НИЙГЭМНийгэм ярилцлага

Б.Тунгалаг: 330 сумаас ирсэн 999 морины дэлээр зүү ороосон бүтээлээ ЮНЕСКО-д бүртгүүлэх мөрөөдөл тээж явна

"Дэлхийн адууны өдөр"-ийг тохиолдуулан 999 адууны сүүлээр зүү ороож оёх "Их нэгдэл төсөл"-ийг санаачилсан 19,834 дэх биет бус өвлөн тээгч, урлаач Б.Тунгалагтай ярилцлаа. Тэрбээр 21 аймаг, 330 сум бүрээс адууны дэл, тамгыг нь авч зүү ороож 8:4 метрийн хэмжээтэй Их Монгол Улсын газрын зураг дээр төрийн сүлд дүрслэх бүтээлээ урлан, завгүй сууна. Түүнтэй цөөн хором ярилцсан ярилцлагаа хүргэж байна.

-Оёдлын утсаар л зүү ороодог гэж сонсож байснаас адууны дэлээр зүү ороож оёж болно гэж бодоогүй юм байна. Тэгэхээр удахгүй бэлэн болох гэж буй "Их нэгдэл" бүтээлийнхээ тухай яриагаа эхэлье гэж бодлоо. Анх санаа нь хэрхэн төрж байсан бэ?

-Ерөөс миний хүүхэд ахуй насны мөрөөдөл байсан. Жаахан охин өвөө, эмээ дээрээ очиж говийн наранд морь унаж өссөнөөс эхлэлтэй, холбоотой байх. "Их нэгдэл" бүтээлд 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүргээс багадаа нэг адууны дэл сүүл, хийморь авшиг шингэнэ. Адууны дэлээр тухайн айлын тамгын дүрсийг Эзэн Чингис хааны мориор хүрч эзэлсэн Их Монгол Улсын газрын зурагтай, төрийн сүлд хэлбэрт оруулж оёно гэсэн үг. Иймд 21 аймаг, 330 сумын малчид, адуучид надад адуун сүргийнхээ тамгыг морины дэлтэй хамт явуулснаар бүтээлд маань орно. Малчид миний санаа бодлыг ойлгож, соёлын өвийнхөө төлөө нэгдэж олноороо тамга, адууны сүүлээ замын машинд дайж явуулсаар байна. Бүтээл дүүрэх 999 морины дэл, тамга маань 60-70 хувьтай явж байгаа. Энэ бүтээлээрээ Монголчууд бидний эв нэгдэл, эртнээс өвлөгдөж ирсэн адууны соёлоо дэлхий нийтэд сурталчлах зорилготой. Нөгөөтээгүүр урлаач эмэгтэйчүүдийн ур ухаанаар морины соёлоо хэрхэн тээж буйг харуулах, цааш өвлүүлэх зорилготой.

-Адууны дэлээр зүү ороох талаар дэлгэрэнгүй яриач. Одоогоор танаас өөр адууны дэлээр зүү ороож чадах хүн байхгүй гэж сонссон?

-Зүү ороох оёдол гэж бидэнд өвлөгдөж ирсэн сайхан соёл, өв бий. Үүнийг хэрхэн цааш авч явах талаар би цөөнгүй бодсон. Манай зүү ороох соёл яаралтай хадгалах биет бус өвийн жагсаалтад орсон учраас үүнийг авч үлдэх нь чухал байсан. Улмаар адууны дэлээр утас хийж, зүү ороож болох юм байна гэсэн санаа төрсөн хэрэг. Түүнийгээ биед бус соёлын өвд бүртгүүлж миний бие 19,834 дэх өв тээгч болсон. Ирэх жилүүдээс "ЮНЕСКО"-ын соёлын өвөд адууны дэл, сүүлээр зүү ороох өвийг бүртгүүлэх зорилго тээж яваа. Мөн одоогийн хийж байгаа 999 морины дэл, тамгаар бүтэх бүтээлээ бүртгүүлэх чин хүсэл, зорилготой ажиллаж байна.

-Бүтээлийнхээ оройд Чингис хааны онги тамгыг алтан утас, адууны дэлтэй хослуулж оёно-

-"Дэлхийн адууны өдөр"-өөр бүтээлээ бэлэн болгохоор ажиллаж байна уу?

-Морь жилийг бэлгэшээж, хүсэн хүлээж байсан. Энэ жилд багтаж ямар нэгэн том бүтээл хийхийг зорьж мөрөөдөж байсан нь энэ ажил маань болж таарлаа. Таван жилийн өмнөөс адууны дэлээр зүү ороож бүтээл хийх тухай ярьсан. Төдийлөн хүмүүс анхаарч тоохгүй байсан юм. Улмаар хүмүүсийн анхаарлын төвд очих, нүдэнд нь харагдах том бүтээл хийх ёстой юм байна гэж бодсон нь удахгүй биеллээ олох гэж байна. Манай бүтээл урт нь найман метр, өндөр нь дөрвөн метрийн хэмжээтэй хүний нүдэнд шууд тусахаар бүтээл босно. Зөвхөн зүү ороохоос гадна, хатгамал, наамал, зүймэл урлал зэрэг оёдлын төрлүүд орж байгаа. Монгол морьдын туурай хүрсэн Их Монгол Улсын газрын зураг дээр төрийн сүлдэн дэх морины дүрс байна. Морины дүрсийг 999 айлын адуун сүргийн тамгын дүрсийг дэлээр зүү ороож бүтээж буй нь онцлог. Төрийн сүлдэн дэх морины нүдийг молор чулуугаар урлана. Бүтээлээ аль болох "амьтай" болгох үүднээс Монгол морины туурай хүрсэн газрын зургийн хилийг адууны хялгасыг зээглэсэн зээгээр хүрээ хийх гэх мэт үйлдэл бүрдээ өв соёлоо хадгалахыг зорьж, ажиллаж байна.

