Гадаад мэдээДЭЛХИЙ

Судалгаа: Эрдэмтэд дархлааны эсийг программчилж Альцхаймерын өвчинтэй тэмцдэг болгожээ

Испани болон Швейцарын судлаачид Альцхаймерийн өвчний эсрэг дархлааны эсийг ажиллуулахад тусалж магадгүй молекулыг илрүүлжээ. OLE гэж нэрлэгдсэн тэрхүү молекул нь тархины дархлааны эс болох микроглиг дахин программчилж тархийг хамгаалах үйл ажиллагааных нь тодорхой хэсгийг сэргээдэг байж магадгүй аж.

Тодруулбал Испанийн Үндэсний судалгааны зөвлөл, Мигель Эрнандесийн нэрэмжит Эльче их сургуулийн Мэдрэлийн шинжлэх ухааны хүрээлэн, Швейцарын Лозаннын Холбооны политехникийн сургууль хамтран судалгаа хийсэн байна. Судалгааг Мэдрэлийн шинжлэх ухааны хүрээлэнгийн судлаач Хосе Висенте Санчес Мут, Лозаннын Холбооны политехникийн сургуулийн Йоханнес Грэфф нар удирдан явуулжээ. Тус эрдэм шинжилгээний ажлыг “Cell Death and Disease” сэтгүүлд нийтлүүлсэн байна.

Судалгааны үр дүнгээс харахад OLE нь микроглиг бета-амилоид уургийн бөөгнөрлийг хүрээлж, хэмжээ болон хор нөлөөг бууруулахад тусалдаг байж магадгүй аж. Амьтан дээр явуулсан туршилт дээр OLE нь ой санамжийн шалгалтын үзүүлэлтүүдийг сайжруулсан байна.

Альцхаймерийн өвчний гол шинжүүдийн нэг нь тархинд бета-амилоид уураг хуримтлагдах юм. Хэвийн нөхцөлд энэ уургийн хуримтлалыг цэвэрлэх үүрэгтэй микроглийн үйл ажиллагаа аажим аажмаар саардаг байна. Микрогли эсийн хамгаалах чадвар нь буурахын зэрэгцээ өөрсдөө тархины эсийг гэмтээж эхэлдэг аж.

Тэгвэл PM20D1 гентэй холбоотой OLE нэртэй молекул энэ процессыг буцааж микроглийг хамгаалах төлөвт шилжүүлж чаддаг болохыг тогтоожээ. OLE молекулаар эмчилгээ хийсний дараа микрогли бета-амилоидын бөөгнөрөл рүү шилжин очиж, тэдгээрийг хүрээлэн хамгаалалтын хаалт үүсгэсэн байна. Ингэснээр бета-амилоидын бөөгнөрөл болон ойролцоох мэдрэлийн эсүүдийн харилцан үйлчлэл багасаж, тархины эдэд үзүүлэх хорт нөлөө нь буурчээ.

Мэдрэлийн шинжлэх ухааны хүрээлэнгийн Санчес Мут “Энэ судалгаагаар илрүүлсэн хамгийн чухал зүйлсийн нэг нь микроглийн хамгаалах үүргийг сэргээх чадвартай молекулыг илрүүлсэн явдал юм” гэсэн байна.

Тэрбээр нэмж хэлэхдээ “Альцхаймерийн үед микрогли эсүүд аажмаар үйл ажиллагааны доголдолд ордог. Харин бидний үр дүн энэ үйл явцыг буцаан өөрчлөх боломжтойг харуулж байгаа бөгөөд өвчний эсрэг шинэ эмчилгээ, судалгааны чиглэлүүдийг нээж өгч байна” гэжээ.

Судлаачид OLE молекулын нөлөөг үнэлэхийн тулд судлаачид хэд хэдэн туршилтын явуулсан байна. Эхний туршилтад бета-амилоид үүсгэдэг генийн өөрчлөлттэй өт ашиглажээ. Тэрхүү өт дээр OLE молекулын эмчилгээ хийсний дараа уургийн бөөгнөрөл багасаж, өтний хөдөлгөөний чадвар сайжирсан аж. Үүний дараа эрдэмтэд хулгана дээр туршилт хийсэн байна. Хулгануудад гурван сарын турш OLE молекулыг өгсний дараа ой санамж болон тархины өөрчлөлтийг үнэлжээ.

Эмчилгээ хийлгэсэн хулганууд ой санамжийн сорилд хийлгээгүй хулгануудтай харьцуулахад илүү сайн үр дүн үзүүлжээ. Мөн эмчилгээ хулгануудтай харьцуулахад хийлгэсэнд нь бета-амилоидын бөөгнөрөл цөөн илэрсэн байна. Энэхүү судалгаа нь ирээдүйд Альцхаймерын өвчний эмчилгээнд өөрчлөлт авчирч магадгүйг судлаачид онцолсон юм.

Эх сурвалж: Science Daily

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button