
Хэсэг хугацаанд завсарлаад байсан “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг Хөдөлмөрийн баатар, олимпын мөнгөн медальт Д.Сумъяагийн оролцсон дугаараар эргэн ирсэн. Тус дугаарын гол дүрээс ч дутуугүй олны хайрыг татсан хүн бол ОУХМ Д.Алтансүх.
Гэхдээ тэр хэзээний л түмний хүндэтгэлтийг хүлээсэн Монголын шилдэг жүдоч билээ. 66 кг-ийн жинд дэлхийд шижигнүүлж, шуугиулж явсан залуугийн Хөдөлмөрийн баатар дүүдээ хэрхэн нөхөрсөг хандаж, бэлтгэл сургуулилтыг нь уриалгахан дэмнэж байгаа нь л сая ил харагдаж, ихэд магтагдав.
Угтаа тэр төдийгөөс өдий хүртэл чимээгүй хөдөлмөрлөж, Монголын эмэгтэй жүдоч эмэгтэй олимпын медаль хүртэлх замыг нь засалцсаар иржээ. Өдгөө тэрбээр Эрдэнэт хотын Хангарьл спорт хорооны дасгалжуулагчаар ажиллаж буй. Түүнийг “Улаанбаатарын Их Дуулга-2026” тэмцээнийг зорин ирээд байхад нь ийн ярилцлаа.
-Манай улсад Их дуулга тэмцээн дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байна. Дасгалжуулагч бүр л тооцоололхийж суугаа байх. Таны бодлоор Монголын баг тамирчид хэр амжилт гаргах бол?
-Олимпын оноо цуглуулах анхны тэмцээн гэдэг утгаараа маш чанга тэмцээн болж байна. Манай тамирчид амжилттай сайн оролцож, нэгээс хоёр алтан медаль авах болов уу. Ялангуяа маргааш Л.Энхрийлэнгээ харж сууна. Б.Баасанхүү эргээд дэвжээнд гарч байгаа ч бэлтгэл жигдрээгүй, формдоо орж амжаагүй байх шиг байна.
-Өөрийнхөө барилддаг байсан жинг илүүтэй онцолж харж байгаа байх?
-Тэгэлгүй яах вэ. 66 кг жингийн пүү нар мааэь сайхан барилдаж байна. Одоогоор хоёр ч тамирчин маань хожоод явж байна. Миний хувьд 2016 онд олимпын жил Улаанбаатар Гран При байхад нь орж, түрүүлсэн.
Эх орны дэвжээ маш их хүч өгдөг. Хэдийгээр үүрэг хариуцлага нэмэгддэг ч давуу тал ихтэй. Ялангуяа, сэтгэлзүйн хувьд урамтай. Тэр ч утгаараа Монгол тамирчид нутагтаа болж байгаа тэмцээнд бүгд л дээшээ явна гэсэн сэтгэлзүйтэй барилддаг. Тухайн үед 60 кг-д зодоглосон дөрвөн тамирчин дөрвүүлээ медаль хүртэж байлаа.
-Дасгалжуулагчийн карьераа эхлүүлээд багагүй хугацаа өнгөрчээ. Та бол дэлхийн дэвжээнд гялалзсан тамирчин явж байгаад шууд залгуулаад л дасгалжуулагчийн карьер эхлүүлсэн. Тамирчин байх, дасгалжуулагч байхын ялгаатай тал нь юу вэ?
-2018 онд Гуанжоуд зохион байгуулагдсан Worls masters буюу дэлхийн шилдэг 16-гийн тэмцээнд зодоглосон. Түүнээс хойш Эрдэнэт үйлдвэрийн Хангарьд спорт хорооны жүдо бөхийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа. Шавь нар маань сайхан өсөж байна. Эхнээсээ залуучуудын ангилал руу орж байна. Шавь нараасаа олимп, дэлхийн медальтан төрүүлэх зорилготой. Ер нь өөрийн маань гаргаагүй амжилтад шавь нар маань хүрээсэй гэж боддог.
Тамирчин байх, дасгалжуулагч байх хоёрын ялгаа их бий. Тамирчин бол өөрөө дэвжээн дээр гараад барилдчихна. Дасгалжуулагч болсноор тамирчдаа дэвжээ рүү авч гарна. Тэднийхээ алдааг хажуунаас нь харж, хэлж зааж өгнө. Барилдааны үеэр өөрөө барилдаж байгаа юм шиг нервтдэг. Ялангуяа финалын барилдаан дээр өөрөө барилдах гэж байгаа юм шиг сандрах, догдлох мэдрэмж их төрдөг. Тамирчин байхад дэвжээний хажуугаас багшийн орилоод зөвлөгөө өгч байгааг шаталттай, шуугиантай үед заримдаа сонсож чаддаггүй. Тайван үед бол сонсоод дагаад явдаг байсан. Багш нарынхаа тэр “зовлон-г дасгалжуулагч болсноосоо хойш илүүтэй мэдэрч байгаа.