-Алтан соёмбын дээр гал байдаг. Түүний дээд хэсэгт нь их хаадын тамгыг зална. Оройн дээд талд нь Чингис хааны "онги" тамга залж түүнээс доош таван хааны тамгыг дүрсэлнэ. Ингэхдээ цэвэр алтыг утас болгож, түүнийгээ адууны дэл сүүлтэй хослуулж зүү ороож оёно. Нэг ёсондоо алтан утсаар хаадынхаа тамгыг дүрсэлж бүтээлийнхээ оройн дээд хэсэгт нь зална.

-Бүтээлээ мэдээж ганц хувь хийх байх. Хаана хадгалах вэ?

-Олон хүмүүс энэ асуултыг асууж байгаа. Бидний зорилго бол "Чингис хаан" музейд хүсэлт өгч өргөн барих бодолтой байна. Мэдээж хүндэтгэн хүлээн авах байх.

-Өөрийн амьдралынхаа нэлээд цаг хугацааг биет бус өв соёлоо хадгалж үлдэхийн төлөө зарцуулсан байна. Цаашид ч зарцуулна гэдэгт итгэлтэй байна. Ямарваа нэгэн ажлыг хийхэд бусдын тус туслалцаа зайлшгүй хэрэгтэй байдаг шүү дээ?

-Яаж устах эрсдэлтэй соёлын биет бус өвийг хамгаалж үлдэх вэ гэдэг бодол олон жил надтай хамт явж ирсэн. Мэдээж надад тусласан, дэмжсэн олон хүмүүс бий. Тэдний тусыг мартаж үл болно.

-Бүтээлийн болон таны хүсэл, зорилго юу вэ?

-Олон жилийн турш тээж ирсэн бодлоо ажил болгож түүнийгээ хойч үедээ өвлүүлж мэдүүлэхийг л зорьж, хүсэж байна. Дэлхийд адууны соёлоороо гайхагдах ард түмэн учраас бидэнд ондоошил, омогшил, өв соёл хэрэгтэй. Түүнийг хадгалж, хамгаалж бий болгох нь миний үүрэг гэж санадаг. 21 аймаг, 330 сумын адууны тамга, эзэд, түүнийг урласан урлаач гэх мэт хэдэн мянган хүний хөдөлмөр, хичээл зүтгэл орсон ажил учраас саадгүй зорилгодоо хүрнэ гэдэгт итгэж байна. Тамга бүрийн цаана нэгэн гэр бүлийн түүх бий шүү дээ. Түүнийг дархалж, дэлхийд гайхуулж, бахархах үнэт зүйлс бүтээхийн төлөө чин сэтгэлээсээ зорьж байгаа.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ийм өв соёлоо дэлхийд таниулж байгаа нь үнэхээр бахархмаар

Зочин
Зочин

999 морины дэлээр бүтээл хийнэ гэдэг асар их хөдөлмөр байна

Зочин
Зочин

Yneheer sonirholtoi sanaa bna amjilt husye

Зочин
Зочин

Чингис хаан музейд байрлавал олон хүн үзэж сонирхоно доо

Зочин
Зочин

Mongol morinii soyoliig ingej surtalchilj baigaa ni saihan yum

Зочин
Зочин

Ийм хүмүүсийн ачаар өв соёл маань хадгалагдаж үлддэг

Зочин
Зочин

Uneheer tesver tevcheer shaardsan ajil bna

Зочин
Зочин

21 аймаг 330 сумаас нэгдэнэ гэдэг өөрөө том бэлгэдэл юм

Зочин
Зочин

Yunescod burtguuleh husel ni bieleesei

Зочин
Зочин

Монголчуудын эв нэгдлийг илэрхийлсэн сайхан санаа байна

Зочин
Зочин

Iim buteel delhiid tsoohon baih daa

Зочин
Зочин

Тамга бүрийн цаана нэг айлын түүх бий гэдэг нь их гоё санагдлаа

Зочин
Зочин

Amjilt husye ih hudulmur shingesen ni medegdezh bna

Зочин
Зочин

Адууны дэлээр зүү ороож өв соёлоо хадгалж байгаа нь гайхалтай

Зочин
Зочин

Ene bol zugeer neg urlal bish soyoliin tom ajil yum

Зочин
Зочин

Монгол морьтой холбоотой бүх зүйл үнэхээр үнэ цэнтэй

Зочин
Зочин

ЗЗО сумаас ирсэн 999 адууны дэл сүүл нтр гэж мөн ч залж өгч бнаа, хэн ч тэрий нь тоолоод сууж байхын, бөөн бөөн хялгас авч хийчихээд л нүд хуурах юм бна л доо, монголчууд ийм молигонд ер нь гарамгай доо.....
Гэхдээ бүтэхийн ерөөл дэвшүүлье ээ !

Холбоотой мэдээ

Back to top button