруутай эсэхийг гадаадад биш Монголдоо шүүх ёстой. Эрүүгийн хэрэг үйлдсэн гэж яриад байгаа мөртлөө Иргэний шүүх дээр асуудал нь яваад байгаа. Хуулийн ангийн оюутан ч үүнийг гайхна. Жам ёсны биш учраас.

-Сүүлийн асуулт. УИХ-ын гишүүний ажилдаа, яг бүлгийн системээр үзэл бодлоо зангагддаг байдалд хувь хүнийхээ хувьд хэр нийцэж, дасаж байна?

-Би 2000 оноос хойш УИХ-ын гишүүний туслахаар ажиллаж эхлээд, парламентын арын албанд хуулийн зөвлөх зэрэг албан тушаал хашиж ирсэн. Энэ утгаараа УИХ-ын гишүүний ажилдаа түүртсэн зүйл гаргаагүй. Яг намын хувьд, намайг Ц.Нямдоржтой таагүй харилцаатай байсан учраас гишүүнчлэлээс хасагдаад эргэж орж ирсэн зэрэг буруу ойлголт явдаг. Би МАН-ын гишүүнчлэлээс хасагдаагүй, дэд сайд гэдэг улс төрийн албан тушаалаа л Ц.Нямдоржийн хатгаасаар өгсөн. Намайг Ц.Нямдоржтой муудсан учраас намаасаа ч хөөгдөөд, ноосоо ч тушаагаад, өнгөрсөн байх гэж боддог нийтлэг хандлага байдаг. Ц.Нямдорж ганцаараа нам юм уу, хаашаа юм.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
уншигч
уншигч
2021-03-22 08:49

овоо дориун юм ярьжээ. Энхбаяр ах нарынхаа араас орчихгүй бол овоо з�##�уу

Ард түмэн
Ард түмэн
2021-03-22 09:29

Намын бүлэгт хамрагдаад байгаа чинь , УИХ- д намын бүлгүүд ажиллаад байгаа чинь үндсэн хууль зөрчсөн үйлдэл болно . Иргэнээ хөсөр хаяж , бүлэглэлд үйлчилсэн хэрэг шүү. Ийм завхарсан хууль гэж бас байхаа. Хөдөө орон нутгийн иргэдийг үхэр м�##�аа ч ялгаж мэдэхгүй хотод амьдардаг хүн төлөөлж чадахгүй. Дампуу хуулиудаа түргэн засч янзлах хэрэгтэй шүү.

Уншигч
Уншигч
2021-03-22 10:15

Жинхэнэ хуулийн сайд хийж байх ёстой хүн шүү, маш зөв үргэлж дэмждэг шүү

ЗОЧИН
ЗОЧИН
2021-03-22 10:24

МАН -ы жинхэнэ хутгуур чинь энэ нөхөр дөө хичнээн олон хууль дүрмийг бүлэглэлийн санаанд тааруулж өөрчлөх гэсэн новш вэ , Одоо цагт бүх сэтгүүлч мөнгөний төлөө л худ�##� зүйлийг ч үнэн болтол сараачдаг болсоныг бүх хүн мэддэг болсон шүү , Сэтгүүлчдээр хүн гүтгүүлчихээд ГҮТГҮҮЛСЭН ХҮН НЬ хохироод л үлдэх жинхэнэ захи�##�гын хууль бн даа Жирийн мөрөөрөө сэтгүүлч хүн гүтгэдэггүй юм , Мөнгөөр хүн гүтгэдэг сэтгүүлчид дийлэнхи нь болсон шүү дээ,

Зочин
Зочин
2021-03-22 11:01

даргынх нь өгч буй туша�##� хууль зөрчсөн туша�##� гэдгийг мэдсээр байж "дарга тушаасан" гэдгээр өчиггүй гүйцэтгэдэг хуулийн байгууллагын ажилтнуудад хатуу ял оноодог байх хуулийн тогтолцоотой болох хэрэгтэй. 7 сарын 1-нд хүмүүс рүү буудсан цагдаа нар, энэ Чимгээ, Содномдаржааг эрүүдэн шүүсэн хүчний ажилтнууд, одоо энэ Баасанцогт нарын бичлэгийг ил цацаж буй хуулийнхан. Хожим "дарга тушаасан учраас гүйцэтгэсэн" гэдэг тайлбар нь ялаас чөлөөлөх, хөнгөрүүлэх ямар ч нөхцөл болох ёсгүй. Тэгж байж тархи толгойгоо ажиллуулдаг, даргын туша�##�аас хуулийг илүүд тавьдаг хууль хүчний байгууллагатай болно

Сайхан
Сайхан
2021-03-22 23:06

Enkhbayr gishuunee MAN dabarsaar bur YHTS ig taltsuullaa ta tag duugai ah narinhaa araas ybj bna uu
Huuli bus ymig harsaar unguruh uu

zochin
zochin
2021-03-23 01:17

Ene tsag ued hovordson zov humuusiin neg shig haragddag shu, amjilt husii gishuundee !

Зочин
Зочин
2021-03-23 01:30

Сү.Батболдоо өмөөрөөд үхэх гэж байгаагнээ энэ новшийг. Сү.Батболд мэтийн луйварчдыг битгий агуу Амар, Гэндэн нартай зүйрлэ бандиа. Новш чинь ёстой дургүй хүргэчлээ

ҮНЭН
ҮНЭН
2021-03-23 02:46

ЭНЭ ЁСТОЙ ЗӨВ ШҮҮ БАЯРТАЙ БАЙНА

Холбоотой мэдээ

Back to top button