-Гарын шавьтай болж байна уу. Шавь нарынхаа амжилтаас дурдвал?
-2019 онд өсвөрийн дэлхийн аваргаас Хангарьд клубын тамирчин Чинхүслэн хүрэл медаль авсан. Мөн өнгөрсөн жилийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээд гурав, дөрвөн тамирчин эрх авч орсон. Одоо бүгд залуучуудын ангилалд орчихсон. Шигшээ багтаа хамрагдаад бэлтгэл хийж байна. Цаашид бэлтгэлээ сайн хийгээд, тууштай хичээх юм бол олимп дэлхийн медаль хүртэхүйц авьяастай хүүхэд олон байгаа. Тэднийхээ төлөө явж байна.
Миний хувьд тамичдынхаа сэтгэлзүйтэй ажиллахыг хичээдэг. Шавь нар маань олон улсын том тэмцээнүүдэд олон барилдаагүй. Тэгэхээр өөрийн үзэж туулснаараа л хүүхдүүдэдээ ийм дэвжээн дээр гарахад ингэдэг шүү, тэгээрэй, ингээрэй гээд зааж захьдаг. Тэгээд яваандаа хүүхдүүд өөрсдөө суралцаад, өмнөх туршлагаасаа сургамж, урам аваад урагшилна.
-Таны хувьд хамгийн хатуу дэвжээ юу байсан бэ. Тамирчин бүрд тэнд нэг тэгчихсэн бол барилдааныг эргүүлж болох байсандаа гэдэг харамсал байдаг шиг санагддаг?
--Тийм барилдаан гэвэл 2013 оны Солонгост болсон Чежүгийн гран пригийн хүрэл медалийн төлөө барилдааныг хэлнэ. Анх удаа ч олон улсын том тэмцээнд оролцсон. Вазаригаар хожиж яваад сүүлийн арван хэдэн секундэд цэвэр ялагдчихсан. Тэгэхэд л их харамссан. Тэрний дараа, он гараад Европийн цувралд оролцсон юм. Манай жинд 60 гаруй тамирчин оролцож, зургаан тойрог барилдаж хүрэл медаль авч байсан. Тэгж олон улсын том тэмцээнээс дэлхийн цомын медаль авч эхэлсэн.
-Би таны нийт тоог гаргах гэсэн дийлээгүй. Чамгүй урт жагсаалт гарахаар байна?
-Олон улсын жүдо бөхийн холбоо | IJF | - ны тэмцээнүүдээс 20 медаль, дэлхийн цомд хоёр түрүүлсэн. 2016 онд Ази тивйн аварга болж байсан. Гран при ангилалд нэг алт, гурван мөнгө, арван хоёр хүрэл медаль байгаа байх шүү. Гранд слам ангилал буюу Их дуулгаас гурван хүрэл, дэлхийн шилдэг 16-аас хүрэл медаль тус тус хүртэж байсан. Мөн самбо бөхийн дэлхийн аварга.
-Эсрэгээрээ санасандаа хүртэл сайхан барилдсан. Яг тэрийг давж, энийг ялна даа гэснээ биелүүлсэн тэмцээн, барилдаан юу байсан бэ?
-2019 оны Самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулар тэмцээн байсан. Жүдогоор барилдах хугацаандаа самбо бөхийн дэлхийн аваргад орж амжаагүй байсан. Мөн Хангарьд спорт хорооны багш болсныхоо дараа ер нь нэг түрүүлээд ирье гэсэн зорилготой явсан. Зорилгодоо ч хүрсэн.
-Жүдо бөхтэй амьдралаа холбосноор танд ирмэн хамгийн сайхан зүйл нь юу вэ?
-Жүдо бөхөөр хичээллэсэндээ маш их баяртай байдаг. Энэ спортоор хичээллэж, хөдөлмөрлөж явсандаа төлөвшлөөс эхлээд амьдралаас маш их сайхан зүйлсийг хүртэж байгаа. Тамирчин хүний хувьд тив дэлхийд улс, эх орныхоо нэрийг гаргаж ирсэндээ сэтгэл хангалуун байдаг.
Жүдогоор хичээллэж байгаа хүүхдүүд заавал өндөр амжилтад хүрэхээс илүү маш зөв хүн болж хүмүүждэг. Өндөр ёс суртахуунтай спорт учраас хүндлэл, төлөвшил гээд бүгдийг хүний аиьдрал хэрэгтэй бүгдийг өгдөг сайхан спорт.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.