Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт орших төрийн тахилгат “Их тахилгат хайрхан”-ы тэнгэрийг тайх ёслол өчигдөр болж ард иргэд, сүсэгтэн олон, Маанийн хийдийн лам хуврагууд, аймаг, сумдын удирдлагууд оролцон ёслол төгөлдөр зохион байгуулжээ.
Хайрхан уулыг тайх ёслолын хүрээнд Маанийн хийдийн лам хуврагууд “Долоон бурхан одны тахилга”, “Хайрханы тахилгын ном” хуран сүсэгтэн олон даган баяссан байна. Мөн улс, аймгийн цолтой хүчит бөхийн барилдаан, өсвөрийн барилдаан болж үнэн хүчийг уралдуулан барилдаж үзэгч олныг цэнгүүллээ. Тахилгын барилдаанд Улсын заан Ц.Одбаяр түрүүлж аймгийн залуу бөх үзүүрлэсэн байна.
НЭМЭЛТ: Алтайн нурууны төгсөх ноён оргил Говь гурван сайхан уулын "Хошуу овоо" хайрхныг анх 1721 онд тахиж байсан гэдэг. Далайн түвшнээс дээш 2816 метр өндөр, "Хошуу овоо" хайрхныг анх тахихдаа Монгол зан заншлыг дээдлэн төр шашны ариун үйлийг үйлдэж, 512 бөхийг барилдуулж байжээ. Хангардийн шинжтэй, сарлагийн сүлдтэй Их хайрхан дээрээс Өмнөговь аймгийн 12 сумын нутаг дэвсгэр ил харагддаг гэдэг. Зуун зууны буурал түүхтэй “Хошуу овоо” буюу “Их тахилгат хайрхан”-ыг 1990 оны үед Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутгийн зон олон тахиж, улмаар 2005 оноос аймгийн ИТХ-ын тогтоолоор аймгийн тахилгат хайрхан болгон ард иргэд, сүсэгтэн олон тахин сүсэглэж, 2012 онд МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар “Төрийн тахилгат хайрхан” болгон тэнгэрийг тайх төрийн ёслолыг үйлдэж ирсэн билээ.

























АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.